Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2016/05683

 

2016 оны 11 сарын 09 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05683

Улаанбаатар хот

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 9-р хороо, Давааны 2-9 тоотод оршин суух, Бяцхан дельфин ХХК-д химич ажилтай, регистр МР81041306, Боржигон овогтой Бямбаагийн Ариунсайханы нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Орхон аймгийн Жаргалант сумын Улаан толгой баг, Төмөр замын 3-р байрны 4 тоотод оршин суух, УБТЗ-ын Замын 6-р ангийн 7-р хэсэг, бригадын дарга ажилтай, регистр МЭ80111175, Боржигон овогтой Батсүхийн Батболдод холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ариунсайхан, хариуцагч Б.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Б.Ариунсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би  бага байхаасаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын Үнэгт тосгонд байхдаа Б.Батболдыг мэддэг байсан. Үерхэж байгаад 2001 оны 4-р сарын 13-ны өдөр хүү Б.Бат-Ирээдүй төрсөн, одоо 15 настай, Монгол-Солонгосын хамтарсан коллежийн 1-р курст сурч байна. Б.Батболд нь хүүгээ төрснөөс хойш нэг ч удаа харж хандаж байгаагүй, хүүхэдтэйгээ уулздаггүй. Одоо хүү том болж мөнгөний хэрэгцээ шаардлага ихэссэн, би хүүтэйгээ ахындаа амьдардаг. Иймд Б.Батболдоос хүүхдийн тэтгэлэгийг нөхөн гаргуулж, хүү Бат-Ирээдүйг 18 нас хүртэл нь тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

   Хариуцагч Б.Батболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр хар багаасаа нэг дорж өссөн, эцэг, эхчүүд нэг байгууллагат ажилладаг байсан. Гэхдээ бид 2 хамт амьдарч байгаагүй боловч хүүхэдтэй болсон. Хүүг төрөх үед миний аав нас барсан байсан, гэтэл тэр үед миний нэрээр овоглож гэрчилгээ авсан байсан. Би хүүхдээ хүлээн зөвшөөрсөн, 15 жил нэг ч уулзаагүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, хөрш зэргэлдээ амьдарч байсан. Ариунсайхан хүүхдээ өөрөө өсгөөгүй, харин эмээ өвөө нь өсгөсөн. Өөрөө Турк улсад олон жил болоод ирсэн. Одоо би эхнэр, 4 хүүхэдтэй, гэхдээ хүүхэддээ хуульд зааснаар тэтгэлэг төлнө гэв.  

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Б.Ариунсайхан нь Б.Батболдод холбогдох хүүхдийн тэтгэлэг нөхөн гаргуулах, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, харин нөхөн гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.  

 

Б.Ариунсайхан, Б.Батболд нар нь гэр бүл болж хамт амьдраагүй боловч 2001 оны 04-р сарын 13-ны өдөр хүү Б.Бат-Ирээдүйг төрүүлж, түүнд төрсний гэрчилгээ /хх 2/ олгогджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ажиллагааны шатанд хариуцагч нь хүүхдийн эцгийн талаар маргаж, шинжээч томилуулж дүгнэлт гаргуулахыг хүссэн, шүүгчийн 2016 оны 7-р сарын 20-ны өдрийн 102/ШЗ2016/21394 тоо захирамжаар шинжээч томилсон боловч хүүхдийн эцэг мөн гэдгээ хүлээн зөвшөөрч, шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтээсээ татгалзсан байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21-р зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26-р зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 38-р зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

 

Иймд 2001 оны 04-р сарын 13-ны өдөр төрсөн хүү Батболдын Бат-Ирээдүйд хуульд заасан журмаар тэтгэлэг гаргуулж хүүхдийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Хүүхдийн тэтгэлэгийг шүүх тогтоох бөгөөд тогтоосон үеэс тэтгэлэгийг төлөх үүрэгтэй, харин тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн тохиолдолд нөхөн төлүүлж болно. Иймд аваагүй тэтгэлэгийг нөхөн гаргуулах үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 49-р зүйлийн 49-1 дэх хэсэг,  40-р зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Батболдоос хүүхдийн тэтгэлэг нөхөн гаргуулахыг хүссэн Б.Ариунсайханы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 2001 оны 04-р сарын 13-ны өдөр төрсөн Батболдын Бат-Ирээдүйг 16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр  тэтгэлэг гаргуулж эцэг Б.Батболдоор тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Батболдоос улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.  

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.                                     

    

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Р.АЛТАНТУЯА