| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2020/0358/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/11 |
| Огноо | 2021-01-05 |
| Зүйл хэсэг | 17.12.2.4., |
| Улсын яллагч | Д.Батзаяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,
Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Батзаяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд,
Шүүгдэгч Б.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц-д холбогдох эрүүгийн 2038004870413 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Ц.
Шүүгдэгч Б.Ц- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Хатгал явдаг замд 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэн Н.М-ийн өмчлөлийн 1 тооны улаан толгойтой сувай эм хонийг өөрийн өмчлөлийн ... улсын дугаартай саарал өнгийн Хонда-Пит загварын тээврийн хэрэгслийг ашиглаж хулгайлан иргэн Н.М-т 100.000 мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ц- нь шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Хатгал явдаг замд 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэн Н.М-ийн өмчлөлийн 1 тооны улаан толгойтой сувай эм хонийг өөрийн өмчлөлийн ... улсын дугаартай саарал өнгийн “Хонда-Пит” загварын тээврийн хэрэгслийг ашиглаж хулгайлан иргэн Н.М-т 100.000 мянган төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
Шүүгдэгч Б.Ц-ийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,
- Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 52 дугаар хуудас/,
- АВ ангиллын ... дугаартай жолоочийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 53 дугаар хуудас/,
- Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 176 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
- Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 60-62 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 20 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 63-64 дүгээр хуудас/ зэрэг баримт бичиг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, амар хялбар аргаар ашиг хонжоо олох санаа зорилго, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Б.Ц- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч Б.Ц-ийн мэдүүлж байгаа “...Би мөнгөний хэрэгцээ гараад эзэнгүй бэлчээрт байсан хониноос нэг тооны хонь авсан” гэх мэдүүлгээс үзвэл шүүгдэгч нь амар хялбар аргаар ашиг хонжоо олох, иргэдийн мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг дутмаг, мал сүргийн хариулга, маллагаа хангалтгүй, малаа удаан хугацаагаар бэлчээрт орхих зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Б.Ц- нь шунахайн сэдэлтээр 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Хатгал явдаг замд өөрийн өмчлөлийн ... улсын дугаартай саарал өнгийн “Хонда-Пит” загварын тээврийн хэрэгслийг ашиглаж иргэн Н.М-ийн өмчлөлийн 1 тооны сувай эм хонийг бэлчээрээс нь нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлж авсан байна.
Шүүгдэгч Б.Ц-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 100.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Ц- нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Н.М-т 100.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 65/, “...100.000 төгрөг надад өгсөн” гэх хохирогч Н.М-ийн гараар бичсэн бичвэр /хх-ийн 66/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нь гэмт хэргийг санаатайгаар хүсэж үйлдсэн, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан бусдын малыг автомашин ашиглаж хулгайлсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Б.Ц- нь урьд гэмт хэрэг үйлдэж байсан болох нь ял шийтгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбаруудаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн хайхрамжгүй байдлаас болж дээрх гэмт хэргийг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх шүүгдэгч Б.Ц-д ял оногдуулахдаа улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, мөн зүйлийн 1.3 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Ц- нь 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 17 хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч Б.Ц-ийн цагдан хоригдсон 17 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг...албадан гаргуулна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Ц-ийн өмчлөлийн 2.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Хонда-Пит” загварын ... улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг хураан авч, улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Машин механизм ашиглаж мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Ц-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ийн цагдан хоригдсон 17 /арван долоо/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Ц-ийн өмчлөлийн 2.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Хонда-Пит” загварын ... улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг хураан авч, улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,
хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ