| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06117/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2016/05696 |
| Огноо | 2016-11-10 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 10 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2016/05696
| 2016 оны 11 сарын 10 өдөр | Дугаар 102/ШШ2016/05696 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 5-р хороо, 10-р хороолол, 5-р байр 14 тоотод байрлах, “Баян-Уул сити” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 19-р хороо, 4-р хороолол, Монгол шуудангийн 24-р салбарын байр, “Визард констракшн” ХХК-нд холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 21 435 495 төгрөг гаргуулах, “Баян-Уул сити” ХХК-иас 14 989 869 төгрөг гаргуулахыг хүссэн “Визард констракшн” ХХК-ний сөрөг нэхэмжлэлтэй хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Ганбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун /үнэмлэх 0974/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батмагнай, хариуцагчийн өмгөөлөгч Б.Гэрших-Бөртэ /үнэмлэх 2040/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ганбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баян Уул Сити” ХХК нь 2014 онд “Визард Констракшн” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, “Визард Констракшн” ХХК-ийн Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт барьж буй 192 айлын 2-р ээлжийн орон сууцны барилга, Хан-Уул дүүргийн Хуучин Зайсан, 10-р хаус, 2-р ээлжийн орон сууцны барилгуудын гадна болон дотор өрлөг, шаврын ажлыг 2014 оны 8-р сарын 14-ний өдрөөс 2014 оны 12-р сарын 25-ны өдөр хүртэл гүйцэтгэж, гэрээний хавсралтад заасан нэгж м.кв талбайн ажлын хөлсийг тооцож, мөн гадна 36 м.куб өрлөгийг 1 м.куб 65.000 төгрөгөөр бодож тохиролцсон. Дээрх 2 орон сууцны барилгын ажлын нийт хөлс 86 916 270 төгрөгийг “Визард констракшн” компани төлөхөөс 57 579 295 төгрөгийг авсан. Гэрээнд заасны дагуу ажлын хөлсийг ажил бүрийн дараа ажил хүлээлцсэн хуудас, хяналтын хуудсаар бүрэн баталгаажсан байдал зэргийг үндэслэн олгохоор тохиролцсон. Гэтэл “Визард Констракшн” ХХК нь 2014 оны 12-р сарын 25-наас хойш ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 21 435 495 төгрөгийг төлөөгүй байна. Ажлын хөлсөө удаа дараа шаардсан боловч захирал, нягтлан нь олддоггүй, өнөөдөр, маргааш тооцоо бодно гэсээр өнөөдрийг хүрлээ. Дээр дурдагдсан орон сууцны хоёр барилга 2015 оны 05-р сард бүрэн ажилтанд орсон. Иймд “Визард Констракшн” ХХК-иас ажлын хөлс 21 435 495 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батмагнай шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь 2014 онд “Баян уул сити” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Баянгол дүүрэг, 6 дугаар хороонд байрлах 198 айлын 2 дугаар ээлжийн орон сууцны барилгын, мөн гэрээ байлгуулалгүйгээр Хан-Уул дүүрэг, хуучин зайсан дахь 10 дугаар хаусын 2 дугаар ээлжийн орон сууцны барилгын өрлөг шаврын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон. “Баян уул сити” ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Хан-Уул дүүргийн Хуучин зайсан дахь 10 дугаар хаус, 2 дугаар ээлжийн орон сууцны барилгын 2014 оны 10-р сарын 13-ны өдрийн ажил гүйцэтгэсэн акт, 2014 оны 09-р сарын 15-ны өдрийн ажил гүйцэтгэсэн акт, Баянгол дүүргийн 6-р хороонд байрлах 192 айлын 2-р ээлжийн орон сууцны барилгын 2014 оны 08-р сарын 14-нөөс 2014 оны 10-р сарын 20-ны өдрийг хүртэлх ажлын ажил гүйцэтгэсэн акт, 2014 оны 11-р сарын 11-ны өдрийн ажил гүйцэтгэсэн актууд, “Баян уул сити” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 3-р зүйлийн 3.9-д “өрлөг шавар хавсарган үнэ 65,000 төгрөг гэж заасныг тус тус үндэслэн нийт хийсэн ажлын тоо хэмжээ түүний төлбөрийг харуулсан байдаг. Үүнээс гадна тус компани нь “Баян уул сити” ХХК-д баримтаар нийт 61 409 295 төгрөгийг төлсөн байна. 2 компани хоёулаа хяналтын инженертэй, “Баян уул сити” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг шалгах явцад ажлын доголдол, чанарын шаардлага хангахгүй байдлууд нэлээдгүй илэрч, зөрчлийг фото зургаар бэхжүүлэн 2014 оны 12-р сарын 22-ны өдөр нийт 5 568 057 төгрөгийн акт үйлдсэн байна. 2 тал гэрээний 2-р зүйлийн 2.6-д “Б талын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж буулгасан буюу дахин хийсэн ажлын материал, механизм, бусад зардлыг туслан гүйцэтгэгч талаар төлүүлэх эрхтэй” гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 350 дугаар зүйлын 350.1.6, 350.1.7-д зааснаар уг актын дүнг “Баян уул сити” ХХК нь хариуцах ёстой. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баян уул сити” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах 192 айлын 2 дугаар ээлжийн орон сууцны барилгын өрлөг, шаврын ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Гэрээний дагуу “Баян уул сити” ХХК-д 66 409 295 төгрөгийг төлсөн. Гэвч гүйцэтгэгч талын хүлээлгэн өгсөн ажлын үр дүнгийн доголдлоос үүсэн 2014 оны 12-р сарын 22-ны өдөр нийт 5 568 057 төгрөгийн акт тавигдсан, тус орон сууцны 147 тоотын гадна хана цуурсны улмаас нийт 275 000 төгрөгийн зардал гарсан, 114, 117, 118, 120, 130, 147, 153 тоот захиалагч нарын зүгээс байрны м.кв-ийн зөрүү гарсан гэсэн шаардлага тавьсан. Энэ нь зөвхөн барилгын гадна хананы өрлөг муруй, багана, дам нурууг бариулж өрөөгүйгээс үүсэх тул эдгээр захиалагч нарт м.кв-ын зөрүүд нийтдээ 16 798 000 төгрөг төлсөн. Нийт гүйцэтгэгчийн ажлын үр дүнгийн доголдлоос учирсан хохирол, доголдлыг арилгахад шаардагдсан зардал, ажлын үр дүнг шалгах явцад тавьсан акт зэрэг нь 22 641 057 төгрөгөөс өмнөх ажлын хөлсний үлдэгдэл болох 7 651 188 төгрөгийг хасч үлдэгдэл 14 989 869 төгрөгийг “Баян-Уул сити” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын байгуулсан гэрээгээр гүйцэтгэгч тал нь захиалагчийн бүх хяналт доор ажлаа гүйцэтгэж, актаар гарын үсэг зурж хүлээлцэж байсан. Гүйцэтгэгчийн хувьд ажлыг 2014 оны 11-р сараас өмнө хийж гүйцэтгэсэн, үүнээс хойш ямар нэг доголдлын талаар яригдаж байгаагүй. Энэ талаарх баримт байхгүй, харин “Визард констракшн” ХХК-ны дангаараа үйлдсэн 5 568 057 төгрөгийн актыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн тухайн барилгын ажлыг нь “Баян-Уул сити” ХХК нь гэрээнд заасан бүх ажлаа хийж дуусгасан ба үүнийг нь улсын комисс акт үйлдээд хүлээгээд авсан учраас энэ хохирлын асуудлаа өөрсдөө хариуцах ёстой. 192 айлын орон сууцны 7 айлын байрны талбайн дутуу байснаас 16 798 000 төгрөг төлсөн гэжээ. Өрлөг шаврын ажлаас болж талбайн зөрүү гарсан байх боломжгүй. Тийм учраас хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Баян-Уул сити” ХХК нь “Визард констракшн” ХХК-нд холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 21 435 495 төгрөг гаргуулах, хариуцагч нь “Баян-Уул сити” ХХК-иас 14 989 869 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ. Шүүх “Баян-уул сити” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагаас 16 815 348 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, бусад 4 620 147 төгрөгийн нэхэмжлэл болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэлээ.
“Визард констракшн” ХХК нь “Баян-Уул сити” ХХК-тай 2014 онд “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт барьж буй 192 айлын 2-р ээлжийн орон сууцны барилга, Хан-Уул дүүргийн Хуучин Зайсан, 10-р хаус, 2-р ээлжийн орон сууцны барилгуудын гадна, дотор өрлөг, шаврын ажлыг гүйцэтгүүлэх, шавардлага, өрлөгийн ажлын хөлсийг 65 000 төгрөгөөр тооцож төлөхөөр /хх 5-7/ тохирчээ.
Ерөнхий ажил гүйцэтгэгч “Визард контсракшн” ХХК нь туслан гүйцэтгэгч “Баян-Уул сити” ХХК-иар ажил гүйцэтгүүлэхээр тохирсон, талуудын хооронд Иргэний хуулийн 343-р зүйлд заасан “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан байна.
Ажил гүйцэтгэгч нь гэрээгээр тохирсон ажлыг 2014 оны 8-р сарын 14-нөөс 2014 оны 12-р сарын 22-ны хугацаанд гүйцэтгэсэн байх ба захиалагч нь энэ хугацаанд гүйцэтгэсэн ажлын хөлсийг дутуу өгснөөс талуудын хооронд маргаан гарчээ.
Ажил гүйцэтгэгч нь ажлын хөлс 21 435 495 төгрөгийг төлөөгүй гэж маргасан бол, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “гүйцэтгэсэн ажлын үр дүн нь доголдолтой байсан, зардал гаргаж хохирсон” гэж тайлбарлажээ.
Барилгын тухай хуулийн 15-р зүйлийн 15.1.2 дахь хэсэгт зааснаар захиалагч нь барилгын ажлын явц, чанарт хяналт тавих, фото зургаар баримтжуулсан ил далд ажлын акт, барилгын ажлын гүйцэтгэлийг баталгаажуулах үүрэгтэй байна.
Гүйцэтгэгчийн Баянгол дүүргийн 6-р хороо, 192 айлын 2-р ээлжийн орон сууцны барилгат 2014 оны 8-р сарын 14-нөөс 2014 оны 10-р сарын 20-ны хугацааны ажлыг захиалагч, гүйцэтгэгч баталгаажуулсан /хх 12/, ажлын хөлс 63 661 050 төгрөг тооцохоос НӨАТ ороогүй дүн 57 294 945 төгрөг, 2014 оны 10-р сарын 20-ноос 2014 оны 11-р сарын 11-нийг хүртэл хугацааны ажлыг 1 тоот “Ажил гүйцэтгэх акт”-аар баталгаажуулсан /хх 21/, ажлын хөлс 11 622 672 төгрөг, Хан-уул дүүргийн хуучин Зайсан, 10-р хаусын 2-р ээлжийн орон сууцны барилгат 2014 оны 9-р сарын 1-нээс 2014 оны 9-р сарын 15-ны хугацааны ажлыг 2014 оны 9-р сарын 15-ны болон 2014 оны 10-р сарын 13-ны 1 тоот актаар баталгаажуулсан /хх 13-19, 61-70/, ажлын хөлс 9 307 026 төгрөг нийт 78 224 643 төгрөгийн ажлыг “Баян-Уул сити” ХХК гүйцэтгэсэн гэж үзнэ.
Үүнээс хэргийн 71-80 дахь талд авагдсан ажлын хөлс төлсөн баримтаар захиалагч нь нийт 61 409 295 төгрөгийг гүйцэтгэгчид шилжүүлсэн байна. Гүйцэтгэгчид төлөх хөлсний зөрүү 16 815 348 төгрөгийг “Визард констракшн” ХХК төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.
Харин “Визард констракшн” ХХК нь иргэн Энхбаатарын ХААН банкны 5234056609 тоот дансанд 2014 оны 10-р сарын 27-ны өдөр “бүргэд хаалганы үнэ”-нд 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн /хх 79/ байх ба үүнийг “Баян-Уул сити” ХХК-ний ажлын хөлсөнд шлжүүлсэн гэх үндэслэлгүй.
Сөрөг нэхэмжлэлийн талаар:
“Визард констракшн” нь гүйцэтгэгчийн ажлын доголдлын улмаас 14 989 869 төгрөгийн зардал гэж маргаж нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Талуудын байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-гээр “Визард констракшн” ХХК нь Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт барьж буй 192 айлын 2-р ээлжийн орон сууцны барилгын ажлын ажил гүйцэтгэгч бөгөөд орон сууцны барилгын өрлөг, шаврын ажлыг хийж гүйцэтгүүлэх туслан гүйцэтгэгчээр “Баян-Уул сити” ХХК-ийг ажиллуулжээ.
Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч “Визард констракшн” ХХК нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болох ба туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө буюу өөрөө хариуцна.
Нөгөө талаар, захиалагчийн хяналтгүйгээр ажил гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдоогүй бөгөөд гүйцэтгэсэн ажлын үр дүнг актаар хүлээн авч, ажлын хөлсийг шилжүүлж байсан ба ажлын үр дүн нь доголдолтой байсан, түүний зардлаар доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, тогтоосон хугацаанд доголдлыг арилгаагүй бол захиалагч доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардлага гаргаж байгаагүй, энэ талаарх шаардлагаа баримтаар нотлоогүй байна.
2014 оны 12-р сарын 22-ны өдрийн 5 568 057 төгрөгийн актыг “Визард констракшн” ХХК-ний эдийн засаг, төсөв, төлөвлөгөө хариуцсан ерөнхий инженер Ө.Батмагнай үйлдсэн /хх 81-93/ байх ба актын дагуу түүгээр доголдлыг арилгуулахаар шаардсан, захиалагч энэ хэмжээгээр зардал гаргасныг нотлоогүй гэж үзнэ.
Түүнчлэн орон сууцны 147 тоотын гадна хана цуурсны улмаас нийт 275 000 төгрөгийн засварын тайланг гэрээний нэг тал буюу захиалагч үйлдсэн байх ба энэ нь 275 000 төгрөгийн зардал гаргаж доголдлыг арилгасан гэх санхүүгийн баримтуудаар тогтоогдоогүй байна.
“Визард констракшн” ХХК нь Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт барьж буй 192 айлын 2-р ээлжийн орон сууцыг барихдаа иргэн С.Байгалтай 2014 оны 4-р сарын 11-ний өдөр 120 тоот, иргэн С.Отгонбаатартай 118 тоот, 2014 оны 06-р сарын 24-ний өдөр иргэн Г.Амаржаргалтай 117 тоот, 2014 оны 1-р сарын 17-ны өдөр М.Цэнд-Аюуштай 114 тоот, 2014 оны 04-р сарын 28-ны өдөр Я.Нямчимэгтэй 130 тоот, 2014 оны 6-р сарын 9-ний өдөр Т.Жамбалсүрэнтэй 153 тоот “Захиалгын гэрээ”-г тус тус байгуулж, гэрээгээр тохирсон талбай бүхий сууцыг шилжүүлэх, захиалагч тохирсон үнийг төлөхөөр тус тус тохирсон байна.
Захиалагч сууцны үнийг бүрэн төлсөн боловч сууцны талбай тохирсон хэмжээнээс бага байгаа талаар маргасан, улмаар гүйцэтгэгч нь захиалагч нарт м.кв-ын зөрүүд 16 798 000 төгрөг төлсөн нь хэргийн 95-126 дахь талд гэрээ, мөнгө төлсөн баримтууд, талбайн хэмжилт хийсэн баримтуудаар тус тус тогтоогджээ.
Эдгээр гэрээний үүрэгтэй холбоотойгоор захиалагч нар маргасан, гүйцэтгэгч талбайн зөрүүнд мөнгө буцааж төлсөн нь гэрээний нэг тал үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотой байна.
Барилгын тухай хуулийн 12-р зүйлд зааснаар барилгын зураг төсөл нь хуулинд заасан шаардлагыг хангасан, 14-р зүйлийн 14.1.1 дэх хэсэгт зааснаар барилга зураг төслийн дагуу баригдсан байх, зураг төслийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр өөрчлөхгүй бөгөөд багана, дам нурууг бариулж өгөөгүй нь барилгын зураг төсөлд тусгагдсанаас өөрөөр баригдсан бол захиалагчийн хяналттай холбоотой, барилгын гадна хананы өрлөг муруй болсноос буюу туслан гүйцэтгэгчийн буруугаас болсон байх боломжгүй, захиалагч ажлын гүйцэтгэлийг актаар хүлээн авсан байна.
192 айлын орон суцны барилгыг улсын комисс ашиглалтад хүлээн авсан, захиалагч нар захиалсан сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн талаар талууд маргаагүйг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 115.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1, 352-р зүйлийн 352.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Визард констракшн” ХХК-иас 16 815 348 /арван зургаан сая найман зуун арван таван мянга гурван зуун дөчин найм/ төгрөг гаргуулж “Баян-Уул сити” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 4 620 147 /дөрвөн сая зургаан зуун хорин мянга нэг зуун дөчин долоо/ төгрөгийн нэхэмжлэл болон “Баян-Уул сити” ХХК-иас 14 989 869 /арван дөрвөн сая есөн зуун наян есөн мянга найман зуун жаран ес/ төгрөг гаргуулахыг хүссэн “Визард констракшн” ХХК-ний сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265 127 төгрөг, хариуцагчаас төлсөн 232 900 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Визард констракшн” ХХК-иас 242 026 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Баян-Уул сити” ХХК-д олгосугай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА