Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн А.М-ийн  нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Аймгийн ******* дарга Л.Б-д холбогдох аймгийн ******* Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, ******* Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох,  ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх  шаардлага бүхий  нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын  02-ны  өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, хариуцагч Л.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан,  гуравдагч этгээд А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч А.М  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие А.М 2016 онд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс аймгийн ******* Тэргүүлэгчдийн тавьсан хүсэлтийн дагуу аймгийн ******* Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан. Өмнө нь Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б шүүхэд гомдол гаргасан байсан учраас миний ажлын байрыг зарлуулах боломжгүй байсан. Шүүхийн маргаан 2018 оны 11 дүгээр сард Дээд шүүхийн эцсийн шийдвэр гарч шийдвэрлэгдсэн. Миний бие ******* Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхад 2017 онд өмнөх хурлаар буюу 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр аймгийн ******* дарга Т.Г-ийг огцруулах бичгийг иргэдийн Хурлын Төлөөлөгч Л.Б, Э нар ажлын албаны даргад бичиж өгсөн. Бичгээ өгчихөөд маргааш Хурлын чинь даргыг өөрчилнө. Чамайг ч гэсэн өөрчилнө. Ажлаа өгөхөд бэлдэж байгаарай гэж хэлээд гарсан. 2018 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 12 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд хуралдсан. Мөн хурлын даргыг огцруулах санал хураалт явагдах үеэр Л.Б төлөөлөгч А.М  өө уулзъя гэсэн. Уулзахад чи дэгийг буруу тайлбарлаж байна. Чамайг ална гэж намайг дарамталж байсан. Хуралдааны үеэр хүүхэд өвдөөд манай ажлын албаныхан бас мэдэж байгаа. Дараа нь миний бие өвдөөд ажилдаа эргэж ирсэн. Акт болон бичиг баримтыг ч гэсэн өгсөн. 12 дугаар сарын 23-нд тэргүүлэгчдийн хурал намайг өвчтэй байхад хуралдаад тодорхой үүрэг чиглэлийг өгсөн байсан. Үүний дагуу ажлын албаны даргын хувьд танилцуулгуудыг бэлдсэн. Нарийн бичгийн дарга ******* Тэргүүлэгчдийн хуралд ордог. 01 сарын 10-ны өдөр хуралд суухад 2 дахь асуудал дээр намайг ажлаас чөлөөлөх асуудлыг оруулсан байсан. Тэр хурал дээр өмнөх тэргүүлэгчдийн өгсөн үүрэг даалгаврыг сонсох ажиллагаа хийгдээгүй. Намайг ажлаас чөлөөлөх асуудал ярьсан. Энэ асуудлууд Тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэл дээр тодорхой байгаа. Өөр албан тушаалд шилжүүлэх үү? яах вэ гэдэг асуудлуудыг ярьсан. Чи ийм, ийм зөрчил дутагдал гаргасан учраас ажлаас чинь халлаа гэж хэлээгүй. Дараа нь Тэргүүлэгчдийн Хурлын шийдвэр гарахад намайг ажлаас халсан шийдвэр гаргасан байсан. Гаргаж байгаа шийдвэр нь улс төрийн зорилготой. А.М Т.Г гэдэг хүнтэй ажиллаж байсан учраас цаашдаа хамтарч ажиллах боломжгүй гэдэг байдлаар намайг халсан гэж дүгнэж нэхэмжлэл гаргасан. 12 дугаар сарын 04-ний орой Ардчилсан намын бүлэг завсарлага авсан байсан. Манай мэргэжилтнүүдийн өрөөнд сууж байгаад утасны цэнэг дуусаад утсаа цэнэглэж байгаад үүдэнд гарч ирэхэд манай дүү ирсэн. Яасан гэхэд танай хүүхэд өвдөөд байна. Яаралтай аваад ир гэсэн. Манай ажлынхан мэдэж байгаа. Сүүлийн 2 жил гаран бага хүүхдээ эмчилгээнд авч явж байгаа. Онош нь тодордоггүй. 5-ны өглөө А  гуай руу ярьсан. Намайг хуралдааны үйл ажиллагааг саатуулсан гэж яриад байх шиг байна. Амарзаяа гуай нарийн бичгийн дарга нарыг ахалж байсан. Редакцын комисст А  байсан. Би А-тай ярьсан. Хүүхэд өвдсөн очиж чадахгүй гэж мөн нягтлантай ярьсан. Хуралдааны үйл ажиллагааны дундуур хоол ундны бүх хэвийн үйл ажиллагааг та 3 хангаж бай. Зайлшгүй шаардлага гарвал надад хэл. Би аргалаад яваад очъё. Үнэхээр гарч чадахгүй байна гэдгээ хэлсэн. Бид нар хуралдааны бэлтгэл ажлыг бүрэн хангасан байсан. Миний бие өвдсөн. Энэ хугацаанд хүүхдийн бие арай гайгүй болсон. Холбогдох эмнэлгийг акт байна. Онош тодруулах хагалгаанд ч гэсэн орсон. Бүх бичиг баримт байгаа. Би байж байгаад л хүүхэд өвдлөө гээд хот явдаг. Аймаг дээр эмчилж чадахгүй. Хот руу яв гэдэг. Манай гэр бүлийн хүн дэлхийн зөнгийн гэрээт багшаар ажилладаг. Дэлхийн зөнгөөс Баян-Уул, Хөхморьт сумдаар сургалтаа хий гэсэн. Бид хоёрт эм тариа авах мөнгө шаардлагатай байсан. Би гэр бүлийн хүнээ чи яваад ир гээд ахаар өөрийнхөө машиныг бариулаад Баян-Уул, Хөхморьт руу явуулсан. 1 сумд 3 хоногийн сургалт хийсэн. Дараа нь Хөхморьт руу ирээд 2 билүү 3 хоноод явсан. Би өөрөө акт өгөөд явсан зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О  шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Захиргааны ерөнхий хуулийн 5.1.5-д заасан байгууллага буюу Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийн ******* Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан А.М-ийг тухайн түр орлон гүйцэтгэгч байсан албан тушаалаас нь халах тухай 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 тоот сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргасан. Захиргааны актыг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэлийг нэхэмжлэгч өөрөө танилцуулсан. Захиргааны акт хүчингүй болох үндэслэлийг 2 үндэслэлээр харж байгаа. Нэгдүгээрт Захиргааны ерөнхий хуулинд аливаа захиргааны акт гарахдаа хуульд нийцсэн байх ёстой, тухайн захиргааны актыг гаргах үндэслэл тогтоогдож нотлох баримтаар тогтоогдсон байх ёстой. Тэгэхээр эхний ээлжид хуульд нийцээгүй асуудлыг ярья. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3-д заасныг үндэслэж шийдвэрлэсэн гэдэг. Говь-Алтай аймгийн ******* Тэргүүлэгчдийн 2018 оны 12 дугаар сарын 13, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гээд 2 удаагийн хурал дээр А.М-ийн ажилтай холбоотой асуудал яригдсан. Эхнийх ээр шийдвэр гараагүй. Захиргааны актад хамаагүй учраас би үүнийг тодорхойлон ярихгүй. Яагаад дурдсан бэ гэхээр 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлээд ******* даргаар томилогдсон Л.Б гэдэг хүнд А.М-ийг албан тушаалаас нь чөлөөлөх хувийн сонирхол байсан гэдэг нь хурлын тэмдэглэлээс харагдана. Хоёрдугаарт А.М-ийг чөлөөлөөд сонгон шалгаруулалт явуулах тухай асуудлыг шийдвэрлэхгүйгээр хуульд заасан шаардлага хангаагүй хүнийг томилуулахаар Авлигатай тэмцэх газар албан тоот өгч байсан байдлаас харахад Л.Б гэдэг хүн хувийн сонирхолтойгоор ажлаас нь чөлөөлсөн. Энэ нь хэзээ хаана очиж биелэсэн бэ гэхээр 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанд  2 асуудал хэлэлцсэний 2 дахь асуудал дээр А.М-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай ******* дарга Л.Б танилцуулснаар эхэлж байгаа. Энэ бол аймгийн ******* Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай хуралдааны тэмдэглэл дээр 2 сонссон нь гэсэн хэсэг дээр байгаа.

Тэгэхээр үүн дээр А.М-ийг 48.1.3-т зааснаар халах тухай асуудал яригдсан уу гэдэг нь иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэмдэглэлээс харагдана. А.М 6 дугаар хуралдааны үеэр ажилдаа ирээгүй гэж Л.Б танилцуулна. Д зөвлөлдье гэнэ. Г өөрөө өргөдлөө өгөөд шийдүүлж болдоггүй юм уу? бусад хүмүүс 2 дарга таарамжгүй байна. Хувь хүний үзэл бодлоос болоод хоорондоо болохгүй байгаа бол бид хүчлэлтэй нь биш. Гэхдээ эцсийн эцэст хүний хувь заяаг ойлгоорой гэсэн агуулгаар асуудал яригдана. Үүн дээр Төрийн албаны тухай хуулийн 48.1.3 буюу энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн байхыг шаарддаг. 37 дээр төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй байх ёстой. 37.1.1-37.1.18 хүртэл 18 төрлийн үүргийг заасан. Тэгэхээр энэ 18 төрлөөс нэгийг зөрчсөн байх ёстой. Хоёрдугаарт Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл буюу хориглосон үйлдлийг хэрэглэсэн идэвхтэй үйлдэл байх ёстой. 37 дээр байгаа эс үйлдэхүй 39-ийн идэвхтэй үйлдэл тогтоогдож байж 48.1.3-ын үндэслэл бий болдог. 48.1.3 нь бие даасан үндэслэлийг шаарддаггүй. Тэгэхээр аймгийн ******* Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн тэмдэглэлээс үзвэл Төрийн албаны тухай хуулийн 37-д заасан хэрэгжүүлэх ёстой нийтлэг үүргүүд 39-д заасан хориглосон үйл ажиллагаануудын алийг нь явуулсан талаар асуудал огт дурдагдаагүй. Үүнийг бид үндэслэлгүй байхад хүний хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн сөрөг нөлөөлөл бүхий акт гаргасан гэж яриад байгаа юм. Хоёрдугаарт 48.1.3 тогтоогдож байгаа бол тухайн зөрчлийг нотлох ёстой. Төрийн албаны нийтлэг заншил юу байна гэхээр албаны шалгалт гэж хийгдэх ёстой. Шалгалтын материал гэж бүрдэх ёстой. Энэ бүх ажиллагааны хүрээнд орж ирж байж 48.1.3 болох уу? эсхүл халах уу? чөлөөлөх үү? гэдэг асуудал яригддаг.  Аймгийн ******* Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч А.М-ийг ажлаас нь халах тухай тогтоолыг 100 хувийн саналаар батлав гэсэн.  

        Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бүр буюу түр чөлөөлөх нь 46 дугаар зүйлээр зохицуулагдсан бие даасан эрх зүйн харилцаа. Төрийн жинхэнэ албан хаагчийг сахилгын зөрчил, тэр дундаа Төрийн албаны тухай хуулийн  37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн зөрчил тогтоогдсон нөхцөлд энэ зүйлд үндэслээд сахилгын  арга хэмжээ буюу 48.1.3-т зааснаар албанаас халах асуудал бие даасан эрх зүйн харилцаа тус тусдаа үндэслэл шаарддаг, тус тусдаа процесстой, тусдаа хуулийн зүйл заалттай. Ийм учраас хуульд нийцээгүй гэж байгаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 5.1.5-д заасан захиргааны байгууллага мөн. Тэгэхээр хурлаас өмнө А.М-д урьдчилсан байдлаар чамайг чөлөөлөх асуудал яригдах гэж байна гээд оролцоог хангах ёстой. Л.Б дарга ажлаас хууль бусаар халсан тогтоолоо гаргахын өмнө дахиад А.М-д урьдчилан мэдэгдэж оролцоог хангах хэрэгтэй.

Захиргааны ерөнхий хуулийн 15.1.1-д зааснаар мэдээлэл авах эрхийнхээ хүрээнд тодорхой баримт мэдээлэл гаргаж өгөх, тодорхой баримт мэдээллийг гарган авч танилцах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх эрхтэй, хуульд заасан журмын дагуу захиргааны байгууллагын архивын баримттай буюу буруутгаад байгаа материалуудтай танилцах эрхтэй. Үүний дараа нөхцөл байдлыг тогтоох ёстой. Энэ үүрэг нь захиргааны байгууллага буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд эсхүл тогтоол гаргаад байгаа Л.Б даргад байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 24.2-т зааснаар ийм үүрэгтэй. Нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж байгаа. Нөхцөл байдлыг тогтоох үүргийнхээ хүрээнд захиргааны байгууллага нотлох баримт өргөдөл хүсэлтээ харгалзан өөрөө бие дааж шийдвэрээ гаргах эрх нь байгаа.

Энэ бүгдийг бүрдүүлээд Захиргааны ерөнхий хуулийн 29-т заасны дагуу захиргааны шийдвэрийн хувийн хэрэг буюу хяналтын хуудсыг бүрдүүлсэн байх ёстой. Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэж Захиргааны ерөнхий хуулийн 37.6-д заасан. Эрх зүйн ямар зөрчил байна. Захиргааны ерөнхий хуулийн 15-29 хүртэл нотлох баримт цуглуулдаг зөрчлийн шалгаж шийдвэрлэдэг, оролцоог нь хангадаг, 2 талаасаа харьцангуй мэтгэлцдэг, баримт бүрдүүлдэг ийм зүйл 100 хувь хаягдсан хуулийн энэ шаардлага нэг нь ч хангагдаагүй. Нэгдүгээрт эрх зүйн зөрчлийг бий болгож байна. Хоёрдугаарт  үндэслэл бүхий байх Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1 дээр заасан зарчим хуульд үндэслэсэн байх.

      Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх ёстой. Халах, чөлөөлөх хоёрыг хоёуланг нь заасан. Чөлөөлөх тухай хэлэлцээд халж байгаа. Халах тухай шийдвэр гаргаж байгаад огт тогтоогдоогүй сахилгын зөрчлийн шийдвэр гаргаж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 62.1-т заасан энэ хүний шаардлагыг бас зөрчиж байна. Энэ бүх зөрчлүүд А.М гэдэг хүний хуулиар хамгаалагдсан хөдөлмөрлөх, ажлын байр нь баталгаатай байх, хууль ёсны эрх ашиг сонирхол нь зөрчигдөж байна. Дараагийн асуудал түр орлон гүйцэтгэгчийн асуудал яригдана. Өнөөдөр энэ хүнийг хууль зөрчиж ажлаас нь чөлөөлчихөөд дараагийн түр орлон гүйцэтгэгчийг томилоод үүнийгээ томилохдоо хууль зөрчсөн байгаа. Л.Б, А.А хоёрын хэлснээр хуульд нийцүүлсэн гээд хуульд нийцүүлж байгаа нь чөлөөлж байгаа нэг хэлбэр халах гэж үзсэн. Чөлөөлөх нэг хэлбэр бол 48.1.3-аар бусад гэдэг заалтаар халах гэж тайлбарлалаа. Тэгэхээр энэ эрх зүйн зөрчилтэй акт учраас нэмж хэлэх тайлбар надад алга. Хариуцагч тал зөрчилтэй гаргасан акт бүрэн нотлогдлоо гэж үзэж байна гэв. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

       Хариуцагч аймгийн ******* дарга Л.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн аймгийн ******* 6 дугаар хуралдааны үеэр М.Д төлөөлөгч ардчилсан намын бүлэг зохион байгуулалтын асуудал хэлэлцэхтэй холбогдуулж завсарлага авах санал гаргаж Хуралдаан ******* хуралдааны дэгийн дагуу Ардчилсан намын бүлэгт 1 цагийн завсарлага өгч хуралдаан 18 цаг 51 минутанд  завсарлага эхэлсэн. Гэтэл аймгийн ******* Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.М хуралдааны заалыг цоожлоод явсан улмаар хуралдааны заалыг онгойлгож өгч хуралдааны үргэлжлэн хуралдах нөхцөл бололцоогоор хангаагүй. Нэхэмжлэгч А.М нь аймгийн ******* 6 дугаар хуралдаан үргэлжлэн хуралдсан 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажилдаа ирээгүй. Төрийн албан хаагчийн хувьд ажлын байрны үндсэн чиг үүргээ биелүүлээгүй Тухайн өдөр ******* Тэргүүлэгчдийн ажлын албаны мэргэжилтнүүд уг хуралдааны бэлтгэл зохион байгуулалтыг хангаж ажилласан. Улмаар 2018 оны 12 дугаар сарын 06,07,10,11-ний өдрүүдэд албан ажилдаа ирээгүй, ажил тасалсан 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 15 хүртэл Энх-Алтай өрхийн эмнэлгийн магадлагаа, 12 дугаар сарын 17-ны өдрөөс 12 дугаар сарын 19-ний өдрүүдэд Марал-Алтай өрхийн эмнэлэгийн магадлагаа ирүүлсэн. Мөн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч А.М нь ажилдаа ирээд аймгийн ******* Тэргүүлэгчдийн албан бланк дээр санхүүгийн тэмдэг дарж өөрийнхөө ажлын байрны сонгон шалгаруулалтыг явуулах саналыг аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд явуулсан. А.М-д тийм эрх хэмжээ байхгүй. Нэхэмжлэгч А.М нь ажлаас чөлөөлөхдөө мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй гэсэн байгаа. Үүнд аймгийн ******* Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын 2-д аймгийн ******* Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.М-ийг ажлаас чөлөөлөх тухай гэж оруулсан, нэхэмжлэгч уг хуралдаанд оролцсон үүнтэй холбоотой тайлбар хэлсэн байдал нь хурлын тэмдэглэлээр нотлогдох ба Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох ажиллагааг явуулсан байгаа. Нэхэмжлэлд ******* Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг ажлаас чөлөөлөх ******* Тэргүүлэгчдийн хуралд 10 тэргүүлэгч оролцсон бөгөөд 5 хүн эсрэг санал өгч 5 хүн ажлаас чөлөөлөх асуудлыг дэмжсэн. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хурлын бүрэн эрхийн хугацаанд мөрдөж  ажиллах дэгээ 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Хуралдааны дэгийг баталсан. Дэгийг 11 дүгээр зүйлийн 11.3-д Тэргүүлэгчид хуралдааны ирц 50 хувиас дээш хувьтай хуралдаж санал хурааж шийдвэр гаргахад санал тэнцсэн тохиолдолд аймгийн ******* даргын санал өгсөн талд шийдвэр гаргана гэж заасны дагуу шийдвэрлэсэн байгаа. Чөлөөлөх үндэслэлээр ярилцаж байгаад халах шийдвэр гаргалаа гэж байгаа үндэслэлүүд нь Төрийн албаны тухай хуулийн 46.2.5 дахь заалтад байгаа. Хуульд заасан буюу бусад үндэслэл гэдэгт бид нар энэ хүнийг сахилгын шийтгэлээр халах нь зөв юм гэдэг үндэслэлээр шийдвэр гарсан. Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйл заасныг зөрчсөн албан үүргээ биелүүлээгүй бол энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал түүнийг анх буюу давтан үйлдсэн байдлыг харгалзан төрийн жинхэнэ алба хаагчид сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэсний дагуу хуулийн заалтыг барьж үзсэн. 37 дугаар зүйлийг зөрчсөнийг өмгөөлөгч хуулийн зүйл заалтаар хэлж өгсөн. 37.1.2, 37.1.4, 37.1.8, 37.1.14, 37.1.16 гэсэн 5 заалтыг зөрчиж байгаа. 39.1.2 гээд албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэдэг заалтыг зөрчсөн.   Би шинэхэн ажил авсан байсан. Бүх албан хаагчдыг үр дүнгийн гэрээг тодорхой хэмжээгээр дүгнэж олгох байсан. Эхлээд ажил авсны дараа ажил гүйцэтгэх талаас нь хандаж хэлж үзсэн. Редакцын комиссын дарга мөртлөө аймгийн ******* хуралдааныг орхиж явсан. Энэ нь ажил албан тушаалдаа яаж хандаж байсан нь харагдана. Энэ хүнийг чөлөөлөгдөөд Засаг даргатай зөвшилцөөд ажил албанд оруулж арай хөнгөлөлттэй зүйл заалт байх болов уу гэж тэргүүлэгчид ярилцаж үзээд энэ хүн удаа дараа сахилгын зөрчил гаргаж байгаа учраас 48.1.3-аар тогтоолыг нь гаргах нь зүйтэй гэж олонхоороо гаргасан. Өөрөө хуралд сууж байгаад гараад явчихсан. Өмнө нь сонсох ажиллагаа явуулаагүй гэж яриад байгаа нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Тэргүүлэгчдийн хурлаар А.М-д өөрт нь даалгаад даалгасныг тухайн үед ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан А даргаар өөрт нь албан ёсоор хүргүүлж хэлүүлсэн. Ингээд байхад ажлаа хийхгүй байсан учраас 01 дүгээр сарын 10-нд болсон хурлаар энэ хүнийг халсан.  Иймд нэхэмжлэгч А.М-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

         Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Тус аймгийн ******* нарийн бичгийн даргыг ажлаас чөлөөлөхөд 10 хүн оролцсон. 5 хүн эрэг санал өгч 5 хүн ажлаас чөлөөлөх асуудлыг дэмжсэн. А.М гэдэг хүнийг ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь энэ хүн 2018 оны 12 дугаар сарын 6, 7, 10, 11-ний өдрүүдэд албан ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Ажил тасалсан. Мөн 2018 оны 12 дугаар сарын 12-15-ны өдөр хүртэл Энх-Алтай өрхийн эмнэлгийн магадлагаа, 2018 оны 12 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд Марал-Алтай өрхийн эмнэлгийн магадлагааг ирүүлсэн байдаг. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр аймгийн иргэдийн хурал хуралдаад энэ хүнийг ажилдаа ирэхгүй байна гээд тодорхой хэмжээний үүрэг даалгавар өгсөн. Үүнийг биелүүлээгүй. 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр энэ хүн ажилдаа ирээд өөрийн ажлын байраа дур мэдэн зарласан. Говь-Алтай аймгийн ******* Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нь нарийн бичгийн ажлын байрны сонгон шалгаруулалт явуулах саналыг Төрийн албаны зөвлөлд уламжилдаг эрхтэй хүн мөн үү? гэхээр А.М биш. Мэдсээр байж өөрийн ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж ажлын байрны тодорхойлолтын хамт явуулсан. Мөн энэ хугацаандаа үр дүнгийн гэрээгээ дүгнүүлээгүй. Төрийн албан хаагч хүн байж өөрийн хувийн хэргээ өөрөө аваад явсан. Энэ хүний хэргээс ганц ширхэг материал ч ажил дээр нь үлдээгүй. Хоёрдугаарт акттай холбоотой зүйл яригдаж байна гэж байна. Энэ хүн ажил тасалснаас болж эрх зүйн акт гарах үндэслэл болсон. Тухайн үед өвчтэй гэдэг байдлаар акт өгчихөөд өвдөөгүй. Сумдаар эхнэртэйгээ хамт Дэлхийн зөнгийн төслийн ажлаар явсан. Өнөөдрийн орж ирсэн гэрчүүд энэ талаар маш тодорхой хэлэх байсан байх. Төрийн албан хаагч хүн үнэн зөв ярих хэрэгтэй. Ямар ажлаар хаана явж байсан тодорхой. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах гээд Төрийн албаны тухай хуулийн 48.1-ийг яриад байна. Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй энэ хуульд заасан бусад тохиолдолд зөрчлийн шинж байдал түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийг оногдуулна гэж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 37 дээр төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг байгаа. Энэ хүн өргөсөн тангарагтаа үнэнч байж нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх хууль бус шударга бус явдалтай эвлэрэхгүй байх гэж байгаа. Үүнийг зөрчсөн. Яагаад гэхээр өргөсөн тангарагтаа үнэнч байж чадаагүй. Хувийн ашиг сонирхлын зөрчилд автаад өөрийнхөө хариуцсан ажлаа хийгээгүй өөр ажил хийсэн. Мөн 37.1.4-т улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаалаа эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам эвсэл хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр оролцохгүй байх гэж байгаа. 2018 оны 12 сарын 04-ний өдрөөс 6 дугаар хурал болсон. Энэ хурлаар ******* дарга нь өөрчлөгдөөд Л.Б болсон үеэс хойш ажилдаа ирээгүй, ажлаа тасалсан. Тэгэхээр цаана нь ямар нэгэн намын зүйл явж байна. 6 дугаар хурлын редакцын комисст томилогдсон байсан. Төрийн албан хаагчийн чиг үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Тухайн үед иргэдийн хурлын мэргэжилтнүүд уг хуралдааны бэлтгэл зохион байгуулалтыг хангаж ажилласан байгаа. Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах гэдгийг энэ хүн зөрчсөн байгаа. Л.Б-ыг ажилд томилогдсоноос хойш байгууллагын дотоод журамд заасны дагуу цагаа үр бүтээлтэй ашигласан юм уу? гэхээр үгүй. Дарга болон нарийн бичгийн даргын цагийг бүртгэдэггүй гэдэг байдлаар харагдаж байгаа. Төрийн албан хаагч хүн бүр дарга ч байсан хэн ч байсан цагаа бүртгүүлээд хийсэн ажилдаа зохицсон цалингаа аваад явах ёстой. Тэгэхээр энэ хүн ажлын цагийг үр бүтээлтэй ашиглаж чадаагүй. 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэж байна. Өөрөө өөрийнхөө ажлын байрны сонгон шалгаруулалтаа зарлаад Төрийн албаны салбар зөвлөлд албан тоот ажлын байрны тодорхойлолтоо хавсаргаад санхүүгийн тэмдэг дарсан байгаа. Нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.М гээд санхүүгийн тэмдэг дарсан. Энэ нь албаны эрх мэдлээ хэтрүүлсэн нь тодорхой харагдаж байна. Гэхдээ ажлаас нь халахдаа Л.Б гэдэг хүн ганцаараа ажлаас нь халаагүй. Хамтын шийдвэрээр халсан. Сонсох ажиллагаанд оролцуулаагүй гэж байна. Ажлаас халсан гээд байгаа өдөр А.М өөрөө орсон. Санаа бодлоо хэлсэн байгаа. Энэ болгон нь тэмдэглэлд тусгагдсан байгаа. Тэгэхээр сонсох ажиллагаа явуулаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй.

Гуравдагч этгээд Авлигатай тэмцэх газар албан тоот явуулсан гэж байна. А.М явуул гэсний дагуу би явуулсан гэж шүүх хуралдаан дээр ярьсан.  Үүнийг Л.Б явуулаагүй. Нэхэмжлэгч А.М шүүх хуралдаан дээр тайлбарласан. Миний үе мөч өвддөг. Тухайн үед үе мөч өвдсөн гэж байна. Таны энэ онош чинь хавирга хоорондын үрэвсэл гэдэг онош байгаа. Үүнийг би мэргэжлийн эмчээс асуусан. Хавирга хоорондын үрэвсэл гэдэг онош нь дагалдах онош, үндсэн онош биш. Ямар нэгэн үндсэн оношноос салбарлаж байж энэ онош тавигдах ёстой. Өөрөөр хэлбэл энэ оношоор энэ хүн ийм олон хоног акт аваад байх шаардлагагүй. Актан дээр бичсэн оношийг харахаар сунгах заалттай биш, дагалдах онош байгаа. Ийм учраас ажлаа тасалчихаад хаацайлахаар акт өгсөн гэж үзэж байна.  Өнөөдрийн шүүх хуралдаан дээрээс захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т шүүх хуралдааны явцад нэмэлт нотлох баримт зайлшгүй шаардлагатай болсон. Эсхүл шүүх хуралдаанд ирээгүй оролцогчийг зайлшгүй оролцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг хойшлуулах заалт байгаа. Үүнийг яагаад хэлж байна гэхээр өнөөдөр А.М гэдэг хүн энэ олон хоног ажил тасалж явсныгаа үнэн зөвөөр хэлэхгүй байгаа учраас өнөөдрийн миний шүүх хуралдаанд оролцуулж өгнө үү? гэсэн гэрч нарыг зайлшгүй асуух шаардлагатай гэж үзэж байгаа.  Өөрийн хариуцлагагүй байдлаас болж ажил тасалж ажлаас халагдсан нь бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.

         Гуравдагч этгээд А.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Аймгийн ******* Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.А намайг А.М-ийн нэхэмжлэлтэй хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулсан байна. Миний бие улсад 36 жил ажилласнаас 1992 оноос нутгийн өөрөө удирдах байгууллага иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Цээл сумын ******* Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаас аймгийн ******* Тэргүүлэгчдийн ажлын албаны ахлах мэргэжилтэн хүртэл 27 жил нь ажилласан байна. Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.8, 43 дугаар зүйлийн 43.3.3 дахь заалтаар хуулийн хүрээнд аймгийн ******* Тэргүүлэгчдийн нарийн бигчийн  даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс томилогдон ажиллаж байна. Энэ байдлыг А.М даргад танилцуулахад би таныг миний энэ албан ажлыг хэлэлцүүлэхээр бол хүлээн зөвшөөрч байна. Та Авлигатай тэмцэх газарт урьдчилсан мэдүүлгээ явуул гэсний дагуу Авлигатай тэмцэх газар  урьдчилсан мэдүүлэгээ явуулж хянуулсан. Миний бие төрийн хууль, тогтоомжийг  хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд ажилд орсноор хурууны хээ, зураг дүрсээр албан хаагчдынхаа ажлын цагаа бүртгэж сахилга хариуцлагыг дээшлүүлэн ажиллаж байгаа. А.М даргын хувьд аймгийн ******* даргатай гэрээ хийх ёстой. Энэ гэрээ яаж хийгдээд хэзээ дүгнэгдсэн талаар би ч мэдэхгүй. А.М даргатай аймгийн ******* Тэргүүлэгчдийн ажлын албаны мэргэжилтнүүд үр дүнгийн гэрээ хийж байгаа. Төрийн үйлчилгээний ангилалд явж байгаа төрийн албан хаагчид хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Бид нар үр дүнгийн гэрээг 11 сард төрийн албаны шалгалт ирсэнтэй холбоотой урьдчилсан байдлаар дүгнэсэн. Дараа нь 12 дугаар сарын 31-ээс 01 сарын 05-ны дотор үр дүнгийн гэрээгээ дүгнэж ажилласан. 12 дугаар сарын 18-нд захирамж гараад бид нарт урамшуулал олгосон. Төсвийн жил дуусахтай холбоотойгоор үр дүнгийн гэрээг урьдчилсан байдлаар дүгнээд урамшуулал олгосон. Аудит ажилчдын үр дүнгийн урамшуулал олгосон талаар баримт авсан. Ингэж авахаар над дээр 2018 оны Аудитын дүгнэлт материал ирсэн байгаа. Манайхаас дандаа мэргэжилтнүүдийн үр дүнгийн гэрээний биелэлт очсон байгаа. А.М даргын үр дүнгийн гэрээний биелэлт байхгүй. Албан бланкан дээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төрийн сүлдтэй тамга дарагдана. Албан бланкан дээр санхүүгийн харилцаа үүсгэхэд хэрэглэдэг тэмдэг дарагдахгүй.  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

         Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбарт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

         Говь-Алтай аймгийн ******* Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3 дахь заалтуудыг үндэслэн аймгийн ******* Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.М-ийг албан тушаалаас нь халсан байна.

         Говь-Алтай аймгийн ******* Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг хуралдаанд оролцсон Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар баталж, аймгийн ******* Тэргүүлэгчдийн ажлын албаны нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.М-ийг ажлаас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөгөөний 2-т оруулсан байна. Тухайн тэмдэглэлд: “...А.М нь 6-р хуралдааны үеэр ажилдаа ирэхгүй Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны хуулийг зөрчсөн. Албан үүргээ хэтрүүлэн хэрэглэн ажлын байрны зарыг өөрийн гарын үсэгтэй явуулсан гэх хариуцлагагүй үйлдэлүүд гаргасан байгаа” гэж аймгийн ******* дарга Л.Б танилцуулсан, “...М.Д: энэ асуудлыг намын бүлгийн Тэргүүлэгчидтэй зөвлөлцөх хэрэгтэй... ажлаас чөлөөлөх асуудлыг даргатай зөвшилцөж болохгүй юм уу ...намын нөхдүүд дараагийн ажлыг олж өгөх шаардлагатай..., Я.Э: 6-р хуралдааны үеэр зохисгүй байдал гаргасан ажлын алба хариуцлагагүй байдал гэж үзсэн ...тогтоол гаргахын өмнө зохицох шаардлагатай, Д.Н: ажлын байр зарлах бичиг баримтыг яагаад явуулсан юм бэ..., Ж.Г: сонгон шалгаруулалт болтол энэ хүнд тодорхой хэмжээний үүрэг даалгавар өгөөд байлгаж байхаар яадаг юм..., С.Х: ...хамтарч ажиллахгүй гэж байгаа тохиолдолд бид хүчээр юм шийдэх албагүй...аймаг орон нутгийн эрх ашгийг бодоод зохицоод ажиллаач..., Ж.А: 2 дарга яагаад хоорондоо тохирохгүй гээд байгаа..., А.П: ...энэ хүний ажлын талаар аймгийн удирдлагууд ярилцах хэрэгтэй ...ажлын байрыг олж өгөх, М.Занданбилэг: ...сонгон шалгаруулалтад оруулах хэрэгтэй, Ш.Н: хариуцлага тооцуулж байгаа мэт ажлаас чөлөөлж болохгүй” гэх зэргээр аймгийн ******* Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцээд Тэргүүлэгчдээс санал хураахад 5 тэргүүлэгч чөлөөлөхийг дэмжиж, 5 тэргүүлэгч чөлөөлөхгүй гэж санал тэнцсэн тул аймгийн ******* бүрэн эрхийн хугацаанд мөрдөх дэг заасны дагуу ******* даргын санал өгсөн тал шийдвэрлэснээр А.М-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр тогтов гэжээ. Дээрх тэмдэглэлээс үзэхэд аймгийн ******* Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.М ажил үүргээ гүйцэтгэх хугацаанд төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, үйл ажиллагаанд хориглох зүйлийг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон ямар зөрчил гаргасан, зөрчлийн шинж байдал түүнд хүлээлгэх хариуцлагын талаар хэлэлцээгүй атлаа албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлаар хуралдаж санал хурааж санал тэнцсэнээр ажлаас нь чөлөөлөхөөр болсон боловч шийдвэрлэхдээ ажлаас нь халах тухай тогтоолыг Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар баталсан байгаа нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн байна..

         Тодруулбал: Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж зааснаар зөрчлийн шинж байдал, албан үүргээ хэрхэн биелүүлээгүй зэрэг сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг тодорхой болгохгүйгээр хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т зааснаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан аймгийн ******* Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоол нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

           Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А.М нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 6 дугаар хуралдаан үргэлжлэн хуралдсан 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажилдаа ирээгүй, улмаар 06, 07, 10, 11-ний өдрүүдэд ажил тасалсан, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр аймгийн ******* Тэргүүлэгчдийн албан баланк дээр санхүүгийн тэмдэг дарж өөрийнхөө ажлын байрны сонгон шалгаруулалтыг явуулах саналыг аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд явуулсан тухайд:

         Шүүх аймгийн ******* Тэргүүлэгчдийн ажлын албаны ажилтнуудын цагийг бүртгэсэн Э.Д-ыг гэрчээр асуусан тайлбарт “...2018 оны 12 дугаар сарын 04-нд хурал болоод 05-нд А.М дарга ажилдаа ирсэн. Бүгд байсан...А.М даргын өрөөнд 06-нд Л.Б дарга сууж ажилласан. А.М дарга ирээгүй байсан тул Л.Б дарга ажилчдынхаа цагийн бүртгэлийг аваад ир гэсэн. Би бүртэгдэггүй байсан талаар тайлбарлахад өнөөдрөөс шинээр бүртгэ гээд А.М даргын цагийг бүртгэж эхэлсэн. Тухайн үед 06,07 ажилдаа ирээгүй байхад хүүхэд өвчтэй гэж яригдаж байсан...2018 оны 12 дугаар сарын 10-нд өглөө ирчээд гараад явсан. 11-нд өглөө ирчээд А.М дарга би Л.Б даргад хэлээд чөлөө авчлаа гээд явсан...”, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдын Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэлд “Л.Б: А.М надтай нэг дэх өдөр уулзсан хүүхдийн бие өвдсөн гэж байсан. Дараа нь хүүхэд биш өөртөө эмнэлгийн магадлагаа ирүүлсэн”, нэхэмжлэгчийн тайлбарт “...миний бага хүү өвчний онош нь тодорхойгүй 2 жил гарган эмнэлгээр явж байгаа. 5-ны өглөө ажлын албаны ахлах мэргэжилтэн А.А-тай ярьж хүүхэд өвдөөд хэд хоногтоо очиж амжихгүй учир шинээр томилогдсон ИТХ-ын дарга Л.Б-д танилцуулж,...зайлшгүй шаардлагатай ажил гарвал яриарай би очьё” гэсэн тайлбараас А.М-ийг шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь ажил тасалсан гэж бүртгэгдсэн 2018 оны 12 дугаар сарын 05, 06, 07-ны өдрүүдэд А.М-ийн хүүхэд өвдсөн талаар хариуцагч, гэрч нар мэдэж байсан А.М хүндэтгэн үзэх шалтгаан байсан талаар шүүхэд тайлбарласан энэ талаар талууд маргаагүй байгаа зэргээс хүндэтгэн үзэх шалтгаан байсан байна. Төрийн албан хаагчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах нь хүнд хэлбэрийн сахилгын шийтгэл бөгөөд ажлын байрны сонгон шалгаруулалт явуулах хүсэлтийг хүргүүлсэнээр байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөө үзүүлсэн, үр дагавар, учирсан хор уршиг зэргийг харгалзан үзэхгүйгээр шууд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байгаа нь зөрчлийн шинж байдалд тохирсон байх, хууль зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй байна.

         Иймд Төрийн албан тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-т “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэж зааснаар аймгийн ******* Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолыг  хүчингүй болгож, А.М-ийг аймгийн ******* Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

          Аймгийн ******* Тэргүүлэгчдийн үйл ажиллагааны хэлбэр нь хуралдаан бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн ...олонхийн саналаар тус тус батална” гэж зааснаар олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэх хурлын хуралдааны үндсэн зарчим алдагдсан мөн аймгийн ******* Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолоор нэхэмжлэгч А.М-ийг ажлаас нь халсан байтал 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/03 тоот албан бичгээр аймгийн ******* Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд дараагийн албан тушаалтныг буюу ахлах мэргэжилтэн А.А-г томилохоор хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэгийг хянуулахаар Авлигатай тэмцэх газар хүргүүлсэн байгааг дурдах нь зүйтэй байна.

         Шүүх аймгийн ******* Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолыг  хүчингүй болгож, аймгийн ******* Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.М-ийг албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар 2019 оны 01 дүгээр сарын 10-наас 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны 89 хоногийн олговор 5,562.856 төгрөгийг аймгийн ******* Тэргүүлэгчдийн ажлын албанаас гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу уг олговороос эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

         Ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 5 дугаар хэсэгт зааснаар хавтас хэргийн мартериалд авагдсан нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн А.М-ийн 2018 оны 08, 09, 10, 11 дүгээр сарын цалингийн нийлбэрийг тухайн хугацаанд дахь нийт сарын тоонд хувааж ажилтаны нэг сарын дундаж цалин хөлсийг, гаргасан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг, нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, аймгийн ******* Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолыг  хүчингүй болгож, А.М-ийг аймгийн ******* Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд нь эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны  89 хоногийн олговор 5,562.856 /таван сая таван зуун жаран хоёр мянга найман зуун тавин зургаан төгрөг/ -ийг  аймгийн ******* Тэргүүлэгчдийн ажлын албанаас гаргуулж, түүнээс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж үлдсэнийг нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ЗОЛБАДРАХ