Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2016/05749

 

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2016/05749

              Улаанбаатар хот

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 8-р хороо, 4-р хороолол, 9А-42 тоотод оршин суух, Үндэсний аудитын газар ахлах аудитор ажилтай, регистр  АЮ56102563,  Боржигон овогт Сэдэдийн Сэрчхоролын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Сэрчхорол, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир оролцов.

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Сэрчхорол шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1986 оны 7-р сарын 5-ны өдрөөс Архангай аймгийн  намын хорооны Хөдөө аж ахуйн хэлтэст зааварлагчаар ажиллаж байгаад 1989 оны 3-р сарын 1-ний өдрөөс Намын дээд сургуульд суралцах болсон. Гэтэл хөдөлмөрийн дэвтэрт 1986 оны 7-р сарын 5-ны өдөр Архангай аймгийн намын хорооны Хөдөө аж ахуйн хэлтэст зааварлагчаар томилсон, 1988 оны 5-р сарын 9-ний өдөр “Намын дээд сургуульд суралцах болсон тул Аймгийн намын хорооны товчооны 1988 оны 5-р сарын 9-ний өдрийн 120 дугаар тогтоолоор ажлаас чөлөөлөв” гэж ажлаас чөлөөлсөн он, сар, өдрийг зөрүүтэй бичсэн байна. Ийм учраас Улсын төв архиваас шүүлгэхээр асуухад “Аймгийн намын хорооны баримт бичиг аймгийн архивт хадгалагдаж байдаг” гэсний дагуу Архангай аймгийн архивын тасгаас шүүлгэхэд Архангай аймгийн намын хорооны товчооны 1986 оны 7-р сарын 31-ний өдрийн “Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх ба ажилд батлах тухай” 201 дүгээр тогтоолоор ажилд томилсон шийдвэр, Архангай аймгийн Намын хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 1988 оны 8-р сарын 18-ны өдрийн  “Зарим хүмүүсийг шагнах тухай” 48 дугаар тогтоолоор намайг шагнаж байсан 2 тогтоол олдсон боловч ажлаас чөлөөлсөн шийдвэр олдохгүй байна. Иймд намайг 1986 оны 7-р сарын 5-ны өдрөөс 1989 оны 3-р сарын 1-ний өдөр хүртэл Архангай аймгийн Намын хорооны Хөдөө аж ахуйн хэлтэст зааварлагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв. 

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Сэрчхорол нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

С.Сэрчхоролын ажиллаж байсан талаарх ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь Архангай  аймгийн архивт хадгалагдаагүй нь 2016 оны 9-р сарын 29-ний өдрийн тодорхойлолтоор тогтоогдсон байх ба ажиллаж байсан талаарх баримтыг өөрөөр олж авах боломжгүй байна.  

 

С.Сэрчхорол нь 1986 оны 7-р сарын 5-ны өдрөөс 1989 оны 3-р сарын 1-нийг хүртэл Архангай аймгийн  намын хорооны Хөдөө аж ахуйн хэлтэст зааварлагчаар ажиллаж байсан нь нэхэмжлэгчийн тайлбар, Архангай аймгийн намын хорооны товчооны 1986 оны 7-р сарын 31-ний өдрийн “Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх ба ажилд батлах тухай” 201 дүгээр тогтоол, Архангай аймгийн Намын хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 1988 оны 8-р сарын 18-ны өдрийн  “Зарим хүмүүсийг шагнах тухай” 48 дугаар тогтоол, хөдөлмөрийн дэвтэр, гэрч  Ж.Уртнасан, Ч.Очирбат  нарын мэдүүлэг, түүний хамт ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтуудаар тус тус тогтоогдсон байна.

 

Иймд тэтгэвэр тогтоолгох зорилгоор ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэн С.Сэрчхоролын хүсэлтийг хангах үндэстэй. 

 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Сэдэдийн Сэрчхоролыг 1986 оны 07-р сарын 05-ны өдрөөс 1989 оны 03-р сарын 01-ний өдөр хүртэл Архангай аймгийн  Намын хорооны Хөдөө аж ахуйн хэлтэст зааварлагчаар ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-рзүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

      3. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                    Р.АЛТАНТУЯА