Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

0370 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/370

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б

Улсын яллагч Б.О

Шүүгдэгч Д.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Н нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М-д холбогдох эрүүгийн 2025000000435 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.М

 

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Д.М-г 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэр Цэцэг зочид буудалд Ж.Цэцэг-Өлзийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М-н мэдүүлсэн, хохирогч Ж.Цэцэг-Өлзий болон манай нөхөр Эрдэнэбат нар гэр бүлээс гадуурх харилцаанд ороод жил гаран болж байгаа. Би зөндөө хэлж байсан. Манай нөхөр хүлээн зөвшөөрсөн. Манай нөхөр босгосон амьдралаа бодно, дахин тэр эмэгтэйтэй орооцолдохгүй гэж ам тангараг өргөж байсан. Ж.Цэцэг-Өлзий рүү мессеж бичиж байсан. Чи гэр бүлтэй хүнтэй явалдаад байх юм. Бид хоёр жоохон хүүхэдтэй шүү дээ. Хүүхдийг минь бодооч гэж хэлж байсан. Тэгэхэд чи нөхрийнхөө явалддаг хүнийг андуураад байгаа юм биш үү, хоёулаа хамт хайх уу гэж мессеж бичдэг байсан. Манай цехийн 45 жилийн ой болоод бид нар Сэлэнгэ амралт явахаар болсон. Би элэгний c вирустай учир хавар, намрын улиралд элгээ угаалгадаг байсан. Тэр үед би  дэглэм барьж байсан болохоор явалгүй гэртээ байя гэхэд манай нөхөр танай байгууллагын 45 жилийн ой болж байна. Чи олон жил ажилласан юм чинь шагнал, урамшууллаа очиж ав гэсэн. 10 сарын 10-ны өдөр манай хүн Эрдэнэбаатар охиныхоо хамт намайг хүргэж өгсөн. Манай ажлынхан автобусанд суугаад Сэлэнгэ амралтын газарт очсон. 13 цагт хоолонд ороод 16 цагт буухиа тэмцээн болно тэр болтол амарч бай гэсэн. Манай нөхөр 4-5 удаа над руу залгаж байсан. Эрдэнэбаатар охинтойгоо гадуур хоолломоор байна гэхээр нь би цүнхний урд карманд орхисон хаан банкны виза картыг аваад охинтой хоолонд орчих гэсэн. Тэр картад 350.000 төгрөг байсан. Тэр мөнгөөр машины зээлийг 10 сарын 15-ны өдөр өгөх гээд хадгалсан байсан. Удаагүй байтал аав гараад явсан гэж манай охин над руу ярьсан. Тэгэхээр нь нөхөр рүүгээ залгатал ажлынхны тэмцээн дуусаагүй байна. Намайг хүрээд ир гээд байна. Би Баялагт хоолонд орчихоод одоохон очлоо гэсэн. Тэгээд манай хүн охин руугаа яриад загнасан байсан. Одоо битгий аав байхгүй байна гэж хэлээд бай, битгий залгаарай гэж хэлсэн байсан. Манай охин над руу аавын утас холбогдохгүй байна гээд 18 цагийн үед мессеж бичсэн байсан. Намайг залгахад үнэхээр утас нь холбогдохгүй байсан. Ажлынх нь залуу руу утасдахад Эрдэнээ ах ирчихээд явсан гэж хэлсэн. Манай нөхөр архинаас хамааралтай гээд спираль тавиулсан байсан. Спираль тавиулаад удаагүй байсан болохоор архи уучихна гэж огт бодоогүй. Хамт ажилладаг хүнээс нь асуухад халамцуу байсан гэж хэлсэн. Нэг уухаараа 14 хоног уудаг. Тэр хүн уухаараа өөрийгөө удирдах чадваргүй болдог болохоор нь би чөлөө аваад явахаар болсон. Явах гээд унаа хайгаад олоогүй. 21 цагаас хүндэтгэлийн арга хэмжээнд нэг хамтлаг ирж тоглосон. Тэр хамтлагийн залуугаас эгч нь явах хэрэгтэй байна гээд учраа хэлтэл та ганцаараа гэвэл явчих гэсэн. Тэгээд байж байтал 22 цагийн үед миний картаас 40.000 төгрөг уншуулаад дараа нь 28.000 төгрөг уншуулсан байсан. Би тэр хүнийг ажлынхантайгаа архи уучихлаа гэж бодсон. Охин маань айгаад байна гэхээр нь одоохон яваад очно гэж хэлсэн. Манай аав, ээж Сэлэнгэ аймаг руу явсан байсан. Охиныг очиж авах хүн байгаагүй. Би хол явах гэж байгаа болохоор гэрийн түлхүүрээ аваагүй байсан. 00 цаг 45 минутын үед гэртээ орсон. Удалгүй 26.000 төгрөгийг миний картаас уншуулсан байсан. Охин маань “Ээжээ Цэцэг буудал гэж байна” гэсэн. Тэгээд явах гэтэл охин ганцаараа үлдэхгүй гэсэн. Охинтойгоо хамт алхаж очсон. Очоод ресепшинд нь хүнээс юм авах гэж байгаа гэтэл ресепшин нь ямар царай төрхтэй хүн бэ? гэхээр нь би дүрсэлж хэлсэн. Тэр хүн гараад явсан гэж надад хэлсэн. Хаашаа гарсан бэ? гэхэд хороолол орно өрөө байлгаж байгаарай гэсэн, хоёулаа байсан. Нэг ортой өрөө авсан гэж хэлсэн. Хүлээж байтал гаднаас цэнхэр ууттай юм барьчихсан Ж.Цэцэг-Өлзийтэй, манай нөхөр хэзээний эхнэр, нөхөр шиг ороод ирсэн. Ж.Цэцэг-Өлзий согтуу байсан. Би очоод үснээс нь зулгаасан. Хажууд байсан залуу бид хоёрыг хоёр тийш нь салгасан. Хоёр тийш салгах явцад Ж.Цэцэг-Өлзий тэр хүний хөлд орооцолдоод газар унасан. Манай нөхөр намайг заамдаад хананд шахаад зогссон. Тэр залуу намайг та гараад өг гээд бид хоёрыг салгасан. Манай хүн Цэцэг-Өлзийг гаргаад хаалга дараад зогсчихсон. Тухайн үед тэр газрын зам засвартай байсан тэр хоёр тийшээ гүйгээд явсан. Би охиныгоо дагуулаад гэртээ очоод удаагүй байтал 02 цаг 50 минутын үед Ивээл буудалд 40 000 төгрөг уншуулсан байсан. Манай нөхөр намайг очихоор эсэргүүцэл үзүүлээд байна карт аваад өгөөч гээд цагдаа руу утасдсан. Цагдаа өглөө 06 цагийн үед эгчээ та гараад ир таны картыг аваад өгье гэсэн. Ивээл буудалд очиход тэр 206 тоот өрөөнд хамт байсан. Нэг цагдаа нь та доор байж бай, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж болохгүй гэсэн. Цагдаа дээшээ гараад нэлээд удаан хаалгыг нь нүдээд тэгээд карт өгсөн байсан. Би картаа аваад гэртээ очсон. Манай нөхөр 2 хоног гэртээ ирээгүй. Манай охин Эрдмийн сан сургуульд сурдаг. Өглөө охиноо хүргэж өгөх гээд 06 цаг 40 минутад гараад Сансар төвийн дээд замаар явж байхад тэр хоёр Хур буудлаас сугдаад гараад ирсэн. Охиноо хүргэж өгөөд Төгөлөөс автобусанд суух гээд байж байтал нөхөр маань тэнд зогсож байсан. Тэр өдрийн орой халамцуу юу ч болоогүй юм шиг ороод ирсэн. Маргааш нь сонгуулийн өдөр байсан. Манай нөхөр Хур буудалд иргэний үнэмлэхээ барьцаанд тавьчихсан. Иргэний үнэмлэхээ авч сонгуулиа өгмөөр байна гэсэн.Тэр буудалд очоод нийт хэдэн төгрөгийн тооцоо гарсан бэ? гэхэд 39.500 гээд надаас мөнгийг нь авсан.Хүний биед гэмтэл учруулсандаа гэмшиж байна.970.000 төгрөгийн эм тариа хэрэглэсэн 1.078.000 төгрөг өг гэсэн тул би өгсөн гэв.

 

-Хохирогч Ж.Ц-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Хаан буузнаас хоол аваад Цэцэг нэртэй зочид буудалд ирэхэд Н.Эрдэнэбаатарын эхнэр болох Мөнхтуяа гэх эмэгтэй үгийн зөрүү байхгүй шууд намайг үстэж унагаагаад миний нүүр лүү цохиж гэмтээсэн юм...Надад учирсан хохирол эмчилгээний зардал ээмэг утас зэрэг 1.078.200 төгрөг бэлнээр төлсөн. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 7-11, 82-р хуудас/

 

-Гэрч Н.Э-н мэдүүлсэн “...Бараан захын хажуу талын Цэцэг нэртэй буудалд орж ирээд өрөөгөө авах гэж байхад миний эхнэр болох Д.Мөнхтуяа ирээд Ж.Цэцэг-Өлзийг араас нь үстэж араас нэг удаа өшиглөхөөр нь би салгаад тэр буудлаас гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/

 

-Гэрч З.Д-н мэдүүлсэн “...106 тоот өрөөг авсан эрэгтэй эмэгтэй 2 хүн гаднаас ороод ирсэн. Ороод иртэл надаас юм асууж байсан хүүхэдтэй эмэгтэй гаднаас орж ирсэн эмэгтэйг шууд үстээд газар унагаасан юм. Тэгсэн өрөө асуугаад байж байсан согтуу залуу шууд зодолдож байсан 2 эмэгтэйг салгасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/

 

-Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар 16-ны 738 дугаартай...Ж.Цэцэг-Өлзийгийн биед өвчүүний их биеийн хугарал, зүүн нүдний салстад цус харвалт, зүүн завьж, дух, баруун шуунд 3 тооны зулгаралт, баруун хөх, зүүн тохой, сарвуу, баруун бугалга, даланд зөөлөн эдэд 5 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Өвчүүний хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт /хх-ийн 26-27-р хуудас/

 

-Цэцэг зочид буудлын хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-н 4-5-р хуудас/  зэрэг нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.М нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт  Цэцэг зочид буудалд нөхөр Н.Э-г хайж очих үед нөхөртэй нь хамт гаднаас орж ирсэн Ж.Цэцэг-Өлзийг үсдэж унагаж зодсоны улмаас  түүний биед өвчүүний их биеийн хугарал, зүүн нүдний салстад цус харвалт, зүүн завьж, дух, баруун шуунд 3 тооны зулгаралт, баруун хөх, зүүн тохой, сарвуу, баруун бугалга, даланд зөөлөн эдэд 5 тооны цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүгдэгчийн Д.М-н үйлдлийн улмаас Ж.Цэцэг-Өлзийгийн биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар 16-ны 738 дугаартай... Ж.Цэцэг-Өлзийгийн биед өвчүүний их биеийн хугарал, зүүн нүдний салстад цус харвалт, зүүн завьж, дух, баруун шуунд 3 тооны зулгаралт, баруун хөх, зүүн тохой, сарвуу, баруун бугалга, даланд зөөлөн эдэд 5 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Өвчүүний хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг, камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдсон ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна. Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Мөнхтуяаг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч Д.М нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэр Цэцэг зочид буудалд Ж.Цэцэг-Өлзийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлөх саналтай гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Наранхүү шүүх хуралдаанд, шүүгдэгч хөнгөн гэмт хэрэг үйлдсэн,гэм буруугаа хүлээсэн, мөрдөн байцаалтын шатанд 1.078.200 төгрөгийг төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Прокурорын санал болгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг журамлан ялаас чөлөөлөх саналыг дэмжиж байна гэжээ.

 

Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,шүүгдэгч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хохирогчийн зүй бус үйлдэл хэрэг гарахад нөлөөлсөн байдал, учруулсан хохирлын хэмжээ,түүнийг төлж барагдуулсан байдал зэрэг эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, оногдуулсан ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч гэмт үйлдэл хийхэд түүний нөхөр Н.Эрдэнэбаатар болон хохирогч Ж.Цэцэг-Өлзий нарын хүнлэг бус, зүй бус үйлдэл шууд нөлөөлсөн байна.

 

Хохирол төлбөрийн тухайд: хохирогч Д.Мөнхтуяа нь хэрэгт 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10 ширхэг Бүжинсар эмийн сангийн E баримт бүхий нийт 553.200 төгрөгийн баримт гаргаж хавсаргасан байх боловч шүүгдэгчээс түүнд 1.078.200 төгрөгийг бэлнээр нөхөн төлсөн байна. Хохирогч цаашид гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх баримт /хх-ийн 82-р хуудас/-т авагдсан бөгөөд, хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзнэ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсаргаж үлдээж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 450.000 төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ