| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2021/0023/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/34 |
| Огноо | 2021-01-22 |
| Зүйл хэсэг | 24.5.2., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт Н-ийн Б-д холбогдох эрүүгийн 2138000000006 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.Б нь Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 5 дугаар багийн нутаг Улсын тусгай хамгаалалттай газрын “Цагаан нохойт” гэх газарт 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр зөвшөөрөлгүйгээр зэрлэг гахай 1 толгойг агнасан ба амьтны аймагт 1.400.000 төгрөгийн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Б нь Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 5 дугаар багийн нутаг Улсын тусгай хамгаалалттай газрын “Цагаан нохойт” гэх газарт 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр зөвшөөрөлгүйгээр зэрлэг гахай 1 толгойг агнасан ба амьтны аймагт 1.400.000 төгрөгийн хохирол учруулах гэмт хэрэгт үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Н.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг Хорьдол сарьдгийн дархан цаазат гарзын онгон хамгаалалттай бүс болох цагаан нохойт гэх газарт Ренчинлхүмбэ сумын 5 дугаар багийн иргэн Н.Б нь хууль бусаар буу үүрч, зөвшөөрөлгүй нэвтрэн орж зэрлэг гахай нэг толгой агнасан хэргийг байгууллагын дарга Төмөрсүх илрүүлж, авчраад намайг шалгалтын ажиллагааг хийж гүйцэтгүүлэхээр томилсон. ...” гэх мэдүүлэг /хх- 27х/,
Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 5 дугаар багийн нутаг “Цагаан нохойт” гэх газарт нэг морь хайгаад морьтой явж байхад зам хөндлөн гахай явж байхаар нь буудаж агнасан. Гахайгаа задалж янзлаад морин дээрээ аваад явж байхад Төмөрсүх дарга машинтай тааралдаж гахай, бууг хурааж авсан. Намайг Улаан-Уул суманд ирж уулзаарай гэж хэлчхээд явсан. ... Улаан тайга улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаан дээр очиж уулзахад тусгай хамгаалалттай газраас гахай агнасан байна гэж хэлсэн. Тэр үед л тусгай хамгаалалттай газар гэдгийг мэдсэн гэх мэдүүлэг /хх-58-59х/,
Байгаль орчин аялал жуулчлалын яам Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 39.04.184/02 дугаартай Улсын байцаагчийн нөхөн төлбөр оногдуулах тухай акт /хх-11х/,
Байгаль орчин аялал жуулчлалын яам Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 39.04.184/03 дугаартай Улсын байцаагчийн бууг хураах тухай акт, зурган үзүүлэлт /хх-12-14х/,
Эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримт түр хураан авсан тухай тэмдэглэл прокурорын зөвшөөрөл /хх-15-17х/,
Эд мөрийн баримт битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, прокурорын тогтоол, эд мөрийн баримт битүүмжилсэн тэмдэглэл /хх-19-22х/,
Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. “Зэрлэг гахай” нэртэй амьтан буюу ойн зэрлэг гахайг зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын худалдааны статуст ороогүй тул элбэг амьтны статусаар бүртгэгдсэн.
2. Ойн зэрлэг гахайн ороо нь 11-р сараас 1-р сар хүртэл явагдаж, 5-6 дугаар сард 3-8 тоорой гаргана. Элдэв идэшт амьтан. Гол төлөв ургамлын ногоон хэсэг, үндэс, хушны самар, элдэв үр жимс, булцуу, нугаламгүй амьтан, жижиг нугаламгүй амьтнаар ч хооллоно чийгийн улаанаас өгсүүлээд элдэв төрлийн шавж, мэлхий, үхэр огдойг хүртэл идэж орхино. Гэхдээ л хамгийн дуртай хоол нь будааны хаягдал, сүрлийн лай, чихэр амттан гэнэ. Гахайн хэвтрийг логш гэх бөгөөд ихэвчлэн мөчир навчаар засна. Зэрлэг гахай сүргээрээ амьдардаг.
3. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэр “Цагаан нохойт” гэх нэртэй газрын GPS N:50°52 49.0” Е:9946’11.1” байршил нь улсын тусгай хамгаалалтад байдаг.
4. Монгол улсын Их хурлын 1997 оны 47 дугаар тогтоолоор Дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч Улсын их хурлын 2008 оны 05 тоот тогтоолоор өргөтгөсөн. /Координатаар харуулсан зургийг хавсаргав/
5. Зэрлэг гахайн махаар манай аймагт тогтоох боломжгүй тул Шинжлэх ухааны хүрээлэнгийн Сорилын биологийн лабораторид махнаас дээж авч шинжлүүлэн тогтоох боломжтой. Ойн зэрлэг гахайн экологи эдийн засгийн үнэлгээг Засгийн газрын 2011 оны 23 тогтоолын 1 дүгээр хавсралтаар тогтоосон үнэлгээгээр эр ойн зэрлэг гахай 700,000 төгрөг, эм ойн зэрлэг гахай 800,000 төгрөг байдаг гэж тус тус тогтоолоо.
Дээрх зөрчил нь Амьтны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 .Энэ хуулийн 21.1-д заасан иргэн зохих төлбөр төлж, сумын Засаг даргаас авсан эрхийн бичгийн дагуу агнуурын ховор амьтнаас бусад амьтныг өөрийн ахуйн зориулалтаар агнаж, барьж болно гэсэн заалтыг зөрчсөн.
6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.2, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2. амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэсэн заалтын дагуу Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор тогтоосон үнэлгээгээр 1 эм ойн г гахай гэж үзвэл 800000 төгрөг х 2= 1600000 төгрөг, 1 эр ойн зэрлэг гахай гэж үзвэл 700000 төгрөг х 2= 1400000 төгрөгийн хохирол учирсан. гэх /хх-31-36х/,
Хөвсгөл аймгийн Шинжилгээний албаны шинжээч Т.Бүрэнхааны 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 04 тоот шинжээчийн дүгнэлтэд:
“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ТХҮ-820/22 дугаартай дүгнэлтэд үнэлгээчин М.Дагважаргалын хөрөнгийн үнэлгээний тайланд: ... “1. Нас нийлсэн морь 800.000 төгрөгөөр тогтов гэх дүгнэлт /хх-44-47х/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ТХҮ-821/02 дугаартай дүгнэлтэд үнэлгээчин М.Дагважаргалын хөрөнгийн үнэлгээний тайланд: ... “ Маузер 98 маркийн карбин буу хуучин эдэлсэн 1 ширхгийг 500.000 төгрөгөөр тогтов. гэх дүгнэлт /хх-50-53/, болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 2138000000006 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Н.Б нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-60х/-аар тогтоогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Н.Б нь экологи эдийн засагт 700.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалт, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь заалтаар амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлөх хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч Н.Б нь амьтны аймагт учруулсан хохирлыг хоёр дахин нэмэгдүүлж 1.400.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь Төрийн сангийн 100171413402 дугаарын дансанд 1.400.000 төгрөгийг төлсөн тухай Төрийн банкны 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-69х/-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №01 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 3 дугаар заалтад “Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт “Цагаан нохойт” гэх нэртэй газрын GPS N:50 52 49.0” E:9946”11.1” байршил нь улсын тусгай хамгаалалтад байдаг”, 4 дүгээр заалтад “Монгол Улсын Их хурлын 1997 оны 47 дугаар тогтоолоор Дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч Улсын их хурлын 2008 оны 05 тоот тогтоолоор өргөтгөсөн гэх” /хх-31-36х/ дүгнэлтээр шүүгдэгч Н.Б гийн зэрлэг гахай агнасан гэх “Цагаан нохойт” газар нь улсын тусгай хамгаалалттай газар байх тул түүнийг улсын тусгай хамгаалалттай газар ан агнасан гэж үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлт болон өмгөөлөгч нарын саналд дүгнэлт хийн, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь зан үйл засах, хөдөлмөрлөх дадал олох сургаалтанд хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах ялын саналыг шүүгдэгч Н.Б нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх ял, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж нь “улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан” байх шинжээр илрэх бөгөөд уг үйлдлийн улмаас заавал хохирол, хор уршиг учруулсан байхыг шаардахгүй юм.
Шүүгдэгч Н.Б нь Монгол улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Монгол улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах болон улсын тусгай хамгаалалттай зарим газар нутгийн хилийн заагийг шинэчлэн тогтоох тухай” 18 дугаар тогтоол, Эрүүгийн хуульд тусгайлан заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд /1 толгой зэрлэг гахайн бодон/ ангаж болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна гэж үзлээ.
Дээрх гэмт хэрэг нь дээр дурдсан нөхцөл байдалд санаатай болон болгоомжгүй аль ч хэлбэрээр үйлдэгдэх боломжтой бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны үеэс өгсөн мэдүүлэг дээр үндэслэн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Н.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн 2138000000006 дугаартай эд мөрийн баримтаар хураагдсан их биед 2444 дугаартай, сангийн ангийн хэсэгт 2086, замгийн чихэнд 2634 /гэсэн дугаартай, Герман улсад 1935-1945 оны хооронд байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 7.9 мм-ийн калибр бүхий “Маузер 98к” загварын богино карабин бууны суурь эд анги дээр гол төмрийг гар аргаар сольж залгасан залгамал буу 1 ширхгийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж, зэрлэг гахайн 4 мөч, нэг нуруу бүхийн 5 хэсэг 16.375 кг махыг устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шарнууд овогт Н-ийн Б-г Улсын тусгай хамгаалалтай газар ан агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-ийн Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь зан үйл засах, хөдөлмөрлөх дадал олох сургаалтанд хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч М.Б д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-гийн тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар Эрүүгийн 2138000000006 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан их биед 2444 дугаартай, сангийн ангийн хэсэгт 2086, замгийн чихэнд 2634 /гэсэн дугаартай, Герман улсад 1935-1945 оны хооронд байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 7.9 мм-ийн калибр бүхий “Маузер 98к” загварын богино карабин бууны суурь эд анги дээр гол төмрийг гар аргаар сольж залгасан залгамал буу 1 ширхгийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж, зэрлэг гахайн 4 мөч, нэг нуруу бүхийн 5 хэсэг 16.375 кг махыг устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгасугай.
7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д шүүхээс авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН