Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 28

 

 

 

 

 

 

 

 

Ц.Нацагдоржид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

         Даргалагч,

                                    Ерөнхий шүүгч                   Б.Батзориг

                                    Шүүгчид                             Ц.Амаржаргал                                       

                                                                            Д.Буянжаргал

                               Оролцогчид:

                                  Прокурор                            М.Энхбаатар

                                    Хохирогч                               А.Даваа

                                    Хохирогчийн өмгөөлөгч     А.Отгонбаяр

                                    Шүүгдэгчийн өмгөөлөгч     Р.Атарцэцэг

                                    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 52 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Цэдэн-Ишийн Нацагдоржид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1731001230110 дугаартай, 175/2018/0046/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1963 оны 09 дүгээр сарын 16-нд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг, 10 дугаар хэсэг, хөдөө оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржигон овогт Цэдэн-Ишийн Нацагдорж /Регистрийн дугаар: МО63091615/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Нацагдорж нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11 цагийн үед Сэлэнгэ аймгийн Шаамар сумын “Дэлгэрхаан” 1-р багийн нутаг дэвгэрт орших “Дэнжийн” сайжруулсан шороон зам дээр “Тоёота марк-Х” маркийн 76-76УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас эсрэг урсгалаар явж байсан иргэн М.Батсайханы жолоодож явсан “Хино” маркийн 81-29 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсний улмаас 76-76УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн З.Лхагважавын биед хүнд гэмтэл учруулж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.                            

 

Анхан шатны шүүх Ц.Нацагдоржид холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 20-ний өдөр хянан хэлэлцээд 52 дугаартай шийтгэх тогтоолоор Боржигон овогт Цэдэн-Ишийн Нацагдоржийг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний амь нас хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар Цэдэн-Ишийн Нацагдоржийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Даваагийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн зардалд төлсөн 500.000 төгрөгийг ялтан Ц.Нацагдоржоос гаргуулж А.Даваад олгохоор тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 10.834.800 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар Эрүүгийн шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдан, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.  

 

Хохирогчийн өмгөөлөгч А.Отгонбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолыг хохирогчийн өмгөөлөгч А.Отгонбаяр би эс зөвшөөрч давж заалдаж байна. Үүнд:

1. Шүүгдэгч Ц.Нацагдоржид оногдуулсан нэг жилийн хорих ялыг хохирогчийн талд илтэд хөнгөдсөн гэж үзнэ. Учир нь талийгаач З.Лхагважав нь эхнэр, насанд хүрсэн боловч оюун санааны хомсдолтой, өөрийгөө бие даан авч явах чадваргүй 2 хүүхэд, насанд хүрээгүй нэг хүүхдүүдээ тэжээн тэтгэдэг ганц өмөг түшиг хүн нь байсан. Тэрээр нас барах үедээ цалингийн болон тэтгэврийн зээлтэй байсан. Энэ зээлийн үлдэгдэл талийгаачийн эхнэр, хамтран зээлдэгчийн үүрэг гүйцэтгэгч А.Даваад үлдсэн зэрэг асар их санхүүгийн болон сэтгэл санааны хохирол ар гэрт нь үлдсэн юм. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар удаа дараагийн шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг тайлбараар бүрэн нотлогдсоор байхад зөвхөн яллагдагчийн “Хохирогч.......машины хүрднээс өөр рүүгээ татсан” гэж мэдүүлснийг иш үндэс болгон хохирогчийн зүй бус, хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж ял хөнгөрүүлсэн талаархи дүгнэлтэндээ дурджээ. Яллагдагч /шүүгдэгч/ нь Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй этгээд юм. Хохирогч гомдолтой гэдгээ шүүх хуралд тодорхой хэлж ярьсаар байхад хамгийн бага ял оногдуулсанд гомдолтой байна.

2. Шүүгдэгчид холбогдуулан талийгаач З.Лхагважавын цалингийн болон группын зээлийн үндсэн баримт тухайлбал: Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, “ХААН” банкны тодорхойлолт зэрэг баримтуудыг үндэслэн хохирогчийн зүгээс гаргасан иргэний нэхэмжлэлийг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5-р зүйлийн 2 дахь заалтыг баримтлан эрүүгийн шүүх хуралдаанаар нэг мөр шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь “ХААН” банк байх ёстой, зээлдэгч нь хамтран зээлдэх үүрэг гүйцэтгэгчээс нэхэмжлэх үү эсхүл хор уршиг учруулсан этгээдээс шаардах уу гэдгийг банк шийдэх ёстой гэж дүгнэлт хийснийг үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь зээлдүүлэгч нь зээлийн гэрээний дагуу хамтран зээлдэгчээс шаардан төлүүлсээр байгааг дурдах нь зүйтэй юм.

Монгол улсын Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж заасан. Хохирогч А.Даваа нь эрүүгийн хэрэг үүсч, байцаан шийтгэх ажиллагаа явуулснаас эхлэн 10.834.800 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байгаа юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор банкинд шаардах эрх үүссэн байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна. ... Хохирогчийн хэлсэнчлэн талийгаач жолооны хүрд булаацалдсаны улмаас осол гарсан гэсэн үндэслэлээр шүүх Ц.Нацагдоржид ял шийтгэл оногдуулахдаа хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримтлан ял хөнгөрүүлж оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхыг шаарддаг. Шинжээчийн дүгнэлтүүд, гэрч, хохирогчийн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар талийгаач нь жолооны хүрд булаацалдсан гэдэг нь тогтоогдоогүй юм. Иймд А.Даваагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв. 

 

Хохирогч А.Даваа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолыг хохирогч А.Даваа би эс зөвшөөрч давж заалдаж байна. Үүнд: 

1. Миний нөхөр талийгаач З.Лхагважав нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зам тээврийн ослын улмаас нас барсан нь манай гэр бүлд маш их гарз учирсан. Талийгаач маань манай гэр бүлийн бүх амьдралыг зохицуулж, ажил хийдэг цалинтай ганц хүн нь байсан. ... Талийгаач нас барах үед түүний группын зээлийн үлдэгдэл 4.020.000 /дөрвөн сая хорин мянган/ төгрөг, цалингийн зээлийн үлдэгдэл 6.814.800 /зургаан сая найман зуун арван дөрвөн мянга найман зуун/ төгрөг нийтдээ 10.834.800 /арван сая найман зуун гучин дөрвөн мянга найман зуун/ төгрөгний зээлийн үлдэгдэл үлдсэн. Талийгаачийг нас барах үед оршуулгын зардал 1.200.000 төгрөгийг нийгмийн даатгалаас авахын тулд түүний группын зээлийн үлдэгдлийг хүнээс зээлж банкны өрийг нь хаагаад оршуулгын зардлаа авсан. ...Анхан шатны шүүхээс миний нэхэмжилсэн зээлийн үлдэгдэл 10.834.800 /арван сая найман зуун гучин дөрвөн мянга найман зуун/ төгрөг, мөн хууль ёсны өмгөөлөгчийн зардалд төлсөн 500.000 /таван зуун мянган/ төгрөг болон нийт 11.334.800 /арван нэгэн сая гурван зуун гучин дөрвөн мянга найман зуун/ төгрөгийг “Банк нэхэмжлэл гаргаагүй” гэсэн шалтгаанаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5-р зүйлийн 2 дахь заалтыг баримтлан эрүүгийн шүүх хуралдаанаар нэг мөр шийдвэрлэж өгөөгүйд гомдолтой байна.

2. Би эмнэлэгт ажиллаж цалинтай байхын тулд Сүхбаатар сумын 3 дугаар багийн 6 дугаар хэсэгт 18 тоотод иргэн Баасангийн байранд 2018 оны 05 дугаар сарын 01 болтол түр хугацаагаар амьдарч байна. Цаашид бид өөрийн гэсэн гэр оронгүй хаана яаж амьдрах эсэх маань тодорхойгүй, өр зээлээ яаж барагдуулж, амин зуулганы мөнгөгүй яаж амьдрахаа мэдэхгүй байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хүний амь нас хохироосон гэх мэт олон хуулиин заалтыг зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн мөртлөө хуулийн заалтын хамгийн хөнгөн ялыг эдлэхээр болж байгаа нь Монгол улсад хүний амь нас ямар ч үнэ цэнэгүй болсон мэт санагдаж байна. ...Шүүгдэгчээс бид орон байр, эд хөрөнгө нэхээгүй зөвхөн талийгаачийн өрийг барагдуулж өгөхийг л хүссэн боловч хань ижлийн минь амь насыг хохироочихоод нэг ч төгрөг өгөхгүй, хамгийн хөнгөн ялыг авчихаад сууж байгаа нь шударга биш шийдвэр гэж үзэж байна. Шүүх хуралдаанаас гаргасан шийдвэр нь бидний амьдралд учирсан хор хохиролыг үл харгалзан гэмт хэрэг гарах үед “Талийгаачийг машины хүрднээс өөр рүүгээ татаж гэмт хэрэг гарах үндэс болсон” мэтээр шүүгдэгч Ц.Нацагдоржийн мэдүүлгээр шүүхийн тогтоолд тусгаж, ямар ч гэрчгүй, нотлох баримтгүй зүйлийг иш үндэс болгосон шийдвэр гарч улмаар миний гомдлыг барагдуулаагүй байхад шүүх хуралдаанаас гаргасан шүүгдэгч Ц.Нацагдоржид оногдуулсан нэг жилийн ялыг хөнгөдсөн гэж үзэж түүнд оногдуулсан ялыг дахин хэлэлцэж өгөхийг хүсч байна.

3. Гэмт хэргийн шүүгдэгч Ц.Нацагдоржоос талийгаачийн группын болон цалингийн зээлийн үлдэгдэл болох 10.834.800 /арван сая найман зуун гучин дөрвөн мянга найман зуун/ төгрөгийг нэхэмжилсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг нь миний ажил дээр 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шүүгдэгч Ц.Нацагдоржийн эхнэр Хишигмаа, дүү Баярсайхан, түүний эхнэр 3 хүний хамт ирж намайг дарамталж “Чи нэг ч төгрөг авч чадахгүй. Чамд тийм эрх байхгүй. Чиний нөхрийн авсан зээлийг чи хувааж идчихээд юу яриад байгаа юм бэ. Чиний идсэн мөнгийг энэ хүмүүс яахаараа төлөх ёстой юм бэ” гэж намайг нэг ч үг хэлүүлэхгүй загнаж дарамталсан. Шүүгдэгч Ц.Нацагдоржийн эхнэр Хишигмаа намайг “Энэ хуулийн хүний өөдөөс чи юу яриад байгаа юм бэ. Дуугүй бай чи. Чи дуугүй үгийг нь сонс” гэж намайг дарамталж загнаж байгаад явсан. Өмгөөлөгч Р.Атарцэцэг нь өмгөөлөгчийн ёс зүйгээ зөрчиж шүүгдэгч нартай хамтран намайг ганцаардуулан загнаж ёс зүйгүй байдал гаргасан би гомдолтой байна.

Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжин оролцож байна. Ц.Нацагдорж нь жолооны хүрд булаацалдсан тухай хэлж байсан. Энэ тал дээр ямар ч гэрч байхгүй байхад шүүгдэгч Ц.Нацагдорж нь ингэж хэлж байгаа нь зүйд нийцэхгүй байна. Би 3 хүүхдийнхээ амьдралыг зохицуулахын зэрэгцээ талийгаачийн өр зээлийг төлж байгаа нь бидний амьдралыг маш их хүндрүүлж байна. Хэрэв миний нөхөр амьд сэрүүн байсан бол ажлаа хийгээд бага ч болов цалингаа аваад энэ зээлийн өрөө өөрөө төлөөд явж байх байсан. Цаашид бид өөрийн гэсэн гэр оронгүй хаана яаж амьдрах эсэх маань тодорхойгүй, өр зээлээ яаж барагдуулж, амин зуулганы мөнгөгүй яаж амьдрахаа мэдэхгүй байна. Шүүхэд гаргасан гомдлыг минь шийдвэрлэж өгнө үү гэв.  

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Цэдэн-Иш овогтой Нацагдоржийг шүүх эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний амь нас хохироох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон. Шүүгдэгчийн хувьд хийсэн хэрэгтээ гэмшсэн, түүнийг хүлээн зөшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг /оршуулгын зардлыг/ төлж барагдуулсан болно.

          Гомдолд талийгаач нас барах үед группын зээл 4 сая 20 мянган төгрөг, цалингийн зээл 6.814.800 төгрөг нийт 10.834.800 төгрөгийн зээлийн үлдэгдэл үлдсэн гэжээ. Энэ мөнгийг А.Даваа нэхэмжилдэг. Хэргийн материалд 2017 оны 10 сарын 01-ний өдөр 7 сая төгрөгийн зээл З.Лхагважав авсан зээлийн гэрээний баримт байгаа. Энэ мөнгө нэг өдрийн дотор хайчив гэдэг асуудал ч анхаарал татаж байгаа. Дээд шүүхийн 2009 оны 15 дугаартай тогтоолын 6.1.4 дэх заалтад оршуулгын зардлыг бодит хохиролд тооцохоор тайлбарласан байдаг.

          ...Тухайн осол гарах өдөр талийгаач З.Лхагважав нь найзын хувьд Нацагдоржийг гэрээс нь дагуулж ажил хөөцөлдөх шаардлагатай байна эхнэртээ мөнгө шилжүүлэх гэсэн юм машинаараа яваад өгөөч гэж гуйснаар явсан ажлыг нь хөөцөлдөж өгөөд гэрт нь хүргэж өгөх гэж яваад осолд орсон байдаг. Тухайн нөхцөлд талийгаач болон шүүгдэгч нарын биед учирсан гэмтлүүд ижил байдаг бөгөөд З.Лхагважав нь нас барсан, Нацагдорж нь амь нас маш хүнд байсан тул эмнэлгийн эмч нарын ачаар өнөөдөр хөл дээрээ боссон боловч энэ олон тооны хавирганы хугарал сээр нурууны хугарал зэргээс болж байнгын өвчин шаналд автаж биеийн байдал маш муу байгаа. Энэ байдлаасаа болж сэтгэцийн хэвийн бус байдалд орж сэтгэцийн эмчилгээ хийлгэж одоо ч байнгын эмчилгээтэй байгаа.

          ...Хуулинд хохирохоос өөр төрлийн ял байхгүй учир тэр хүн хорих ялаар шийтгэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хурдан хорихын эмнэлэг рүү явуулах шаардлагатай гэдгийг хэлж байсан. Жолооны хүрд булаацалдсан асуудал дээр ганц гэрч Ц.Нацагдорж нь тухайн үед болсон үйл явдлыг хэлсэн. Хэн нэгэн хүнд буруу өгөх гэсэн асуудал яриагүй. Ц.Нацагдорж нь осол гарсан үед тээврийн хэрэгслийг жолоодож яваад хүний амь нас хохироосон гэдгээ хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг нотлох баримтад үнэлэгдэнэ. Тийм учраас шүүхээс ял шийтгэлийг хөнгөрүүлж оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогч нь Ц.Нацагдоржид 01 жилийн хорих ял оногдуулсан эсэх дээр гомдол гаргаж байна. Ц.Нацагдорж, талийгаач нарын биед адил хэмжээний гэмтэл учирсан. Нэг талд 4 хавирга, нөгөө талд 6 хавирга хугарсан гэх мэтээр гэмтлүүд учирсан. Ц.Нацагдоржийн уушгины хана цоороогүй учраас хүндэвтэр зэргийн гэмтэлтэй гарсан. Хэрэв уушгины хана цоорсон бол нас барах байсан тухай шинжээчийн дүгнэлт гарсан. Өнөөдрийн байдлаар Ц.Нацагдоржийн биеийн байдал маш муу байна. Хавтаст хэргийн 190, 174, 206 дугаар талд Ц.Нацагдоржийг удаа дараа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тухай өвчтөний түүхийг хавсаргасан байна. Мөн сэтгэцэд тодорхой хэмжээний өөрчлөлт гарсан байдалтай байна. Ц.Нацагдоржийн биеийн байдал, хохирол төлөгдсөн байдал зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хохирлын хувьд бодит зардал гэж 3.500.000 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасны дагуу иргэний нэхэмжлэгчтэй холбоотой асуудлыг анхан шатны шүүх хянан хэлэлцээд тухайн нэхэмжлэлийг иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ц.Нацагдорж нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11 цагийн үед Сэлэнгэ аймгийн Шаамар сумын “Дэлгэрхаан” 1-р багийн нутаг дэвгэрт орших “Дэнжийн” сайжруулсан шороон зам дээр “Тоёота марк-Х” маркийн 76-76 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас эсрэг урсгалаар явж байсан иргэн М.Батсайханы жолоодож явсан “Хино” маркийн 81-29 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсний улмаас 76-76 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн З.Лхагважавын биед хүнд гэмтэл учруулан амь насыг нь хохироосон гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлсэнийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгчийг дээр дурьдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар Цэдэн-Ишийн Нацагдоржийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэх, ...түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчийн ...хохиролыг бүрэн барагдуулаагүй, ял шийтгэл хөнгөдсөн, гомдолтой байна...гэх үндэслэлээр бичсэн давж заалдах гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянавал:

Шүүгдэгч Ц.Нацагдорж нь дээр дурьдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-5-9ху/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-16-20ху/, Шүүх шинжилгээний албаны шинжээчийн талийгаач З.Лхагважавын биед магадлан шинжилгээ хийсэн 117 дугаар дүгнэлт /1хх-82-83ху/, талийгаачийн цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-84-88ху/, Ц.Нацагдоржийн цусан дахь спиртийн агууламжийг тогтоосон шинжээчийн А-28 дугаартай дүгнэлт /1хх-105ху/, зам тээврийн ослын талаарх 104 дугаартай дүгнэлт /1хх-150ху/, шинжээчийн 1038 дугаартай дүгнэлт /1хх-109ху/, давтан шинжилгээ хийсэн 29 дугаартай дүгнэлт /1хх-118-120ху/, хохирогч  А.Даваа /1хх-49-50ху/, иргэний нэхэмжлэгч Б.Уламбаяр /1хх-52ху/, гэрч М.Батсайхан, С.Хишигмаа, Г.Мөнхтөр, шинжээч С.Сүхбаатар нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон тогтоогдсон, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус, хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан хорих ялын хэмжээг хөнгөрүүлэн оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Учир нь: Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах үндэслэл нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хэрэглэх эсэх асуудал юм.

 

Анхан шатны шүүхээс хохирлын талаар зохих дүгнэлт хийж зарим хохирлыг ханган заримыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй хэдий ч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж хүний амь хохироосон хохирол учруулсаны улмаас үүссэн хор уршиг болох талийгаачийн банкнаас авсан байсан зээлийн талаар шүүгдэгчийн зүгээс нөхөн төлөх эсэх талаар илэрхийлээгүй, хохирлын талаар хохирогчтой ямар нэгэн байдлаар бүрэн эвлэрээгүй, хохирогч гомдолтой байх тул түүнд дээр дурьдсан хуулийн зүйл, заалтыг журамлан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулсан нь үндэслэлгүй болсон байна.

 

Түүнчлэн дан ганц шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэн хохирогчийн зүй бус, хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь мөн үндэслэлгүй, энэ байдал нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Дээр дурьдсан үндэслэлүүд болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан хорих ял хөнгөрүүлэн оногдуулсаныг өөрчлөн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн

 

2 дугаар заалтыг:

“2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар шүүгдэгч Ц.Нацагдоржийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.”гэж,

 

3 дугаар заалтыг:

“3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Нацагдоржид оногдуулсан 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах 5 жилийн ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхэлж тооцсугай.”гэж тус тус өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                                       ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                        Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                         Д.БУЯНЖАРГАЛ