| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2021/0006/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/18 |
| Огноо | 2021-01-11 |
| Зүйл хэсэг | 24.6.2.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн 2038002930397 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Э нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг “Нарийн төмстэй” гэх газарт 2020 оны 3 дугаар сарын 25-наас 28-ны өдрийн хооронд эрхийн бичигт заасан аргыг зөрчиж 6 метрийн урттай 5 ширхэг, 7 метрийн урттай 4 ширхэг торхны босоо модыг зөвшөөрөлгүйгээр БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө ашиглан бэлтгэсэн, улсын дугааргүй Пад маркийн трактор, 31-02 ХӨВ улсын дугаартай Зил-131 загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, ойн санд 2.290.120 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Э нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг “Нарийн төмстэй” гэх газарт 2020 оны 3 дугаар сарын 25-наас 28-ны өдрийн хооронд эрхийн бичигт заасан аргыг зөрчиж 6 метрийн урттай 5 ширхэг, 7 метрийн урттай 4 ширхэг торхны босоо модыг зөвшөөрөлгүйгээр БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө ашиглан бэлтгэсэн, улсын дугааргүй Пад маркийн трактор, 31-02 ХӨВ улсын дугаартай Зил-131 загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, ойн санд 2.290.120 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038002930397 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-8х/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-23х/,
Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-24-30х/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-31-35х/,
Эд мөрийн баримт түр хугацаагаар хураан авсан тэмдэглэл /хх-38х/,
Шүүгдэгч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 3-р багийн Иргэд Нийтийн хуралд байшингийн модны зөвшөөрөл авах гэж өргөдөл гаргаж өгсөн юм.Тэгээд Иргэд Нийтийн Хурлаар манай багаас арван айл байшингийн модны зөвшөөрлийг хурлаар баталж өгсөн байсан тэгээд манай хүүхэд болох Ц-т надтай цуг нарын төмстэй гэх газар руу 2020-оны 03-р сарын 25-28-ны хооронд бэлдэж, мөн сарын 28-29-ны өдөр сумын төвийн хашаандаа тээвэрлэж оруулж ирэхээр бичиг баримт дээр бичсэн байсны дагуу тээвэрлэж орж ирсэн юм. ... Би хэрэглээний зориулалтаар бичүүлж нийт 180.000 төгрөг тушаасан юм. Би өөрийн хүүхдүүд болох Ц, М нарын хамт бэлтгэсэн. Босоо шүүрхий, шилмүүс нь хатсан маягтай 24 ширхэг лав огтолсон илүү ч байж магадгүй унагаасан модоо 7 метр, 8 метрээр тайрч байшингийн мод авсан. Нийт 7 метр 8 метрийн нийлсэн 33 ширхэг мод бэлтгэж сумын төв рүү Даваадоржийн Зил-131 маркийн машинаар ачсан. Пад трактораар цагаалсан. Салхинд үндсээрээ хазайж унасан модноос бол нэлээн хэдэн мод бэлтгэсэн. Эрхийн бичиг авчихсан байсан учраас байгаль хамгаалагч шилмүүс нь хатчихсан, унанги, салхинд уначихсан мод авч болно гэхээр нь мод авчихсан. Тэгсэн цагдаад шалгагдаад ирсэн чинь цэвэрлэгээний аргаар босоо мод огтлохыг хориглодог гэдгийг ойлголоо. Жижигхэн байшин болчхоод нэг барьсных арай том байшин барина гэж бодоод 8x7 харьцах хэмжээтэй байшингийн мод бэлтгэсэн. Байшингийн модоо бэлтгэчхээд дахин байгаль хамгаалагчид хүсэлт гаргаж 11 куб/метр модны мод бэлтгэх эрхийн бичгийн зөвшөөрөл авсан юм. гэх,
Хохирогч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын хэдний өдрийг тодорхой санахгүй байна. Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг Төмстэй гэх газарт мэргэжлийн байгууллагад талбай тусгаарлаж өгөх ажлаар явж байхад төмстэйн хязаа гэх нэртэй газарт иргэн Э , тус сумын иргэн Даваадоржийн Зил-131 маркийн машинаар урт, нойтон мод тээвэрлэж явахад нь шалгахад мод бэлтгэх нэг эрхийн бичиг үзүүлсэн. Уг эрхийн бичгийг хянаж шалгаад мод бэлтгэх эрхийн бичгийг хаах гэсэн боловч хариуцсан байгаль хамгаалагчаар хаалгах байх гэж бодоод өөрт нь өгөөд явуулсан. ” гэх мэдүүлэг /хх-43х/
Гэрч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...намайг очиход дүнзээ цагаалан байж байсан би хэмжээ хэтрүүлсэн байна гэж хэлчхээд цаашаа айлуудаар гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлаар материал тарааж явсан юм. Буцаж ирэхдээ мод бэлтгэсэн газрыг үзнэ гэж бодоод явсан. Эрдэнэбулган сумын 3-р баг Нарийн төст гэх газар би ажлаар явж байхад Ц , аав болох Э , ах нь болох М нар ойгоос мод бэлтгэж байсан, Эрдэнэбулган сумын төвд байрлах Ц ын хашаанд буусан байгаа 33 ширхэг бөөрөнхий дүнзээ бүгдийг нь цагаалсан байхад нь би очсон. ... Танина надаас 2020 оны 03 дугаар сарын сүүлээр бичүүлж авсан. ... Ц ын аав Э ирж гоожин бичүүлж авсан. 3-р багийн иргэд нийтийн хурал 2020 оны 01 дүгээр сард болсон хурлаар Ц нь байшин барих зориулалтаар цэвэрлэгээний мод бэлтгэх хүсэлт гарган дэмжигдсэн тогтоол нь гарсан болохоор аав болох Э ад нь бичиж өгсөн. ... Ер бол бичүүлж авсан модны эрхийн бичгийг зөрчиж хэмжээ хэтрүүлсэн зарим нэг мод нь босоо мод унгаасан байсан. ... Байгаль хамгаалагч Эрдэнэцэцэг нь Ц ыг мод тээвэрлэж явахад нь шалгасан гэсэн тэрнээс хойш би хөдөө багаараа явж байгаад 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Эрдэнэбулган сумын төв дөө орж ирсэн холбогдох албан тушаалтанд мэдэгдэж амжаагүй. ... Миний бичиж өгсөн 061506, 061573 гэсэн дугаартай 2 эрхийн бичиг нь болохоор хэрэглээний мод тайрах эрх олгосон эрхийн бичиг байгаа юмаа. Энэ нь болохоор багийн Иргэдийн нийтийн хурлаар орж хэлэлцэж дэмжигдсэн учир зөвшөөрөл бичиж олгогдсон гэсэн үг юм. Тэгээд энэ цэвэрлэгээний ажил буюу хэрэглээний модны гоожин нь заасан газарт амьдрах чадвараа алдсан модыг бэлтгэж болно гэсэн үг. Энэ нь ойн тухай хуулийн 3-р зүйлийн 1.15 дахь хэсэгт заасан байдаг. Ой хээрийн түймэрт өртсөн юм уу хортон шавж идээд ургах чадвар нь алдагдсаныг хэлнэ. Ер нь бол иргэдэд энэ төрлийн цэвэрлэгээний ажлыг ахуйн зориулалтаар бичиж өгдөг. Мөн 061505 гэсэн дугаартай эрхийн бичиг нь болохоор тухайн иргэн ойгоос бэлтгэсэн модныхоо үзүүр, ёзоор, гишүү, мөчрийг цэвэрлэж түлээний зориулалтаар бэлтгэж авахыг заасан байгаа юм. Бэлтгэсэн модны дүгнэлтийг харахад миний бичиж өгсөн гоожингийн хэмжээнээс хэтрээгүй байна. Би тухайн үед бэлтгэж байхад нь газар дээр нь очиход багцаагаар харахад хэтэрсэн болов уу гэж санаж байсан юм. Гоожин дээр заасан цэвэрлэгээний ажил гэдэг нь ахуйн хэрэглээний болон түлшний зориулалтаар иргэд бэлтгэж болно гэсэн үг. Энэ нь болохоор алслагдсан багт ойн мэргэжлийн анги байхгүй тохиолдолд тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчид хүсэлтээ гаргаад албан тушаалтны хяналт зааварчилгааны дор гүйцэтгэж болно гэсэн заалт Ойн тухай хуулийн 20.1.4 дэх хэсэгт заасан байдаг. Энэ дагуу би бэлтгэж байхад нь очиж хяналт тавьсан. Амьдрах чадвараа алдсан хэдэн мод зааж өгсөн байгаа. Ер нь бол босоо хуурай мод ч гэсэн бөгс нь нойтон байдаг. Уг нь Цэнгэн-Баяр нь бүх хүсэлт өргөдлөө гаргаад хууль номынх нь дагуу гоожингоо аваад хэрэглээний мод бэлтгэсэн байгаа. Буруу гээд байгаа зүйл нь дүгнэлт дээр нойтон мод огтолсон гэсэн байна. Энэ нь би сая дээр хэлсэн цэвэрлэгээний ажилд амьдрах чадвараа алдсан модыг тайрахад бөгс хэсэг нь нойтон байдаг. Тэр моднуудыг хараад нойтон мод тайрсан гэж дүгнэлт гаргасан байх гэж ойлгож байна. ... Зарим малчин өрх нь модоо өөр газар буюу заасан газарт бэлтгээд хашаа саравчаа барьсан байгаа. Зарим нь модоо бэлтгээгүй айлууд байна. Ер нь бол бүгд хяналтын доор модоо бэлтгэсэн. Би 2017 оноос эхлэн байгаль хамгаалагч ажил хийж байна. Тэгээд иргэдийн ахуйн хэрэгцээнд зориулж багийн иргэдийн нийтийн хурдаар хэлэлцүүлж олгох модыг зөвшөөрөл өгдөг асуудал 2006, 2007 оны үеэс эхэлсэн юм. үүний дагуу Ц нь багийн Иргэд нийтийн хурлаар орж хэлэлцэгдэн мод бэлтгэх эрх зөвшөөрөгдөн гоожин олгогдсон юм. ” гэх мэдүүлэг /хх-49-51, 52-53, 54-55, 65-66х/,
Гэрч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Цэвэрлэгээний ажлаар хэрэглээний нойтон мод гарч болно. Намайг Эрдэнэбулган сумын төвд хашаан дотор буулгасан байсан модыг очиж үзэхэд 6-8 метрийн урттай 33 ширхэг дүнз, /бөөрөнхий/ мод байсан бөгөөд уг модыг тус сумын байгаль хамгаалагч Д.Мөнх-Эрдэнэтэй хамт хэмжиж үзэхэд 22.3 метр куб нойтон мод байсан. Ер нь бол цэвэрлэгээний ажлаар унанги мод авахад нойтон байдаг. Цэвэрлэгээний ажлаар иргэн хүн ахуйн хэрэглээндээ хэрэглээний мод авч болно. Цэвэрлэгээний ажлаар босоо мод огтлохгүй. Зөвхөн унанги мод бэлтгэнэ гэхдээ унанги мод нь нойтон байж болно. үүн дээр тайлбар хэлэхэд нойтон мод байсан гэж дүгнэлт дээр бичсэн болохоор босоо мод унагасан юм шиг ойлгогдож байж магадгүй. Би мэргэжлийн үүднээс бэлтгэсэн байсан модон дээр үзлэг хийхэд нойтон байсан. босоо мод унагасан эсэхийг бол мэдэхгүй. Тухайн бэлтгэсэн байгаа модон дээр л үзлэг хийсэн” гэх мэдүүлэг, /хх-56-57х/,
Гэрч Ц.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай багийн иргэдийн нийтийн хурлын тогтоолд 2020 оны 03 сарын 01-ний дотор хэрэглээний модны зөвшөөрлийн бичгээ аваагүй тохиолдолд хасагдаад дараагийн айл нэрээ оруулдаг юм. Тэгээд энэ оны 01 дүгээр сарын 17-ны өдөр багийн төвийн улаан буланд Иргэдийн Нийтийн Хурал болсон. Энэ хурлаар өргөдлөө өгсөн айлуудын модны зөвшөөрлийн хэлэлцсэн. Тэгэхэд энэ Ц гэдэг залуу нэр орсон байгаа. Хурлын тогтоолд 11 өрх гэж тусгасан боловч яг хавсралтаар 10 айлын нэрийг оруулж баталсан байгаа. Энэ нь болохоор тухайн жилийн өгсөн модны лимитдээ тааруулж айлуудаа оруулдаг юм. ер нь бол 10 айлаас дээш гардаггүй. Иргэд нийтийн хуралд 10 айлын иргэд өөрсдөө өргөдлөө барьж ирээд хуралд сууж хэлэлцүүлдэг. Тэр үед Ц өөрөө ирж өргөдлөө гарган хурлаар хэлэлцүүлэн зөвшөөрөлд хамрагдсан байгаа. ” гэх мэдүүлэг, /хх-58-59х/
Гэрч Э.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би өөрийн биеэр бол бэлтгээгүй. Манай аав Э бэлтгэсэн. Би 2020 оны 3 дугаар сард Улаанбаатар хот руу ажилд бүртгүүлэхээр явчихсан байсан юм. Хотод ажилдаа бүртгүүлчхээд буцаад гэртээ ирэхэд аав Нарийн төмстэй гэх газраас 8х7 хэмжээтэй торхны бэлдэц мод огтолсон. Уг модыг цагаалж ачна гэж хэлсэн. модоо цагаалж ачихаар аав, төрсөн ах М нарийн хамт ЗИЛ-131 маркийн машинаар очсон. ... мод цагаалж 2 удаа сумын төв рүү ачсан. зарим модыг босоо мод огтолсон байсан. зарим модыг нь болохоор салхинд унасан унанги модноос тайрч авч бэлтгэсэн байсан” гэх мэдүүлэг, /хх-н 60-62, 63, 64х/
Гэрч С.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би тэр үед Б.Олзвой, дэд ахлагч Б.Ганболд, Д.Мөнх-Эрдэнэ нарын хамт иргэн Э.Ц ын мод бэлтгэсэн талбайд очиж үзлэг шалгалт хийсэн. Тухайн газарт байшингийн мод бэлтгэж 28 орчим тооны мод унагасан хожуулуудыг нь бид тоолсон. Бэлтгэсэн модоо бол ачаад явсан байсан. тэр 28 ширхэг унагасан модон дотор хуурай мод, мөн салхинд унасан унанги мод ч байсан. ... хуурай мод 4-5 ч байсан билүү санахгүй байна. ” гэх мэдүүлэг, /хх-67-68х/
Гэрч Э.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... мод бэлтгээгүй. 2020 оны 3 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотод ажил хийж байхад аав Ц-т байшингийн мод бэлтгэсэн, намайг хотоос ирэхээр нь ачна гэж утсаар ярьсан. би хотоос байшингийн модыг ачихаар суманд ирээд Нарийн төмстэй гэх газар луу аав, Ц болон мод ачиж өгсөн жолооч нарийн хамт явсан.. Модонд очиход аав модоо цагаалаад модны хаяанд гаргачихсан байсан. Модоо бол 2 хувааж сумын төв рүү ачиж Ц ын хашаанд буулгасан ” гэх мэдүүлэг, /хх- 69х/,
Гэрч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 4 дүгээр сарын эхээр нарийн төмстэй гэх газраас манай сумын Э гэж хүн байшингийн мод бэлдэж тавьсан байгаа тэрийг ачаад өгөөч гэсэн юм тэгэхээр нь би ачиж өгсөн юм. би ОХУ-д үйлдвэрлэгдсэн 31-02 ХӨВ гэсэн улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн. Энэ тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл мөн гэх мэдүүлэг, /хх-70-72х/
Хөвсгөл аймгийн “Нарс Шинэсэн төгөл” сум сумдын ойн ангийн инженер Д.Г-ийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/03 дүгнэлт: “...Иргэн Б.Э-ийн бэлтгэсэн гэх мод эт хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн 33 ширхэг 22,3 метр куб хэмжээтэй нойтон, шинэс мод болох нь тогтоогдов. 2. Э.Ц ын бэлтгэсэн мод нь хэрэглээний мод болно. Мод бэлтгэгдсэн газар нь ойн сангийн 1 дүгээр мужид хамаарна. 3.Мод бэлтгэсэн гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газарт хамаардаггүй болно. Эрдэнэбулган суманд Улсын тусгай хамгаалалттай газарт хамаардаггүй болно. 4. Уг модны эдийн засгийн үнэлгээг 204000/шинэс/ мод 22,3 метр куб хэмжээтэй 8.188.560 төгрөг. “...гэх дүгнэлт, /хх- 75-76х/,
Хөвсгөл аймгийн “Нарс Шинэсэн төгөл” сум сумдын ойн ангийн инженер Д.Г-ийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2020/10 дүгнэлт: “... 2.Иргэн Б.Э-ийн бэлтгэсэн гэх мод нь хэрэглээний зориулалтаар унанги модноос бэлтгэсэн 24 ширхэг 18 метр куб хэмжээтэй нойтон шинэс мод, босоо модноос бэлтгэсэн гэх 4,3 метр куб нойтон шинэс мод болох нь тогтоогдов. 3.Уг модны экологи эдийн засгийн үнэлгээг 204000 шинэс мод 18метр куб 6.609.600 төгрөг, Босоо модноос бэлтгэсэн гэх 96000 шинэс мод 4,3 метр куб 743.040 төгрөг, 4.Уг мод нь хэрэглээний мод мөн. Цэвэрлэгээний аргаар унанги мод бэлтгэсэн Төмстэй гэх газар нь ойн сангийн 1 дүгээр муж, босоо мод бэлтгэсэн Тарвагатай гэх газар нь ойн сангийн 3 дугаар мужид хамаарч байна. 5. Мод бэлтгэсэн гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газарт хамаардаггүй. Эрдэнэбулган суманд улсын тусгай хамгаалалттай газар байхгүй. 6. Цэвэрлэгээний аргаар хэрэглээний мод бэлтгэхээр заасан мод бэлтгэх эрхийн бичгээр босоо мод огтлохыг зөвшөөрдөггүй “...гэх дүгнэлт, /хх-75-76х/,
Хөрөнгийн үнэлгээний тодорхойлолт “...Орос улсад үйлдвэрлэгдсэн 2016 оны 5 дугаар сард Монгол Улсад орж ирсэн Зил-131 /бензин,механик/ маркийн ачааны авто машин нь 2020 оны 10 дугаар сарын байдлаар манай улсын зах зээл дээр дунджаар 5.500.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов. ...гэх /хх- 87х/,
Хөрөнгийн үнэлгээний тодорхойлолт “...Хятад улсад үйлдвэрлэгдсэн Пад трактор /дизель, механик/ маркийн автомашин нь 2020 оны 10 дугаар сарын байдлаар манай улсын зах зээл дээр дунджаар 2.000.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов. ...гэх /хх-88х/, Мод бэлтгэх эрхийн бичиг /хх-117-119х/,
Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дугаартай: “... хэрэглээний модны зөвшөөрөл олгуулах тухай тогтоол /хх-120х/,
Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн Иргэдийн нийтийн хурлын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай: “... хэрэглээний модны зөвшөөрөл олгуулах тухай тогтоол, тогтоолын хавсралт /хх-121-122х/,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаартай: “...Иргэн Б.Э-ийн ойн санд учруулсан нөхөн төлбөрийг тооцоход экологи эдийн засгийн үнэлгээ 2.229.120 төгрөг болж байна...гэх дүгнэлт /хх-92х/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн: “...манай сумын 3 дугаар багийн иргэн Б-ийн Э нь ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт айлын мал маллаж амьдардаг. Албан ёсны өрхийн дансанд дээрээ бүртгүүлсэн малгүй, амьжиргааны баталгаажих түвшин доогуур орлоготой өрөх болохыг тодорхойлов гэх тодорхойлолт /хх-110х/, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаартай: “.. тус багийн иргэн Бадарч овогтой Э нь ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг гэх тодорхойлолт /хх-111х/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-112х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-108х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдэж талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар хэргийн үйл баримттай холбоотой дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Үүнд: Шүүгдэгч Б.Э нь ХӨА 061505 дугаар бүхий “мод бэлтгэх эрхийн бичиг”- ээр 2020 оны 3 дугаар сарын 17-ноос 20-ны өдрийн хооронд 3 хоног эрхийн бичигт заасан Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг “Нарийн төмстэй” гэх газарт, хүү Э.Ц ын нэртэй ХӨА 061506 дугаар бүхий “мод бэлтгэх эрхийн бичиг”-ээр 2020 оны 3 дугаар сарын 25-наас 28-ны өдрийн хооронд 3 хоног, мөн хүү Э.Ц ын нэртэй ХӨА 061573 дугаар бүхий “мод бэлтгэх эрхийн бичиг”-ээр эрхийн бичигт заасан 2020 оны 3 дугаар сарын 25-наас 28-ны өдрийн хооронд эрхийн бичигт заасан аргыг зөрчиж 6 метрийн урттай 5 ширхэг, 7 метрийн урттай 4 ширхэг торхны босоо модыг зөвшөөрөлгүйгээр БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө ашиглан бэлтгэсэн, улсын дугааргүй Пад маркийн трактор, 31-02 ХӨВ улсын дугаартай Зил-131 загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, ойн санд 2.290.120 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ шүүгдэгч Б.Э нь хууль бусаар гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан. ... бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь гэм буруугийн хувьд маргаж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг цахилгаан хөрөөг улсын орлого болгох, ойн санд учирсан 2.290.120 төгрөгөөс “ПАД” тракторын үнэ болох 2.000.000 төгрөгийг хасаж, үлдэх хэсгийг буюу 290.120 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах, ашигласан 31-02 улсын дугаартай ЗИЛ-131 маркийн машины үнэ болох 5.500.000 төгрөгийг мөн шүүгдэгчээс гаргуулах саналтай байна гэж маргаж байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаярын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд энэхүү зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гэм буруугийн талаарх дүгнэлтээ гаргаж байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн диспозици шинжийг зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн гэж тусгасан байдаг. Гэтэл шүүгдэгчийн үйлдэл нь дээрх зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх шинжийг хангаагүй. Б.Э нь мод бэлтгэх зөвшөөрөл авсан болох нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолоор нотлогддог. Мөн гарал үүслийн гэрчилгээг авсан нь хэргийн материалд авагдсан байгаа. Улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлтэд дурдсан “эрхийн бичигт заасан аргыг зөрчиж” гэсэн нь хуульд заасан үндэслэл биш юм. ...Мод огтолсон, бэлтгэсэн гэх үйлдэл нь тогтоогдож байх боловч энэхүү үйлдлийн улмаас байгаль орчны чадавхыг тогтоосон зөвшөөрөгдсөн хэм хэмжээний хязгаараас хэтрүүлэх, байгаль орчныг бохирдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан гэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. ...Гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарыг харгалзан үзэхгүйгээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцож болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэх, тайлбарлахад эргэлзээ гарвал яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан. Иймд Б.Э-ийн хууль бусаар мод бэлтгэсэн гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэж маргана.
Эрүүгийн 2038002930397 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг “Нарийн төмстэй” гэх газарт 2020 оны 3 дугаар сарын 25-наас 28-ны өдрийн хооронд эрхийн бичигт заасан аргыг зөрчиж 6 метрийн урттай 5 ширхэг, 7 метрийн урттай 4 ширхэг торхны босоо модыг зөвшөөрөлгүйгээр БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө ашиглан бэлтгэсэн, улсын дугааргүй Пад маркийн трактор, 31-02 ХӨВ улсын дугаартай Зил-131 загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, ойн санд 2.290.120 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Б.Э-ийн /хх-43х/, гэрч Д.М-ийн /хх-49-51, 52-53, 54-55, 65-66х/, гэрч Д.Г-ийн /хх- 56-57х/, гэрч Э.Эрдэнэзулын /хх- 58-59х/, гэрч Э.Ц ын /хх-60-62, 63, 64х/, гэрч С.Б-ы /хх-67-68х/, гэрч Э.М ын /хх-69х/, гэрч Д.Д-ийн /хх-70-72х/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-8х/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-23/,
Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-24-30х/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-31-35х/,
Хөвсгөл аймгийн “Нарс Шинэсэн төгөл” сум сумдын ойн ангийн инженер Д.Г-ийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/3 дугаартай дүгнэлт /хх-75-76х/,
Хөвсгөл аймгийн “Нарс Шинэсэн төгөл” сум сумдын ойн ангийн инженер Д.Г-ийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2020/10 дугаартай дүгнэлт /хх-н 79-81х/,
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-87, 88х/,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний дүгнэлт /хх-92х/, зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Э нь зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль эрх зүй, ёс зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нь зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн 4.3 куб метр босоо нойтон модыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүрээлэн буй орчинд хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг шүүгдэгч Б.Э нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Б.Э нь экологи эдийн засагт 743.040 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч Б.Э нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 2.229.120 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 2.229.120 төгрөгийг гаргуулж экологийн санд оруулах нь зүйтэй байна.
Улсын яллагч яллах дүгнэлтдээ ...тээвэрлэсэн...гэж дүгнэлт гаргаагүй боловч шүүхийн хэлэлцүүлэгт болон эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ хууль бус мод зөөвөрлөсөн тээврийн хэрэгслийн үнийг гаргуулахаар дүгнэлт гаргаж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Э-ыг хууль бусаар мод тээвэрлэж, бэлтгэсэн гэж дүгнэж ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хэргийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн прокурорын болон өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн 2038002930397 дугаартай хэрэгт эд мөрийн баримт битүүмжилсэн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 57 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан улсын дугааргүй өмчлөгч нь тодорхойгүй гэх Пад маркийн тракторыг шүүгдэгч Б.Э ад эзэмшигчийг тодорхой болох хүртэл олгох, мөн гэмт хэрэгт битүүмжлэгдсэн хэрэг үйлдэх үедээ ашигласан 31-02 ХӨВ улсын дугаартай Зил-130 маркийн машины хууль ёсны өмчлөгч нь иргэн Д.Даваадорж мөн болох нь тогтоогдсон тул хууль ёсны өмчлөгчид олгох, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж гэмт хэргийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулах ба тээврийн хэрэгслийн үнэ 5.500.000 төгрөгийг шүүгдэгч Б.Э-с гаргуулж экологи эдийн засагт учруулсан хохирол болох 2.229.120 төгрөгийг экологи санд оруулах, үлдэх 3.270.880 төгрөгийг улсын орлогод оруулах, мөн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газрын хашаанд байгаа 6 метрийн урттай 5 ширхэг, 7 метрийн урттай 4 ширхэг нийт 4.3 куб метр босоо нойтон хэрэглээний бөөрөнхий модыг хурааж хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг тус тус Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан 1 ширхэг хөрөөг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.31.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч “Б” овогт Б-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар 4.3 куб мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн Э-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд хөрөнгийг битүүмжилсэн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч Д-ийн Д-д 31-02 ХӨВ улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг, Пад маркийн тракторыг түр эзэмшигч гэх Б.Э-д тус тус буцаан олгосугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн нийт 4.3 куб метр нойтон хэрэглээний бөөрөнхий модыг хурааж хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн 2038002930397 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан 1 ширхэг хөрөөг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт шүүгдэгч Б.Э-с гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 31-02 ХӨВ улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 5.500.000 төгрөгөөс экологи эдийн засагт учирсан хохирол болох 2.229.120 /хоёр сая хоёр зуун хорин есөн мянга нэг зуун хорь/ төгрөгийг гаргуулж Эрдэнэбулган сумын экологийн санд оруулах, үлдэх 3.270.880 /гурван сая хоёр зуун далан мянга найман зуун ная/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
8. Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д шүүхээс авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН