Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/222 

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,

нарийн бичгийн дарга Ж.А,

улсын яллагч Ө ,

шүүгдэгч А  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А д холбогдох эрүүгийн 2013********** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Х аймгийн Жаргалант сумд төрсөн, 28 настай, эмэгтэй, яс үндэс казах. дээд боловсролтой, түүх нийгмийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, БӨ аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суудаг, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, А , РД:ПЮ92******,

Шүүгдэгч А  нь 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр БӨ аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, тус аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрнаас гараад явж байхдаа иргэн Б ээс гээгдүүлсэн гэх Хуавей пи-10 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч А  мэдүүлэхдээ: Уг гар утсыг олж авсан маань үнэн. Эзэн нь ID кодоороо олж авах юм бол өгнө гэж болсон гэв.

Хоёр: Эрүүгийн 2013********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. БӨ аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/,

2. Хохирогч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-26 дугаар хуудас/,

3. Гэрч Ц гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,

4. Гэрч Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,

5. Гэрч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,

6. Шинжээч Мөнх-Эстимейт ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин Е ын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн №-20/38 дугаартай хөрөнгийн үнэлгээ тогтоосон тухай дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

7. Яллагдагч А н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А  нь 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр БӨ аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, тус аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрнаас гараад явж байхдаа иргэн Б ээс гээгдүүлсэн гэх Хуавей пи-10 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн нь: - 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр БӨ аймгийн Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Б  нь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны шатнаас буугаад алхаж явах үед түүний ертөнцийн зүгээр баруун хойд талд 2 метр орчим зайд гар утас нь унаж газарт харагдаж байх бөгөөд сургуулиас дотуур байр луу чиглэж ирсэн 25 орчим насны, хар үстэй цагаан цамц, цэнхэр жинсэн өмд, цагаан өнгийн пүүзэн гутал өмссөн эмэгтэй газарт унасан байсан гар утсыг авч, буцаад сургууль руу явж байгаа” гэх дүрс бичлэгийн тэмдэглэл /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/,

- Хохирогч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2020 оны 9 дүгээр сарын 01-ний хичээлийн шинэ жилийн нээлт болж улмаар сургууль руу ажилдаа явсан юм. Тухайн өдөр 09 цаг өнгөрч байх үед сургуулийн дотуур байранд орж тэндээс сургууль руу орох гээд гарсан юм. Тэгээд Сургууль дотор явж байгаад утсаа үгүйлж утсаа өөрийнхөө хувцасны халаасанд үзтэл байхгүй байсан. Би утсаа дадлагын байрандаа үлдээсэн байна гэж бодоод ангийн охин болох Н ийг миний дадлагын байранд очоод миний утсыг аваад ир, би дадлагын байранд утсаа үлдээсэн юм шиг байна гээд түлхүүрээ өгөөд явуулсан. Н  яваад удалгүй хүрч ирээд дадлагын байранд таны утас байхгүй байна гэсэн. Тэгээд би манай сургуулийн багш Ц гийн утаснаас өөрийн /99429043/ дугаар луу залгахад холбогдох боломжгүй гэсэн. Тэгээд би гар утсаа алга болгосон гэдгээ мэдэж сургуулийн орчимд хайхад олдоогүй.

Хувэй пи-10 маркийн, бор өнгийн гэртэй, шаргал өнгийн гар утас байсан. Миний гээгдүүлсэн гар утас нь 2 симтэй бөгөөд 865914030206946, 865914030208249 дугаар бүхий имей кодтой юм. Тиймээ би гээгдүүлсэн гэх Хуавей пи-10 маркийн гар утсаа хүлээж авлаа, миний гар утас мөн байна, миний гээгдүүлсэн гар утасны хайрцаг дахь имей кодтой таарч байна. Ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй хэвийн ажиллаж байна. Цаашид надад нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-26 дугаар хуудас/

- Гэрч Ц гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Дадлагын кабинетад байж байтал Б  өрөөнд хүрээд ирээч гэж дуудаад миний утас руу залгаад өгөөч, би утсаа гээчих шиг боллоо гэж хэлхээр нь 09 цаг 42 минутанд өөрийн 99417966 дугаараас Б ийн утас руу залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгээд гар утас нь гээгдсэн болохыг мэдсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/

- Гэрч Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ангийн багш Б  нь 09 цаг 40 минутын үед ангийн багш сургуулийн үүдэн тааралдаад надад кабинетын түлхүүр өгч, чи кабинетаас очоод миний гар утас аваад ир, багшийн ширээн дээр байгаа гэж хэлсэн. Тэгээд би багшаас түлхүүрийг нь аваад ганцаараа кабинетад очиж цоожтой байсан хаалгыг нь түлхүүрээр нь онгойлгон орж ширээний хажууд очиж утсыг хартал ширээний дээр утас байхгүй байсан. Хажуу талын ширээнүүдэд үзэхэд бас байхгүй байсан. Би багшийн утсыг ангиас хайгаад олоогүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,

- Гэрч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би одоогийн байдлаар Хуавей пи-10 маркийн шаргал өнгийн имей 86591403020694, 865914030208249 дугаартай гар утас ашиглаж байна. 2020 оны 9 дүгээр сарын эхээр манай бэр эгч болох А  нь 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны урдаас нэг гар утас олж авлаа, манай гэрт байгаа тэр утсыг зарчихдаг юм уу гэж байсан. Тэгэхээр нь би таны олж авсан гэх утсыг чинь үзье, би угаасаа утас авах гэж байгаа гээд гэрт нь орж утсыг нь үзэхэд Хувавей пи-10 маркийн шаргал өнгөтэй гар утас байсан. Тэгээд 2-3 хоногийн дараа А гээс нөгөө олж авсан утсаа яахаар болсон гэхэд за энэ утсыг чи барьж бай эзэн нь хайж ирэхгүй бол дараа нь тооцоог нь хийе гэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,

- Шинжээч Мөнх-Эстимейт ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин Е ын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн №-20/38 дугаартай хөрөнгийн үнэлгээ тогтоосон: “...2018 оны 3 дугаар сард худалдаж авсан HUAWEI P10 гар утас нь 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар Ө суманд 310.000 /гурван зуун арван мянга/ төгрөгийн ханштай байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

- Яллагдагч А н  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний бие 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 09-11 цагийн хооронд Ө сумын 11 дүгээр багт байрлах аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны гадна талд маск зарж байсан үл таних эмэгтэйгээс маск худалдаж аваад сургууль руу орох гэж байтал дотуур байрны шатны хажуу талд газарт гар утас байсныг хараад очиж тухайн гар утсыг газраас авахад гар утасны ар талд HUAWEI P10 гэсэн бичиглэлтэй гар утас байсан, ямар маркийн гар утас байсныг мэдээгүй тэгээд уг гар утас нь асаалттай байсныг миний би өөрөө унтраачихсан юм. Уг гар утсыг халаасандаа хийж яваад Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв рүү ороод бүртгэлээ хийлгээд буцаж гарч яваад гэртээ ирсэн юм.

Намайг гэрт ирэх үед миний хадам аав, хадам ээж, нөхөр миний хоёр хүүхэд байсан ба тэд нарт олж авсан гэх гар утсаа үзүүлээд асаалгүйгээр 4-5 хоног болсон юм. Энэ үед миний дүү А  нь бас мэдсэн ба би сим картаа хийгээд барьж байя, эзэн нь олдвол өгье гэж хэлээд барьж байсан юм. Хэд хоногийн дараа намайг сургууль дээр байх үед манай сургуулийн нийгмийн ажилтан цагдаагийн алба хаагчтай хамт ирээд камерын бичлэг үзүүлээд чи мөн үү гэж асуухад би мөн байна гэж хэлсэнд, олж авсан гар утас чинь хаана байна гэж хэлсэнд, дүүдээ өгчихсөн гэж хэлсэн юм. Тухайн гар утас руу хэн нэгэн залгаж магадгүй гэж бодоод унтраачихсан. ID кодоороо олж авах юм бол өгье бодож байсан, олж авахгүй бол өөрөө барина гэж бодож байсан юм. Хуавей маркийн бор өнгийн гэртэй, шаргал өнгийн гар утас байсан юм. Уг гар утас нь дэлгэцийн нууц дугаартай байсан ба уг гар утасны кодыг миний дүү гар утасны засварчнаар тайлуулсан байсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг гэдэгт гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж шамшигдуулсан, захиран зарцуулсныг ойлгоно.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч А  нь хохирогчийн гээгдэл эд хөрөнгийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас олж аваад олж аваад дүү Б.А т ашиглуулахаар өгсөн бөгөөд уг гээгдэл эд хөрөнгийн талаар өмчлөгч этгээд, эсхүл зохих байгууллагад мэдэгдээгүй зэрэг нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогджээ.  Шүүгдэгч А н хялбар аргаар эд хөрөнгөтэй болох шунахай сэдэлт, зорилго энэ гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А н энэхүү гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийн  шинжийг хангаж байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б д 310,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б ээс “би гээгдүүлсэн гэх Хуавей пи-10 маркийн гар утсаа хүлээж авлаа, миний гар утас мөн байна, миний гээгдүүлсэн гар утасны хайрцаг дахь имей кодтой таарч байна. Ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй хэвийн ажиллаж байна. Цаашид надад нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй” хэмээн мэдүүлсэн тул шүүгдэгч А г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүхээс шүүгдэгч А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А  нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй буюу урьд ял шийтгэлгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүгдэгч А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

4. Бусад асуудлын талаар.

Энэ хэрэгт шүүгдэгч А  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн камерын бичлэг бүхий хуурцаг 1 ширхгийг эрүүгийн хэрэг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А г гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сар буюу 120 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч А  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн камерын бичлэг бүхий хуурцаг 1 ширхгийг эрүүгийн хэрэг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ