| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2019/0024/Э |
| Дугаар | 175/ШЦТ2020/170 |
| Огноо | 2020-09-03 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Г.Энхмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 175/ШЦТ2020/170
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж, нарийн бичгийн дарга Б.Нандин-Эрдэнэ, улсын яллагч Б.Энхмаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.*******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.*******, шүүгдэгч Д.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр нарыг тус тус оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Жаран овогт Дээдэнжидийн *******од холбогдох 1831002280271 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Жаран овогт Дээдэнжидийн *******, Монгол улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймаг, Жавхлант суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймаг, Жавхлант сум, 2 дугаар баг, 2 дугаар хэсэг, 022 тоотод оршин суух хаягтай, урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, /РД: ******/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Д.******* нь согтуугаар 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Жавхлант сумын нутаг Шарын голын эргийн хажууд СЭА улсын дугаартай, “Пронтер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.7 а, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, *******ын амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.******* нь согтуугаар 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Жавхлант сумын нутаг Шарын голын эргийн хажууд **** СЭА улсын дугаартай, “Пронтер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.7 а, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д заасныг тус тус зөрчиж, *******ын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* мэдүүлэхдээ: “...Халуун байсан учраас машинд орж унтсан, 15 цагийн үед сэрсэн. Машинаасаа буугаад ойр орчмыг харсан. Хэн ч байхгүй байсан. ...цаг агаар халуун байсан, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Хойшоогоо 2-3 метр ухарсан...” гэх мэдүүлэг[1],
2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.******* мэдүүлэхдээ: “...23-ны орой явья гэхэд нь цуг хоноод архи уусан. Шөнөжингөө архи, тамхи нэхээд дэлгүүрийн хүнийг унтуулаагүй байсан. ...Тэр өдөржингөө архи уусан юм байна лээ. Унтаж байхад нь босгоод аваад явсан гэсэн. Өглөө эрт ирээд ажлаа хийгээд хангинатал дуулаад байсан гэсэн. Төв рүү гараад явахад нь цагдаа нар барьсан гэсэн. Оршуулгын зардалд нийт 10,424,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг[2],
3. Хохирогч В.*******ын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “...Д.*******ыг мэднэ. Гайгүй л залуу шиг харагддаг. Манайд орж ирээд хоол цай уугаад гардаг байсан. Талийгаачтай холбоотой нэхэмжлэлийн баримтаа бүрдүүлж байгаа...” гэх мэдүүлэг[3],
4. Насанд хүрээгүй гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн: “... Би 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Жавхлант сумаас Дархан-Уул аймаг руу хүний машинд дайгдаж явсан юм. Жавхлант сумаас 15 цаг өнгөрөөгөөд 16 цагийн үед буюу үдээш хойш явсан. Ингэж явахдаа Шарын голын гүүрээр гарч явдаг ба гүүрний ойролцоо ертөнцийн зүгээр замын зүүн гар талд голын ойролцоо нэг эрэгтэй хүн хажуулдсан байдалтай доошоо харсан хэвтэж харагдсан юм. Би хараад согтуу хүн хэвтэж байна даа гэж харсан ба хажууд нь ямар ч хүн, машин тэрэг байгаагүй тухайн хүн ганцаараа л хэвтэж байсан юм. Ингээд Дархан-Уул аймаг орчихоод нээх удалгүй худалдан авах гэж байсан силкний ирийг барилгын материалын дэлгүүрээс аваад буцаж гарсан юм. Ингээд буцаж яваад Шарын голын гүүрээр өнгөрч гарахад анх харсан хүн яг байсан хэвэндээ хэвтэж харагдсан ба тухайн үед гадаа дөнгөж л бүрэнхий болж байсан юм” гэх мэдүүлэг[4],
5. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “...Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг орох гэж явсан юм. Тэгээд шөнө 2 цагийн үед замдаа Шарын голын гүүр өнгөрөөд замын хажуу руу байрлахаар буусан. ...Бид нарыг Шарын голын гүүрний хажууд байрлах үед бид нараас өөр хүн байрлаж харагдаагүй. ...Бид нар өглөө сэрээд манай эхнэр, хүү хоёр бие засах гээд 07 цаг 40 минутын үед майханаас гараад явж байхад улаан өнгийн Приус-20 машин ирээд “голын эрэг дээр байгаа хүн та нартай цуг явж байгаа юм уу? гэж асууж байсан” гэх мэдүүлэг[5],
6. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “...Би 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг руу гэр бүл, найз нөхөдтэйгөө 6 хүүхэд, 8 том хүн явсан. ...Бид нарын ойр орчимд хүмүүс амарч харагдаагүй..” гэх мэдүүлэг[6],
7. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 10 цагийн орчимд СЭА улсын дугаартай цэнхэр ачааны машин манай гэрийн хашааны гадаа ирсэн байсан. Тэгээд манай аав тэр хоёр хүнтэй цуг яваад 13 цагийн орчимд буцаад ганцаараа ирсэн байсан. ... СЭА улсын дугаартай, цэнхэр өнгийн машин манай гаднаас өглөө 10 цагийн орчимд хөдлөөд өнөөдөр өглөө дахиад манай гадаа ирсэн байсан. Энэ машиныг хэн жолоодож ирснийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг[7],
8. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: ...Бид 3 Шарын голын гүүрний урд талын тохойд ирж машинаас бууж нөгөө авсан архиа уусан. Ингэж байгаад би 13 цагийн үед гэр рүүгээ явсан. Харин тэр 2 үлдсэн. Ингээд би дахин энэ хоёртой уулзаагүй. Өнөөдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 24-ний өглөө тракторт юм хийж байхад ******* орж ирээд “манай найз нас барсан байна” гэж хэлсэн. Энэ үед ******* мөн л өөрийнхөө машинтай явж байсан. Тэгээд манай хашааны гадна машинаа тавиад яваад өгсөн...” гэх мэдүүлэг[8],
9. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: ...Өглөөний 6 цаг өнгөрөөгөөд Шарын голын гүүрний тийшээ давхиж явсан ба замаас салаад шороон замаар ороод голын хажуугаар явж өнгөрөх үед гүүрнээс холгүйхэн голын эрэг орчимд хүн хэвтэж байхыг харсан юм. Тухайн үед замын хажуугаар нь өнгөрч байсан ба хүн байхыг харсан учир ямар учиртай хүн хэвтэж байгаа юм бол гэж бодоод машинаа зогсоогоод машинаас бууж яваад очиход нас барсан байдалтай, хувцас хунар нь шороо болсон, нуруу нь зулгарч урагдсан, царай төрх нь битүү шарх болсон, нас барсан харагдахаар нь шууд цагдаад мэдэгдсэн. Миний хувьд эмнэлэгт мэдэгдээд шууд цаашаа яваад эмнэлэгт авчирсан юм. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг[9],
10. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн: “...Би 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймаг ажлаар явчихаад өдрийн 14 цаг 40 минутын үед байх би Жавхлант сум руу орж ирж яваад найз Дээдэнжидтэй дугуй засварын хажууханд таараад уулзахад Дээдэнжид надад “манай хүү ******* миний машиныг согтуу унаад яваад байх шиг байна. Шарын голын гүүрний гуанзны дэргэд ажил хийж байгаа юм. Хоёулаа явчихаад ирье. Би машинаа аваадахъя” гэж хэлэхээр нь “би сая л орж ирж байна харьж юм аа тавьчихаад ирье, тэгээд яваад өгье” гэж хэлээд харихаар явсан. Гэрийн наад талд контор гэх газрын гадаа зогсож байхад удаа ч үгүй миний араар Д.******* Пронтер машинаа жолоодон яваад өнгөрсөн. Ингээд би Дээдэнжид рүү залгаад “машин чинь ирсэн явж байна, сая миний хойгуур гараад явлаа” гэж хэлтэл “за, за” гэсэн. Ингээд би удалгүй Дээдэнжид рүү залгаад “Машин чинь ирсэн байна уу?” гэж асуухад “Д.******* хашаандаа машинаа авч ирж тавьсан байна” гэж хэлэхээр нь “аан за за” гээд гар утсаа тасалсан юм...” гэх мэдүүлэг[10],
11. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 09 дүгээр сарын 28- ны өдөр өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр цаг агаарын байдал дулаахан байсан. Тэгэхдээ голын эргээр амарч байгаа хүмүүс байгаагүй. Бид гурав л сууцгааж байсан юм. Яг хажуугаар засмал замтай учир машинууд их өнгөрч байсан. Би 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 15 цаг хүртэл голын эрэг дээр үнэхээр байгаагүй. 12 цаг өнгөрөөгөөд гэр рүүгээ алхаж яваад 13 цагт гэртээ очсон байсан. Үүнийг манай бэр охин мэдэж байгаа. Намайг 13 цагт ирсэн гэдгийг охин маань хэлдэг юм. Би болохоор яг цаг хараагүй...” гэх мэдүүлэг[11],
12. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр дахин өгсөн: “...Болсон зүйл гэвэл энэ л байна шүү дээ. ******* талийгаач хоёр 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шөнөжингөө архидан согтуураад Жавхлант сум салдаг уулзварын дэлгүүрийн эгчийг унтуулаагүй талаар эгч ярьж байсан. Ингээд шөнөжингөө архи уугаад маргааш нь буюу 2018 оны 07 дугаар сарын 23-ны өглөө би ажил дээр ирэхэд талийгаач ажлын байранд унтаж байсан юм. Энэ үед *******, Одбүрэн ах нар ирээд талийгаачийг “яръя” гэж татаж чангааж байгаад энэ өдрийн өглөө 08-09 цагийн үед босгоод авч явсан юм. Ингэж явахдаа дэлгүүрээс ******* нэг шил архи авсан байсан ба тэр чигээрээ голын эрэг рүү явсан юм шиг байна лээ. Би бодохдоо архи уусан согтуу байсан учир гэр рүүгээ харьцгаасан байх гэж бодсон юм. Гэтэл голын эрэг дээр архидан согтуурсан байсан. Энэ нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 15-16 цагийн үед байх Ариука, Дархан чиглэлийн хар замаар машинтайгаа ирж хар замаар Жавхлант сум руу салдагаар эргээд сум руу явж харагдсан юм. Би харахад ганцаараа л явж харагдсан юм. Ингээд би тухайн үед хаашаа явчихаад ирж байгаа юм болоо гэж бодоод өнгөрч байсан. Гэтэл маргааш өглөө нь *******ыг нас барсан талаар сонсож мэдээд 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр голын эрэг дээр архи уусан талаар мэдсэн юм. Тухайн үед би харахад Дархан чиглэлээс ирж харагдсан. Одоо бодоход голын эрэг дээр архи ууж байгаад ирж байсан юм байна. Тухайн үед би барьж байсан барилгын гадна гараад ирчихсэн зогсож байхад шууд хажуугаар өнгөрөөд яваад өгсөн юм. Би зогсох юм болов уу гэж харсан боловч зогсоогүй. Ингээд маргааш нь *******ыг нас барсан талаар сонссон ингэхдээ ******* талийгаач нар 2018 оны 07 дугаар сарын 22-ны бүтэн өдөр, 23-ны өглөө архидан согтуурсан байж таараад байгаа юм. Би *******од уул нь “архи дарсаа болио, ажил төрлөө хийж дуусга” гэж уурлаж хэлсэн боловч тоохгүй яваад байсан юм...” гэх мэдүүлэг[12],
13. Гэрч ийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өнөөдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр тухайн эмч нарыг гэрээс нь очиж авахаар өглөөний 06 цаг өнгөрөөгөөд Шарын голын гүүрний тийшээ давхиж явсан ба замаас салаад шороон замаар ороод голын хажуугаар явж өнгөрөх үед гүүрнээс холгүйхэн голын эрэг орчим хүн хэвтэж байхыг нь харсан юм. Тухайн үед машин зам хажуугаар нь өнгөрч байсан ба хүн байхыг харсан учир ямар учиртай хүн хэвтэж байгаа юм бол гэж бодоод машинаа зогсоогоод машинаас бууж яваад очих үед нас барсан байдалтай, хувцас хунар нь шороо болсон нуруу нь зулгарч урагдсан, царай төрх нь битүү шарх болсон хүн нас барсан харагдахаар нь шууд эмнэлэг рүү мэдэгдсэн юм...” гэх мэдүүлэг[13],
14. Шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 7870 дугаартай дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1.Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас бэхжүүлж авсан цусны ДНХ-ийн тогтоц *******ын ДНХ-тэй таарч байна. 2. СЭА улсын дугаартай автомашины урд доод тэнхлэгээс бэхжүүлж авсан цусны ДНХ-ийн тогтоц *******, иргэн Д.******* нарын ДНХ-тэй тохирохгүй байна..” гэх дүгнэлт[14],
15. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын ЗЦТ-ийн Шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаартай дүгнэлтийн Хариулт хэсэгт: 1. “Зам тээврийн осол”-зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох... ...явдал, тул зам тээврийн осол мөн. 2.Д.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5.Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 2/7. а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. 7/17. Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй. 3.”Зам” тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар. 4.Д.*******ын жолоочийн лавлагаа хийхэд тээврийн хэрэгсэл жолоодох ВСЕ ангиллын 626786 дугаарын жолооны үнэмлэхтэй, хүчинтэй тухайн тээврийн хэрэгслийг жолоодох ангилал таарч байх тул лавлагааг хавсаргав. 5.Талийгаач ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна. 6.Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. а/ “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж байна. Энэ зөрчилд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1. согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно...” гэх дүгнэлт[15],
16. 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 54 дугаартай Химийн шинжилгээний хариу: “...Иргэн Д.*******ын цусанд 0,4 промилли спиртийн агууламж илэрч байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн боловч тухайн үед эрүүл байсан...” гэх хариу[16],
17. Сэлэнгэ аймаг Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 21- ний өдрийн 60 дугаартай дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1.Талийгаачид Цээж дарагдал. Баруун уушгинд хавирганы нэвт хатгагдсан шарх. Баруун 4, 5, 6, 7-р хавирганы толгойн мултрал, хугарал. Зүүн чамархай, шанаа, дал, мөр, шилбэний зулгаралт, цус хуралт. Зүүн ташаан толгойн ар хэсгийн зулгаралт. Баруун доод зовхи, эгэмний доор, мөр, бугалга, тохой, хэсгийн зулгаралт, цус хуралт. Бүсэлхийнд нурууны баруун ар хэсгийн зулгаралт, цус хуралт. Бүсэлхийд нурууны баруун ар хэсгийн зулгаралт, цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь талийгаачийг нас барахаас өмнө үүссэн шинэ гэмтэл болно. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно. 3.Талийгаач цээж дарагдал, хурц цус алдалтын улмаас ШОК-ийн хүндрэл амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ. 4.Талийгаачид архаг, хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Талийгаачийн цусанд 1,6 промилли спиртийн агууламж илэрсэн нь дунд зэргийн согтолттой байжээ. 6.Талийгаачийн цус В/III/ бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт[17],
18. Сэлэнгэ аймаг Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 02- ны өдрийн 60 дугаартай шүүх эмнэлгийн нэмэлт магадлан шинжилгээний дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1.Талийгаачид цээж дарагдал. Хуйхны дотор хэсэгт цус хуралт. Баруун уушгинд хавирганы нэвт хатгагдсан шарх. Баруун 4, 5, 6, 7 дугаар хавирганы толгойн мултрал, хугарал. Зүүн чамархай, шанаа, дал, мөр, шилбэний зулгаралт, цус хуралт. Зүүн ташаан толгойн ар хэсгийн зулгаралт. Баруун доод зовхи, эгэмний доор, мөр, бугалга, тохой, хэсгийн зулгаралт, цус хуралт. Бүсэлхийнд нурууны баруун ар хэсгийн зулгаралт, цус хуралт.Бүсэлхийд нурууны баруун ар хэсгийн зулгаралт, цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтлүүд тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд, үүсгэгдэх боломжтой. 3.Талийгаачид учирсан гэмтлүүдэд хүний хүчин зүйлийн цохилтоос үүссэн гэмтлийг нарийвчлан тогтоох боломжгүй. 4.Учирсан гэмтлүүд нь автомашинд дайрагдах үед үүсэх боломжтой. 5.Талийгаачид уушиг нэвт хатгагдсан шарх, хавирганы толгойн мултрал, хугарал нь цээжин биеийн дарагдлаас үүссэн, зовхи, цээж, баруун мөр, бугалга, тохой, өвдөг, шилбэ, зүүн чамархай, шанаа, дал, мөр, шилбэ, зүүн ташаан толгой ар хэсэг, хэвлийн зүүн доод хэсэг, бүсэлхий нурууны цус хуралт, зулгаралтууд нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 6.Талийгаач нь нас бараад 12-15 цаг өнгөрсөн буюу 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 15-17 цагийн үед нас барсан байх боломжтой...” гэх дүгнэлт[18],
19. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 29- ний өдрийн 46 дугаартай дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1.Хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлж авсан автомашины дугуйн мөрнүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. 2. СЭА улсын дугаартай цэнхэр өнгийн “Пронтер” маркийн тээврийн хэрэгслийн дугуйнууд шинжилгээнд тэнцэнэ...” гэх дүгнэлт[19],
20. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 09- ний өдрийн 11780 дугаартай шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1. СЭА улсын дугаартай, “Пронтер” маркийн автомашины урд доод тэнхлэгээс илрүүлэн бэхжүүлж авсан цус мэт зүйлээр бохирлогдсон тогтсон шороо мэт зүйл нь шинжилгээнд бүрэн гүйцэт тэнцээгүй боловч гарсан үр дүнг №7870 тоот дүгнэлтэд тусгасан. 2.Цус мэт хүрэн улаан өнгийн зүйл нь хүнээс гаралтай эс агуулсан байсан учир ДНХ-ийн шинжилгээгээр хүнд байдаг 5 локусын аллель /үзүүлэлт/ тодорхойлогдсон байна. Иймээс малынх биш хүний эд эс бөгөөд чухамхүү хүний ямар эд эрхтэн бэ гэдгийг тогтоох боломжгүй болно. 3.Цус бол бүлэг тогтоох гэж мөрдөгч асуулт тавьсан байх. ДНХ-ийн бүлэг гэсэн ойлголт байхгүй. Уг эдийн эсийн ДНХ-ийг тогтоосон учир бүлгийн харьяалал тогтоох шаардлагагүй болно. 4.Өмнөх №7870 тоот дүгнэлтээр хариулсан болно. 5.Хэрэв таарахгүй бол ямар шинж тэмдгээр таарч тохирохгүй байгаа талаар тодорхой дурьдсан. 6.Тухайн цус ямар цаг хугацаанд үүссэн эсэхийг ДНХ-ийн шинжилгээ болон бусад аргаар тогтоох боломжгүй. 7.Цус мэт зүйл нь шороо болон машины тос маслотой холилдсоноор шинж байдал нь өөрчлөгдөх боломжтой эсэхийг ДНХ-ийн шинжээчид тогтоохгүй. 8.Тэнхлэгт тогтсон цус мэт зүйл маш ихээр бохирлогдсон байсан тул ДНХ-ийн шинжилгээний бүрэн гүйцэт үр дүн гараагүй байна. ...гэх дүгнэлт[20],
21. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 09- ний өдрийн 4641 дугаартай шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1.Шинжилгээнд ирүүлсэн хар цамцанд 15*10мм хэмжээтэй хатуу мохоо зүйлийн гогодох татах хүчний нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ гогодолт, 7*6мм, 8*6мм, 5*6мм хэмжээтэй дулааны үйлчлэлээр гарсан шинэ түлэгдэлтүүд, шинэ зулгаралт тус тус гарсан байна. Түлэгдэлтүүд, зулгаралтыг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй. 2.Хар цамцанд гарсан гэмтлүүдийг ямар цаг хугацаанд гарсан болохыг тогтоох боломжгүй. 3.Бусад хувцас гэмтэлгүй...” гэх дүгнэлт[21],
22. Монгол Улсын Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 46 тоот шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт. 1.Хэргийн газрын үзлэгээр илрүүлэн бэхжүүлж авсан автомашины дугуйн мөрнүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. 2. СЭА улсын дугаартай, цэнхэр өнгийн “Пронтер” маркийн тээврийн хэрэгслийн дугуйнууд шинжилгээнд тэнцэнэ...” гэх дүгнэлт[22],
23. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[23], 24.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[24], 25.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[25], 26.Хүний биед болон өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[26], 27.Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[27], 28.Хэв загвар, дээж авсан тэмдэглэл[28], 29.Эд хөрөнгө битүүмжлэх тухай[29], 30.Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл[30], 31. “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тодорхойлолт[31], 32.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[32], 33.Талийгаач *******ын оршуулгын зардлын баримт[33], 34. Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт[34], 35.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[35], 36. Багийн засаг даргын тодорхойлолт[36], 37. Иргэний үнэмлэхийн лавлагаа[37], 38.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас[38], 39.Шийтгэх тогтоолын хуулбар[39], 40.Оролцогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан баримт[40], 41.Бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл[41], 42.Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн тогтоол[42] зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нотлох ажиллагааны явцад цугларсан, шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн нотлох баримтууд нэг нэгнээ харилцан нөхсөн, хоорондоо шалтгаант холбоотой, харилцан уялдсан байдлаар цогц тогтолцоо бүрдүүлж, тэдгээрт үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой.
Иймд дээрх нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж дүгнэн үзвэл: “Киа Бонго Пронтер” маркийн СЭА улсын дугаартай, тээврийн хэрэгсэлд 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд “...автомашины доод хэсгийн үзлэгээр урд дугуйны тэнхлэг хэсэгт 5*5*1,5” хэмжээтэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйл наалдсан байдалтай байсныг криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Э.Баярсайхан мааральнд шингээн авав”[43] гэжээ. Хэрэг учрал 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр болсон бөгөөд маргааш нь тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд автомашины урд дугуйны тэнхлэг хэсгээс илэрсэн цусыг мааральнд шингээн авснаас харахад цус хатаагүй нойтон байсан болох нь илэрхий ойлгогдохоор байна.
Гэтэл Шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 7870 дугаартай дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1.Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас бэхжүүлж авсан цусны ДНХ-ийн тогтоц *******ын ДНХ-тэй таарч байна. 2. СЭА улсын дугаартай автомашины урд доод тэнхлэгээс бэхжүүлж авсан цусны ДНХ-ийн тогтоц *******, иргэн Д.******* нарын ДНХ-тэй тохирохгүй байна..” гэснийг[44] Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 11780 дугаартай шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсгийн 1-рт: СЭА улсын дугаартай, “Пронтер” маркийн автомашины урд доод тэнхлэгээс илрүүлэн бэхжүүлж авсан цус мэт зүйлээр бохирлогдсон тогтсон шороо мэт зүйл нь шинжилгээнд бүрэн гүйцэт тэнцээгүй... 7-рт: Цус мэт зүйл нь шороо болон машины тос маслотой холилдсоноор шинж байдал нь өөрчлөгдөх боломжтой эсэхийг ДНХ-ийн шинжээчид тогтоохгүй. 8-рт: Тэнхлэгт тогтсон цус мэт зүйл маш ихээр бохирлогдсон байсан тул ДНХ-ийн шинжилгээний бүрэн гүйцэт үр дүн гараагүй байна...” гэсэн дүгнэлтээр үгүйсгэгддэг[45].
Дээрх СЭА улсын дугаартай, “Пронтер” маркийн автомашины урд доод тэнхлэгээс хүний биеэс гаралтай эс агуулсан цус мэт зүйл илэрсэн болох нь шинжилгээгээр тогтоогдсон боловч шороо, машины тос, маслотой холилдсноор шинж байдал нь өөрчлөгдөж, хэн гэдэг хүн болох, хүний биеийн аль хэсгийн эд эрхтэн болох зэргийг дүгнэхэд бэрхшээл үүсч, нотолгооны ач холбогдлыг мэдэгдэхүйц бууруулсан байдаг. Хүний цус илрэх нь ердийн тохиолдол биш, үүнийг хэрхэвч орхигдуулж болохгүй.
Мөн автомашины хойд тэнхлэг хэсгийн шороо арилсан, арчигдсан болох нь тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл[46] болон гэрэл зургийн үзүүлэлтээр[47] тодорхой нотлогддог. Үүнээс дүгнэхэд яагаад тэр хэсгийг арчих болов, бусад хэсэг нь шороотой мөртлөө тэнхлэгийн нэг талын хэсгийг арчаад нөгөө тал нь шороотой хэвээр үлдсэн байхав. Гэм буруутай этгээд өөрийн буруутай үйлдлээ нуун далдлах санаа зорилготой, гэмт хэргийн ул мөрийг балласан байх магадлал өндөр юм.
Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Бүрэнжаргал 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд хүн нас барсан гэх дуудлаганд очсон ба М.Болд гэх хүний задлан шинжилгээнд орсон. ...Цогцосны биед баруун 4, 5, 6, 7 дугаар хавирганы хугарал мултарал,зүүн чамархай, шанаа, дал, мөр, шилбэнд, зүүн ташаан толгойн ар хэсэг, баруун доод зовхи, эгэм, эгэмний доор, мөр бугалга, тохой, өвдөг, шагайн урд хэсэг, хэвлийн зүүн доод хэсэг, бүсэлхий, нуруунд зулгаралт, цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдсон.
Талийгаачийн толгойд хуйхны зулай, орой хэсгийн дотор хэсгийг хамарсан их хэмжээний цус хуралттай байсан нь гавал, тархины битүү гэмтэлдээ хамаарч байгаа юм.Талийгаачийн биед учирсан дээрх гэмтлүүд, зулгаралт, цус хуралтууд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтлүүд юм.
Талийгаачийн биед учирсан дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байсан. Талийгаачийн биед учирсан байсан хавирганы хугарал, мултрал, толгойд үүссэн гэмтэл, цээж дарагдалт нь хатуу мохоо зүйлийн хүчтэй дарагдалт болон цохилтоос үүсэх боломжтой юм. Уг гэмтлийг хүн үүсгэх боломжгүй, учир нь хавирганы мултарал, олон хавирганы хугарал, толгойн битүү их хэмжээний цус хуралттай гэмтлүүд нь хүнд цохилт, даралтын улмаас үүснэ. Үүнийг хүн учруулах боломжгүй. Талийгаачийн биед учирсан зулгаралт, цус хуралт нь хатуу мохоо зүйлд чирэгдэх, нидрүүлэгдэх, үед үүсэх боломжтой олон тооны гэмтлүүд байсан. ...Үхэлд хүргэсэн гол гэмтэл нь цээж дарагдалт, дотуур цус алдалт, олон хавирганы хугарал, мултрал, хавирга уушиг руу хатгасан гэмтэл юм” гэсэн шинжээч эмчийн мэдүүлэг[48] нь:
Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Бүрэнжаргал нь Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд хүн нас барсан гэх дуудлагаар хамгийн түрүүнд амь хохирогчийн биед үзлэг хийсэн бөгөөд магадлан шинжилгээ хийсэн дүгнэлт, нэмэлт магадлангийн дүгнэлт зэрэгт тус тус үндэслэн дүгнэлт гаргасан талаараа мэдүүлсэн, нөгөөтэйгүүр мөрдөгч нь шинжээчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 9.2 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, Шинжээч нь зориуд худал дүгнэлт гаргавал Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлд заасан хариуцлага хүлээх талаар сануулсан нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл[49], 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний дүгнэлт №60 дугаар дүгнэлт[50], 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Шүүх эмнэлгийн нэмэлт магадлан шинжилгээний дүгнэлт №60 зэргийг гаргуулахдаа Монгол Улсын Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу шинжилгээ хийлгэхийг даалгаж, мөн хуулийн 13, 14 дүгээр зүйлд тус тус заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, зориуд худал дүгнэлт гаргавал Монгол Улсын Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэхийг анхааруулан, хууль сануулахад шинжээч эмч С.Бүрэнжаргал нь гарын үсэг зурж, шинжээч эмчийн хувийн тамгыг дарж баталгаажуулсан байдаг.
Иймд Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Бүрэнжаргал нь тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бодитой хийж, үндэслэл бүхий дүгнэлтийг бичгээр гаргах хуульд заасан нөхцөл, журмын дагуу гаргасан гэж шүүх үзэж, нотлох баримтаар үнэлсэн.
Харин хавтаст хэрэгт авагдсан баримтанд тулгуурлан гаргасан Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 143 дугаартай дүгнэлт, Монгол Улсын Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1049 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт зэрэг нь 17 настай гэрч Б.Бат-Эрдэний өгсөн: “... Би 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Жавхлант сумаас Дархан-Уул аймаг руу хүний машинд дайгдаж явсан юм. Жавхлант сумаас 15 цаг өнгөрөөгөөд 16 цагийн үед буюу үдээш хойш явсан. Ингэж явахдаа Шарын голын гүүрээр гарч явдаг ба гүүрний ойролцоо ертөнцийн зүгээр замын зүүн гар талд голын ойролцоо нэг эрэгтэй хүн хажуулдсан байдалтай доошоо харсан хэвтэж харагдсан юм. Би хараад согтуу хүн хэвтэж байна даа гэж харсан ба хажууд нь ямар ч хүн, машин тэрэг байгаагүй тухайн хүн ганцаараа л хэвтэж байсан юм. Ингээд Дархан-Уул аймаг орчихоод нээх удалгүй худалдан авах гэж байсан силкний ирийг барилгын материалын дэлгүүрээс аваад буцаж гарсан юм. Ингээд буцаж яваад Шарын голын гүүрээр өнгөрч гарахад анх харсан хүн яг байсан хэвэндээ хэвтэж харагдсан ба тухайн үед гадаа дөнгөж л бүрэнхий болж байсан юм” гэх мэдүүлэгтээ[51] амь хохирогч 2018 оны 07 дугаар сарын 23-ны 15-16 цагийн хооронд хажуулдсан байдалтай голын эрэг дээр хэвтэж байсныг гэрчилдэг бөгөөд Жавхлант сумаас Дархан-Уул аймаг руу 30-40 минут зарцуулна гэж бодоход яваад буцаад ирэхэд гэрчийн мэдүүлснээр дөнгөж бүрэнхий болж байсан гэхээр 19-20 цагийн үед амь хохирогч тухайн газраа, байсан байрлалдаа хэвтсээр байсан болох нь батлагддаг. /2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Цаг тоололын бичигт: Нар 5:18 минутанд мандаж, 20:35 минутанд жаргасан байна/[52];
-мөн гэрч ын “...Би 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймаг ажлаар явчихаад өдрийн 14 цаг 40 минутын үед байх би Жавхлант сум руу орж ирж яваад найз Дээдэнжидтэй дугуй засварын хажууханд таараад уулзахад Дээдэнжид надад “манай хүү ******* миний машиныг согтуу унаад яваад байх шиг байна гэсэн. ...Гэрийн наад талд контор гэх газрын гадаа зогсож байхад удаа ч үгүй миний араар Д.******* Пронтер машинаа жолоодон яваад өнгөрсөн. Ингээд би Дээдэнжид рүү залгаад “машин чинь ирсэн явж байна, сая миний хойгуур гараад явлаа” гэж хэлтэл “за, за” гэсэн...” гэх мэдүүлэг[53],
-мөн гэрч ын “...2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 15-16 цагийн үед байх Ариука, Дархан чиглэлийн хар замаар машинтайгаа ирж хар замаар Жавхлант сум руу салдагаар эргээд сум руу явж харагдсан юм. Би харахад ганцаараа л явж харагдсан юм. ...Тухайн үед би харахад Дархан чиглэлээс ирж харагдсан. Одоо бодоход голын эрэг дээр архи ууж байгаад ирж байсан юм байна. Тухайн үед би барьж байсан барилгын гадна гараад ирчихсэн зогсож байхад шууд хажуугаар өнгөрөөд яваад өгсөн юм. Би зогсох юм болов уу гэж харсан боловч зогсоогүй...” гэх мэдүүлэг[54] зэргээр шинжээчийн 143, 1049 дугаартай дүгнэлтүүд няцаагдан, үгүйсгэгдэж, нотлох чадвараа алдсан, шүүхэд эргэлзээ төрүүлж байх тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Шүүгдэгч Д.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон В.******* нь оршуулгын зардалд 10,424,000 /арван сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга/-н төгрөг нэхэмжилснийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.*******оос 10,424,000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.*******д олгох нь зүйтэй байна.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Д.*******од эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Жаран овогт Дээдэнжидийн *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/-н жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/-н жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ялаа эдэлж дууссан үеэс тоолж, түүний 626786 дугаартай B ангиллын жолоочийн үнэмлэхийг хураан авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харъяа Лицензийн төвд хүргүүлэх нь зүйтэй.
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Д.*******од урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялын хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тоолвол зохино.
Энэхүү гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхгийг хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жаран овогт Дээдэнжидийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “Согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Жаран овогт Дээдэнжидийн *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/-н жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.*******од оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/-н жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ялаа эдэлж дууссан үеэс тоолж, түүний 626786 дугаартай “B” ангиллын жолоочийн үнэмлэхийг хураан авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харъяа Лицензийн төвд хүргүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******оос оршуулгын зардалд 10,424,000 /арван сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга/-н төгрөг гаргуулан, хохирогч В.******* /МУ78042762 регистрийн дугаартай, Сэлэнгэ аймгийн Жавхлант 2 дугаар баг, Моностой, Хөх чулуут гудамж, 8-17 тоотод оршин суух хаягтай/-д олгосугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн ирүүлсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-диг хавтаст хэргийн архивт хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Д.*******од урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялын хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ