Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2022/0579

 

 

 

“Э” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч: Л. М, Б.О

Гомдлын шаардлага: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Л.М, Б.О нарын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 0299782 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 522 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, Г.М

Хариуцагч Л.М, Б.О, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, Ц.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.М

Хэргийн индекс: 128/2022/0079/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч “Э” ХХК-иас Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Л.М, Б.О нарт холбогдуулан “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Л.М, Б.О нарын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 0299782 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 522 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, 18.1.4, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дугаар заалтыг тус тус баримтлан Баянгол дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Л.М, Б.О нарын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 0299782 дугаар актыг дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Б.О, Л.М нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

3.1. Татварын улсын байцаагчид газрын төлбөрийн төлөлтийг шалгахдаа дор дурдсан эрх бүхий байгууллагын гарган ирүүлсэн газрын төлбөрийн тооцоолол дээр холбогдох хууль тогтоомжийг үндэслэн хяналт шалгалтын ажлыг хэрэгжүүлж дээрх шийтгэлийн хуудсаар төлбөр ногдуулж шийдвэрлэсэн. Үүнд

3.1.1. Цагдаагийн ерөнхий газрын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10д/4910 дугаар албан бичгээр Татварын ерөнхий газрын хяналт шалгалт арга зүйн газрын дарга С.Б-д хандаж ирүүлсэн албан бичигт тус компанийн улсын төсөвт газрын төлбөрөө төлөөгүй татвар төлөхөө зайлсхийсэн гэх хэрэг бүртгэлийн 170200073 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж шийдвэрийг ирүүлнэ үү гээд Нийслэлийн газрын албанаас гаргасан газрын төлбөр тооцоо танилцуулгыг хавсралтаар гаргаж ирүүлсэн

3.1.2. Хан-Уул дүүргийн газрын албанаас Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 13/1661 дугаар албан бичигт мөн тухайн газрын төлбөрийн тооцооллыг гаргаж ирүүлсэн байдаг.

3.1.3. Баянгол дүүргийн татварын хэлтсээс Хан-Уул дүүргийн газрын албанд 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 01/2182 дугаар албан бичгээр “Э” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны газар эзэмшиж, ашиглаж байгаа мэдээлэл, түүнтэй холбоотой ногдол төлбөрийн мэдээллийг авах талаар албан бичиг хүргүүлсний дагуу Хан-Уул дүүргийн газрын албанаас 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13/1696 дугаар албан бичгээр “Э” ХХК-ийн газрын төлбөрийн тооцооллыг гарган ирүүлсэн ба ногдуулалтыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолуудыг үндэслэн тооцов гэсэн байна.

3.2. Татварын улсын байцаагч гаргаж ирүүлсэн тооцооллыг үндэслэн хяналтын шалгалтын ажлыг хэрэгжүүлж ажилласан байна.

-Анхан шатны шүүх газрын төлбөрийн тооцоолол хийсэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5/39 дүгээр тогтоол нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон байсан тул хүчингүй болсон тогтоолыг үндэслэсэн,

-“Б Э” ХХК-ийн эзэмшил газар “Э” ХХК-ийн эзэмшлийн газартай давхацсан эсэхийг тогтоох боломжгүй тодорхой бус,

“Э” ХХК-ийн тухайн онд төлсөн газрын төлбөрийг өмнөх оны ноогдлыг хаасан үндэслэлгүй гэсэн шалтгаануудаар актын үйлчлэлийг түдгэлзүүлж 3 сарын хугацаанд дахин акт гаргахаар шийдвэрлэсэн байна.

3.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нөхцөл байдлыг шүүх тал бүрээс бодитой тогтоосны үндсэн дээр шийдвэр гаргах ёстой байдал нөхцөл байдлыг тодруулахгүйгээр шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна гэж өнгөц дүгнэж шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3.4. Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсанчлан тодруулах шаардлагатай, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн зүйл байгаагүй бөгөөд газрын төлбөрийн тооцооллын үндэслэл болсон 2010 5/39 дүгээр тогтоол хүчингүй болсон гэх боловч, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоол нь хүчинтэй байсан тул хүчингүй болсон тогтоолыг үндэслэн Нийслэлийн болон Хан-Уул дүүргийн газрын албанаас тооцоолол хийж ирүүлсэн гэж үзэх үндэслэл байхгүй.

3.5. Учир нь 05/39, 3 дугаартай тогтоолууд хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд эдгээр 2 тогтоолын газрын төлбөр тооцох итгэлцүүрийг тогтоосон байдалд зөрүүтэй зүйлгүй ижил байдлаар батлагдсан байдаг.

3.6. Шүүхээс Нийслэлийн газрын алба болон Хан-Уул дүүргийн газрын албанаас гаргаж ирүүлсэн төлбөрийн тооцоололд яагаад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 05/39 дугаартай хүчингүй болсон тогтоол, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 03 дугаартай хүчинтэй тогтоолыг тус тус дурдаж газрын төлбөрийн тооцоолол гаргаж ирүүлсэн талаар, мөн “Б Э” ХХК, “Э” ХХК-ийн газрын давхардал, газрын төлбөрийн давхардал байсан эсэх асуудлыг газрын албанаас тодруулж байж шийдвэр гаргах ёстой байсан, түүнчлэн татварын хэлтсээс эдгээр асуудлыг тодруулахын тулд гуравдагч этгээдээр Нийслэлийн газрын алба, Хан-Уул дүүргийн газрын албыг оролцуулах талаар хүсэлт гаргаж байсан боловч хүлээн аваагүй, шаардлагатай нөхцөл байдлыг тодруулж хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжтой байхад тодруулахгүйгээр дахин акт гаргах шийдвэр гаргасан байна.

3.7. Татварын алба нь хяналт шалгалтын ажлыг хэрэгжүүлэхдээ татварын хууль тогтоомжийн хүрээнд ажилладаг бөгөөд энэ үүргээ биелүүлж ажилласан, газрын алба хяналтын ажлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай төлбөрийн тооцооллыг гаргаж ирүүлэхдээ хүчингүй болсон тогтоол дурдаж ирүүлсэн нь актын хүчин төгөлдөр байдалд нөлөөлж шинэ акт гаргах үндэслэл болохгүй болно. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 522 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийн анхан шатны шүүхээр дахин хянуулахаар буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Гомдол гаргагч “Э” ХХК-иас “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Л.М, Б.О нарын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 0299782 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий гомдлыг шүүхэд гаргажээ.

2.2. Гомдол гаргагч компанид Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн ам нэртэй газарт 15.5 га газрыг аялал жуулчлалын зорилгоор ашиглах эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн 2012/77 дугаар гэрчилгээг 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдөр олгосон байна.

2.3. Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн Цагдаагийн албанаас “Э” ХХК, “М И П Д” ХХК, “У П К”, “МҮИС”-иудын улсын төсөвт газрын төлбөрөө төлөөгүй татвар төлөхөөс зайлсхийсэн гэх хэрэг бүртгэлийн 170200073 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан дээрх аж ахуйн нэгжүүдийн газрын төлбөр төлсөн эсэх болон татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, шийдвэрийг ирүүлэх тухай 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10д/4910 дугаар албан бичгийг Татварын ерөнхий газарт хүргүүлснийг Баянгол дүүргийн татварын хэлтэст албан бичигт дурдсан асуудлыг хуулийг хүрээнд шийдвэрлэж, хариуг хүргүүлэхээр шилжүүлжээ.

2.4. Үүний дагуу Татварын хяналт шалгалтын тасгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 26171000693 дугаар татварын хяналт шалгалт хийх томилолтоор хариуцагч улсын байцаагч нар “Э” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны татвар төлөлтийн байдалд хяналт шалгалтыг хийж, 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 0299782 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дугаар заалтыг үндэслэн оногдуулсан шийтгэлийн 143 220 000 төгрөг, хохирлын 477 400 000 төгрөг, нөхөн төлбөрийн 95 480 000 төгрөг, нийт 716 100 000 төгрөгийг бэлнээр сайн дураараа биелүүлэхийг даалгасан байна.

2.5. Хяналт шалгалтын явцад Баянгол дүүргийн Татварын хэлтсээс Хан-Уул дүүргийн Газрын албанд ““Э” ХХК-ийн ... 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны газар эзэмшиж, ашиглаж байгаа мэдээлэл түүнтэй холбоотой ногдол, төлбөрийн мэдээлэл”-ийг гаргуулахаар 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 01/2182 дугаар бичгийг явуулжээ.

2.6. Хан-Уул дүүргийн Газрын албаны 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13/1696 дугаар албан бичигт ““Э” ХХК-ийн газрын төлбөрийн ногдуулалтыг Байгаль орчны сайдын 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/3553 дугаар тушаал, 2012 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/291 дүгээр тушаал, 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар тушаалуудыг үндэслэн тооцвол 2012 онд 85 250 000 төгрөг, 2013-2013 онд 613 800 000 төгрөг, 2016 онд 68 200 000 төгрөг төлөхөөр байна. Дээрх ногдуулалтыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дүгээр тогтоол болон Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолуудыг үндэслэн тооцсон талаар хариуг ирүүлсэн байна.

2.7. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дүгээр тогтоолыг нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 272 дугаар шийдвэрээр “...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг шинэчлэн түр тогтоох тухай” 5/39 дүгээр тогтоолыг бүхэлд нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч ... шийдвэрлэсэн”, уг шийдвэрт хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид давж заалдах журмаар гомдол гаргаж, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 269 дүгээр магадлалаар “...Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 272 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг шинэчлэн түр тогтоох тухай” 5/39 дүгээр тогтоолыг нөхцөл байдлыг тодруулж дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж...” гэж өөрчилж шийдвэрлэсэн.

2.8. Харин Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоол нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 647 дугаар шийдвэрээр “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” ... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэрийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 745 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасныг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 527 дугаар тогтоолоор “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 647 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 745 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.2, 67.3, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” 03 дугаар тогтоолыг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн өөрчлөлт оруулж тус тус шийдвэрлэжээ.

2.9. Эдгээр үйл баримтуудаас нэгтгэн дүгнэвэл гомдол гаргагч “Э” ХХК-ийн газрын төлбөр ногдуулалтыг тооцохдоо үндэслэсэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дүгээр тогтоол, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолуудтай холбоотой маргааныг шүүх дээрх байдлаар шийдвэрлэсэн энэ тохиолдолд 2012-2015 оны хоорондох газрын төлбөр төлөлттэй холбоотой татварын хяналт шалгалт хийж байгаа бол хариуцагч нар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэдэн оны аль тогтоолыг үндэслэж хичнээн төгрөгийн төлбөр төлөхийг тогтоох үндэслэлтэй болох талаар дүгнэж, түүндээ үндэслэн холбогдох тооцоог хийсний дараа гомдол гаргагч “Э” ХХК-ийн газрын төлбөрийг нэг мөр тооцохоор байна.

2.10. Мөн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 168 дугаар шийдвэрээс үзэхэд, анх гомдол гаргагч “Э” ХХК-д 2012 онд 15.5 га газар ашиглах эрх олгохдоо “Б Э” ХХК-ийн 3.5 га газартай бүхэлд нь давхцуулсан олгосон нь тогтоогдож байна.

2.11. Гомдол гаргагчаас дээрх газрын давхцалтай холбоотой маргааныг 2015 онд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл “Б Э” ХХК-ийн /2007-2015 оны/ газрын төлбөрийн үлдэгдэл болох 154 000 000 төгрөгийг “Э” ХХК-ийн газрын төлбөртэй давхцуулж тооцож байсан гэж тайлбарлаж маргаж байгаа энэ тохиолдолд дээрх нөхцөл байдлыг мөн шалгаж тогтоох шаардлагатай.

2.12. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж тус тус заасны дагуу хариуцагч татварын улсын байцаагч нараас дээр дурдсан үндэслэлүүдийг тодруулж, “Э” ХХК-ийн газрын төлбөр ногдуулалтын байдлыг хөдөлбөргүй тооцож тогтоох үүрэгтэй байна.

2.13. Ийнхүү эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэгтэй бөгөөд маргаан бүхий 2019 оны 0299782 дугаар шийтгэлийн хуудсыг гаргахдаа хуульд заасан үүргийнхээ дагуу бодит нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй, нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийж, нотлох баримтыг цуглуулаагүй, шаардлагатай тооцооллыг бүрэн хийгээгүй атлаа давж заалдах шатны шүүхэд хандан “...нөхцөл байдлыг шүүх тал бүрээс бодитой тогтоосны үндсэн дээр шийдвэр гаргах ёстой байтал нөхцөл байдлыг тодруулахгүйгээр шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна гэж өнгөц дүгнэж шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

2.14. Түүнчлэн маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гаргахдаа Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дугаар заалтуудыг баримталсан байх боловч чухам аль зөрчлийг нь, хэрхэн үйлдсэнийг ялгаж, зааглан тодорхойлон тогтоогоогүй нь ойлгомжгүй байна. Учир нь дээрх хуулийн зохицуулалтуудад өөр өөр, бие даасан зөрчлүүдийг тухайлан заасан байх ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Иймд шүүх шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж дүгнэн маргаан бүхий 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 0299782 дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 522 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                                  Т.ЭНХМАА

 

 

ШҮҮГЧ                                                                   Г.БИЛГҮҮН