| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2020/0363/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/371 |
| Огноо | 2020-12-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2020/ШЦТ/371
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б
Улсын яллагч Б.О
Шүүгдэгч М.Э нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Э-т холбогдох эрүүгийн 2025000000397 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.Э
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч М.Э нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Зуун айл барилгын материалын худалдааны төвийн авто зогсоол дээр байсан тээврийн хэрэгсэл дотроос нь иргэн С.Ж-н Сузуки Карри загварын гар утсыг хулгайлж 503.400 / таван зуун гурван мянга дөрвөн зуу/ төгрөгийн хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э-н мэдүүлсэн ”..Би архины хамааралтайгаасаа болоод хэрэг үйлдсэн. Буруутай үйл ажиллагаа хийсэн. Үүнийгээ хүүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Тэр үед өөрийн үйлдлийг хянах чадваргүй байсан. Гэхдээ оюун ухааны үйл ажиллагаа хэвийн байсан. Би утас зарсан хүнээ мэднэ. Гэхдээ хохирогчид утсыг чинь эргүүлээд олж өгнө гээд олж өгч чадаагүй. Би хохирогчийг танина. Олон жилийн өмнө хаалгыг нь будаж өгсөн. Би ачаа зөөж, самарт явж амьдрал ахуйгаа авч явдаг тийм л хүн. Нэг хэсэг хатгаа аваад тэр нь хүндрээд уушгинд хуримтлагдаад сүрьеэ болохоо алдсан байсан. Саяхнаас бие тэнхэрч гайгүй болсон. Хохиролыг би ямар ч байсан барагдуулна.Ажил хийнэ.Гмэ буруугаа хүлээж байна ”гэх мэдүүлэг,
-Хохирогч С.Ж-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2020 оны 09 дүгээр сарын 07-ны орой 20 цагийн үед Оюут баг 100 айлын барилгын материалын дэлгүүр урд талд зогсож байхад үл таних халамцуу залуу хүрч ирээд ачаа ачих уу гэж надаас асуухаар нь би ачихгүй гэж хэлээд явуулсан. Тэгээд 100 айл төв рүү шүрүүп авах гээд машинаа онгорхой орхичихоод дэлгүүр орчихоод гарч ирээд тэндээс хөдлөөд Уурхайчин баг Эвирка барилгын материалын дэлгүүр дээр ирээд машин дотор байсан гар утсаа санаад авах гэтэл алга болчихсон байсан. Маргааш нь 100 айлын барилгын материалын эсрэг талд байрлах Барилга плаз дэлгүүрийн хяналтын камерыг нь шүүж үзэхэд миний машин руу үл таних эрэгтэй хүн хаалгыг нь шууд татаад дотор нь ороод суугаад хаалгыг нь хаагаад хэсэг сууж байгаад бууж байгаа дүрс бичлэг бичигдсэн байсан болохоор цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Би хамгийн сүүлд гар утсаа өөрийнхөө машиныхаа хоёр суудлынхаа хооронд байрлах тавиур дээр тавьчихаад 100 айл орж шүрүүп аваад гарч ирэхэд алга болчихсон байсан ба Эвирка барилгын материалын дэлгүүр дээр ирээд санасан. Самсунг А-6 загварын алтан шаргал өнгийн гар утас байсан. Гадуураа улаан хүрэн өнгийн хавтастай гэртэй байсан. Онцлог содон шинж тэмдэг гээд байх зүйл байхгүй. Ямар ч сэв зураасгүй гар утас байсан. 2018 оны 11 дүгээр сард Орхон аймаг дахь Мобикомын салбараас 840,000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо гар утсаа 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр үнэлж байна. Миний гар утсыг авсан гэх залууг би одоо харвал танина. Нүүрэн дээрээ шинэ хөндлөн шархтай 175-180 орчим өндөр нуруутай, архи уудаг болов уу гэмээр харагдаж байсан. Надаас тухайн өдөр ачаа ачуулах уу гэж асуусан залуу мөн байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/
“Ашид билгүүн” ХХК-ний 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 20/157 дугаартай...гар утасны үнэ 503.400 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 14-16-р хуудас/
-Шүүгдэгч М.Э-с яллагдагчаар мэдүүлсэн “...жижиг цагаан өнгийн амьжиргаа цагаан зогсож байхаар нь би тэр машины хаалгыг нь татаж үзтэл онгорхой байхаар нь орж суугаад жолоочийг хүлээж байгаад жолоочийн эсрэг тал руу хартал автомашины суудал дээр улаан бор өнгийн хавтастай гар утас байхаар нь тэрийг нь аваад машинаас буугаад тэндээсээ шууд Хүлэг хүнсний зах орсон. Хүлэг худалдааны төвийн урд хэсэгт үүдэнд хүнсний ногоо зарж байсан ах эгч хоёрт нөгөө гар утсаа үзүүлтэл худалдаж авъя гэхээр нь би тэр хоёрт 40,000 /дөчин мянга/ төгрөгөөр зарчихсан юм. Тухайн үед надад мөнгө төгрөг байхгүй байсан учраас уг гар утсыг нь авч зарсан юм. Би ганцаараа явсан. Би тухай үед 1 шил 0,75 граммын архийг Баяраатай хувааж уусан. Дунд зэргийн согтолттой байсан. Болсон асуудлыг санаж байгаа. Би цэнхэр өнгийн саравчтай малгай, мөрөндөө цагаан өнгийн судалтай хар богино куртиктэй, биеийн тамирын хар өмдтэй явж байсан ба гартаа 5 литрийн цэвэр усны сав барьчихсан явж байсан. Би хулгай хийсэн эд зүйлийнхээ хохирлыг төлж барагдуулна. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 25-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч М.Э нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт Зуун айл барилгын материалын худалдааны төвийн авто зогсоол дээр байсан тээврийн хэрэгсэл дотроос нь иргэн С.Ж-н Сузуки Карри загварын гар утсыг нууцаар зөвшөөрөлгүй авч 503.400 төгрөгийн хохирол учруулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Эдгээр хохирогчийн мэдүүлэг, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч М.Э нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Зуун айл барилгын материалын худалдааны төвийн авто зогсоол дээр байсан тээврийн хэрэгсэл дотроос нь иргэн С.Ж-н Сузуки Карри загварын гар утсыг нууцаар, зөвшөөрөлгүй авсан үйлдэл нь нотлогдсон ба энэ үйлдлийн улмаас хохирогчид 503.400 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогджээ.
Шүүгдэгч М.Э бусдын эд зүйлийг нууцаар, зөвшөөрөлгүйгээр авсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусдын өмчлөх эрхийн эсрэг халдсан “хулгайлах” гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокурорын яллах дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ. Шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч М.Э нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Зуун айл барилгын материалын худалдааны төвийн авто зогсоол дээр байсан тээврийн хэрэгсэл дотроос нь иргэн С.Ж-н Сузуки Карри загварын гар утсыг хулгайлж 503.400 / таван зуун гурван мянга дөрвөн зуу/ төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна гэжээ.
Шүүгдэгч шүүх хуралдаанд “Өөрийн хийсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна. Намайг цагийн ажил хийх ч юм уу тийм ялаар шийтгэж болохгүй юу? Дулаарахаар миний ажил эхэлдэг. Өвөл явагддаггүй. Миний хүсэлтийг хүлээж аваад харж үзнэ үү? Одоо ажил байхгүй байгаа. Биеэ гайгүй болгоод, шүүх хурлаа дуусгаад хүрээд ирээрэй гэсэн. Харуул хамгаалалтын ажил хийх санал ирсэн.Бие муу байна” гэжээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.Э-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын хэмжээ зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч С.Ж-д учирсан 503.400 төгрөгийн хохирлыг барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 503.400 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсаргаж үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч М.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-г 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.3Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-т оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 цагаар Орхон аймгийн Нийтлэг үйлчилгээний албанд ажиллуулахаар тогтоож ялыг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтээр хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.үүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-т оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 цагаар Орхон аймгийн Нийтлэг үйлчилгээний албанд ажиллуулахаар тогтоож ялыг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтээр хорих ялаар солихыг мэдэгдүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162,163,164 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-с 503.400 төгрөг гаргуулан хохирогч С.Ж-д олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ