| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/07405/И |
| Дугаар | 102/ШШ2016/05750 |
| Огноо | 2016-11-16 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2016/05750
2016 оны 11 сарын 16 өдөр
| Дугаар 102/ШШ2016/05750 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, 44-р байрны 68 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ЧК73050604, Хатиган овогтой Загдрагчаагийн Мөнхзулын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, 48-р байрны 19 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ХЕ63030779, Газарчин овогтой Төмөрбаатарын Энх-Амгаланд холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.Мөнхзул, хариуцагч Т.Энх-Амгалан, хэлмэрч Б.Саранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Мөнхзул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1997 онд Т.Энх-Амгалантай танилцаж, 1998 оноос хамт амьдарч 2000 онд гэрлэлтээ батлуулсан. Энэ хугацаанд 1998 оны 9-р сарын 5-нд охин Гэрэлмаа, 2004 оны 2-р сарын 24-нд хүү Гэрэлсүх нар төрсөн. Энх-Амгалан надтай амьдарч байхдаа байнга архи ууж, худлаа ярьж, хардаж, зоддог байсан. Тусдаа амьдраад 12 жил болж байна. Энэ хугацаанд би ээж, аавынхаа дэмжлэгээр 2 хүүхдээ өсгөсөн. Цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний хооронд өөр маргаан байхгүй гэв.
Хариуцагч Т.Энх-Амгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Мөнхзулын ярьсан үнэн, миний буруу байгаа. Би 2 хүүхэддээ тусалдаг, цаашид ч тусална. Эд хөрөнгийн маргаан байхгүй. 2 хүүхдээ ээжид нь үлдээнэ гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Мөнхзул нь Т.Энх-Амгаланд холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Т.Энх-Амгалан, З.Мөнхзул нар нь 1997 онд танилцаж, 1998 оноос хамт амьдарсан байх ба 2000 онд гэрлэлтээ батлуулан гэр бүл болж, 1998 оны 9-р сарын 5-нд охин Э.Гэрэлмаа, 2004 оны 2-р сарын 24-нд хүү Э.Гэрэлсүх нарыг төрүүлж өсгөжээ.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, үнэнч байх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй.
Харин талууд хамт амьдрах хугацаанд нөхөр Т.Энх-Амгалан нь архи уудаг, эхнэрээ бусадтай харддаг, зоддог, хэрүүл маргаан үүсгэдэг маргааны улмаас хоорондоо таарамжгүй харьцаатай болсон, улмаар 2004 оноос тусдаа амьдарч байгаа, гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.
Гэрлэгчид тусдаа амьдарсан хугацаанд насанд хүрээгүй хүүхдүүд эхийн асрамжинд өссөн, хүү Э.Гэрэлсүхийг эхийн асрамжинд үлдээхээр талууд тохирсон байна.
Талууд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчөөгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2016 оны 10-р сарын 18-ны өдөр дуусгавар болгожээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Төмөрбаатарын Энх-Амгалан, Загдрагчаагийн Мөнхзул нарын гэрлэлтийг цуцалж, 2004 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Э.Гэрэлсүхийг эх З.Мөнхзулын асрамжинд үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Т.Энх-Амгалангаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА
| |