| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2021/0008/Э |
| Дугаар | 166/ШЦТ/13 |
| Огноо | 2021-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 166/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2021/0008/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Алтантуяа,
Улсын яллагч Г.Уянга,
Шүүгдэгч О.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ж овогт О.Нд холбогдох эрүүгийн 2118000000003 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ж овогт О.Н /РД: /, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто техникийн инженер мэргэжилтэй, “.....................” ХХК-нд механикч ажилтай, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга нь шүүгдэгч О.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүгдэгч О.Н нь 2020 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн “Залуус” хотхоны 1 дүгээр байрны 15 тоотод иргэн Д.Бг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, дагзны хуйхны шарх, нүүрэнд цус хуралт, хүзүү цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хэрэгт авагдсан:
- ...Хүргэн ах Н ах бид 2 Улаанбаатар хотоос Дарханд ажлаар ирэхдээ авч ирсэн 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архийг хувааж уусан. Тэгээд бид 2 гадагш тамхи татахаар гарсан бөгөөд түүнээс хойш яг юу болсон талаар санахгүй байна. Хальт маргалдаж байсныг санаж байна. Миний 2 нүд хөхөрч, нүүр хэсэгт зулгаралт үүссэн байсан. Надад ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй... гэх хохирогч Д.Бн мэдүүлэг /хх-ийн 9-10/,
- .....Б, Н нар ариун цэврийн өрөөнд маргалдсан. Намайг ариун цэврийн өрөөнд ороход Бн хамраас цус гарсан байдалтай, Н нь Бн шилэн хүзүү дээр баруун гараа атгаж бариад зогсож байсан... гэх гэрч Д.Пийн мэдүүлэг /хх-ийн 11-12/,
- ...Н, Б хоёр зодолдох маягтай зууралдсан байсан. Цагдаа нар ирэхэд Н өөрөө гараад ирсэн. Гэрт ороход Бн нүүр ам нь нэл цус болсон байдалтай хэвтэж байсан... гэх гэрч Ц.Цийн мэдүүлэг /хх-ийн 13/,
- ...Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд Б миний үгэнд орохгүй согтуурхаад байхаар нь нүүр рүү нь 1 удаа, цээж руу нь 2 удаа байх гараараа цохисон... гэх шүүгдэгч О.Нийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29/,
- Хэрэг болсон гэх Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Залуус хотхоны 2 дугаар орцны 3 давхрын 2 өрөө байр байх ба нэг өрөөний шал, ариун цэврийн өрөөний шал цус мэт зүйлээр бохирлогдсон байв... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7/,
- “Д.Бн биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, дагзны хуйхны шарх, нүүрэнд цус хуралт, хүзүү цээжинд зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Д.Бн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-18/,
- Д.Бн хоёр нүдний эргэн тойрон болон духны зөөлөн эдэд хавантай... гэх “Саран клиник” эмнэлгийн толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографын шинжилгээний дүгнэлт /хх-ийн 19/,
- Д.Бн дагзны ар хэсэгт 1 сантиметр шархтай, дух нүүрээр хавдсан, хөхөрсөн, эмзэглэлтэй, 2 нүдний дээд доод зовхи, хамар эмзэглэлтэй хавдсан, хүзүү цээж нуруу зулгарсан гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 20-21/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Бн биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, дагзны хуйхны шарх, нүүрэнд цус хуралт, хүзүү цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний “...Надад ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/, “...хүргэн ах О.Нд зодуулсан. Мөнгө төгрөг аваагүй, гомдол санал байхгүй гэдгээ бичгээр гаргаж өгч байна...” гэх хүсэлт /хх-ийн 50/ зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч О.Нийн 2020 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн “Залуус” хотхоны 1 дүгээр байрны 15 тоотод иргэн Д.Бг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, дагзны хуйхны шарх, нүүрэнд цус хуралт, хүзүү цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч О.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч О.Н нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч О.Н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, “.....................” ХХК-нд механикч ажилтай болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/, “.....................” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 21/01 дугаартай албан бичиг /хх-ийн 45/-ээр нотлогдож байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Улсын яллагчаас шүүгдэгч О.Нд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч О.Нийн цалин хөлс, бусад орлого олох боломж, хувийн болон ам бүлийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 90.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.
Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт О.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Нд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 90.000 /ерэн мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Нд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР