| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 104/2015/00852/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2016/05603 |
| Огноо | 2016-11-03 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 03 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2016/05603
| 2016 оны 11 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2016/05603 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 10-р хороо, “Улиастайн эх хөгжил” ХХК-ний байр, “Баян-Эрдэнэ хүрд” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Налайх дүүргийн 3-р хороо, тоосгоны үйлдвэрийн хашаанд түр оршин суух, БНХАУ-ын иргэн XUE XUYA-д холбогдох хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, учирсан хохирол 705 698 288 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Майбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бадраа, гэрч Д.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Баян-Эрдэнэ хүрд” ХХК-ний захирал Д.Саша нь 2014 оны 02 сарын 15-ны өдөр Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт тоосгоны үйлдвэрлэл явуулж байсан 24.11 га талбай бүхий газарт ашигт малтмал ашиглалтын 7045А дугаартай лицензийг “Бул Бул” ХХК-аас 60 сая төгрөгөөр худалдан авсан байдаг. Гэтэл БНХАУ-ын иргэн Шүэ Шүяа нь “Баян-Эрдэнэ хүрд” ХХК-ий хууль ёсны эзэмшлийн 24.11 га талбай бүхий газрын шороог олборлож, БНХАУ-аас хууль бусаар ажилчид оруулж ирэн тоосго үйлдвэрлэсээр байгаа үйлдлийг таслан зогсоож чадаагүйн улмаас “Баян-Эрдэнэ хүрд” ХХК нь их хэмжээний татварын өртэй болж хохироод өдийг хүрлээ. Иймд Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баян-Эрдэнэ хүрд” ХХК-ний эзэмшлийн 24.11 га газрыг хууль бусаар эзэмшиж буй БНХАУ-ын иргэн Шүэ Шүяагаас чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч 2016 оны 02-р сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Баян-Эрдэнэ хүрд” ХХК нь 24.11 га газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна. “Баян-Эрдэнэ хүрд” ХХК-ий захирал Саша нь тус компаний Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 7045А ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газарт тоосго үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулахдаа БНХАУ-ын иргэн Шүэ Шүяатай хамтран ажиллаж, олсон ашгаа тэнцүү хуваахаар тохиролцсон. Хариуцагчийн зүгээс өнөөдрийг хүртэл хамтран ажиллах гэрээний хүрээнд нэг ч төгрөгний ашиг өгөөгүй, хамтран ажиллах гэрээгээ зөрчсөний улмаас тус компани нь шүүхэд хандахад хүрлээ. Үүнээс гадна, хариуцагч хөлслөн ажиллуулсан ажилчдын нийгмийн даатгал, тус газрын нөхөн сэргээлтийн зардал 218.8 сая төгрөг зэрэг хохиролууд манай компаний нэр дээр гарах зэргээр хүндрэл учирсаар байна. Цаашид тус компаний нэр дээр тоосго үйлдвэрлэсэнтэй холбоотой гарах төлбөр, татвар, торгуулиудыг холбогдох байгууллагуудаас ирүүлэх баримтанд тулгуурлан дахин нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхээр байна. Иймд БНХАУ-ын иргэн Шүэ Шүяагаас амаар тохиролцсон хамтран ажиллах гэрээний ашиг болох 200.0 сая , байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 31-р зүйлд заасан байгаль орчны нөхөн сэргээлтийн төлбөр 218.8 сая төгрөг нийт 418.8 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч 2016 оны 03-р сарын 03-ны өдөр нэмэгдүүлсэн шаардлагаа өөрчлөхдөө: “Баян-Эрдэнэ хүрд” ХХК нь дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлж байна. “Баян-Эрдэнэ хүрд” ХХК Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 7045А ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газарт тоосго үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулахдаа БНХАУ-ын иргэн Шүэ Шүяатай хамтран ажиллаж, олсон ашгаа хуваахаар ярьсан боловч тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас түүнийг өөрийн эзэмшил газраас гаргахыг удаа дараа шаардаж, өөрөө бие даан үйл ажиллагаа явуулах гэсэн хэдий ч шүүхэд хандах хүртэл хугацаанд ямарч шийдэлд хүрээгүй. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй газрыг эзэмших эрхэнд хууль бусаар халдаж, улмаар түүнийг өөрийн эзэмшил газар луу нэвтрэхэд хүртэл хориглож саад болж байсан байна. Өнөөдрийн байдлаар хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас бодит байдлаар ашигт малтмалын газар ашигласны татвар, ус болон цахилгаан ашигласны төлбөр, байгаль орчны нөхөн сэргэлтийн төлбөр зэрэг нийт 418 800 000 төгтөргийн хохирол нэхэмжлэгчид учирсан. Иймд хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг хариуцагч Шүэ Шүяагаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч 2016 оны 04-р сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Баян-Эрдэнэ хүрд ХХК нь дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлж байна. “Баян-Эрдэнэ хүрд” ХХК Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 7045А ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газарт тоосго үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулахдаа БНХАУ-ын иргэн Шүэ Шүяатай хамтран ажиллаж, олсон ашгаа хуваахаар ярьсан боловч тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас түүнийг өөрийн эзэмшил газраас гаргахыг удаа дараа шаардаж, өөрөө бие даан үйл ажиллагаа явуулах гэсэн хэдий ч шүүхэд хандах хүртэл хугацаанд ямарч шийдэлд хүрээгүй. Өнөөдрийн байдлаар хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас бодит байдлаар БНХАУ-ын иргэн Шүэ Шүяа нь “Мөнгөн гүүр” ББСБ-аар 2014 оны 02 сарын 19-ний өдрөөс хойш 619 684 300 юань, “Шинэ төгрөг” ББСБ-аар 100000 юань шилжүүлсэн байх бөгөөд орчуулагч Д. Нармандахын Хаан банк дахь дансаар 547 048 500 төгрөгний бэлэн мөнгөний гүйлгээ хийгдсэн байгаа нь нотлогдсон байна. Мөн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний үнэлгээгээр тоосгоны үйлдвэрлэлийн хашаанд шатаасан 1824400 ширхэг, шатаагаагүй 2283710 ширхэг тоосгонууд байх бөгөөд нийт үнэлгээгээр 314 482 840 төгрөгөөр үнэлэгдэх нь нотлогдсон байна. Өмнө нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нийт 418 800 000 төгрөгний хохирол дээр нэмэгдэж 230 766 670 төгрөгний хохирол учирсан болох нь тогтоогдсон байна. Иймд хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг Шүэ Шүяагаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч 2016 оны 10-р сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Нэхэмжлэгч “Баян-Эрдэнэ хүрд” ХХК нь Шүэ Шүяа-д холбогдох хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй, хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэл, хууль бус үйлдлийн улмаас тус компанид ашигт малтмалын газар ашигласны татвар, ус болон цахилгаан ашигласны төлбөр, байгаль ашигласны нөхөн сэргээлтийн төлбөр зэргээр учруулсан бодит хохирол нийт 649 566 670 төгрөгийг гаргуулах талаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Манай компанид БНХАУ-ын иргэн Шүэ Шүяа нь хамтран ажиллаж, олсон ашгаа тэнцүү хэмжээгээр хуваан авахаар санал тавьсаны дагуу тохиролцож, тоосгоны үйл ажиллагааг явуулан өдий хүрсэн. Гэтэл БНХАУ-ын иргэн Шүэ Шүяа нь тохиролцоондоо хүрэхгүй гэрээгээ зөрчсөн төдийгүй хууль тогтоомжийн дагуу газар ашигласны төлбөр, татвар, цахилгаан, ус зэрэг хэрэглээний зардлаа төлөхгүйгээс тус компаний нэр дээр их хэмжээний төлбөр тооцоо гарснаас гадна тус компаний үйл ажиллагааны санхүүгийн тайлан болон бусад баримтанд Баянгол дүүргийн татварын хэлтсээс 2016 оны 04-05 сарын хугацаанд шалгалт хийж, 05-р сарын 19-ний өдөр “Баян-Эрдэнэ хүрд” ХХК-ий үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, өөрөөр хэлбэл, тоосгоны үйлдвэрлэл явуулсны татвар төлөгдөөгүй гэх үндэслэлээр акт бичигдэж 56 132 618.6 төгрөгний төлбөр тавигдсан байна. Иймд уг хохирлыг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Энэхүү татварын актаар тавигдсан төлбөрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Баян-Эрдэнэ хүрд” ХХК нь БНХАУ-ын иргэн Шүэ Шүяад холбогдох газар чөлөөлүүлэх, хамтран ажиллах гэрээний ашиг болон хохиролд 705 698 288 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэвч Баян-Эрдэнэ хүрд компанид олгогдсон 7045А ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2016 оны 4-р сард цуцалсан байх тул хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх нэхэмжлэлээсээ татгалзаж, 705 698 288 төгрөгийн нэхэмжлэлээ дэмжиж байна. “Баян-Эрдэн хүрд” ХХК нь 7045А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байхдаа 2014 оны 2-р сард Шүэ Шүяатай хамтран ажиллахаар тохирч манай тал бичиг баримтаа бүрдүүлэх, Шүэ Шүяа нь хөрөнгө оруулах, хамтарч ажиллаад ашгаа хуваахаар тохирсон. Гэтэл ашиг өгөөгүй, татвар төлөөгүйн улмаас маш их өр үүссэн. Иймд хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, хохирлоо гаргуулахаар нэхэмжилж байна. Үүнд, Шүэ Шүяа нь орчуулагч Д.Нармандахын ХААН банк дахь дансаар 547 048 500 төгрөгний бэлэн мөнгөний гүйлгээ хийсэн, мөн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний үнэлгээгээр тоосгоны үйлдвэрлэлийн хашаанд шатаасан 1 824 400 ширхэг, шатаагаагүй 2 283 710 ширхэг тоосгоны үнэ 314 482 840 төгрөг, менежментийн төлөвлөгөөний дагуу хийх нөхөн сэргээлтийн зардал 218 800 000 төгрөг, Баянгол дүүргийн татварын хэлтсийн байцаагч тоосгоны үйлдвэрлэл явуулсны татвар төлөгдөөгүй гэх үндэслэлээр акт бичиж 56 132 618.6 төгрөгний төлбөр тавигдсан. Нийт 705 698 288 төгрөгийг БНХАУ-ын иргэн Шүэ Шүяагаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баян-Эрдэнэ хүрд” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. “Баян-Эрдэнэ хүрд” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаа зөв тодорхойлж чадаагүй, “Баян-Эрдэнэ хүрд” ХХК-ийн эрхийг иргэн Шүэ Шүяа хэрхэн зөрчсөн болох талаарх баримт байдаггүй. Шүэ Шүяад холбогдох газар чөлөөлүүлэх нэхэмжлэлээсээ татгалзсан тул тайлбар хийх шаардлагагүй. БНХАУ-ын иргэн Шүэ Шүяа нь “Баян-Эрдэнэ хүрд” ХХК-д ямар ч хохирол учруулаагүй тул шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Талууд шүүх хуралдаанд оролцож үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй. Шүэ Шүяа нь нэхэмжлэгчтэй хамтран ажиллах гэрээ хийгээгүй юм.”Баян-Эрдэнэ хүрд” ХХК нь “Бул Бул” ХХК-иас ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан, тусгай зөвшөөрөлтэй газарт нь “Хэнан Хуа Лэ” ХХК тоосго үйлдвэрлэх /сүүлд Налайх хайрхан ХХК болж нэрээ өөрчилсөн/ үйл ажиллагаа эрхэлж байсан. “Хэнан Хуа Лэ” ХХК нь Д.Нармандахын дансаар шилжүүлсэн 547 048 500 төгрөг нь татвараас зайлсхийсэн гэсэн татварын улсын байцаагчийн 2016 оны 5-р сарын 4-ний өдрийн 29000687 тоот дүгнэлт гарч Эрүүгийн цагдаагийн газарт 2001501080539 дугаартай эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн 166-р зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар шалгагдаж байгаа. Нэхэмжилж байгаа 314 482 840 төгрөгийн тоосгыг “Налайх хайрхан” ХХК нь 2010-2015 оны 12-р сарын 31 хүртэл үйлдвэрлэсэн нь мөн татварын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон. “Баян-Эрдэнэ хүрд” ХХК нь байгаль орчны нөхөн сэргээлтийн 218 800 000 төгрөгийн тайлан гаргасан. Гэвч үүнийгээ хийгээгүй, тусай зөвшөөрөл нь хүчингүй болсон. Татварын улсын байцаагчийн актаар 56 132 618 төгрөгийн төлбөрийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулинд зааснаар төлөх ёстой гэж гарсан. Үүнийг нэхэмжлэгч төлөхөөр гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан баичгийн баримтууд болон гэрчийн мэдүүлэг зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Баян-Эрдэнэ хүрд” ХХК нь БНХАУ-ын иргэн Xue Xuy-д /цаашид Шүэ Шүяа гэх/ холбогдох Налайх дүүргийн 3-р хорооны нутаг орших ашигт малтмалын 7045А тусгай зөвшөөрөл бүхий 24.11 га газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээний улмаас учирсан хохиролд 418.8 сая төгрөгийг гаргуулах, хохирол 230 766 670 төгрөг нэмж гаргуулах, татварын актаар тавигдсан 56 132 618.6 төгрөг нийт 705 698 618 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тус тус нэмэгдүүлсэн байна. Харин шүүх хуралдааны шатанд 24.11 га газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Нэхэмжлэгч хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, учирсан хохиролд 705 698 288 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилсөн байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
“Баян-Эрдэнэ хүрд” ХХК нь “Бул Бул” ХХК-тай байгуулсан 2014 оны 02-р сарын 15-ны өдрийн 01 тоот “7045А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх гэрээ”-ний дагуу Налайх дүүргийн 3-р хороо Хуучин 8-р уурхайн 25 га газрыг түгээмэл тархацтай ашигт малтмалын чиглэлээр барилгын материалын үйлдвэр байгуулах зорилгоор ашиглахаар шилжүүлэхээр тохирч, улмаар Ашигт малтмалын газрын Кадастрын албаны даргын 2015 оны 06-р сарын 29-ний өдрийн 512 тоот шийдвэрээр шилжүүлэн /хх 6-10, 112-118/ бүртгэгджээ.
Нэхэмжлэгч “Баян-Эрдэнэ хүрд” ХХК нь БНХАУ-ын иргэн Шүэ Шүяатэй 7045А тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбайд тоосго үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах, “Баян-Эрдэнэ хүрд” ХХК нь талбайгаа ашиглуулах, бичиг баримтаа бүрдүүлэх, Шүэ Шүяа нь хөрөнгө оруулах, улмаар ашгаа хуваахаар тохирсон, харин Шүэ Шүяа нь тоосгоны үйлдвэрлэл эрхэлж олсон ашгаасаа өгөөгүй, өр төлбөрт оруулсан талаар маргаж 705 698 288 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “...Баян-Эрдэнэ хүрд ХХК-тай хамтран ажиллахаар тохироогүй, хариуцагчаа зөв тодорхойлоогүй” гэж маргажээ.
Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн 2015 оны 12-р сарын 16-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол”-оор Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт тоосго үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулдаг байсан иргэн Шүэ Шүяад онц их хэмжээний орлогоо нуун дарагдуулж татвар төлөхөөс зайлсхийсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166-р зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 201501080539 тоот эрүүгийн хэрэг үүсгэж /хх 77/, улмаар хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр 2016 оны 09-р сарын 25-ны өдөр шилжүүлсэн, энэ талаар талууд маргаагүй байна.
Налайх дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 05-р сарын 04-ний өдрийн 290000687 тоот “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” дүгнэлтээр “Хэнан хуа лэн” ХХК-ний 2011.01.01-2015.12.31-нийг дуустал хугацааны татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан, үүний дотор тус компани нь тоосго борлуулсны орлогоо орчуулагч Д.Нармандахын ХААН банк дахь 5374326000 дансыг ашиглан 2013-2015 онд нийт 483 491 000 төгрөг шилжүүлсэн /хх 201-234/, мөн БНХАУ-ын банкны хувийн дансанд мөнгө шилжүүлсэн зөрчлийг тус тус цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, бусдын дансаар орлогоо шилжүүлсэн зөрчлийг 201501080539 тоот эрүүгийн хэрэгт шалгаж байгаа нь Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 08-р сарын 02-ны өдрийн 150 тоот дүгнэлтэд /хх 202-205/ тусгагдсан байна.
“Хэнан хуа лэн” ХХК нь 2008 онд БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө орууллалтай, БНХАУ-ын иргэн Xue Xu Ya, Xue Jian Bang, Xue Jian Kun нарын 3 гишүүнтэйгээр байгуулагдаж 2012 оны 6-р сарын 15-ны өдрийн хурлын шийдвэр, бэлэглэлийн гэрээгээр хөрөнгө оруулагч нэгээр нэмэгдэж Дашнямын Саша хувьцааны 10 хувийг, 2015 оны 1-р сарын 22-ны өдрийн хурлын шийдвэр, бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээгээр хувьцаа эзэмшигч Д.Саша нь 30 хувийг эзэмшихээр гэрээндээ өөрчлөлт оруулж, компаний нэрийг “Налайх хайрхан” ХХК болгон /хх 30-45, 211-222, 235-236 / өөрчилжээ.
Эдгээр баримтуудаас дүгнэвэл, “Хэнан хуа лэн” ХХК нь “Баян-Эрдэнэ хүрд” ХХК-ний 7045А тусгай зөвшөөрөлтэй газарт тоосго үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулж байсан нь татвар төлөгчийн улсын байцаагчийн 2013 оны 9-р сарын 26-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 35950 тоот, 2016 оны 5-р сарын 4-ний өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 290005984, 290000687 тоот дүгнэлт, “Хэнан хуа лэн” ХХК нь үйл ажиллагаа явуулах зорилгоор эрх бүхий байгууллагын зөвшөөрлийн дагуу хөдөлмөр эрхлэх ажилчид ажиллуулж байсан, ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүгнэлт, холбогдох бусад баримтуудаар тогтоогдсон байна. Харин “Баян-Эрдэнэ хүрд” ХХК нь иргэн Шүэ Шүяатай хамтран ажиллахаар тохирсон гэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Нөгөө талаас, шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний үнэлгээгээр тогтоогдсон /хх 169-178/ тоосгоны үйлдвэрийн хашаанд байгаа гэх 314 482 840 төгрөгийн үнэ бүхий бүхий тоосгыг иргэн Шүэ Шүяа үйлдвэрлэсэн нь тогтоогдоогүй, бусдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг “Баян-Эрдэнэ хүрд” ХХК гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй.
Ашигт малтмалын тухай хуулийн 39.1, 39.1.1-д зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар тодорхой үүрэг хүлээх ба үүнд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах; байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг хийж гүйцэтгэх үүрэгтэй.
“Баян-Эрдэнэ хүрд” ХХК нь 2014 онд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “8-р уурхайн шаврын ордыг ашиглан, тоосгоны үйлдвэрлэл явуулах” төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг “Эхопланет” ХХК-иар хийлгэсэн байх ба 2016 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө, нөхөн сэргээлтийн зардалд 218 800 төгрөгийг /хх 131-158/ төлөвлөжээ. Менежментийн төлөвлөгөөний дагуу нөхөн сэргээлтийн ажлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч “Баян-Эрдэнэ хүрд” ХХК гүйцэтгэх үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлэхэд Шүэ Шүяа хохирол учруулсан нь тогтоогдоогүй байна.
Баянгол дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 05-р сарын 19-ний өдрийн 260016526 тоот “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” дүгнэлтээр /хх 182-189/ “Баян-Эрдэнэ хүрд” ХХК-ний 2011 оны 1-р сарын 1-нээс 2015 оны 12-р сарын 31-нийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 215 онд 64 820 000 төгрөгийн тоосго борлуулсны орлогыг аж ахуйн нэгжийн албан татварын тайланд дутуу тусгаж, албан татвар ноогдуулж төлөөгүй, 2011-2015 онд захирал Д.Сашад 39 600 000 төгрөгийн цалин олгосон боловч хувь хүний орлогын албан татварыг суутган авч төсөвт төлөөгүй, ашигт малтмалын ашиглалтын 7045А тусгай зөвшөөрлийн лицензийг шилжүүлэн авсан орлогыг тайланд тусгаж тайлагнаагүй, орчуулагч Д.Нармандахын ХААН банкны төгрөгийн 5374326000 дансыг ашиглан 2015 оны 6-р сарын 30-наас хойш шилжүүлж авсан 82 816 000 төгрөгийн орлого, нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчил зэрэг 499 816 575 төгрөгийн зөрчилд 38 826 957 төгрөгийн нөхөн татвар, 15 963 298 төгрөгийн торгууль, 1 924 915 төгрөгийн алданги, 64 728 төгрөгийн хүү, нийт 56 132 618 төгрөгийн төлбөрийг “Баян-Эрдэнэ хүрд” ХХК-д ногдуулсан байна.
Дүгнэлтээр ногдуулсан дээрх төлбөрийг “Баян-Эрдэнэ хүрд” ХХК улсын төсөвт төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагч Шүэ Шүяагийн хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс энэ хэмжээний татварын төлбөр үүсч хохирсон гэх үндэслэлгүй.
Гэрч Н.Гэрэлмаа, Э.Алтантуяа нар нь /хх 163-167/ “Баян-Эрдэнэ хүрд” ХХК болон Шүэ Шүяа нарын хооронд үүссэн газрын маргаан, хөрөнгө оруулалтын талаар өөрийнхөө мэдэх, сонссон хэмжээнд мэдүүлсэн боловч нэхэмжлэлийн шаардлага, татгалзалтай холбоотой зүйлийн талаар мэдүүлээгүй, харин гэрч Д.Нармандах шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...2012 оны 8-р сараас Шүэ Шүяагийн санал болгосноор ажилд орсон, Шүэ Шүяа, Саша нар хамтарч ажилласан, хятад захирал ашгаа өгөөгүйгээс маргасан, 2013 оноос миний дансаар Шүэ Шүяа мөнгө шилжүүлж байсан” талаар мэдүүлсэн нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа үйлдэлтэй холбоотой, хэрэгт баримтаар ирүүлсэн флаш-д зурагнууд нь нэхэмжлэлийн 70 5 698 288 төгрөгийн шаардлагатай холбоогүй байна.
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг /хх 2/, нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэхдээ 2 237 950 төгрөг /хх 65/, 438 650 төгрөг /хх 181/, 203 300 төгрөг /хх 199/ нийт 2 950 100 төгрөг төлсөн байх ба нэхэмжлэлийн үнийн дүнгийн 705 698 288 төгрөгийн хэмжээгээр төлөх улсын тэмдэгтийн хураамжид 3 686 441 төгрөгийг төлөх байжээ. Иймд нэхэмжлэгчийн дутуу төлсөн 736 341 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсвийн орлого болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476-р зүйлийн 476.1, 227-р зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан БНХАУ-ын иргэн Шүэ Шүяа /Xue Xuya/-д холбогдох хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, 705 698 288 төгрөг гаргуулахыг хүссэн “Баян-Эрдэнэ хүрд” ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Xue Xuya-гийн хууль бус эзэмшлээс Налайх дүүргийн 3-р хороо, Хуучин 8-р уурхай, 24.11 га газар чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Баян-Эрдэнэ хүрд ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Баян-Эрдэнэ хүрд” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 950 100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58-р зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар “Баян-Эрдэнэ хүрд” ХХК-иас 736 341 /долоон зуун гучин зургаан мянга гурван зуун дөчин нэг/ төгрөг гаргуулж улсын төсвийн орлого болгосугай.
4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА