Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/01651

 

С.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 530 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 62 дугаар магадлалтай,

С.Б-ийн нэхэмжлэлтэй,

Ю.Э-д холбогдох,

7.147.630 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч С.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Ю.Э-тай 2013 онд танилцаж 2016 оныг хүртэл танилын харилцаатай байсан бөгөөд 2016 оны 8 дугаар сараас эхлэн хамтран амьдарсан. Гэвч бид хоорондоо таарч тохироогүй байнгын үл ойлголцол, хэрүүл тэмцэлтэй байх болсон тул хамтран амьдрах боломжгүй болж 2017 оны 4 дүгээр сараас эхлэн тусдаа амьдарч эхэлсэн. Биднийг хамтран амьдарч эхлэх үед Ю.Э- нь 5788 УБУ улсын дугаартай Тоёота Приүс-20 маркийн автомашин зээлээр худалдан авсан байсан бөгөөд надаас боломжтой болох үедээ буцаагаад өгнө, банкны зээлийг маань төлөөд өгөөч гэж гуйгаад 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн төлж, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 4.108.930 төгрөгөөр зээлийг нь бүрэн хаасан. Дээрх автомашин нь одоо хариуцагчийн өмчлөлд бүртгэлтэй, түүний эзэмшил ашиглалтад байгаа боловч автомашины зээл төлсөн нийт 6.077.430 төгрөгийг буцааж өгөөгүй. Мөн хариуцагч Ю.Э- нь тусдаа амьдарч эхлэхийн өмнө надаас 1.000.000 төгрөг зээлж авсан ба тусдаа амьдарч эхэлснээс хойш утсаа авахгүй, хэл чимээгүй алга болж, миний бие арга буюу түүнийг шүүхээр эрэн сурвалжлуулсан. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 7.077.430 төгрөг, эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 70.200 төгрөг нийт 7.147.630 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.                                                  Хариуцагч Ю.Э- шүүхэд гаргасан тайлбартаа: Би С.Б-тэй 2016 оны 8 дугаар сараас 2017 оны 5 дугаар сар хүртэл хамт амьдарч, С.Б- миний банк бус санхүүгийн байгууллагын зээлийг төлж 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн үлдэгдэл болох 4.108.930 төгрөгийг төлсөн нь үнэн. Харин 1.000.000 төгрөгийг надад зээлээгүй. 1.000.000 төгрөгийг бид хамт амьдарч байх хугацаандаа хэрэглэсэн. С.Б- 2016 оны 8 дугаар сард Дорнод аймгийн Баян-Уул сум руу ажиллахаар болсон. Тухайн үед намайг ажлаасаа чөлөө авчих гээд надаар цалингүй чөлөө авахуулж хамт явсан. Тэр үед намайг банк бус санхүүгийн байгууллагад зээлтэй байсныг мэдэж байсан бөгөөд миний зээлийг төлнө гэж хэлсэн. Гэтэл 2017 оны 3 дугаар сард С.Б- тушаал ахиж Улаанбаатар хотод ажиллахаар болсон тул бид аавынх нь гэрт очиж 5 сар хүртэл хамт амьдарсан. Бид хоёрын харилцаа таарамжгүй байсан тул салсан. С.Б- эхнээсээ миний зээлийг төлнө гэж хэлж байсан гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 530 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1-д зааснаар 2.838.715 төгрөгийг хариуцагч Ю.Э-аас гаргуулан нэхэмжлэгч С.Б-т олгож, 3.308.915 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Ю.Э-аас 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан 129.320 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 60.369 төгрөгийг хариуцагч Ю.Э-аас гаргуулан нэхэмжлэгч С.Б-т олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 62 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 530 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд нь буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч С.Б-өөс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83.900 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ю.Э- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.06.11-ний өдрийн 62 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хянан хэлэлцсэн хэдийг ч хуульд зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэж ИХШХШТХ-ийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дах хэсэгт зааснаар шийдвэрлэх боломжтой байхад үндэслэлгүйгээр анхан шатны шүүхэд буцааж байгааг хариуцагч би эс зөвшөөрч байгаа тул хяналтын шатанд хэргийг хянан хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.05.02-ны өдрийн №530 тоот шүүхийн шийдвэр, Дархан-Уул аймгийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018.06.11-ны өдрийн №62 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Ю.Э-ы хүсэлтээр түүний “Жи Эс Би Капитал" ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нийт 6,077,430 төгрөгийн төлөлт хийсний үндсэн дээр хариуцагч нь Тоёота пруис маркын 57-88 УБУ улсын дугаартай автомашиныг өмчлөх эрхтэй болсон байдаг. Талуудад уг автомашиныг хамтран өмчлөх тухай тохиролцсон ямар нэг гэрээ хэлцэл байхгүй бөгөөд Ю.Э- нь 6,077,430 төгрөгийн өрөөс чөлөөлөгдсөнөө хүлээн зөвшөөрдөг. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 496 дугаар зүйл, 496.1 дэх хэсэгт заасан эрхийн дагуу 6,077,430 төгрөгийг буцаан шаардсан юм. Хариуцагч Ю.Э- болон түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл нар нь шүүх хуралдааныг эхлэх үед нэхэмжлэгчийг 2016.08.22-ний өдрөөс эхлэн зээлийн төлбөрийг төлсөн бөгөөд нийт 6,077,430 төгрөгийн төлбөр төлсөн гэдэгтэй маргахгүй байгаа тухай мэдүүлдэг. Иймд миний бие хариуцагчийг төлбөрийн үнийн дүн, зээлийн төлбөр төлсөн бодит үйл баримттай маргахгүй байсан тул нотлох баримт гаргуулахаар гаргасан хүсэлтээсээ татгалзсан. Иймд нэгэнт хариуцагч нь нэхэмжлэгч С.Б-ийг 2016.08.22-ний өдрөөс эхлэн зээлийн төлөлтийг төлж, нийт 6,077,430 төгрөгийн зээл төлсөн гэдэгтэй маргахгүй байхад шүүгч ийнхүү өмгөөлөгчийн үгээр 400,000 төгрөгийн шаардлагыг хангаагүй нь үндэслэлгүй байна. Харин 2017 оны 03-р сард 1,000,000 төгрөгийг хариуцагч өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулахаар зээлж авсныгаа буцааж төлөөгүй. Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр 1,000,000 төгрөгийг буцаан шаарддаг. Гэтэл шүүх нэхэмжлэгч удаа дараа хариуцагчид хэрэглээний мөнгө шилжүүлдэг байсан юм чинь энэ мөнгө ч мөн хамтын хэрэгцээнд зарцуулагдсан байна хэмээн хэргийг өнгөц дүгнэн шийдвэр гаргасан байна. Наад зах нь хамтын хэрэгцээнд зориулж шилжүүлсэн мөнгө дээд тал нь 200,000 байгааг шүүгч анхаарах боломжтой байсан. Хариуцагч нь нэхэмжлэгчээс тусдаа амьдарч эхэлсэн үеэс Дархан-Уул аймагт оршин суух болж, өөрийн барьж байсан утасны дугаарыг хамаатны дүүдээ өгсөн зэрэг үйл баримтыг хүлээн зөвшөөрдөг. Хариуцагчийн эрэн сурвалжлуулж олох үед хариуцагч Дархан-Уул аймагт оршин сууж байгаа болох нь тогтоогдсон. Иймд иргэний хуульд үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд нэхэмжлэгчээс гарсан зардал багтдаг тул эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 70,200 төгрөгийг буцаан шаардсан байна. Гэтэл шүүгч нэхэмжлэгчийг хариуцагчийн хаяг тодорхойгүй байгааг урьдчилан тогтоолгоогүй хэмээн шаардлагыг хангахаас татгалзсанд гомдолтой байна. Нэхэмжлэгч С.Б- нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийн өмнөөс “Жи Эс Би Капитал” ББСБ-д төлсөн төлбөр, зээлийн гэрээний үүргийн дагуу хариуцагчид шилжүүлсэн 1,000,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 70,200 төгрөг нийт 7,147,630 төгрөг шаардаж байгаагаа маш тодорхой бичсэн байдаг.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч С.Б- нь хариуцагч Ю.Э-аас 7.147.630 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа зээлийн төлбөрт төлсөн 6.077.430 төгрөг, зээл 1.000.000 төгрөг, эрэн сурвалжлуулах хүсэлт гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

Ю.Э- нь 2016 оны 4 дүгээр сарын 20-ний өдөр “Жи эс би капитал” ББСБ-с нь 6.000.000 төгрөгийг 24 сарын хугацаагаар сарын 1.9 хувийн хүүтэй зээлж, Приус маркийн автомашин худалдан авчээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2016 оны 7 дугаар сараас 2017 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд хамтран амьдрахдаа Ю.Э-ы өмнөөс дээрх зээлийн төлбөрт 6.077.430 төгрөг төлсөн, машин хариуцагчийн өмчлөлд байгаа болох нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэгч нэхэмжилж буй төлбөрийн хэмжээ, үндэслэлээ тодорхой дурдсан байхад давж заалдах шатны шүүх шаардлага үндэслэлийг тодруулаагүй гэж үзсэн нь ойлгомжгүй болжээ. 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар журмыг зөрчсөн, уг зөрчлийг ноцтой гэж үзсэн үндэслэлээ давж заалдах шатны шүүх магадлалд заалгүй, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1. дэх хэсэгт хамаарахгүй, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Иймд зохигчийн “...давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох” талаарх гомдлыг хангах нь зүйтэй. 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс нэхэмжлэлийн зарим шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Ю.Э-ы бусдад төлөх төлбөрийг төлсөн тул  уг мөнгийг түүнээс гаргуулна гэж нэхэмжлэгч шаардлагаа тодорхойлжээ.

Нэхэмжлэгч хариуцагчийн өрийг төлж, өөрөөсөө зардал гаргасан нь тогтоогдсон, уг мөнгөө Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1.-т зааснаар шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах үндэстэй.

Нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Иймд нэхэмжлэлээс 6.077.430 төгрөгийн шаардлагыг хангаж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 62 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 530 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дах заалтыг нэгтгэн 1 гэж дугаарлан “Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1., 219 дүгээр зүйлийн 219.1., 281 дүгээр зүйлийн 281.1.-т заасныг баримтлан хариуцагч Ю.Э-аас 6.077.430 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Б-т олгож, нэхэмжлэлээс 1.070.200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дах заалтын “...60.369” гэснийг “...112.188” гэж тус тус өөрчлөн, 3, 4, 5 дах заалтыг 2, 3, 4 гэж дугаарлан, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах”, хариуцагчийн “хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах” талаарх гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 83.900 төгрөг, хариуцагчаас 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 129.320 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ