| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/00861/И |
| Дугаар | 102/ШШ2017/00688 |
| Огноо | 2017-03-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2017/00688
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо,...1 дүгээр байр…тоотод оршин суух, ..регистртэй, Цэрэнпунцаг овогт Ц.Ц-ийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Ц оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Ц шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Би Хүнд үйлдвэрийн яаманд 1990 онд ажиллаж байхад Засгийн газрын бүтэц өөрчлөгдөж “Ой мод” нэгдэлд 1990 оны 11 дүгээр сарын 01-нээс шилжин ажилллаж дараа нь хувьчлал явагдаж “Ой мод” хувьцаат компани болж өөрчлөгдөж 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс үргэлжлүүлэн дэд захирлын ажлыг 1994 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тасралтгүй хийсэн. Энд ажилласан тухай хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн бөгөөд ажилд томилсон тушаал ямар нэгэн зөрчилгүй байхад нийгмийн даатгалын төлөлтийн лавлагаа байхгүй байна гэсэн шалтгаанаар улсад ажиллаж байсан жилийг хасч намайг хохироогоод байна. Иймд 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 4 дүгээр сарын 01-ний хооронд улсад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Ц нь “Ой мод” нэгдэлд буюу “Ой мод” хувьцаат компанид 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн Ц.Цгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Ц.Ц нь Хүнд үйлдвэрийн яаманд 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан болох нь 1992 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн “Ой мод” ХК-ийн “Орон тоо, цалингийн жишиг батлах, ажилд томилох, ажлаас чөлөөлөхийг мэдэгдэх тухай” ерөнхий захирлын тушаал /хх-5/, 1994 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн “Ой мод” ХК-ийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, албан тушаал өөрчлөх, цалингийн хэмжээ тогтоох” тухай ерөнхий захирлын тушаал /хх 6-7/, 1992 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 8/ түүнтэй хамт ажиллаж байсан Д.Норов, Л.Батбаяр нарын тодорхойлолт /хх 3-4/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг дээрх албан тушаалд ажиллаж байсан тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан, …регистртэй, Цэдэнпунцаг овогт Ц.Ц-г 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл “Ой мод” нэгдэлд, 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл “Ой мод” ХК-д дэд захирлаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Ц.Ц-гаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА