| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/00229/И |
| Дугаар | 102/ШШ2017/00685 |
| Огноо | 2017-03-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2017/00685
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, ..дугаар байрны ..тоотод оршин суух, …регистртэй, Олгонууд овогт Санжаагийн Ө-н
БНСУ-ын иргэн Жон Бён Чонтой батлуулсан гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цэвээнванчиг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
С.Ө шүүхэд гаргасан хүсэлтэндээ:
Миний бие 2010 оны 5 дугаар сарын 28-нд гэрлэлтийн 0223924 тоот гэрчилгээтэй БНСУ-ын иргэн Жон Бён Чонтой гэр бүл болсон боловч тухайн үед Солонгос улс руу нэвтрэх виз олгогдоогүй. Учир нь Жон Бён Чон хөрөнгийн баталгаа хангалтгүй гэдэг үндэслэлээр виз гараагүй. Тэр цагаас хойш өнөөг хүртэл 7 жил холбоо тасарсан бөгөөд холбоогүй байгаа. Иймд уг гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цэвээнванчиг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Би С.Ө-г энэ Солонгос хүнтэй ямар харилцаатай байсан талаар сайн мэдэхгүй. БНСУ-д хамтран амьдардаг байсан эсэхийг нь мөн мэдэхгүй. Ямар ч байсан С.Ө БНСУ-ын иргэн Жон Бён Чонтой батлуулсан гэрлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах хүсэлт гаргасан. Бид өмнө нь БНСУ-д хамт амьдарч байсан. Бидний дундаас Ц.Ариунзаяа гэдэг охин төрсөн. Би С.Ө-г БНСУ-д орхиод ирсэн. Өөрөөр хэлбэл бид хамтран амьдрагч байсан гэв. /хх 51/
Шүүх хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
С.Ө нь БНСУ-ын иргэн Жон Бён Чонтой батлуулсан өөрийн гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Монгол улсын иргэн С.Ө болон БНСУ-ын иргэн Жон Бён Чон нар нь 2010 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болсныг 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 190 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон болох нь гэрлэлтийн 0223924 г-190 тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх 5/
Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд гэрлэгчдийг гэрлэхэд харшлах шалтгаануудыг тодорхойлдог бөгөөд хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “энэ хуулийн 9-д заасныг зөрчиж гэрлэсэн, гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн нь илэрсэн тохиолдолд гэрлэгчдийн хэн нэгний, эсхүл эрх нь зөрчигдсөн бусад хүний болон хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын нэхэмжлэлээр шүүх гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцно” гэж хуульчилжээ.
Хүсэлт гаргагч С.Ө-н шүүхэд гаргасан хүсэлтийг хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрлэгчдийн гэрлэлтээ бүртгүүлэхдээ бүрдүүлсэн баримтуудтай харьцуулан дүгнэвэл Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан гэрлэхэд харшлах шалтгаан тогтоогдоогүй байх бөгөөд тэрээр Жон Бён Чонтой гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэсэн гэж тайлбарлан гэрлэлтээ хүчин төгөлдөр бус болохыг хүссэн байна.
“Гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн” гэдэг нь гэрлэгчид хамтран амьдраагүй, цаашид хамтран амьдрах зорилгогүй байхыг шаардана.
Гэтэл С.Ө, Жон Бён Чон нар нь Монгол улсын Иргэний гэр бүлийн бүртгэлийн газарт гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө БНСУлсад хамтран амьдарч байгаад тус улсад 2010 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь Монгол улсад суугаа БНСУ-ын ЭСЯ-ны гэрлэсэн тухай тодорхойлолт, Жон Бён Чоны Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан өргөдөл, Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газрын тодорхойлолт, Сөүл хот, Жүнран дүүргийн засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Гэрлэлтийн тодорхойлолт болон Гэр бүлийн тодорхойлолт /Санжаа Өлзийбаяр гэр бүлийн гишүүн/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тэднийг гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлтээ бүртгүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй бөгөөд тэдний гэрлэлт БНСУ-д болон Монгол улсад тус тус хүчин төгөлдөр байна.
Хэдийгээр С.Ө нь гэрлэлтээ бүртгүүлснээс хойш БНСУлс руу зорчих виз гараагүйн улмаас 7 жил хамтран амьдраагүй гэж тайлбарлах боловч тэдний гэр бүлийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн гэрлэлт хүчин төгөлдөр байх тул цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэж үзвэл Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандах боломжтой юм.
Иймд дээрх үндэслэлээр гэрлэлт хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн С.Ө-н хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.10 дахь хэсэгт заасныг баримтлан 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн Санжаа овогтой Өлзийбаяр болон БНСУ-ын иргэн Жон Бён Чон нарын гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцохыг хүссэн С.Ө-н хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА