Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 27

 

 

 

 

 

 

 

 

Б.Болдбаатарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

         Даргалагч,

                                    Ерөнхий шүүгч                   Б.Батзориг

                                    Шүүгчид                             Ц.Амаржаргал                                       

                                                                            Д.Буянжаргал

                               Оролцогчид:

                                  Прокурор                            Д.Нямдэлэг

                                    Шүүгдэгч                               Б.Болдбаатар

                                    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 50 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Баяд овогт Батболдын Болдбаатарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 173100000054 дугаартай, 175/2018/0038/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 11 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 1 дүгээр баг 2-88 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Баяд овогт Батболдын Болдбаатар /Регистрийн дугаар: МН90112576/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Болдбаатар нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 23 цагийн орчимд  Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 1 дүгээр баг Зээрэн гэх газарт байсан “Гацуур” ХХК-ны өмчлөлийн 4 ширхэг хуйлсан /рулон/ өвсийг тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлан 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

Анхан шатны шүүх Б.Болдбаатарт холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд 50 дугаартай шийтгэх тогтоолоор Баяд овогт Батболдын Болдбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2.4-т заасан “Тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар Батболдын Болдбаатарыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, түүнд  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүхээс оногдуулсан ял эдлүүлэхээр энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэсэн байна.  

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Б.Болдбаатар намайг Монгол улсын Эрүүгийн хуулийн 17.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан машин механизм ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тооцож 1 жилийн хорих ял оногдуулсан. Гомдол гаргах хэд хэдэн үндэслэл байгаа гэж үзсэнээр Үүнд

1. Ялтан би хулгайн гэмт хэрэг үйлдээгүй, харин хадлангийн талбайд бусдын орхисон, гээгдэл эд хөрөнгө ашигласан гэж бодож байна. Энэ талаар хохирогчоор тогтоогдсон Гацуурт компанийн дэд захирал Энхтулга, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчоор оролцсон нярав Мөнхбулган нар мэдүүлэхдээ “...уг урлон өвс тоогоор ачих явцад боолт нь задарч суларсанаас талбайд орхигдож 20 гаруй хоногийн дараа авах гэж ирэхэд алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг өгдөг.

2. Энэ нь хохирогчийн зүгээс, хадлангийн талбайд гээгдэж орхигдсон өвс болохыг гэрчилж буй нотолгоо гэж үзэж байна.

3. Ер нь миний гэм буруу, үйлдэл холбогдлыг нотлох баримтаар тогтоож чадаагүй гэж үздэг. Учир нь талбай дээр 4 ширхэг урлон өвс үлдсэн шалтгааныг тодруулан, ямар хугацаанд татан авалт хийлгүй хяналтгүй орхисон тэр цаг хугацааг нарийн тогтоосноор сая хулгайлах хэрэгт буруутгах эсэх үндэслэл бүхий нотлох баримт тогтоогдох байсан бол уу. Би өөрийн буруутай үйлдлээ ойлгож гэмшиж ирэхдээ туйлын үнэнийг олуулахыг хүссэн минь энэ юм шүү. Би өндөр настай ээж, дүүтэйгээ хамт амьдардаг ба монгол бөхийн жудгаар амьдрахыг хүсч явсан.

4. Ер нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж байж хэргийн бодит байдал тогтоогдох байсан гэдэг харууслаа дахин хэлье. Мөн яллах, цагаатгах, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоож чадалгүй эргэлзээ бүхий нотлох баримтыг үндэс болгож хүнд зүйл ангиар хорих ял оногдуулсан гэж үзэж байна. Иймд энэхүү үндэслэлүүдийг хянан үзэж улмаар зүйл ангийг өөрчилж хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсч гомдол гаргаж байна. Гомдлыг минь хүлээн авна уу гэжээ.

 

Хохирогчийн төлөөлөгч Б.Мөнхбулган давж заалдах шатны шүүхэд гаргасан хүсэлтдээ:

...Анхан шатны шүүхийн 50 дугаар шийтгэх  тогтоолыг авснаар хүсэлт гаргаж байна. Үүнд: Шүүгдэгч Б.Болдбаатар нь манай компаний хохирлыг бүрэн барагдуулсан. Компаний зүгээс гомдол санал байхгүй тул оногдсон ялыг нь хөнгөвчилсөн журмаар шийдэж хэрэгсэхгүй болгож өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралд оролцохгүй. Б.Болдбаатарын авсан  4 ширхэг рулон задарсан байсан тул 20 гаруй хоногийн дараа татан авсан нь үнэн болно гэжээ.

 

Шүүгдэгч Б.Болдбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Надад хулгай хийх сэдэл санаа байгаагүй. Хадлангийн талбайд бусдын орхисон байсан 4 ширхэг өвсийг авсан. Зүйл ангийг өөрчилж, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:   

Шүүгдэгч Б.Болдбаатарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. ...Шүүгдэгч Б.Болдбаатарын үйлдэл нь шөнийн цагаар бусдын эд зүйлийг хулгайлсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Болдбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Болдбаатар нь хадлангийн талбай дээр тавьсан байсан өвсний боодол нь суларсан байсан учир хамгийн сүүлд ачихаар явсан хооронд өвсийг хулгайлсан нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр нотлогдож байгаа тул субъектив санаа, зорилготойгоор бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Б.Болдбаатар нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 23 цагийн орчимд  Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 1 дүгээр баг Зээрэн гэх газарт байсан “Гацуур” ХХК-ны өмчлөлийн 4 ширхэг хуйлсан /рулон/ өвсийг тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлан 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч  хянан хэлэлцээд шүүгдэгчийг “Тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар түүнд 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүхээс оногдуулсан ял эдлүүлэхээр энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Болдбаатарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Б.Болдбаатарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Шүүгдэгч Б.Болдбаатар нь дээр дурьдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Мөнхбулганы мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүгүүд /хх-ийн 19-20ху, 95-103ху/, хохирогч Д.Энхтулга /хх-ийн 13-14ху/,  гэрч Ч.Нарантуяа /хх-ийн 21-22ху/, Б.Атарсайхан /хх-ийн 23-24ху/, Л.Эрдэнэбаатар /хх-ийн 29ху/, Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 08-09ху/, “Баяндулаан Уул” ХХК-ийн хөрөнгөнд үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 31ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн байна.

 

Эрүүгийн эрх зүйд “гээгдэл хөрөнгө” гэдэгт өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхигдсон, тухайн үед эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй зүйлийг хамааруулж ойлгодог.

 

Гэтэл Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 1 дүгээр баг Зээрэн гэх газарт байсан 4 ширхэг хуйлсан /рулон/ өвсний өмчлөгч нь “Гацуурт” ХХК болохыг Б.Болдбаатар мэдэж байсан бөгөөд тухайн өвсийг өмчлөгч нь хаяж гээгдүүлээгүй, тодорхой шалтгааны улмаас дараа авахаар үлдээсэн болох нь хохирогч  Б.Мөнхбулганы шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “…Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 1 дүгээр баг “Зээрэнгийн  ам” гэх газарт манай компани рулон өвс татаж байгаад багтахгүй болохоор нь задарсан тэр 4 рулон өвсөө сүүлд ирж авъя гэж бодоод үлдээсэн байсан. Тэгээд дараа нь ирж авах гэсэн чинь байхгүй болчихсон байсан…” гэсэн мэдүүлгээр /хх-ийн 95-103ху/ тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Болдбаатарын гаргасан “…Ялтан би хулгайн гэмт хэрэг үйлдээгүй, харин хадлангийн талбайд бусдын орхисон, гээгдэл эд хөрөнгө ашигласан гэж бодож байна. Ер нь миний гэм буруу, үйлдэл холбогдлыг нотлох баримтаар тогтоож чадаагүй гэж үздэг. Учир нь талбай дээр 4 ширхэг урлон өвс үлдсэн шалтгааныг тодруулан, ямар хугацаанд татан авалт хийлгүй хяналтгүй орхисон тэр цаг хугацааг нарийн тогтоосноор сая хулгайлах хэрэгт буруутгах эсэх үндэслэл бүхий нотлох баримт тогтоогдох байсан бол уу. Мөн яллах, цагаатгах, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоож чадалгүй эргэлзээ бүхий нотлох баримтыг үндэс болгож хүнд зүйл ангиар хорих ял оногдуулсан гэж үзэж байна. Иймд энэхүү үндэслэлүүдийг хянан үзэж улмаар зүйл ангийг өөрчилж хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсч гомдол гаргаж байна…” гэсэн гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

          Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Болдбаатарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Болдбаатарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                        Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                         Д.БУЯНЖАРГАЛ