Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/221

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Ж.Дэлгэрмөрөн даргалж, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ, улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Ө.О  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд

нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулга Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.О д холбогдох 163/2020/0200/Э индекстэй, эрүүгийн 20150032402163 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, эх баригч мэргэжилтэй, ... эмнэлэгт эх баригч ажилтай, Булган аймгийн ...д оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, У овогтой Ө.О,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.О  нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 12 цагийн орчим ... эмнэлэгийн төрөх тасгийн ерөөнд Э.Н тай “амны хаалт өгсөнгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж биед нь санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд/

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.О гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв. 20150032402163 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Э.Н гийн өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр би ажил дээрээ хүлээн авах тасагт эх баригч П гийн хамт төрөлтийн түүх нээж байтал манай ажлын залуу болох О  орж ирээд амны хаалт байна  уу гэхээр нь П  эх баригч амны хаалт байхгүй байна гэж хэлэхэд О  төрөлтийн бүрдэл задлаад амны хаалт аваад өг гэж хэлэхэд П  нь төрөлтийн иж бүрдэл задлахгүй гэж хэлсэн... жижүүрийн өрөөнөөс гарахдаа намайг сүртэй юм бэ гэж хэлээд гарсан. Тэгэхээр нь би араас нь гарч очоод юу гээд байгаа юм бэ гэж хэлээд ахлах сувилагч Э гийн өрөө рүү хамт заамдалцаад орсон. Тэгээд би барьж байснаа тавьтал намайг боогоод тавихгүй байсан юм. Энэ үед Э  сувилагч О г чи болиоч гэж хэлэхэд болихгүй намайг боогоод байхаар нь хоёр гарыг нь хажуу тийш нь түлхээд газарт унагатал намайг цохисон юм. Тэгээд дээр нь гараад хоёр гарыг нь бариад байж байтал хөлөөрөө намайг араас өшиглөж байснаа дух руу мөргөөд, нүүр хэрэг рүү 2-3 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Гэрч Д.Ц гийн өгсөн: “...Э гийн өрөөнд орох гээд явж байтал эх барихын эмч Н  болон эх баригч О  нар н.ь хоорондоо зодолдоод байсан. Юу болоод байгаа юм гэж хэлээд өрөөнд ороход О гийн хамраас цус гарсан байдалтай хоёр биенийгээ заамдалцсан байдалтай байсан. Тэгээд би салчих байх гэж бодоод буцаад ажпаа хийх гээд явсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 29-20 дугаар хуудас/,

Яллагдагчаар Ө.О  мэдүүлэхдээ: “...Н г цээжин дээр суугаад байхаар нь нуруу руу нь 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн, тэгэхэд намайг боогоод тавихгүй болохгүй болохоор нь нэг удаа толгойгоороо нүүрэн тус газарт нь мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 297 тоот дүгнэлтэнд: 1. Э.Н гийн биед хамрын таславчийн муруйлт, зүүн нүд, хөмсөг, хамар, цээжинд дөрөв тооны цус хуралт, зүүн шанаанд нэг тооны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.... гэх дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

Гэмт хэрийн талаархи гомдол, мэдэлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /ххийн 39-43 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 37 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ө.О  нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 12 цагийн орчим ... эмнэлэгийн төрөх тасгийн ерөөнд Э.Н тай “амны хаалт өгсөнгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж биед нь санаатай хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Э.Н , гэрч Д.Ц  нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон Э.Н гийн биед хамрын таславчийн муруйлт, зүүн нүд, хөмсөг, хамар, цээжинд дөрөв тооны цус хуралт, зүүн шанаанд нэг тооны зулгаралт гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 297 тоот дүгнэлтэнд зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүгдэгч Ө.О гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Ө.О гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

   Хохирогч Э.Н  нь гэм хорын хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

   Шүүгдэгч Ө.О  нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ө.О д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, түүний эрүүл мэнд, ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн тохирсон 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ө.О д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ө.О  нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гэм хорын хохирол нэхэмжлээгүй түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

  1. Шүүгдэгч У овогтой Ө.О г “хүний эрүүл мэндэд хөнгөнхохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааршүүгдэгч Ө.О г 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тустус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.
  4. Шүүгдэгч Ө.О  нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэгхянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэххэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.О д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахьхэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ө.О д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.ДЭЛГЭРМӨРӨН