Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2022/0574

 

Ц.О-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гуравдагч этгээдийн төлөөлөгч С.Э

Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хандан өөрийн эзэмшил бүхий газар дээр байгаа “Н У” ХХК-ийн хашаа, байшинг чөлөөлөх шийдвэр гаргахгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар албадан чөлөөлөх шийдвэр гаргахыг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 509 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, С.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.М

Хэргийн индекс: 128/2020/0445/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.О-оос Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хандан өөрийн эзэмшил бүхий газар дээр байгаа “Н У” ХХК-ийн хашаа, байшинг чөлөөлөх шийдвэр гаргахгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хуль бус болохыг тогтоож, газар албадан чөлөөлөх шийдвэр гаргахыг даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 509 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д заасныг тус тус баримтлан Ц.О-ийн эзэмшил бүхий газар дээр байгаа “Н У” ХХК-ийн хашаа, байшинг чөлөөлөх шийдвэр гаргахгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар албадан чөлөөлөх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Ц.О-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээс 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 161 дүгээр магадлалаараа хянаад “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас 2015 онд А/505 болон А/531 дүгээр захирамжийг гаргахдаа тус дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэх хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, фермер, мод үржүүлэг, аж ахуйн чиглэлийн төсөл сонгон шалгаруулалтад тэнцсэн аж ахуйн нэгж, иргэнд газар эзэмшүүлсэн байна. Гэтэл энэхүү төсөл сонгон шалгаруулалттай холбоотой ямар ч баримт алга”, “... А/505, А/531 гэсэн 2 захирамжид Ц овогтой О, Ц овогтой О гэж 2 өөрөөр бичигдсэн байдлыг тогтоох шаардлагатай” гэж дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

3.2. Анхан шатны шүүхээс магадлалд заасан ажиллагааг хийж нотлох баримт цуглуулахад хариуцагчийн зүгээс 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 17/1761 дүгээр хариу бичгээр “тус дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд дүүргийн Засаг даргын 2015 оны А/505 дугаар захирамжаар Ц.О-д 80 000 м.кв газрыг жимс жимсгэний зориулалтаар 5 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосон байна. Тухайн захирамжийн хүрээнд төсөл сонгон шалгаруулалт явагдсан талаар материал архивт хадгалагдаагүй байна, иргэн Ц.О-ийн хүсэлт тухайн үеийн төслийн материалыг хүргүүлэв” гэсэн хариуг шүүхэд илгээсэн. Энэ баримтаас харахад Ц.О-ийн гаргасан 1 өргөдлийг үндэслэн 2 тусдаа буюу А/505, А/531 дүгээр захирамжууд гарсан болох нь харагдах бөгөөд анхан шатны шүүхээс мөн энэхүү дүгнэлтийг Үндэслэх хэсгийн 3 дугаарт хийсэн.

3.3. Төсөл сонгон шалгаруулалт явагдсан талаарх материал хэрэгт авагдаагүй байхад төсөл сонгон шалгаруулалт явагдсан гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэсэн заалттай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл хууль бус захиргааны акт захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр баталгаажаад биелэгдэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хууль ёсны байх зарчимтай зөрчилдөж байна.

3.4. “Н У” ХХК-ийн хувьд 2009 онд хууль ёсны дагуу эзэмшихээр олгосон байгаа газраа өнөөдрийг хүртэл эзэмшиж чадахгүй байгаа нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаатай шууд хамааралтай. Манай компанийн зүгээс өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалж эрх бүхий байгууллагад гомдол гаргасан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн газрын албаны албан тушаалтнуудын хууль бус ажиллагааны талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан.

3.5. Иймээс Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон газрын албаны албан тушаалтнуудын гаргасан хууль бус алдааг өөрсдөөр нь засуулж маргааныг шийдвэрлүүлэх нь зүйтэй байх бөгөөд шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн буюу захиргааны байгууллагын хууль бус алдааг шүүх засах боломжгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн хэргийг хэрэгсэхгүй болгож захиргааны байгууллагын алдааг өөрсдөөр нь засуулах боломжоор хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч Ц.О-гоос Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хандан өөрийн эзэмшил бүхий газар дээр байгаа “Н У” ХХК-ийн хашаа, байшинг чөлөөлөх шийдвэр гаргахгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар албадан чөлөөлөх шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

2.2. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/505 дугаар захирамжаар “тус дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэх хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, фермер, мод үржүүлэг, аж ахуйн чиглэлийн төсөл сонгон шалгаруулалтад тэнцсэн 60 аж ахуйн нэгж, иргэнд газар эзэмшүүлсний дотор нэхэмжлэгч Ц.О-д тус дүүргийн 21 дүгээр хороо Ар гүнтэд, 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн 80 000 м.кв газар багтжээ.

2.3. Тус дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/531 дүгээр захирамжаар мөн нэхэмжлэгчид Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд жимс жимсгэнийн зориулалтаар 50 000 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байх боловч тус газрыг эзэмшүүлэхээр гэрээ байгуулаагүй, эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

2.5. Харин гуравдагч этгээд “Н У” ХХК-ийн хувьд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 335 дугаар захирамжаар тус дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд үнээний саалийн зориулалтаар 10 000 м.кв газар эзэмших эрхтэй болсон бөгөөд дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/298 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг 15 жилийн хугацаатайгаар сунгажээ.

2.6. Анхан шатны шүүх “гуравдагч этгээд “Н У” ХХК-иас 2 га газрыг одоо маргаж буй нэхэмжлэгч Б.Отгонтуяад эзэмшүүлсэн газарт шилжүүлэн олгосон, 2013 оны 02 дугаар сарын зурган мэдээлэл орсон байсныг устгасан байсан гэж тайлбарлаж байх боловч дүүргийн Засаг даргаас байршлыг өөрчилсөн захирамж гараагүй, байршлын хувьд маргаж буй газрын дээд талд 1 га газрыг эзэмшүүлсэн захирамжийнхаа дагуу 2012 оны 10 дугаар сарын архивын зурган мэдээлэлд орсон байх бөгөөд үүний дараа 2013 оны 02 дугаар сард маргаж буй газарт 20 001 м.кв талбайтайгаар зурган мэдээлэлд давхардуулан оруулсныг уг газарт газар эзэмших эрхтэй гэж дүгнэх боломжгүй” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

2.7. Учир нь гуравдагч этгээдээс “манай компани 2013 оны 10 дугаар сараас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд 18628330194986 нэгж талбарын дугаар бүхий 20 001 м.кв газрыг эзэмшиж, ашиглаж байгаа” гэж маргах боловч уг газрыг “Н У” ХХК-д эзэмших эрх олгосон Засаг даргын захирамж гараагүй байх төдийгүй газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй, гэрчилгээ олгоогүй зэргээс үзэхэд “Н У” ХХК-ийг маргаан бүхий 20 001 м.кв газрыг эзэмших эрхтэй гэж үзэхээргүй байна.

2.8. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдээс гаргасан “Н У” ХХК-ийн хувьд хууль ёсны дагуу эзэмшихээр олгосон байгаа газраа өнөөдрийг хүртэл эзэмшиж чадахгүй байгаа нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаатай шууд хамааралтай” гэх гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

2.9. Хавтаст хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1/233 дугаар албан бичиг болон шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зураг зэрэг баримтуудаас үзэхэд, дээрх 20 001 м.кв газар нь нэхэмжлэгч Ц.О-ийн нэгж талбарын 18628331180036 дугаар бүхий 80 000 м.кв газартай бүхэлдээ давхцалтай байгаа нь нотлогдож байх бөгөөд уг хашааны дотор гуравдагч этгээд нь хашаа барьж, барилга барьсны улмаас нэхэмжлэгч нь эзэмших эрх бүхий газраа гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж чадаагүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийг газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэж буруутгах боломжгүй.

2.10. Мөн захиргааны хэргийн шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг гүйцэтгэх боловч энэ нь хэргийн оролцогч өөрт байгаа баримтыг нотлох баримтаар гаргаж өгөх эрхийг хязгаарласан ойлголт биш юм. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд “Н У” ХХК-иас 18628330194986 нэгж талбарын дугаар бүхий 20 001 м.кв газрыг эзэмшихээр гэрээ байгуулсан, гэрчилгээ олгогдсон бол эдгээр баримтаа өөрөө шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх боломжтой бөгөөд ийнхүү өгөөгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д зааснаар шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.

2.11. Түүнчлэн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-т ”Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн эзэмших эрх бүхий газраа бусдын эзэмшлээс чөлөөлүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон Газар зохион байгуулалтын албанд удаа дараа хүсэлт гаргасан байна.

2.12. Ийнхүү хариуцагчаас нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, гуравдагч этгээд “Н У” ХХК-д газар чөлөөлөх мэдэгдлүүдийг хүргүүлсэн боловч үүнээс хойш хуульд зааснаар газар чөлөөлөх арга хэмжээ авах хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй байгаа энэ тохиолдолд хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхгүйг хууль бус гэж үзэх талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 509 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                       О.ОЮУНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН