Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 1040

 

 “Эн эн жи юу”ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж,  шүүгч М.Наранцэцэг,  Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/00578 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Эн эн жи юу” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.Юмжирдулам, “Ариг” банкинд холбогдох

 

2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 188/20, 188/21 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Солонго,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сэлэнгэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Эн эн жи юу” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 366 дугаар шийдвэрээр Ч.Сүрэнцэцэг, Р.Энх-Амгалан нараас 164 649 020 төгрөг гаргуулж нэр бүхий иргэдэд олгохоор шийдвэрлэсэн байна. Дээрх 2 иргэний өөрийн хөрөнгө болох Налай дүүрэгт 2 ширхэг орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулсан. Мөн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах авто машины дулаан гражийг хураасан.

Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 188/20 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор төлбөр төлөгч биш “Эн эн жи юу” ХХК-ийн Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 310 дугаар байр, 25 тоот, 45.3 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн 188/21 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол-оор 42 тоот, 37.8 м.кв талбайтай 2 орон сууцуудыг битүүмжилсэн. Дээрх хоёр орон сууцыг тус компани барьж байгуулсан бөгөөд төлбөр төлөгч Р.Энх-Амгалан нь компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч биш.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 188/20 тоот болон 188/21 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 366 дугаар шийдвэрээр Ч.Сүрэнцэцэг, Р.Энх-Амгалан нараас 164 649 020 төгрөг гаргуулж нэр бүхий иргэдэд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Ч.Сүрэнцэцэг нь Эн эн жи юу ХХК-ийн 100 хувь үүсгэн байгуулагч бөгөөд шийдвэрт дурдагдсан төлбөрийг Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 310 дугаар байрыг барьж дууссаны дараа төлнө гэж тайлбар гаргаж байсан. Сүүлд авагдсан улсын бүртгэлийн лавлагаагаар битүүмжилсэн орон сууцууд нь Ч.Сүрэнцэцэгийн нэр дээр байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд зааснаар явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.Юмжирдуламын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх алба нь хуульд заасан ажиллагааг гүйцэтгэсэн. “Эн эн жи юу ХХК” нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд байнга оролцож байсан. Энэ байрууд нь Ч.Сүрэнцэцэгийн нэр дээр байгаа, цаашид өөр хүний өмчлөл рүү шилжээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй  гуравдагч этгээд “Ариг” банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дэмжиж байна. Уг байрууд нь “Ариг” банкны барьцаанд байгаа тул битүүмжлэх ёсгүй байсан. Өөр хөрөнгүүдийг төлбөр төлөгч нараас хураасан, ийнхүү хураасан хөрөнгүүд нь төлбөр төлөхөд хүрэлцэхгүй байсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 188/20, 188/21 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай Эн эн жи юу ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлд тодорхой үндэслэл дурдсан байхад "энэ талаар мэтгэлцээгүй" гэж, нэхэмжлэлд дурдсан үндэслэлийн талаар огт юу ч бичсэнгүй, зөвхөн өөрийн бодлоо бичсээр байгаад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг дуусчихлаа.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт "...битүүмжлэх үйл ажиллагаа хууль
зөрчсөн талаар нэхэмжлэгчээс мэтгэлцээний байр суурь гаргаагүй" гэжээ. Миний бие
шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлээ бүрэн дэмжиж
байсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, багасгасан, татгалзсан явдал огт
байхгүй. Ийм баримт  хэрэгт огт байхгүй. Шүүгчийн туслах надад 16 цагаас шүүх хуралдаантай гэсэн атал 15 цагт шүүгч нь хурал хийсэн бөгөөд миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй. Гэтэл биечлэн оролцоогүй этгээдийг "мэтгэлцээний байр суурь гаргаагүй" гэж буруутгаж байгаа нь ойлгомжгүй, хууль бус юм.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлд эд хөрөнгө битүүмжлэх тухай 188/20 болон 188/21 тогтоол хууль зөрчсөн талаар хангалттай олон үндэслэлийг гаргаж бичсэн байгаа. Гэтэл битүүмжлэх ажиллагааг хууль зөрчсөн гэж гомдоогүй мэтээр шүүгч буруу ойлгосон.

Мөн шүүх хариуцагчийн нотлогдвол зохих нөхцөл байдлыг нэхэмжлэгчид
хамаатуулж, улмаар хариуцагчийн нотолж чадаагүй нөхцөл байдлаар нэхэмжлэгчийг
буруутгасанд гомдолтой байна. Тодруулбал шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт төлбөр төлөгчийн эд хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол түүний өмчлөлийн бусдад барьцаалсан эд хөрөнгөөс төлбөр гаргуулж болно гэж заасан байгаа боловч төлбөр төлөгч Ч.Сүрэнцэцэг, Р.Энх-Амгалан нарын шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хураалгасан, албадан дуудлага худалдаанд оруулсан эд хөрөнгүүд нь шүүхийн шийдвэрт заасан нэр бүхий 21 иргэнд төлөх ёстой 164 649 020 төгрөгийн шаардлагыг хангах хэмжээнд байсан гэх үйл баримт нотлогдохгүй, энэ талаар зохих баримтыг талууд гаргаж мэтгэлцээгүй байна гэсэн дүгнэлтэд гомдолтой байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн диспозиц хэсэгт "Төлбөр төлөгчийн эд хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол" гэсэн нөхцөлийг хууль тогтоогч хуульчлан баталжээ. Чухамхүү дээрх нөхцөлд л бусдад барьцаалсан хөрөнгөөс төлбөр гаргуулж болно.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь төрийн байгууллага, /хэрэгжүүлэгч агентлаг/ болохынхоо хувьд Монгол улсын Үндсэн хуульд заасан "Хууль дээдлэх" зарчмыг баримтлах ёстой. Гэтэл шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 болон 54 дүгээр зүйлийг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан юм.

Шүүхэд хариуцагч байгууллага "Төлбөр төлөгчийн эд хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй" байгаа талаар ямар ч нотлох баримт, үнэлгээ зэргийг гаргаж ирүүлээгүй юм. Хуулийн 54 дүгээр зүйлд заасан үйл ажиллагааг явуулахаас өөр аргагүй болсон нөхцөл байдлыг огт нотолж чадаагүй. Энэ утгаараа нэхэмжлэл хангагдах байсан. Гэтэл хариуцагч өөрийн татгалзлыг нотолж чадаагүйн төлөө нэхэмжлэгчийг буруутгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

            Анхан шатны шүүх "төлбөр авагч, төлбөр төлөгч талуудын зүгээс шийдвэр
гүйцэтгэх ажиллагааны талаар гомдол гаргаагүй болно" гэжээ. Шүүхийн шийдвэр заавал
биелэгдэх ёстой. Төлбөр төлөгч иргэд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй
болгохыг хүсээгүй, харин ч хуулийн дагуу явуулахыг хүсэж байна. Энэ үүднээсээ
төлбөр төлөгчид идэвхи санаачлага гарган ажиллаж, шүүхийн шийдвэрийг
биелүүлэхээр хичээсээр байгаа. Шүүхийн шийдвэрт иргэн Сүрэнцэцэг болон Энх-
Амгалан гэсэн 2 этгээдийг хариуцагчаар заасан. Дээрх иргэд шүүхийн шийдвэрийг
биелүүлэхээр удаа дараа санаачлага гаргаж Налайх дүүрэгт байрлах 2 өрөө, 2 ширхэг
орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн, улмаар албадан дуудлага
худалдаанд оруулсан. Хуулийнхаа дагуу энэ үйл ажиллагаа үргэлжлэх ёстой.
Мөн дээрх 2 иргэн 212 мкв талбайтай автозогсоолыг төлбөрт хураалгасан байгаа. Дээрх
эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах ёстой.

Шүүхийн шийдвэрт "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны зүгээс барьцааны эд хөрөнгийг битүүмжилсэн нь Ариг банкны тухайн эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхийг хөндөхгүй болохыг дурдвал зохино" гэсэн байгааг гуравдагч этгээд ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл “Ариг” банкинд тухайн орон сууцыг барих авсан зорилгоор “Эн эн жи юу” ХХК-ийн авсан 1 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл байгаа. Энэхүү үүргээ барьцаа хөрөнгөөр гүйцэтгүүлэх Ариг банкны эрх одоо ч хүчин төгөлдөр болохыг энэхүү шүүхийн шийдвэр нотолж байна.

Тухайн эд хөрөнгийн өмчлөлийн асуудлыг шүүх хуулийн дагуу үнэлэлгүй, бүрхэгдүүлж орхисон. Тодруулбал анх тухайн орон сууцыг барьж байх үед авсан 70 хувийн гүйцэтгэлтэй /ямар ч хаалганы дугаар тэмдэглэгээ байхгүй/ үедээ иргэн Сүрэнцэцэг өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулж байсан үйл баримтыг шийдвэрийн гол үндэслэлээ болгосон. Хавтаст хэрэгт 25 болон 42 тоотын өмчлөгч нь хэн болохыг тогтоогоогүй, ийм баримт ч авагдаагүй, хариуцагч нотолж чадаагүй байхад шүүх хийсвэрээр "иргэн Сүрэнцэцэг өмчлөгч болохыг тогтоож", миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэлээ. Энэ нь шүүгч хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн болохыг харуулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үүгэжээ.

                                                 

                                                ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “Эн эн жи юу” ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 188/20, 188/21 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хуульд зааснаар төлбөр барагдуулах ажиллагааны хүрээнд эд хөрөнгө битүүмжилсэн гэж маргажээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 366 дугаар шийдвэрээр Ч.Сүрэнцэцэг, Р.Энх-Амгалан нараас 164 649 020 төгрөг гаргуулж, нэр бүхий иргэдэд олгохоор шийдвэрлэн холбогдох гүйцэтгэх хуудсыг олгосон. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны зүгээс 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 188/20, 188/21 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг гаргаж, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 310 дугаар байр 25 тоот, 45.3 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн байрны 42 тоот 37.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнуудыг битүүмжилсэн үйл баримт тогтоогдсон. /хх-6-9/

 

Хэргийн 125 дугаар талд Чимэддоржийн Сүрэнцэцэгийн Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 310 дугаар байр, зоорын давхар 2-13 давхарууд тоот хаягт байршилтай 14109 м.кв талбайтай орон сууц, гаражийн зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  гэрчилгээ /Ү-2203031480/, хариуцагч талд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь эх /13351/ гудамж, 10 дугаар байранд байрлалтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /Ү-2204062069/ тус тус авагдсан байна.

 

Хариуцагчийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 188/20, 188/21 тоот тогтоолуудаар  битүүмжилсэн эд хөрөнгө нь нэхэмжлэгч “Эн эн жи юу” ХХК-ийн хөрөнгө болох нь баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн үйл баримтаас харахад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны явуулсан эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааны улмаас “Эн эн жи юу” ХХК-ийн эрх хөндөгдөөгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсгийг зөрчөөгүй болно.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/00578 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

 

                                      ШҮҮГЧИД                                    М.НАРАНЦЭЦЭГ

 

 

                                                                                           Б.НАРМАНДАХ