Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2018/ДШМ/36

 

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 30 өдөр                        

     2018/ДШМ/36                                                                Зуунмод

Г.М, Д.Б, Б.А

 нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, Нийслэлийн Эрүүгийн  хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Үүрийнтуяа,

хохирогч А.Пагма-Оролмаа,

шүүгдэгч Д.Б ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэг

нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж хянан шийдвэрлэсэн, 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 44 дугаар шийтгэх тогтоолтой Г.М, Д.Б, Б.А  нарт холбогдох  201719000317  дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг хохирогч А.Пагма-Оролмаа, шүүгдэгч Г.М-н өмгөөлөгч А.Майбаяр нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б.А , 1992 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг, ...........  тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, /РД:У........58/

2. Г.М , 1985 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт ................ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:М_.75/

 

3. Д.Б , 1971 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Жиншинь” ХХК-д хүнд машин, механизмийн засварчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол ........ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЧИ7...6/

 

Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутагт 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр яллагдагч Б.А нь 51-12 УНЛ улсын дугаартай “Тоёота Креста” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 11.1, 6.3 дахь заалтыг зөрчиж зогссон, яллагдагч Д.Б нь 71-80 УНИ улсын дугаартай “Хьюндай Соната-6” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дэх заалтыг зөрчсөн, яллагдагч Г.Манлай нь 05-28 УНЧ улсын дугаартай “Хьюндай Соната-7” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг тус тус зөрчсөний улмаас зам дээр зогсож байсан 51-12 УНЛ улсын дугаартай “Тоёота Креста” загварын тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гаргаж Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Ли Лин, иргэн А.Пагма-Оролмаа нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолоор: Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Б д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201719000317 дугаартай хэргийг гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон тул хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

 Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.А , Г.М  нарт тус бүр Төв аймгийн прокурорын газраас Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201719000317 дугаартай хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэг болгон өөрчилж, зүйлчилж, Шүүгдэгч Б.А , Г.М  нарыг тус бүр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хоёр хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл, хоёр хүний бие махбодид хөнгөн гэмтэл тус тус учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Батсайхан Алтангэрэл, Г.М  нарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан эрүүгийн 201719000317 дугаартай хэргийг хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн тул тэднийг эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлж,

 Шүүгдэгч Б.А, Г.М , цагаатгагдсан этгээд Д.Б  нар цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Батсайхан Б.А-с 2.327.135 төгрөг, шүүгдэгч Г.М гаас 2.327.135 төгрөг, нийт 4.654.271 төгрөгийг гаргуулж, хохирогч БНХАУ-ын иргэн, Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Жиншинь” ХХК-ийн захирал ажилтай, Ли Линд 2.667.898 төгрөгийг, хохирогч ВГ68042600 дугаарын регистртэй, Боржигон овгийн Алагаагийн Пагма-Оролмаад 43.549 төгрөгийг, хохирогч УХ89111362 дугаарын регистртэй, Боржигон овгийн Туяагийн Алимаад 186.800 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч ЧИ71082911 дугаарын регистртэй, Д.Б д 1.756.024 төгрөгийг тус тус олгож, хохирогч Ли Лин нь эмчилгээний зардал нийт 11.600.000 төгрөг нэхэмжилсэнээс 932.102 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Ли Линий нэхэмжилсэн 8.000.000 төгрөгийн кассын орлогын ордерийн баримтыг, цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ гэснийг, хохирогч А.Пагма-Оролмаагийн ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ гэснийг, иргэний нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнийн цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ гэснийг тус тус энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, харин хохирогч Ли Лин нь эмчилгээ болон мэс заслын зардалтай холбоотой 8.000.000 /найман сая/ төгрөгийн баримтаа, цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа, хохирогч А.Пагма-Оролмаа ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа, иргэний нэхэмжлэгч Д.Б цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа тус тус бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж тус тус шийдвэрлэсэн байна.

Хохирогч А.Пагма-Оролмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие олон сар хэвтрийн байдалтай хэвтэж байгаад шүүхээс шүүх хуралтай гэх үед бусдаар дэмнүүлэн шүүх хуралд ороход шүүх шүүгдэгч нараас 43.549 төгрөг гаргуулж 51 хувийг нь БНХАУ-н иргэн Ли Линд олгож 1 хувийг нь А.Пагма-Оролмаа надад олгосугай гээд шийдчихсэн байна.

БНХАУ-н иргэн Ли Линь, Монгол улсын иргэн А.Пагма-Оролмаа нар адилхан хүндэвтэр гэмтэлтэй. Иргэн баримт сэлт гаргаж өгдөг, цагдаа мөрдөн байцаагч нь нотлох баримт бүрдүүлдэг шүүх ядаж нэг зурагны ч мөнгө гаргаж өгсөнгүй, шүүгдэгч нар ядарсан намайг хэвтэрт байхад нэг ч төгрөг өгөөгүй. Би цаашид ажил хийж чадахгүй. Шүүх өнгөрсөн 9 сарын хохирлыг цалингийн доод хэмжээгээр эсхүл амжиргааны түвшний доод хэмжээгээр тогтоож болно. Гэтэл шүүх БНХАУ-н иргэнээс 50 дахин бага мөнгө олгож байгаад үнэхээр гомдож байна. Амьжиргааны доод түвшин болох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 төгрөгийг өвчтэй ажилгүй байсан 9 сараар бодоод 2.100.000 төгрөгийг ч болов надад олгуулж өгнө үү. Нийт хохирлыг хэрхэн тооцсон нь тодорхойгүй.” гэв.      

         Шүүгдэгч Г.М-н өмгөөлөгч А.Майбаяр  нь давж заалдах гомдолдоо: Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан зарим үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргаж байна.

1..Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.5-д “хэд хэдэн шүүгдэгчээс заримыг цагаатгасан, эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга”-ыг тусгана хэмээн хуульчилсан байхад шүүгдэгч Д.Б д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ түүний Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн зам тээврийн осол хэрэг болох шалтгаан нөхцөл болоогүй, зөвхөн зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхгүй гэж дүгнэхдээ яллах дүгнэлтэд дурьдагдсан нотлох баримтын агуулгыг бичиж дүгнээгүй. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтууд нь яллах дүгнэлтэд тусгагдсан, яллах талын нотлох баримтууд байхад эдгээр баримтууд улсын яллагчийн нотлох баримт няцаагдаж, үгүйсгэгдсэн гэсэн нь ойлгомжгүй, няцаагдаж, үгүйсгэгдэж буй үндэслэлийг заагаагүй, нотлох баримтуудын агуулгыг бичиж дүгнэлгүй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэхэд хүргэж байна.

   Мөн шүүх хавтаст хэрэгт тусгагдсан 45, 55, 217 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтүүдийг өөр хоорондоо зөрүүтэй, өөрөөр хэлбэл эргэлзээ төрүүлэхээр ойлгомжгүй дүгнэлт гарсан гэж үзсэн атлаа эдгээр дүгнэлтүүдийн 45 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 7, 55 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 6 дахь заалтуудыг тус тус үнэлэх боломжгүй, 217 дугаартай дүгнэлтийн 5 дахь заалтыг үнэлэх боломжтой гэж үзэхдээ бусад 2 дүгнэлтийг үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг зөрчсөн байна.

2. Шүүгдэгч Г.Манлай, түүний өмгөөлөгч Б.Сонинбайгалийн саналын үндэслэл болгосон баримт, дүгнэлтийг гэрч Т.Алимаагийн "...Миний сууж явсан машины жолооч хурд хэтрүүлснээс болоод ...жолооч замд утсаар яриад эхнэр зулбаж байна гээд их хурдтай явсан..."  гэх мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн 45/7 дахь заалтаас бусад/, 55 /6 дахь заалтаас бусад/, дүгнэлтүүдээр тус тус няцаагдаж байна гэсэн атлаа үндэслэлээ заагаагүй, мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэхдээ дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан шаардлагыг хангаагүй байна.

Шүүгдэгч Г.М-н жолоодон явсан “Хьюндай Соната-7” загварын тээврийн хэрэгсэлд зорчин явсан Х.Эрдэнэханд хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудсанд мэдүүлэхдээ "...2 цагийн орчим сэрээд урагшаа хараад явж баисан чинь өөдөөс их хурц гэрэл гараад гэтэл автомашин мөргөсөн юм. ...хэдэн км/цагийн хурдтай явсан талаар мэдэхгүй, тийм их хурдтай явж байгаагүй..." гэж мэдүүлсэн байдаг.

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр   тогтоосон   байдлын   тэмдэглэлд   зорчих   хэсэг  дээр   шүүгдэгч тусгагдсан байдаг. Энэ тоормозны мөрийг тодорхой томъёонд оруулан тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох бүрэн боломжтойгоос гадна, Г.Манлайг нүд гялбан зорчих баримжаа алдагдсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ авсан болохыг нотолж байхад шүүх үүнийг анхаарч үзсэнгүй.

Уг зам тээврийн осол, хэрэг гарсан газар нь суурингийн гаднах, доторх зам гэдгийг тогтоосон баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл суурингийн эхлэх, төгсгөл тэмдгээс дотогш хэдэн километр зайд энэ хэрэг гарсан нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвчид тусгагдаагүй байхаас гадна шүүгдэгч Г.Манлайг хэдэн км/цагийн хурдтай явсныг тогтоогоогүй байж түүнийг Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчин зам орчны нөхцөл байдалд хурдыг тохируулж яваагүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй

Мөн гэрч Т.Алимаа нь замын турш унтаж явсан, ослын талаар мэдэхгүй гэж хавтаст хэргийн 32-34-р хуудсанд мэдүүлсэн байхад зөвхөн түүний бодол "...миний сууж явсан машины жолооч хурд хэтрүүлснээс болоод ...жолооч замд утсаар яриад эхнэр зулбаж байна гээд их хурдтай явсан.." таамаглалд тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-р зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор нь хуульд заасан бүхий л арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно." гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдльг нотлож тогтоогоогүй байна. Учир нь: Хэрэг учралын газарт үзлэг хийгдсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвчид шүүгдэгч Г.М-н жолоодон явсан “Хьюндай Соната-7” загварын 05-28 УБЧ, шүүгдэгч Б.Алтангэрэлийн “Тоёота Креста” загварын 51-12 УНЛ улсын дугаартай автомашинууд анх мөргөлдсөн гэх A цэгийг зорчих хэсэг дээр тос асгарсан хэсгээр авсан байдаг. Гэтэл хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд авагдсан 4, 5 дугаартай гэрэл зургаас харахад уг тос нь “Хьюндай Соната-7” загварын 05-28 УБЧ улсын дугаартай автомашин мөргөлдөөд зогссоны дараа түүнээс асгарсан тос байхаар харагдаж байна. Үүнээс үзэхэд А цэг үнэн зөв тогтоогдсон эсэх нь эргэлзээтэй байхад шүүх үүнийг анхаарч үзсэнгүй.

Зам тээврийн осол, хэрэгт холбогдсон 3 тээврийн хэрэгслийг оношлогоонд оруулаагүй, шинжилгээ  хийлгээгүйгээс шүүгдэгч Д.Б-н жолоодон явсан “Хьюндай Соната-6” загварын 71-80 УНИ  улсын дугаартай автомашин осол гарах үед ямар гэрэлтэй байсныг болон А цэг үнэн зөв тогтоогдсон эсэхийг нотлоогүй байдаг.

Мөн шүүгдэгч Д.Б нь зам дээр зогсож байсан “Тоёота Креста” загварын 51-12 УНЛ улсын дугаартай автомашинаас цааш хэдий хэмжээний зам туулж буцаж эргэснийг болон холбохоор зогсож байхад шинжээч С.Батболдын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсний дагуу Г.Манлай нь гэрлийн гялбаанд орох эсэхийг туршилт хийж шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатай байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зуйл, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.     

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Үүрийнтуяа гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хохирогч А.Пагма-Оролмаагийн гаргасан нотлох баримтаар хохирлыг гаргуулж өгсөн. Цаашид гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн. Г.Манлайг гэм буруутай гэж үзэж ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэг гаргасан тайлбар, саналдаа: 217 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Бат-Эрдэнийн үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн шинжгүй, зөрчлийн шинжтэй гэсэн дүгнэлт гарсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Давж заалдах шатны шүүх Б.Алтангэрэл, Г.Манлай, Д.Б  нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3-т заасныг баримтлан хохирогч А.Пагма-Оролмаа, шүүгдэгч Г.М-н өмгөөлөгч Ц.Майбаяр нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаж үзсэн болно.

            Анхан шатны шүүх шинжээчийн 45, 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 55, 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 217 дугаартай дүгнэлтүүдийг өөр хоорондоо зөрүүтэй, өөрөөр хэлбэл эргэлзээ төрүүлэхээр, ойлгомжгүй дүгнэлт гаргасан нь шүүх уг дүгнэлтүүдээс 45, 55 дугаартай дүгнэлтүүдийн 7, 6 дахь заалтуудыг үнэлэх боломжгүй, 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 217 дугаартай дүгнэлтийн 5 заалтыг үнэлэх боломжтой гэж үзжээ. Эдгээр дүгнэлтүүд нь бие биенээ үгүйсгэж, няцаагаагүй байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан шинжээчийн дээрх гурван дүгнэлтээр шүүгдэгч нар Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн болох нь нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заагаагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

“Шүүгдэгч Д.Б-н Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь заалтыг зөрчсөн нөхцөл байдал нь шүүгдэгч Г.М-н жолоодож явсан “Хьюндай Соната-7” загварын 05-28 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл шүүгдэгч Б.А-н жолоодож явсан “Тоёота Креста” загварын 51-12 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарсантай шалтгаан холбоогүй, шүүгдэгч Д.Б-н хувьд иргэний үүргээ биелүүлж, бусдад тусламж үзүүлсэн, тусламж үзүүлэхдээ хийсэн үйлдэл нь хэдийгээр замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гэж үзэхээр хэдий ч тухайн зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болоогүй зөвхөн зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй байна” гэж анхан шатны шүүх дүгнэсэн боловч Замын хөдөлгөөний дүрмийн 8-р бүлгийн 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэснийг зөрчсөн Д.Б-н үйлдэл нь замын хөдөлгөөнд аюултай үйлдэл, эс үйлдэхүй байсан, гэмт хэргийн хор уршигтай шалгаант холбоотой болох нь хавтаст хэрэгт авагдсан хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бичгийн нотлох баримтууд болон

гэрч Х.Эрдэнэхандын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би тээврийн хэрэгсэлд унтаад явж байсан. Осол болохын үед би сэрүүн явж байсан. Тэгтэл урдаас гэнэт их хурц гэрэл гараад ирсэн. Зам дээр өөдөөс гэрлээ асаагаад зогсож байсан тээврийн хэрэгсэл зам чөлөөлөөгүй учраас зам тээврийн осол болсон гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 40-41 хуудас/,

Хохирогч Г.М-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би замаар өгсөөд ирсэн. Тэгсэн чинь өөдөөс их хурц гэрэлтэй авто машин ирж байгаа юм шиг харагдсан. Би уг авто машиныг зогсоогүй ирж байна гэж бодоод байсан. Тэгээд уг авто машины гэрэлд зам дээр зогсож байсан тээврийн хэрэгслийг харалгүй араас нь мөргөсөн юм” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 35-36 хуудас/ зэргээр тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул хохирогч А.Пагма-Оролмаагийн давж заалдах гомдлын үндэслэлийн талаар давж заалдах шатны шүүх нь хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, мөн хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.
  2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Б.А, Г.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогчид хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно.

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.БОЛОРМАА

                                       ШҮҮГЧИД                                    Ц.ОЧ

                                                                                            Р.МӨНХ-ЭРДЭНЭ