| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2020/0216/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/222 |
| Огноо | 2020-12-08 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2020/ШЦТ/222
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ, улсын яллагч М.Сайнзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан,
Өсвөр насны шүүгдэгч Г.Г , түүний хууль ёсны төлөөлөгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г од холбогдох эрүүгийн 2015003070208 дугаартай, 163/2020/0216/Э индекстэй хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2005 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ... сургуулийн 10 ангийн сурагч, ам бүл 8, аав, ээж, ах, 4 дүүгийн хамт ...д оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Г.Г.
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Г.Г ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Г.Г ын өгсөн: Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг болон эрүүгийн 2015003070208 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар шүүгдэгч Г.Г нь 2020 оны 8 дугаар сарын 20-ны ...ийн нутагт байрлах иргэн Ч.Л гийн хашаанаас “Wolf” гэсэн бичигтэй хар хөх өнгийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Л гийн өгсөн: 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 3 дугаар багт манай хүүхдийн дугуйг танихгүй согтуу хүн уначихсан явахад нь би таараад “наадах чинь манай хүүхдийн дугуй байна” гэсэн чинь “би мэдэхгүй М гэх хүн унаж байгаад би түр унаад явж байгаа юм” гэхээр нь хүүхдийнхээ дугуйг гэртээ аваачиж тавьсан юм. Тэгээд өглөө нь манай хүүхэд “миний дугуйг эвдэлсэн байна” гээд байхаар нь маргааш өглөө нь М гэх айлд очиход хүүхэд нь манай хүүхдийн дугуйг хашаа давж ороод авчихсан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-21 тал/,
Гэрч Б.Г гийн өгсөн: “Яг хэзээ авч ирснийг нь мэдэхгүй. ...Ажлаа тараад ирэхэд өмнө нь харж байгаагүй дугуй манай гэрийн үүдний амбаарт байгаад байсан. Тэгээд би хүүхдээсээ “энэ хэний дугуй вэ?” гэж асууж байсан. Тэгтэл хүүхэд маань “манай найзын дугуй байгаа юм” гэж хэлсэн. Манай нөхөр тэр дугуйг нь унаж яваад 3 дугаар багт байдаг манай эгчийн хүүхэд Г гэх айлд очсон. Л гэх эмэгтэй Ж тай хамт орж ирээд “энэ дугуй манай дугуй байна, хашаанаасаа хулгайд алдаад 5 хонож байгаа юм” гэж хэлэхэд нь ямар учиртай дугуй байсныг мэдсэн. ...” гэх мэдүүлэг /хх-8 тал/,
Гэрч О.М гийн өгсөн: “2020 оны 08 сарын 22-ны өдрөөс л байх урд байдаг ээжийн байшинд очиход хар хөх өнгөтэй унадаг дугуй байсан. Тэгэхээр нь юун дугуй юм бол гэж бодоод гэртээ очоод хүүхдүүдээсээ асуусан чинь Г гэх хүүхэд маань “би найзынхаасаа авчирсан юм, эзэн нь хичээлийн хэрэгслээ бэлдэх гээд хот руу явчихсан надад дугуйгаа үлдээсэн” гэж хэлсэн. “Wolf” гэсэн бичигтэй, эрэгтэй загварын рамтай дугуй байсан. ...” гэх мэдүүлэг /хх-11-12 тал/,
Насанд хүрээгүй гэрч Х.Н гийн өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 20ны өдөр би унадаг дугуйгаа хашаан дотор шовгорын урд орхиод Орхон аймаг руу ээжийн хамт яваад буцаад ирэхэд унадаг дугуйг хулгайлсан байсан. Би сүүлд нь Г дугуйг маань хулгайлсан гэдгийг мэдсэн. ...” гэх мэдүүлэг /хх-26 тал/, Хохирлын үнэлгээ тогтоосон Тольдох Оюуны өгөөж ХХК-ийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №210214 дугаартай: “”Wolf” брэндийн 6 араатай унадаг дугуй 350000 төгрөг” гэх дүгнэлт /хх-35-40 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өсвөр насны шүүдэгч Г.Г ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “Би 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн үед гэрээсээ гараад айл руу явж байтал танихгүй айлын хашааны хойгуур явж байхад хашааны завсраар нь унадаг дугуй харагдсан. Шовгорын хажууд данхраадаад тавьчихсан байсан. Тэгээд би уг хашааны хойноос нь давж ороод дугуйг нь аваад хашааны урдуур нь давуулж гаргасан. ...5 хоногийн дараа аавын найз Ж а гэх хүн хулгайн унадаг дугуйг унаж байгаад эзэнд нь баригдаж, намайг цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ...Дараа нь Н гийн унадаг дугуй гэдгийг олж мэдсэн. ...” гэх мэдүүлэг /хх-50-51 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Өсвөр насны шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэм хорын хохиролд дугуйны үнэ 350000 төгрөгийг төлсөн байх бөгөөд хохирогч Ч.Л нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Өсвөр насны шүүгдэгч Г.Г ын үйлдэл идэвхтэй, унадаг дугуй нь бусдын өмчлөл эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж нууц далд аргаар өөрийн эзэмшлэлд авч байгаа үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй өмчлөх эрхийн эсрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Өсвөр насны шүүгдэгч Г.Г ын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу Өсвөр насны шүүгдэгч Г.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч Г.Г ын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар өсвөр насны шүүгдэгч Г.Г нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй, гэнэт үүссэн гэмт санаагаар буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж, мөн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэж тус тус заажээ.
Шүүх өсвөр насны шүүгдэгч Г.Г од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас болон хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-53-60 тал/-ыг шинжлэн судлаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын хэр хэмжээ болон өсвөр насны шүүгдэгч Г.Г нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж хохирол, хор уршгийг аргалгасан, одоо Булган аймгийн Булган сумын ... сургуулийн 10В ангид суралцаж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулах ялын төрөл хэмжээг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар сонгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан уг ялыг хоёр дахин багасгаж хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт өсвөр насны шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаагүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч Ч.Л нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: