Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 139/2017/00490/И |
Дугаар | 001/ХТ2018/01396 |
Огноо | 2018-10-12 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 001/ХТ2018/01396
М.Ө-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 139/ШШ2018/00064 дүгээр шийдвэр,
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 218/МА2018/00010 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч М.Ө-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч Дундговь аймгийн С Х-т холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, томилолт, жолоочийн ажил хавсран гүйцэтгэсэн цалин нийт 1 140 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгч Б.Энхтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Дундговь аймгийн С Х-ийн даргын 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Б/10 тоот тушаалаар ажилд орж, улмаар ажиллаж байх хугацаанд 2016 оны 12 дугаар сарын 29-нд Үндэсний статистикийн хорооноос албанд Старикс машин өгсөн. Үүнээс хойш уг машиныг миний нэр дээр шилжүүлэн жолоочийн ажил гүйцэтгэсэн. 2017 оны 1 сараас эхлэн судалгааны ажилд томилогдон ажиллаж 1 сарын томилолтын 192 000 төгрөг авах байснаас 50 хувь болох 96 000 төгрөгийг өгдөг байсан. Намайг удаа дараа өөрийн хүсэлтээр ажлаа өг, хүсэлтээ бичиж ир гэж шахаж шаардаж байсаар 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/03 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн.
Ажил хавсран гүйцэтгэсэн цалин 30 000 төгрөгийг бүрэн олгодоггүй, 20 000 төгрөгийг олгож байсан. Иймд С Х-ийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, томилолт, жолоочийн ажил хавсран гүйцэтгэсэн цалин нийт 1 140 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие 2016 оны 9 сард үүрэгт ажлаа хүлээн авсан. М.Ө нь 2015 оны 07 сард орсон байгаа. Энэ хүн ажил үүргийн хуваарийн дагуу Худалдааны мэдээ, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын болон Цагдаагийн газрын мэдээг аймгийн мэдээ, тайланг аймгийн нийгмийн эдийн засгийн танилцуулгад оруулах үүрэгтэй байдаг. Ажлаа хийж байх хугацаандаа мэдээ, тайланг буруу гаргадаг, дээд байгууллагаас энэ хүний талаар асуулга тавьж байсан. Статистик тоо мэдээ бол маш ач холбогдолтой, буруу гаргаж болдоггүй. Энэ асуудлыг хамт олны хурлаар удаа дараа сануулсан боловч алдаа дутагдал гаргасаар л байсан. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 01-нээс ямар ч шалтгаангүйгээр ажлаа таслаад алга болсон учраас 11 дүгээр сарын 06-ны өдөр тушаал гарган ажлаас нь чөлөөлсөн. Миний бие байгууллагын урирдлагын хувьд томилолтоор явж, ирж байгааг хянаж байдаг, энэ хүн 16 хоногийн томилолт авч яваад 5 хоног л явж ирдэг. Томилолтын олгосон мөнгөнөөс зөрүүг кассд оруулж байгууллагын засвар үйлчилгээнд зарцуулдаг байсан. Энэ нь няравын тооцооноос гарч ирсэн байгаа. Ажил хавсран ажиллахад төсвийн хүрэлцээнээс хамааран сар бүр 30 000 төгрөгийн нэмэгдэл олгоно гэсэн байгаа. Төсвийн хүрэлцээ муу байдаг учраас кассаасаа сар бүр ажилчиддаа 20 000 төгрөгийн нэмэгдэл олгож байсан. Энэ хүн бол ажлын хариуцлагаа сайжруулъя гэхээсээ мөнгө төгрөгний асуудал ярьдаг. Дээр нь багаар ажиллах ямар ч чадвар байхгүй хүн. Тийм учраас ажлаас нь чөлөөлсөн.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 139/ШШ2018/00064 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Ө-ыг Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх С Х-ийн гэрээт ажилтны ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д тус тус зааснаар Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх С Х/дарга Б.Э/-ээс ажилгүй байсан хугацааны олговор 1 343 900 /нэг сая гурван зуун дөчин гурван мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Ө-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар 80 000 /наян мянган/ төгрөгийг Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх С Х-ээс гаргуулан нэхэмжлэгч М.Ө-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч М.Ө-т олгох олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлж, энэ тухай нэхэмжлэгч М.Ө-ын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх С Х-т үүрэг болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх С Х-ийндаргын 2017 оны 11 сарын 6-ны өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгуулах, 1 060 000 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31 910 /гучин нэгэн мянга есөн зуун арван/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх С Х-ээс 107 918 /нэг зуун долоон мянга есөн зуун арван найман/ төгрөгийг гаргуулан 4550 /дөрвөн мянга таван зуун тавин/ төгрөгийг нэхэмжлэгч М.Ө-т олгож, 103 368 /зуун гурван мянга гурван зуун жаран найман/ төгрөгийг төвсийн орлогод тус тус оруулж шийдвэрлэжээ.
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 218/МА2018/00010 дугаар магадлалаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 06-ны өдрийн 139/ШШ2018/00064 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.
Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
...Тус хэлтсийн гэрээт ажилтнаар ажиллаж байсан М.Ө нь ажлын хариуцлагагүй, ур чадвар муутай, ажлын байрны болон мэргэжил, ур чадварын шаардлага хангахгүй, Статистик тоо мэдээг удаа дараа буруу гаргасан, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, багаар ажиллах чадваргүй ажилтан учраас цаашид хамтран ажиллах боломжгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч М.Ө-ын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл 3 сарын ажилгүй байсан хугацааны цалин болох 1 343 900 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгуулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа бөгөөд ҮСХ-ны Тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/12 тоот тушаалаар Гэрээт ажилтны үндсэн цалинг 414 000 төгрөгөөр тогтоосон ба жолоочийн ажил хавсарсны нэмэгдлийг сард 30 000 төгрөг төсвийн хүрэлцээнээс шалтгаалж олгохоор Хөдөлмөрийн гэрээнд тусгасан боловч төсвийн хүрэлцээ муутай учраас нэмэгдлийг олгох боломжгүй, мөн ҮСХ-ны Тамгын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03/1139 тоот албан бичгээр албан хаагчдад ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл олгох боломжгүй тул гэрээт ажилтны ажлын чиг үүрэгт нэмж тусган ажиллуулна уу гэсэн тул цалинг буруу тогтоосон бөгөөд нэг сарын зөрүү болох 33 800 төгрөг, нийт 3 сарын 101 400 төгрөгийг хасуулж гаргуулах зүйтэй гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх шаардлагатай байна.
Нэхэмжлэгч М.Өнь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Дундговь аймгийн С Х-т холбогдуулан гаргажээ.
Хариуцагч Дундговь аймгийн С Хнь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзжээ.
Нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлд нэхэмжлэгч М.Өхариуцагч Дундговь аймгийн С Х-т ямар албан тушаалд ямар үүрэг бүхий ажил гүйцэтгэж байсан нь тодорхой бус тусгагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ байдал тодорхой болоогүй, улмаар шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг хууль зүйн үндэслэлтэй тодорхойлж чадаагүй байна.
Нэхэмжлэлд дурдсанаар М.Өнь 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр С Х-т ажилд орсон, 2016 оны 12 дугаар сараас жолоочийн ажлыг хавсран гүйцэтгэсэн гэж ойлгогдож байна. Нэхэмжлэгчээс шүүхэд баримтаар гаргаж өгсөн С Х болон М.Ө нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд ажилтны эрхлэх ажил, албан тушаалын нэрийг “гэрээт ажилтан” гэжээ. М.Ө-ыг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б\03 дугаар тушаалд “гэрээт ажилтан М.Ө-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ... цуцалсугай” гэжээ.
Хариуцагчийн тайлбарт М.Ө-ыг ажил үүргийн хуваарийн дагуу худалдааны мэдээ, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын болон Цагдаагийн газрын мэдээг аймгийн мэдээ, тайланг аймгийн нийгмийн эдийн засгийн танилцуулгад оруулах үүрэгтэй гэж зааснаас өөрөөр нэхэмжлэгч М.Ө-ын гүйцэтгэж байсан ажлын талаарх мэдээлэл хэрэгт байхгүй байна. Өөрөөр хэлбэл, ажилтны ажлын байрны тодорхойлолт, түүний гүйцэтгэх үүргийн жагсаалт гэх мэт зайлшгүй шаардлагатай баримт хэрэгт авагдаагүй байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн ажил үүргээ хэрхэн гүйцэтгэж байсан талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй.
Нэхэмжлэгч М.Ө-ыг аймгийн С Х-ийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б\02 дугаар тушаалаар гэрээт ажилтнаар томилсон ажээ.
Энэхүү тушаалын үндэслэлд заасан Үндэсний статистикийн хорооны даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Нийслэл, аймаг, дүүргийн статистикийн газар, хэлтсийн бүтэц, орон тоо, албан тушаал, ангилал, зэрэглэл батлах тухай” А\17 дугаар тушаал, Үндэсний Статистикийн хорооны даргын 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Гэрээт албан хаагчийн цалин, нэмэгдлийг тогтоох тухай” А\12 тушаал хэрэгт байхгүй, аймгийн С Х-ийн бүтэц, орон тоо ямар болох нь тодорхой бус байна.
“Гэрээт ажилтан” гэх албан тушаал тухайн байгууллагын бүтцэд байдаг эсэх, тухайн орон тоог байнгын ажлын байр гэж үзэх эсэх, гэрээт ажилтантай хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсгэх эрх зүйн үндэслэл байгаа эсэх асуудлаар шүүх дүгнэлт хийгээгүй, улмаар эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
“Гэрээт ажилтан” гэх ойлголт нь хөлсөөр ажиллах, эсхүл хөдөлмөрийн контрактын гэрээний үндсэн дээр бий болсон ажил үүрэгтэй холбоотой байдаг ба Статистикийн байгууллагад өөрөөр тогтоосон журам байдаг эсэхийг зөв тодорхойлсоноор зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хөдөлмөрийн гэрээний харилцаанаас үүдэлтэй гэж үзэх эсэхийг дүгнэх боломжтой болно.
Маргааны үйл баримт хангалттай бүрэн тогтоогдоогүй, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй учир хяналтын шатны шүүх хоёр шатны шүүхийн хууль хэрэглээний асуудлаар эцэслэн дүгнэлт хийх боломжгүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 139/ШШ2018/00064 дүгээр шийдвэр, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 218/МА2018/00010 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 4 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН