Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/229

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Ж.Дэлгэрмөрөн даргалж, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ, улсын яллагч П.Шижиртуяа, шүүгдэгч В.О  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.О т холбогдох 163/2020/0227/Э индекстэй, эрүүгийн 2015003220248 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, фермерчин, эрхэлсэн тодорхой ажилгүй, ...инд оршин суудаг, ял шийтгэлгүй, Х овгийн В.О,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч В.О  нь 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн ...ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Б  ХХК-ний эзэмшилийн уурхайн талбай дээр тус байгууллагын харуул хамгаалалтын ажилтан болох Д.Д гийн толгойн тус газарт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд/

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.О ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

2015003220248 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Д.Д гийн өгсөн: “...Миний бие ...ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа "Б " ХХК-нд хамгаалагчаар ажилд ороод 2 хоног болж байна. Ингээд өнөөдөр буюу 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 14 цагийн орчимд уурхай эзэмшлийн талбай дээр гадны хүмүүс орж ирээд, ажил хийлгэхгүй байна гэсний дагуу тухайн хүмүүстэй уулзахаар жолооч Ц  гэх ахын хамтаар ирэхэд уурхайн эзэмшлийн талбай дээр гадны 30-аас 40 орчим насны 4 залуу ирчихээд шаардлага тавихад талбайгаас гарахгүй байсан. Ингээд хууль ёсны зөвшөөрөлтэй газар дээрээс гарчих гэсэн. Тэгтэл дээрх залуучууд удаагүй явцгаасан. Ингээд цааш явах замдаа дээрх 4 залуучуудын нэг залуу нь эд нарын машин техникийн цонхыг хагалья гэж ярьсан. Тэгж хэлэхээр нь явж очоод та нар юу яриад байгаа юм бэ, хэнийг дуудаж манай техник автомашин цонхыг хагалах гэж байгаан бэ? гэсэн чинь чи ер нь юу гээд байгаан гээд эрээн цамцтай 30 гаран насны шар царайтай залуу нь намайг хавсарч газар унагаагаад миний цээж рүү өшиглөөд, дараа нүүр рүү гараараа хоёр удаа цохисон. Ингээд босч ирээд дээрх залуутай барьцалдаж аваад зогсож байтал цаанаас хамт явсан хүрэн өнгийн зуртиктэй, хар өнгийн усны гуталтай залуу хүрч ирэхээр урдаас нь биеэ хамгаалах зорилгоор түлхэсэн тэгтэл, нөгөө анх намайг газар унагааж цохисон гэх залуу газраас нилээн том хад чулуу гартаа аваад над руу шидэх шиг үйлдэл гаргасан. Шидсэн цохисон эсэхийг санахгүй байна. Нэг сэрхэд уурхайн машин дээр сууж байсан. Ингээд ухаан ороод асуухад Заамар сумын эмнэлэг рүү авч явж байна. Толгойноос чинь их хэмжэний цус гарсан очиж оёдол тавих шаардлагтай гэсэн. Ингээд эмнэлэг 14 цаг 50 минутын орчим ирж, хүлээн авах тасагт үзүүлээд, миний толгойд 4 оёдол тависан. Эмч үзээд оёдол тавиад, 1.5 см гүн, 7 см урттай шарх үүссэн байна. Яаралтай Улаанбаатар хот руу очиж томографикт үзүүлж харуул гэсэн. Анх намайг газар унагаагаад дээрээс өшиглөж цохисон залуу надаас холдоод газраас чулуу аваад цохисон. Намайг зодож цохисон гэх залууг өмнө нь харж байсан. Байнгын манай талбай дээр ирж асуудал гаргадаг залуучууд байгаа юм аа. Өчигдөр хүртэл манай талбай дээр ирж асуудал гаргаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн чинь яваад өгсөн. Одоо харвал танина. Тухайн үедээ өөрсдийгөө Сайханаа, Отгоо гэж дуудаад байсан. Хамт явсан нөгөө хоёр залуугийн нэрийг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар хуудас/,

Гэрч Ц.М ын өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр найзууд болох О , У , С  нарын хамтаар Төв аймгийн Заамар сумын Хайлааст багаас Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Булганы жалга гэх газар руу миний өөрийн ногоон өнгийн Порестр маркийн тээврийн хэрэгсэлтэй өдрийн 12 цагийн орчимд явцгаасан. Ингээд Булганы жалга гэх газарт очоод тухайн уурхайн хамгаалалт хариуцсан гэх өндөр биерхүү залуу ирээд биднийг талбайгаас гар гэсэн шаардлагыг тавьсан. Тавьсан шаардлагыг биелүүлээд бид 4 гарцгаасан. Ингээд тухайн талбайгаас холгүй уул өөд өгсөж явтал араас нөгөө залуу хүрч ирээд, Отгоогоос миний дугаар асуугаад байх шиг байсан. Отгоо тухайн хүний дугаарыг мэдэхгүй гэж хариулж байсан. Тэгээд тэр хамгаалалтын залуу Отгоог ахиад чи тэр хүнийхээ дугаарыг мэддэг юм биш үү гээд дахин дахин шалгаагаад байсан. Тэгээд сүүлд машинаас Отгоотой барьцалдаж аваад буусан. Буугаад хоорондоо барьцалдаж аваад зогсож байхаар нь хөгшөөн боль боль гээд байж байгаад салах шиг болсон. Тэгээд машин руугаа алхаад явж байтал араас нөгөө ахын толгой хагарчихлаа гэчихсэн байж байсан. Намайг очиход тухайн хамгаалалтын залуу Отгоог чулуу шидчихлээ гэж хэлж ярьж байсан. Тэгээд тухайн уурхайн жолооч гэх ах ирээд машиндаа нөгөө тархиндаа гэмтэл авсан гэх Д  гэх залууг аваад Хайлааст багийн төв рүү эмнэлэг рүү авч явсан. Харин би гэмтсэн гэх Д тай хамт сууж явсан. Гарч ирэхээр нь Д тай уулзахад толгой нь боолттой, оёдол тавиулаад гараад ирлээ гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/,

Гэрч Б.У ын өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр найз болох О , М , С  нарын хамтаар Булган аймгийн ...т үйл ажиллагаа явуулдаг Булган жалга гэх газар руу Алт хайхаар явцгаасан. Ингээд тухайн газарт очоод уурхайн харуул хамгаалалт хариуцсан гэх Д  гэх хүнтэй О  муудалцаад улмаар газраас чулуу аваад цохичихсон. Хэзээ нь чулуугаар цохисонг мэдэхгүй. Нэг мэдэхэд нөгөө харуул хамгаалалтын залуугийн толгойноос цус гарч байсан. Ингээд М  нөгөө залуугийн толгойг боож өгөөд Хайлааст багийн төв рүү эмнэлэгт үзүүлэхээр авч явсан. Өмнө нь Д  гэх залууг харж байгаагүй, тэр өдөр л таарсан. Гадна машины дэргэд маргалдаад чулуу аваад цохичихсон гэж ярьж байсан. Юунаас болж маргалдсаныг сайн хэлж мэдэхгүй байна. Чулуугаар цохиулсаны дараа Д  гэх залуу дээр явж очиход газар толгойоо гараараа барчихсан хэвтэж байсан. Толгойноос цус гараад байхаар нь М  машинаас даавуу аваад дараад боолгосон. Ингээд удаагүй тухайн газраас хөдлөөд эмнэлэг орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Ө ы өгсөн: “...Хамт явсан найз В.О тэй маргалдаад байсан...,  нөгөө залуу дээр алхаад очтол газар толгойгоо барьчихсан хажуу тийшээгээ харчихсан хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/,

Яллагдагчаар Д.О  мэдүүлэхдээ: “...Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний хийсэн үйлдэлд тохирч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-67 дугаар хуудас/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 335 тоот дүгнэлтэнд: 1. Д.Д гийн биед толгойн зулай дагз хэсгийг хамарсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Гэмт хэрийн талаархи гомдол, мэдэлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 37 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 36 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч В.О  нь 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн ...ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Б  ХХК-ний эзэмшилийн уурхайн талбай дээр тус байгууллагын харуул хамгаалалтын ажилтан болох Д.Д гийн толгойн тус газарт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Д.Д , гэрч Ц.М , Б.У , Ц.Ө  нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон Д.Д гийн биед толгойн зулай дагз хэсгийг хамарсан шарх, цус хуралт гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 335 тоот дүгнэлтэнд зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүгдэгч В.О ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч В.О ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

   Хохирогч Д.Д  нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

   Шүүгдэгч В.О ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч В.О ийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч В.О т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч В.О  нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

  1. Шүүгдэгч Х овгийн В.О ийг “хүний эрүүл мэндэдхөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааршүүгдэгч В.О ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тустус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.
  4. Шүүгдэгч В.О  нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй,нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэххэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.О т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахьхэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч В.О т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Ж.ДЭЛГЭРМӨРӨН