Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/25

 

    2021          01             18                                           2021/ШЦТ/25

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,

Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Батзаяа,

Шүүгдэгч Б.Л-, Б.Ц-, тэдгээрийн өмгөөлөгч Б.Манлайбаяр,

Шүүгдэгч С.Д-, түүний өмгөөлөгч Т.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Л-, Б.Ц-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Д- нарт холбогдох эрүүгийн 2038004500383 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Л.

Монгол Улсын иргэн, Б.Ц. 

Монгол Улсын иргэн, С.Д.

Шүүгдэгч Б.Л-, Б.Ц- нар бүлэглэж Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг “Бөөрөлжийн ухаа толгой” гэх газраас 2020 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө иргэн Ө.Б-ын өмчлөлийн улаан морь, хөх гуятай бор морь, хул морь, духан дээрээ сартай цавьдар морь бүгд зөв талын гуян дээрээ дан саран дээр бундан тамгатай нийт 4 тооны бод мал хулгайлсан,

Шүүгдэгч С.Д- нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутаг “Удган даваа” гэх газраас иргэн Ө.Б-ын өмчлөлийн улаан морь, хөх гуятай бор морь, хул морь, духан дээрээ сартай цавьдар морь бүгд зөв талын гуян дээрээ дан саран дээр бундан тамгатай нийт 4 тооны бод малыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр Б.Л-, Б.Ц- нараас худалдан авсан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор гарал үүслийн гэрчилгээ гаргуулахдаа өөр адууны зураг үзүүлж гаргуулж аван зарж борлуулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

1.1. Шүүгдэгч С.Д-ыг Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутаг “Удган даваа” гэх газраас иргэн Ө.Б-ын өмчлөлийн улаан морь, хөх гуятай бор морь, хул морь, духан дээрээ сартай цавьдар морь бүгд зөв талын гуян дээрээ дан саран дээр бундан тамгатай нийт 4 тооны бод малыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр Б.Л-, Б.Ц- нараас худалдан авсан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор гарал үүслийн гэрчилгээ гаргуулахдаа өөр адууны зураг үзүүлж гаргуулж аван зарж борлуулсан гэмт хэргийг үйлдсэнээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч С.Д-ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр хуудас/,
  • 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Хөвсгөл аймгийн Тариалан сумын мал эмнэлгийн тасгийн 172660 дугаартай: Хариуцагчийн мэдээлэл: Нэр: С.Д- Тээврийн хэрэгсэл: Асиа Кронта ...Тайлбар: хонгор хөх бор саран тамгатай “адуу 7” гэх Мал эмнэлгийн гэрчилгээ /хх-ийн 20 дугаар хуудас/,
  • Асиа Кронта маркын ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Б.Э-ы жолоочийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 21 дүгээр хуудас/,
  • Хохирогч Ө.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч, хохирогчоор өгсөн: “...Би 2020 оны 08 дугаар сарын 02-нд адуунуудаа алга болсон гэдгийг сонсоод гадагшаа гарсан ченж юу байна гээд Эрдэнэбулган сумаас судалсан. Тэгэхэд 2020 оны 07 дугаар сарын 30-наас 31-ний хооронд Д- гэдэг ченж мал мах тээвэрлээд хотын чиглэлд гарсан гэдэг мэдээлэл авсан. Энэ мэдээллийг авсан ч гэсэн дүүгээрээ адуугаа хайлгаж хүнээс сураглаж үнэхээр байхгүй байна гэхээр нь би 2020 оны 08 дугаар сарын 06-нд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд очиж камер шүүлгэхээр Мөрөнгөөс гарсан. Тэнд очоод мал эмнэлгийн цэг байдаг юм байна лээ. Надад бүртгэлээ шүүж өгөх үед 2020 оны 07 дугаар сарын 31-ний орой 17 цаг 20 минутад хотын чиглэлд ...улсын дугаартай том ачааны машин 6 адуу 5 үхэр ачаад гарсан гэж тэмдэглэсэн байсан. Энэ адууг баримтжуулсан юм юу байна гэж асуухад малын эмч нар зургийг нь авч баталгаажуулж Хутаг-Өндөр сумын малын цэг рүү явуулдаг гэж надад хэлсэн. ...баталгаажуулсан зургийг нь харахад тэр зурган дотор миний 4 адуу байгаагүй. ...адууны тоо, зүс хоёр нь зөрөөд байхаар нь би хот руу өөрийн нүдээр очиж харахаар билет захиалаад Улаанбаатар хот руу явсан. Хотод очоод камер шүүж үзэхэд хятадын “Натурал Кемп Пүүд” гэх нэртэй компанид ...миний 4 морийг өгсөн байсан. ...миний хохирлыг барагдуулсан. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28, 30, 32, 34-35 дугаар хуудас/,
  • Гэрч Ө.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр буюу 1 дэх өдөр адуугаа бүртгэхэд 4 тооны адуу алга болсон байсан. ...2020 оны 07 дугаар сарын 30, 31-ний үед суманд мал мах авдагч ченж Д- /С.Д-/ гэгчийг үхэр, адуу хот руу машинд ачуулсан гэж сураг сонсож төрсөн ах Ө.Б-од мэдэгдсэн. Алдсан 4 адуу маань төрсөн ах Ө.Б-ынх байсан. ...улаан морь, хөх гуятай бор морь, хул морь, духан дээрээ сартай цавьдар хүрэн морь бүгд зөв талын гуян дээрээ дан саран дээр бундан тамгатай. Бүгд нас гүйцсэн морьд байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,
  • Гэрч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын хэднийг нь санахгүй байна. Одоогоос 10-аад хоногийн өмнө “Бөөрөлжийн Ухаа толгой” гэх газраас Ө.Б- гэж манай багийн харьяат залуугийн адуунаас шөнө 4 тооны адууг найз Б.Л-гийн хамт авч тэр шөнөдөө “Удганы ам”-аар Эгийн голыг гарч С.Д- гэх малын ченжид аваачиж өгсөн. С.Д- ах адуу, үхэр худалдаж авдаг болохоор нь би морь өгнө гэж утсаар хэлж байсан. ...”Удган даваа”-н дээр ирэхэд С.Д- ах мал ачих машинтайгаа ирчихсэн хүлээж байсан. Б.Л- бид хоёр хулгайлсан 4 морио хоёр хоёроор нь хөтөлж ирсэн. Тэгээд шууд машинд нь ачуулсан. ...Адууны тарга тэвээргийг С.Д- харж байгаад үнийг хэлсэн. Улаан морийг нь 800.000, бусад адууг нь 700.000-д бодож авсан. Би урд нь С.Д- ахаас 1 сая төгрөг авсан байсан түүнийгээ хасаад надад сая төгрөг бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,
  • Гэрч Б.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намайг 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гэртээ байж байхад манай найз Б.Ц- ирсэн. Надтай уулзаж ярилцаад Бөөрөлжийн голоос адуу гаргамаар байна гэсэн. Ямар шалтгаанаар гэдгээ хэлээгүй. Би мөнгөний хэрэг болсон юм байлгүй гэж бодсон. Орой уулзахаар болж тохирсон. Орой харанхуй болсон хойно манай дээд талд Б.Ц- ирчихсэн байсан. Би морио эмээллээд бэлэн байсан. Бид хоёр уулзалдаад манайхаас зүүн хойшоо байдаг Ө.Б-ын адуу нь “Ухаа толгой”-н урд байдаг нуурмагын усанд ороод байж байсан. ...адууг нь “Ухаан толгой”-н урд талын эзэнгүй хашаанд хашиж байгаад 4 морь барьж аваад адууг нь хашаанаас гаргаж хөөсөн. Тэндээс бид хоёр “Ухаа толгой”-оос хөдөлж Эгийн голыг “Удганы ам” тушаа гараад “Удганы ам”-ыг шөнө өгсөж “Удган даваа”-н дээр гарсан. Бид хоёрыг “Удган даваа”-н дээр ирэхэд давааны зүүн доод талд С.Д- ах ...урт цагаан машинтай ирчихсэн зогсож байсан. Б.Ц- С.Д- ахтай уулзаж 4 адуугаа ачиж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
  • Гэрч Б.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр би Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумаас 6 адуу 5 тооны үхэр нийт 11 тооны бод мал ачиж Улаанбаатар хотод 08 дугаар сарын 01-ний өдрийн 12 цагийн үед орж ирсэн Эмээлт төв дээр буулгасан. ...Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын мал мах авч зардаг Т- гэдэг хүний малыг ачиж явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,
  • Гэрч С.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би итгээд авчирсан зургаар нь гарал үүсэл хийж өгсөн. 10 гаруй жил ченж хийж байгаа юм би түүнээс биш албаар ийм зүйл хийгээгүй. Ийм асуудал болно гэж мэдээгүй. Миний буруугаас болсон асуудал ...Бид нар зургаараа баталгаажуулдаг учраас гарал үүслийн бичиг дээр бичих шаардлага байхгүй. ...Миний бичсэн 4 адууны 2 адуу нь бичигдсэн зүсээрээ яваад, 2 адуу нь Эг-Үүрт хоцорсон байсан. Тэгээд замаасаа адуу нэмэгдэж ачигдсан байсан. Энэ тухай ченж С.Д- надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 дүгээр хуудас/,
  • 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний №114/186 дугаартай: “..иргэн Ө.Б-ын хулгайд алдагдсан 4 тооны хурдан удмын адууны нийт үнийг 26.000.000 төгрөг” гэх тайлан /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч С.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би бүлэглэж оролцсон асуудал байхгүй. Би тэр адууг авсан нь үнэн. Гэхдээ хулгайн адуу гэдгийг мэдээгүй. ...Би малаа авсны дараа өөрийн биеэр очиж гарал үүслийн бичиг авдаг. Надад зарж байгаа хүмүүс гарал үүслийн бичиггүй өгдөг. Би өөрөө очиж авдаг. Малчид гарал үүслийн бичиг авдаггүй. Тийм зүйлийн талаар би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 139 дүгээр хуудас/ болон зарим нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэснийг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч С.Д-т холбогдох Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Д-ыг цагаатгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Д-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг урьдчилан мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан шинжтэй байхаар хуульчлагдсан байна.

Яллах дүгнэлтэд бичсэнээр “шүүгдэгч С.Д-ыг Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутаг “Удган даваа” гэх газраас иргэн Ө.Б-ын өмчлөлийн улаан морь, хөх гуятай бор морь, хул морь, духан дээрээ сартай цавьдар морь бүгд зөв талын гуян дээрээ дан саран дээр бундан тамгатай нийт 4 тооны бод малыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр Б.Л-, Б.Ц- нараас худалдан авсан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор гарал үүслийн гэрчилгээ гаргуулахдаа өөр адууны зураг үзүүлж гаргуулж аван зарж борлуулж, “Мөнгө угаах” гэмт хэргийг үйлдсэн” гэж буруутгажээ.

Гэвч хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн шинжлэн судалсан нотлох баримтууд болох хохирогч Ө.Б-, гэрч Ө.Б-, гэрч Б.Ц-, Б.Л-, Б.Э-, С.Н- нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн дээрх мэдүүлгүүд зэргээр шүүгдэгч С.Д-ын дээрх үйлдэл нь “Мөнгө угаах” гэмт хэргийн шинжгүй болох нь нотлогдоно.

Хэрэгт шүүгдэгч С.Д-ыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг урьдчилан мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан гэх субьектив шинжийг тогтоосон мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй болохыг дурдаж байна.

Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ, тухайн ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүрэлдүүлэгч үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой үйл ажиллагаа бүр Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуур үзүүлэлтийн нэг байдаг. Шүүхээс шүүгдэгч С.Д-т холбогдох хэргийн нотлох баримтыг нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит байдал болон тухайн хэрэгт холбогдсон хүний гэм бурууг эргэлзээгүй тогтоох үүргийг мөрдөгч, прокурор хүлээдэг бөгөөд хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг хянан хэлэлцэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь хангалттай хэмжээнд нотлогдоогүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрхийг хөндөж үйлдсэн хэрэгт нь холбогдуулан гэрчээр байцаасан мэдүүлгийг яллах талын гол нотлох баримтаар тооцуулахаар хэрэгт хавсарган ирүүлсэн байх тул дээрх нөхцөл байдлуудаас шалтгаалан шүүгдэгч С.Д-ыг гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан учир эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах нь зүйтэй байна.

Яллагдагчийн гэрчээр өгсөн мэдүүлгээс дүгнэхэд мөрдөгч түүнийг ямар хэрэгт холбогдуулан байцаалт авсан нь оролцогчийн хувьд тодорхойгүй, яллагдагчаар татсан тогтоол танилцуулах үед л өөрийг нь буруутгаж байгааг шүүгдэгч мэдсэн байна.

 Энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5-д “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, мөн зүйлийн 6-д “Гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй” гэснийг зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт …энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй гэж хуульчилсан тул шүүгдэгчээс хуульд заасан журмыг зөрчиж, авсан мэдүүлгүүдийг нотлох баримтаар тооцохгүй байх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан ...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно… гэж заасан хүний эрх, Иргэний болон улсын төрийн эрхийн тухай пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн g заалт ...өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй байх иргэний эрхийн хүрээнд, шүүх ямар ч тохиолдолд яллагдагчийн гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлдэггүй ба Монгол Улсын Үндсэн хууль, Олон Улсын гэрээ, пактад заасан зарчмыг баримталж шийдвэрээ гаргадаг болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэг Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, ...нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэсний дагуу уг нотлох баримтын эх сурвалж нь хангалтгүй, шүүгдэгч нарын болон бусад шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

1.2. Шүүгдэгч Б.Л-, Б.Ц- нарыг бүлэглэж Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг “Бөөрөлжийн ухаа толгой” гэх газраас 2020 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө иргэн Ө.Б-ын өмчлөлийн улаан морь, хөх гуятай бор морь, хул морь, духан дээрээ сартай цавьдар морь бүгд зөв талын гуян дээрээ дан саран дээр бундан тамгатай нийт 4 тооны бод мал буюу олон тооны мал хулгайлж, 26.000.000 төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн байх боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр

Шүүгдэгч Б.Л-, Б.Ц- нар нь бүлэглэж Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг “Бөөрөлжийн ухаа толгой” гэх газраас 2020 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө иргэн Ө.Б-ын өмчлөлийн улаан морь, хөх гуятай бор морь, хул морь, духан дээрээ сартай цавьдар морь бүгд зөв талын гуян дээрээ дан саран дээр бундан тамгатай нийт 4 тооны адууг өөрийн адуундаа нийлсэн байхад нь хашиж, ялган барьж авч, алдуул малыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж бусдад зарж борлуулан завшиж, 26.000.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан “..Алдуул мал завших” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Б.Л-, Б.Ц- нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр хуудас/,
  • Хохирогч Ө.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч, хохирогчоор өгсөн: “...Би 2020 оны 08 дугаар сарын 02-нд адуунуудаа алга болсон гэдгийг сонсоод гадагшаа гарсан ченж юу байна гээд Эрдэнэбулган сумаас судалсан. Тэгэхэд 2020 оны 07 дугаар сарын 30-наас 31-ний хооронд Д- гэдэг ченж мал мах тээвэрлээд хотын чиглэлд гарсан гэдэг мэдээлэл авсан. Энэ мэдээллийг авсан ч гэсэн дүүгээрээ адуугаа хайлгаж хүнээс сураглаж үнэхээр байхгүй байна гэхээр нь би 2020 оны 08 дугаар сарын 06-нд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд очиж камер шүүлгэхээр Мөрөнгөөс гарсан. Тэнд очоод мал эмнэлгийн цэг байдаг юм байна лээ. Надад бүртгэлээ шүүж өгөх үед 2020 оны 07 дугаар сарын 31-ний орой 17 цаг 20 минутад хотын чиглэлд ...улсын дугаартай том ачааны машин 6 адуу 5 үхэр ачаад гарсан гэж тэмдэглэсэн байсан. Энэ адууг баримтжуулсан юм юу байна гэж асуухад малын эмч нар зургийг нь авч баталгаажуулж Хутаг-Өндөр сумын малын цэг рүү явуулдаг гэж надад хэлсэн. ...баталгаажуулсан зургийг нь харахад тэр зурган дотор миний 4 адуу байгаагүй. ...адууны тоо, зүс хоёр нь зөрөөд байхаар нь би хот руу өөрийн нүдээр очиж харахаар билет захиалаад Улаанбаатар хот руу явсан. Хотод очоод камер шүүж үзэхэд хятадын “Натурал Кемп Пүүд” гэх нэртэй компанид ...миний 4 морийг өгсөн байсан. ...Б.Л- манайх хоёр цуг шахуу байдаг айл байгаа юм. Тэгээд манай хоёрын адуунууд нийлж хашигдсан байдаг. Мөн манайх олон адуутай. Тухайн 4 морь уядаг морь учраас бусад ижил адуунаасаа салах тохиолдол байдаг. Улаан-Уул Эг-Үүр хоёрын хооронд явдаг. ...Манай морь уягдаад Улаан-Уул сум руу явчихдаг учраас тэр болгон таньдаггүй байсан байх. ...Угаасаа Лхагваа манай бүх адууг мэдэхгүй. ...Ийм учраас манай морьдийг минийх гэж мэдэхгүй алдуул гэж бодсон байх. ...миний бие гомдолгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28, 30, 32, 34-35 дугаар хуудас/,
  • Гэрч Ө.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр буюу 1 дэх өдөр адуугаа бүртгэхэд 4 тооны адуу алга болсон байсан. ...2020 оны 07 дугаар сарын 30, 31-ний үед суманд мал мах авдагч ченж Д- /С.Д-/ гэгчийг үхэр, адуу хот руу машинд ачуулсан гэж сураг сонсож төрсөн ах Ө.Б-од мэдэгдсэн. Алдсан 4 адуу маань төрсөн ах Ө.Б-ынх байсан. ...улаан морь, хөх гуятай бор морь, хул морь, духан дээрээ сартай цавьдар хүрэн морь бүгд зөв талын гуян дээрээ дан саран дээр бундан тамгатай. Бүгд нас гүйцсэн морьд байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,
  • Гэрч С.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр адуу үхрээ хот руу ачих болоод машин дуудсан байсан6 ...маргааш нь буюу өглөө 06 цагийн үед Удганд би адуугаа аваад явж байна, та “Удган даваа”-н дээр ирээд адуугаа авчих гэж надад утсаар хэлсэн. 1 цагийн дараа очино гэхээр нь би жолооч болон машинаа аваад “Удган даваа” руу явсан. ...”Удган даваа”-н дээр очиход Б.Ц- ирээгүй байсан. 30-40 минутын хүлээсэн. Тэгтэл Б.Ц-, Б.Л- хоёр 4 тооны адуу хөтөлсөөр ирсэн. ...хул морь, бор морь, сартай хүрэн үрээ, улаан морь зэрэг адуунууд байсан. Би им тамгыг нь сайн анзаараагүй нэг морь нь саран дэвсгэртэй тамгатай бололтой харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
  • Гэрч Б.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр би Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумсас 6 адуу 5 тооны үхэр нийт 11 тооны бод мал ачиж Улаанбаатар хотод 08 дугаар сарын 01-ний өдрийн 12 цагийн үед орж ирсэн Эмээлт төв дээр буулгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,
  • 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний №114/186 дугаартай: “..иргэн Ө.Б-ын хулгайд алдагдсан 4 тооны хурдан удмын адууны нийт үнийг 26.000.000 төгрөг” гэх тайлан /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Б.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “Манай адуунд орж гараад нэлээд хугацаа өнгөрсөн. Заримдаа Ө.Б-ыг адууны захад ч гэсэн тухайн 4 адуу бэлчиж байдаг. Тэгээд С.Д-т адуугаа аваачиж өгөх үед Ө.Б-ын адуу гэж мэдээгүй. Ө.Б-той манайх ойрхон байдаг болохоор адуунууд нийлдэг. Ө.Б-ын их олон адуутай. ...Би тухайн үед хэний адуунууд ингээд яваад байгаа юм бол гээд дотроо боддог байсан. ...Би бодохдоо алдуул мал байна гэж бодсон. Манай найз Б.Ц-ийн адуу олдохгүй байна гээд ирсэн. ...С.Д-т өртэй байсан бөгөөд явах гээд яаруулаад байхаар нь нөгөө 4 адууг эзэн нь олдохгүй удаад байхаар нь аваачиж өгсөн. Тухайн үед дээрх 4 адуу нь манай адуунд нийлээд хэд хоносон байсан. Тэгээд би Б.Ц-тэй нийлж адуугаа хашиж байгаад салгаж авсан. ...би хохирлыг нь барагдуулсан. ...Бусдын алдуул малыг зарж завшсандаа харамсаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Б.Л-гийнд орж гараад нэлээд хугацаа өнгөрсөн адуунууд юм байна лээ. Б.Л- энэ талаар надад хэлж байсан. ...”хүн амьтан адуу малаа алдлаа гэж чамаас асуусан уу” гэж Б.Л- надаас асууж байсан. ...Тухайн 4 адуу Ө.Б-ын адуунууд болон нутгийн айлуудын адууны захад ч гэсэн бэлчиж байгаа нь харагддаг байсан. Тэгээд С.Д- бид хоёрын дунд өр авлагын асуудал байсан. Тэгээд тухайн үед Б.Л-гийнд очиж бид хоёр ярилцаж байгаад нөгөө 4 адуу Б.Л-гийн адуунд байсан болохоор С.Д-т аваачиж өгье гэж ярилцсан. Би тухайн үед адуугаа хайгаад олохгүй, С.Д- залгаад яаруулаад байсан юм. Би хохирогч Ө.Б-ын хохирлыг барагдуулсан. ...хэнийх гэдэг нь мэдэгдэхгүй малыг цагдаагийн байгууллагад мэдэгдэх ёстой байсныг өөрийн хувийн хэрэгцээндээ авч ашигласандаа гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар хуудас/ болон Б.Л-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хулгайлах санаа гаргаагүй. Хэзээ ирсэн нь мэдэгдэхгүй 4 адуу манай адуунд байгаад байсан” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Ц-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Өмнө нь 1.000.000 төгрөг авсан байсан юм. Тэгээд адуу өгөөд 2.000.000 төгрөг авч нийт 3.000.000 төгрөг авсан” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож шалтгаант холбоотой байна.

       Шүүгдэгч нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх” хуулийн дагуу шүүх үнэлээгүй болно.

       Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрхийг хөндөж үйлдсэн хэрэгт нь холбогдуулан гэрчээр байцаасан мэдүүлгүүдийг яллах талын гол нотлох баримтаар тооцуулахаар хэрэгт хавсарган ирүүлсэн байдлыг хянан үзэж, түүнчлэн дээрх нөхцөл байдлуудаас шалтгаалан шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсныг дурдаж байна.

       Иймд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдосн хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Л-, Б.Ц- нарт холбогдох хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, хөнгөн ялтай гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж, “...Алдуул мал завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгч Б.Л-гийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 дугаар хуудас/,
  • Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 76 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 77 дугаар хуудас/,
  • Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 78 дугаар хуудас/,
  • Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 79 дүгээр хуудас/,
  • Л.А, Л.Г, Л.А нарын төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 80-82 дугаар хуудас/,
  • Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2019 оны тооллогын баримт /хх-ийн 83-85 дугаар хуудас/ зэргийг,

Шүүгдэгч Б.Ц-ийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын тодорхойлолт /хх-ийн 89 дүгээр хуудас/,
  • Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 90 дүгээр хуудас/,
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 91 дүгээр хуудас/,
  • Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 92 дугаар хуудас/,
  • Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2019 оны тооллогын баримт /хх-ийн 93-95 дугаар хуудас/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олох санаа зорилго, хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогч нь өөрийн эд хөрөнгийг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Л-, Б.Ц- нар бүлэглэж үйлдсэн болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Л-, Б.Ц- нар нь бүлэглэж Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг “Бөөрөлжийн ухаа толгой” гэх газраас 2020 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө иргэн Ө.Б-ын өмчлөлийн улаан морь, хөх гуятай бор морь, хул морь, духан дээрээ сартай цавьдар морь бүгд зөв талын гуян дээрээ дан саран дээр бундан тамгатай нийт 4 тооны адууг өөрийн адуундаа нийлсэн байхад нь хашиж, ялган барьж авч, алдуул малыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж бусдад зарж борлуулан завшиж, 26.000.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан “..Алдуул мал завших” гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр хуудас/, хохирогч Ө.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28, 30, 32, 34-35 дугаар хуудас/, гэрч Ө.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/, гэрч С.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/, гэрч Б.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/, 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний №114/186 дугаартай тайлан /хх-ийн 53-54 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 67-68 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар хуудас/ болон Б.Л-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хулгайлах санаа гаргаагүй. Хэзээ ирсэн нь мэдэгдэхгүй 4 адуу манай адуунд байгаад байсан” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Ц-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Өмнө нь 1.000.000 төгрөг авсан байсан юм. Тэгээд адуу өгөөд 2.000.000 төгрөг авч нийт 3.000.000 төгрөг авсан” гэх зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Л-, Б.Ц- нарын үйлдэлд хохирогчийн мал тэдгээрийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа буюу өөрийн адуунд нийлсэн байхад нь өр төлбөртөө оролцуулан бусдад өгөх, завших сэдэл төрж, захиран зарцуулж, ..алдуул мал завших гэмт хэргийг бага хэмжээнээс дээш хохирол учруулан үйлдэж, бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж болохгүйг, мөн өөрсдийнх нь үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Б.Л-, Б.Ц- нар нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн малыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, Монгол Улсын иргэний Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг “...алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж, “...Алдуул мал завших” гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:                

Шүүгдэгч Б.Л-, Б.Ц- нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол нь бусдын эд хөрөнгөд 26.000.000 төгрөгийн бодит хор уршиг учирсан гэж шүүх дүгнэлээ. 

Хохирогч Ө.Б- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний хохирлыг барагдуулсан. ...ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 30, 32/ өгсөн, шүүгдэгч Б.Л- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...би хохиролд 86 хонь, 14 ямаа, 1.000.000 төгрөг хохирлын 10.000.000 төгрөгт бодож өгсөн” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт “...би хохиролд 10.000.000 төгрөг бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ өгч байх тул шүүгдэгч Б.Л-, Б.Ц- нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгч Б.Л-, Б.Ц- нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгч Б.Л-, Б.Ц- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Л-, Б.Ц- нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Л-, Б.Ц- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний бүлэглэж Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг “Бөөрөлжийн ухаа толгой” гэх газраас 2020 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө иргэн Ө.Б-ын өмчлөлийн улаан морь, хөх гуятай бор морь, хул морь, духан дээрээ сартай цавьдар морь бүгд зөв талын гуян дээрээ дан саран дээр бундан тамгатай нийт 4 тооны адууг өөрийн адуундаа нийлсэн байхад нь хашиж, ялган барьж авч, алдуул малыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж бусдад зарж борлуулан завшиж, 26.000.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ” гэж заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Л-, Б.Ц- нарыг гэмт хэргийг зориуд санаатайгаар үйлдэж байгааг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулаагүй, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулсан болно.

Шүүгдэгч Б.Л-, Б.Ц- нар нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэлийн лавлагаа /хх-ийн 73, 86/-аар тогтоогдож байна.

Иймд шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, нас, хүйс зэргийг тус тус харгалзан “...алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” үйлдэлд нь шүүгдэгч Б.Л-, Б.Ц- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг өдөрт 8 /найм/-аас дээшгүй цагаар, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газарт эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн,  “..Алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-, Б.Ц- нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Б.Л-, Б.Ц- нарт ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан санал, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтийг тус тус харгалзан үзлээ. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л-, Б.Ц- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Д- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар “Шүүхийн цагаатгах тогтоолд шүүгдэгч энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй” болохыг дурдаж байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч С.Д-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Д-ыг цагаатгасугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Л-, Б.Ц- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
  3. Шүүгдэгч Б.Л-, Б.Ц- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдуул малыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-, Б.Ц- нарыг тус бүр 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-, Б.Ц- нарт оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/-аас дээшгүй цагаар, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газарт хийлгэхээр тогтоосугай.
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-, Б.Ц- нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
  8. Шүүгдэгч Б.Л-, Б.Ц- нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л-, Б.Ц- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  11. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.АЗЖАРГАЛ