| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/02023/И |
| Дугаар | 102/ШШ2016/05684 |
| Огноо | 2016-11-09 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2016/05684
2016 оны 11 сарын 09 өдөр
| Дугаар 102/ШШ2016/05684
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, тахилтын 26-10 тоотод оршин суух, Улаанбаатар төмөр замын Вагон депод үйлчлэгч ажилтай, регистр УП92012509, Далай овогтой Зоригтбаатарын Золцэцэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 1-р хороо, 3А-р байрны 68 тоотод оршин суух, Улаанбаатар төмөр замын Вагон депод хүлээн авах инженер ажилтай, регистр МЗ88032831, Түмэн овогтой Болдбаатарын Чинзоригт холбогдох хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.Золцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Золцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2012 онд УБТЗ-д ажилд орсон. Намайг ажилд орсноос хойш 2 хоногоос Чинзориг над руу байнга утсаар ярих болсон. Гэтэл манай найзаас утас авсан байсан. Өөрийгөө “эхнэр хүүхэдгүй, утсан дээр байгаа хүүхдийн зургийг эгчийн хүүхэд” гэдэг байсан. Чинзориг нь 2012 оноос хойш охин Буяндэлгэрийг төрөх хүртэл эхнэр, хүүхдээ нуудаг байсан. Ингээд би жирэмсэн болсон, 8 сартай жирэмсэн байхад хүүхдээ авахуулчих гэсэн. Охин Буяндэлгэр нь 2014 оны 6-р сарын 26-нд төрсөн бөгөөд үүнээс хойш Чинзориг нэг ч удаа эргэж ирээгүй. Иймд Чинзоригийг охин Буяндэлгэрийн эцгээр тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Чинзориг шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие З.Золцэцэг гэгчтэй хамтран амьдарч байсан удаа байхгүй. Би эхнэр, хүүхэд гэр бүлтэй. Гэр бүл, эхнэр хүүхдээ нууж байгаагүй. Миний эхнэр, би, Золцэцэг бид 3 нэг байгууллагад ажилладаг тул Золцэцэг мэдэхгүй байх, би нуусан байх асуудал байхгүй. Мөн хүүхэдтэй болъё гэж гуйж байгаагүй. Дахин хэлэхэд хамтран амьдарч байгаагүй. Гэр бүлээсээ гадуур энэ Золцэцэг гэгчтэй хэдэн удаа уулзаж байсан нь үнэн. Хүүхэдтэй болтлоо удаан харилцаатай байгаагүй. Хүүхдийг миний хүүхэд биш гэж үзэж нэхэмжлэлийг үгүйсгэж байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Золцэцэг нь Б.Чинзоригт холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
З.Золцэцэг, Б.Чинзориг нар нь 2012 онд танилцаж, З.Золцэцэг нь 2014 оны 6-р сарын 26-ны өдөр охин З.Буяндэлгэрийг төрүүлж, төрсний бүртгэлийн 1107002992 дугаарт бүртгэж төрсний гэрчилгээ /хх 5/ олгогджээ.
Нэхэмжлэгч нь “...охиныг төрснөөс хойш эцэг нь эргэж ирээгүй” гэж маргаж, эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шаардсан бол хариуцагч нь “ ...хүүхдийг миний хүүхэд биш” гэж маргаж, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ нотлоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гаргаагүй, шүүх хуралдаанд оролцох, эсрэг талынхаа тайлбар, татгалзалтай танилцах, хэргийн материалтай танилцах, шүүхийн дуудсанаар ирэх үүргээ биелүүлээгүй, мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлээгүй байна.
Хариуцагчид 2016 оны 11-р сарын 03-ны өдөр зарлагдсан шүүх хуралдааны мэдэгдлийг хүргүүлсэн боловч ирээгүй, улмаар дахин нэхэмжлэлд дурьдсан хаяг, ажлын хаягаар мэдэгдэл хүргүүлсэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр, хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 21-р зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26-р зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 38-р зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
Иймд 2014 оны 06-р сарын 26-ны өдөр төрсөн Золцэцэгийн Буяндэлгэрийн эцгээр Б.Чинзоригийг тогтоож, хуульд заасан журмаар тэтгэлэг гаргуулж хүүхдийг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хүүхдийн эцэг мөн эсэх талаар шинжээч томилуулж дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан боловч хүсэлтээсээ татгалзсаныг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23-р зүйлийн 23.1 дэх хэсэг, 40-р зүйлийн 40.1.1., 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 06-р сарын 26-ны өдөр төрсөн Золцэцэгийн Буяндэлгэрийн эцгээр Болдбаатарын Чинзоригийг тогтоож, охин З.Буяндэлгэрийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Б.Чинзоригоор тэжээн тэтгүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.Чинзоригоос 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА