Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2016/05682

 

 

 

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2016/05682

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, хуралдааны танхимд  хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 13-рхороо, 33-р байрны 48 тоотод оршинсуух, эрхэлсэн ажилгүй, регистр ЦБ32093016, Харчин овогтой Нямхүүгийн Намхайн хүсэлттэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсөн төлөөлөгч Ш.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.

         ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Жаргалсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намхай нь 1986 онд Дуламсүрэнтэй танилцаж, улмаар 1986 онд өөрийн Баянзүрх дүүргийн 3-р хороо, 12-р хорооллын 2-р байрны 16 тоотод түүний дагавар хүү Одгэрэлийн хамт амьдрах болсон. Үүнээс хойш 28 жил хамт амьдарч байгаад Дуламсүрэн 2016 оны 1-р сарын 15-ны өдөр нас барсан. Тэр хоёр хоёулаа урьд нь хань ижилтэй байсан бөгөөд гэрлэлтээ батлуулаагүй байсан. Дуламсүрэн нь 8 хүүхэд төрүүлсэн, бага хүү Одхүү нь 5 настай, том нь 36 настай байсан. Тэгээд 2 газар байрны мөнгө төлж байхаар гээд Намхайгийн байрыг 1993 онд зарж хүүхдүүдээ гадагш явуулж ажил амьдралд нь дэм болсон, тэгээд Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хорооллын 33-р байрны 48 тоотод амьдарсан. Намхайгийн хүү нь тусдаа амьдралтай болохоор өөрт нь татлаа болоогүй гэдэг. Уг байрныхаа мөнгөөр дагавар хүү Одхүүг Англи улсад, дараа нь эхнэр хүүхдийнх явах зардал болгосон. Одхүүгийн хүү Цэнгэл тэдний гар дээр өссөн, одоо ОХУ-ын  Москва хотын Ломоносовын нэрэмжит дээд сургуульд сурч байгаа. Иймд хамтын тэтгэвэр авах, орон сууцны үнээс ногдох хэсгээ гаргуулахын тулд Н.Намхай, Т.Дуламсүрэн нарыг хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв. 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Намхай нь Т.Дуламсүрэнтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ. Шүүх хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Н.Намхай нь 1986 оноос 2016 оны 01-р сарын 15-ныг хүртэл Т.Дуламсүрэнтэй хамт амьдрахдаа гэрлэлтээ бүртгүүлээгүй байжээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаа нь эрх зүйн ямар нэгэн маргаангүй байх бөгөөд бусдын зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, маргаантай эрхийг хамгаалахыг шаардахгүй байна. Өөрөөр хэлбэл, Н.Намхай, Т.Дуламсүрэн нарын хамтын амьдралтай байсныг тогтоох ажиллагаа нь орон сууцны үнээс ногдох хэсгээ гаргуулах тухай зөрчигдсөн эрхийг сэргээлгэх маргааны үндэслэл болохгүй.

 

Нөгөө талаас, нэхэмжлэгч нь хүсэлтийн үнэдэслэлээ хамтын тэтгэвэр тогтоолгох зорилготой гэх боловч Монгол улсын Их хурлын 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар “Хамтын тэтгэвэрийн тухай хууль”-ийг хүчингүй болгосон байна.

Эдгээр үндэслэлээр хүсэлтийг хангах үндэслэлгүй байна.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118, 133-р зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон       

                                                                                              

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133-р зүйлийн 133.2.14 дэх хэсэгт зааснаар Тогоочийн Дуламсүрэнтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн Нямхүүгийн Намхайгийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                    

  

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Р.АЛТАНТУЯА