Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/22

 

                       

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа,

         улсын яллагч Т.Өсөхболд,

         шүүгдэгч Л.*******, түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар,

          Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* овогт *******ийн *******ид холбогдох эрүүгийн 2036000000266 дугаартай,178/2021/0015/Э индекстэй хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

         Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

          Шүүгдэгч Л.******* нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Итгэл” баарны гадна  иргэн Н.*******ыг зодож,  хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Хохирогч Оготор овогт *******ны *******ын / 1999.07.16-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Тэгээд баарнаас гараад явж байтал Л.******* гэх залуу намайг дуудсан. Би эргээд хартал шууд миний нүүр лүү цохисон. Тэгээд бид хоёрын дунд зодоон болж байхад манай найз Болдбаатар ирээд бид хоёрыг салгасан. Л.******* намайг дуудаад “ хоёулаа учраа олъё” гэж дагуулаад явж байснаа миний нүүр хэсэгт гараараа хүчтэй цохиход би газарт унасан.Тэгээд намайг хэвтэж байтал дахиад миний нүүр хэсэгт цохисон.Миний ухаан балартаад байсан.Мөн миний зүүн хөлөнд цохисны улмаас хүчтэй өвдөлт мэдрэгдээд би ухаан алдсан байсан  . .. гэх мэдүүлэг / хэргийн 14-15-р хуудас/

Гэрч Х.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Ш.*******дэмид Л.******* руу яваад буцаж ирэхдээ “ гаръя” гэж хэлээд гараад явсан. Би гадаа гарахад Ш.*******дэмид Л.*******ийг бариад зогсож байсан, харин Н.******* газарт унасан байдалтай байсан... гэх мэдүүлэг / хэргийн 16-17-р хуудас/

Гэрч Ш.*******дэмидийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...баарны үүд хэсэгт Л.******* нэг залуутай маргаад зогсож байхаар нь би очоод асуухад “ шүргэлцээд өнгөрсөн чинь энэ залуу намайг мангасдсан” гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр гараад явчихаар нь би Х.*******ыг дуудаад араас нь гарсан. Бид хоёр гарахад тэр хоёр хоорондоо зодолдож байсан.Намайг салгах үед Н.******* газарт унасан.Л.*******ийг татах үед хөл рүү нь өшиглсөн... гэх мэдүүлэг / хэргийн 29-31-р хуудас/

Гэрч А.Билгүүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...жижиг бакелтай залуу Н.*******ыг дагуулж явж байгаад нүүр хэсэгт нь цохиод унагаасан.Тэгтэл цаанаас нэг цоохор куртиктай залуу ирээд Н.*******ыг цээж толгой хэсэгт нь цохиод байсан.Тэр үед нөгөө бакелтай залуу Н.*******ын хөл хэсэгт дэвсэж байхаар нь би хүүхдээ машинд үлдээчихээд ирээд нөгөө залууг татаад “ чи хүн аллаа ш дээ болиоч” гэж хэлэхэд намайг татаж холдуулчихаад зугтаачихсан. Н.*******ыг зодож байсан бакелтай залууг Л.******* гэдгийг сүүлд мэдсэн... гэх мэдүүлэг / хэргийн 34-35-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 873 дугаартай  шинжээчийн ...Н.*******ын биед зүүн хөлийн шилбэ, ясны хугарал, зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, зүүн гайморийн хөндийн дотор хажуу хананы хугарал, зүүн талын гайморийн хөндийн ар доод хананы цус хуралт, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, нурууны хэсгээр олон тооны жижиг зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. Н.*******ын биед учирсан гэмтлүүд нь “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 42-43-р хуудас/

Шинжээч Д.Тогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Н.*******ын биед учирсан зүүн талын шилбэ буюу шаант ясны доод хэсэгт зөрөө багатай хугарал гэмтэл нь эрүүл мэндийг 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулдаг тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.Бусад дээрхи гэмтлүүд нь дангаараа ч бай нийлбэрээрээ ч гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх мэдүүлэг / хэргийн 51-52-р хуудас/

Шүүгдэгч Л.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би тухайн үед Н.*******ын баруун шанаа хэсэгт гурван удаа цохисон. Тэгээд газарт унахаар нь баруун хөл рүү нь нэг удаа бакель гуталтай хөлөөрөө өшиглөсөн.... гэх мэдүүлэг  зэрэг баримт болно.

Хэрэг авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.******* нь хохирогч Н.*******ын биед хүндэвтэр гэмтэл  санаатай учруулснаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Шүүгдэгч Л.******* хохирогч Н.******* нар найзуудын хамт Итгэл бааранд архи ууж сууж байгаад Л.******* Н.*******ын хажуугаар өнгөрөхдөө мөрлөснөөс Н.******* түүнийг мангасдаж, улмаар тэр хоёр хоорондоо зодолдон, Л.******* Н.*******ын нүүр толгой хэсэгт цохиж, унахаар нь хөл рүү нь өшиглөн түүний биед зүүн хөлийн шилбэ, ясны хугарал, зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, зүүн гайморийн хөндийн дотно хажуу хананы хугарал, зүүн талын гайморийн хөндийн ар доод хананы цус хуралт, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, нурууны хэсгээр олон тооны жижиг зулгаралтууд гэх хүндэвтэр  хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон.

Шүүгдэгч Л.******* нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарласан хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учирна гэдгийг мэдэж байсан, түүнийг хүсч үйлдсэн нь гэм буруугийн санаатай гэмт хэрэгт тооцно.

Иймд шүүгдэгч Л.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Н.*******ын... Миний бие Л.*******оос 3.000.000 төгрөг авсан. 2.500.000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан. Бид хоёр эвлэрсэн, гомдол санал байхгүй ... гэх мэдүүлгээр шүүгдэгч Л.******* хохирогчид 3000000 төгрөг төлж, үлдсэн хохирлыг төлөхөө илэрхийлсэн гэж үзнэ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Л.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-61/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.*******ийн хувийн байдлын талаар гэрч Б.Одгэрэлийн өгсөн...Л.******* нь даруу төлөв зантай,үг дуу цөөтэй, хүнд тусархуу, тогтуун тайван зантай нийтэч хүн.Эцэг эхээс 8-уулаа, айлын бага хүүхэд.Л.******* зун нь барилгын туслах ажил, өвөл нь айлын үхэр малладаг ... гэх мэдүүлэг /хэргийн 36-37-р хуудас/

Гэрч Б.Эрдэнэчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Л.******* нь манай бага хүүхэд. Барилгын ажил хийж амьжиргаагаа залгуулдаг ... гэх мэдүүлэг /хэргийн 38-39-р хуудас/, Л.*******ийн байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримт хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Л.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Л.*******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид 3.000.000 төгрөгний хохирол төлсөн, үлдсэн хохирлоо төлөхийг илэрхийлсэн, хэрэгт ирсэн эд мөрийн баримт үгүй болохыг тус тус дурдаж байна гэх тайлбар, дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганзоригоос: Шүүгдэгч Л.******* нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа. Хохирогч Н.*******ад 3 сая төгрөгний хохирол төлсөн, үлдсэн хохирлыг төлөхөө илэрхийлж байна. Улсын яллагчийн санал болгосон  900 нэгжтэй тэнцэх хэмжээний 900000 төгрөгний торгох ялыг түүний хувийн байдал, орлогын хэмжээ зэргийг харгалзан 09 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан.

Шүүхээс: Шүүгдэгч Л.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид 3.000.000 төгрөгний хохирол төлсөн, үлдсэн 2.500.000 төгрөгийг төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн болон улсын яллагчийн ялын санал, хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 900000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар торгох ялын 900000 төгрөгийг 09 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.*******ид тайлбарлаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй , хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдаж, хохирогч Н.******* нь хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах  нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 34.1, 36.2, 36.6-36.8, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.*******ид оногдуулсан есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900000 төгрөгөөр торгох ялыг 09 /есөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.*******ид тайлбарласугай.

5.Шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 3.000.000 төгрөгний хохирол төлсөн, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, хохирогч Н.******* нь хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

6.Шүүгдэгч Л.*******ид оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Л.*******ид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.ГАНТӨГС