Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2022/0006/З |
Дугаар | 221/МА2022/0591 |
Огноо | 2022-09-07 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2022/0591
Т.С-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн өмгөөлөгч Б.А
Нэхэмжлэлийн шаардлага: Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/40 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 487 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Т.С
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С
Хариуцагчийн өмгөөлөгч Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул
Хэргийн индекс: 128/2022/0006/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.С-ээс Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст холбогдуулан “Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/40 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 487 дугаар шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.1, Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1, Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/40 дугаар тушаалыг хүчингүй болгож, Т.С-ийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан 2, 4 дүгээр хорооны мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцон гаргуулж, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Анхан шатны шүүх иргэн Т.С-ийн гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.3, 54.3.2-д заасан шаардлагуудыг хангаагүй нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуулийн шаардлагыг зөрчсөн байхад хүлээн авч шийдвэрлэсэн. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчсөн.
3.2. Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2-д заасны дагуу шүүхээс өмнө маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг зөрчсөн тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах журамтай. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хугацааг шүүх сэргээсэн боловч нэхэмжлэлийг хүлээн авах хуульд заасан шаардлага зохигч талуудад тэгш үйлчлэх ёстой. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.2, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгийг хэрэглээгүй. Мөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 150 дугаар захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 217 дугаар тогтоолд заасны дагуу “ББЕЕ” ХХК-иас нотлох баримт гаргуулахаар шаардсан боловч захирамж бүрэн биелэгдээгүй нотлох баримтуудыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн. “ББЕЕ” ХХК-иас шүүхийн шаардсан ямар ч баримт ирээгүй.
3.3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой атал нэхэмжлэлийн шаардлагад байхгүй Багануур дүүргийн 2, 4 дүгээр хорооны мэргэжилтэн гэсэн албан тушаалд, ажилд томилсон шийдвэр гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагад урьд эрхэлж байсан ажилд томилогдох тухай болон 2, 4 дүгээр хорооны ажлыг давхар хариуцаж хийж байгаа нь үндэслэлгүй талаар дурдсан байна. Мөн нэхэмжлэлдээ Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/10 дүгээр тушаалыг хавсаргасан байх бөгөөд үүнд Т.С-ийг 1 дүгээр хороо хариуцсан мэргэжилтнээр томилсон байна.
3.4. Хавтаст хэргийн 24 дүгээр хуудсанд авагдсан Т.С-ийн гаргасан өргөдөл нотлох баримтын шаардлага хангаагүй атал шүүхийн шийдвэрийн 4 дэх хуудас Үндэслэх хэсэгт шийдвэрийн үндэслэл болсон байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.
3.5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ажлаас чөлөөлөгдөх өргөдөлд “... Багануур дүүрэгт ажиллах боломжгүй болж байна” гэж дурдаад чөлөөний хугацаа дууссанаас хойш ажилдаа ирээгүй, ажил үүргээ эрхлэн гүйцэтгэж байсан баримт байхгүй, харин өөр газруудад хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан байдлуудыг харгалзаж үзсэнгүй. Нэхэмжлэгчээс ажлаас чөлөөлсөн Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/40 дүгээр тушаалыг гардаж авсан атлаа Төрийн албаны зөвлөл, шүүхэд зохих хуулийн хугацаанд хандаагүй байдал нь ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн болохыг нотолж байна.
3.6. Хэрэгт Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг оролцуулаагүйгээс 1 дүгээр хороо болон 2, 4 дүгээр хороо хариуцсан мэргэжилтнээр одоо ямар хүмүүс ажиллаж байгаа, тэдгээр хүмүүсийн эрх ашиг хэрхэн зөрчигдөх эсэх нь тодорхойгүй байна. Гуравдагч этгээдээр оролцуулбал зохих хүмүүсийг хэрэгт оролцуулаагүй.
3.7. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дэх хэсгийг хэрэглэсэн боловч Багануур дүүргийн 2, 4 дүгээр хороо хариуцсан мэргэжилтний давхар цалинг олгохоор шийдвэрлэсэн нь хэтэрхий шударга бус байна. Нэхэмжлэлийн шаардлагаар 1 дүгээр хороо хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилуулж цалин хөлс гаргуулах атал 2, 4 дүгээр хорооны мэргэжилтний 2 давхар цалинг олгуулахаар шийдвэрлэж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан 2, 4 дүгээр хорооны мэргэжилтнээр ажиллаж байсан Т.С-ийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон “өөрийнх нь хүсэлтээр” гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
2.2 Нэхэмжлэгчээс 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст гаргасан өргөдөлдөө “... Миний төрсөн хүү М.Мөнх-Оргил нь 2018 оны 04 дүгээр сард хүнд өвдөж, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ЭХЭМҮТ-д биеийн байдал хүнд байдалтай яаралтай хэвтэж эмчилгээнд орсон. Биеийн байдал дээрдэхгүй байсаар 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дахин хэвтэж 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн. Үргэлжлүүлэн Улаанбаатар хотын ЭХЭМҮТ-ийн хяналтад эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул Багануур дүүрэгт ажиллах боломжгүй болж байна. Цаашид салбартаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байгаа тул ар гэрийн гачигдлыг маань харгалзан үзэж Улаанбаатар хотод шилжүүлэн ажиллуулж өгнө үү. Шаардлагатай аль ч салбарт ажиллахад бэлэн байна” гэжээ.
2.3. Дээрх өргөдлөөс үзэхэд нэхэмжлэгч Т.С нь Улаанбаатар хотод шилжин ажиллах хүсэлтийг Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст гаргасан байхад “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэсэн үндэслэлээр түүнийг ажлаас нь чөлөөлсөн нь Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасантай нийцээгүй төдийгүй мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан “хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халагдахгүй байх” төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг зөрчсөн гэж үзэхээр байна.
2.4. Хариуцагчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “...Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/10 дүгээр тушаалыг хавсаргасан байх бөгөөд үүнд Т.С-ийг 1 дүгээр хороо хариуцсан мэргэжилтнээр томилсон ..., нэхэмжлэлийн шаардлагаар 1 дүгээр хороо хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилуулж цалин хөлс гаргуулах атал 2, 4 дүгээр хорооны мэргэжилтний 2 давхар цалинг олгуулахаар шийдвэрлэж байгаа нь хуулийн үндэслэлгүй” гэжээ.
2.5. Хавтаст хэрэгт авагдсан Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Ажилд томилох тухай” А/10[1] дугаар тушаалаар нэхэмжлэгч Т.С-ийг Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан 2, 4 дүгээр хорооны мэргэжилтнээр томилсон, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/28 дугаар “Т.С-т цалингүй чөлөө олгох тухай” тушаалд[2] түүнийг 2, 4 дүгээр хорооны мэргэжилтэн гэж дурдсан бөгөөд маргаан бүхий тушаалд Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан 2, 4 дүгээр хорооны мэргэжилтнээр ажиллаж байсан Т.С-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
2.6. Мөн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “ББЕЕ” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан болон нэхэмжлэгч Т.С-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг нотлох баримтаар шаардан гаргуулсан байх бөгөөд нэхэмжлэгч Т.С-ийн хувьд “ББЕЕ” ХХК-д 2019 оны 3, 4 дүгээр сард ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлжээ.
2.7. Улмаар шүүхээс 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1/4969 дүгээр албан бичгээр “ББЕЕ” ХХК-иас Т.С-ийн ажилд орох өргөдөл, хүсэлт, ажилд томилсон шийдвэр, хөдөлмөрийн гэрээ, ажлаас чөлөөлсөн шийдвэр зэрэг баримтыг нотлох баримтаар гаргуулахаар шаардсан боловч “ББЕЕ” ХХК-иас “Т.С “ББЕЕ” ХХК-ийн үндсэн ажилтан биш бөгөөд 2019 оны 3, 4 дүгээр сард туслах ажилд түр хугацаанд ажилласан тул нийгмийн даатгалын шимтгэл төлсөн. Т.С-т холбогдох хөдөлмөрийн эрх зүйн баримт бичиг байхгүй” талаарх хариуг шүүхэд ирүүлжээ.
2.8. Дээрх үйл баримтуудаас үзэхэд “ББЕЕ” ХХК-иас нотлох баримт гаргуулахаар шаардсан боловч захирамж бүрэн биелэгдээгүй нотлох баримтуудыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
2.9. Мөн түүнчлэн нэхэмжлэгчээс маргаан бүхий тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байх боловч Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 02/1817 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Т.С-т “Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2019 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-ын 6.4-д “Төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигч гомдлоо холбогдох баримт бичгийн хамт төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 30 хоногийн дотор гаргана” гэж, мөн журмын 6.1-д заасан шаардлагыг хангаагүй, мөн 6.4-д заасан хугацаа хэтэрсэн бол гомдлыг хүлээж авахгүй” ... дээрх хууль, журамд заасан 30 хоногийн хугацаа хэтэрсэн байх тул таны гомдолд дурдсан асуудлыг Төрийн албаны зөвлөл хүлээн авч, хянан шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг өгчээ.
2.10. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 7148 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар 28-ны өдрийн 657 дугаар тогтоолоор дээрх шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
2.11. Улмаар нэхэмжлэгч Т.С-ээс тус шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг холбогдох баримтын хамт гаргасныг хүлээн авч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Нэхэмжлэл гаргах хугацаа сэргээх тухай” 9836 дугаар захирамжаар нэхэмжлэгч Т.С-ийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа сэргээх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
2.12. Өөрөөр хэлбэл, дээрх “Нэхэмжлэл гаргах хугацаа сэргээх тухай” шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр хэвээр байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийг “урьдчилан шийдвэрлэх ажиллагааг биелүүлээгүй” гэж буруутган Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 487 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН