| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2020/0362/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/372 |
| Огноо | 2020-12-02 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Л.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2020/ШЦТ/372
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга С.Б
Улсын яллагч Л.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б
Хохирогч Ж.Б
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох 2025000000393 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б
Орхон аймгийн Прокуророос шүүгдэгч Б.Б-г 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт Их хөшөөт гэх газарт **** УБЕ улсын дугаартай Хонда Инсайт загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж У.Н-н эрүүл мэндэд хүнд хохирол, Ж.Б , Ө.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлсэн “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Хохирогч Ж.Б-н мэдүүлсэн ...Гомдолтой байна. Хөл гар янгинаад байгаа. Одоо болтол зүгээр болохгүй байна. Ажил байхгүй байгаа. Хөл өвдөөд хазганаад л явж байгаа. Зүв зүгээр ажил хийх гэж яваад өөрийн биеэрээ хохирсон. Б 350,000 төгрөг төлсөн. Гэвч одоо 400,000 төгрөг хүнээс зээлж эмчилгээ хийсэн.Түүнийгээ авмаар л байна.Өөр ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
-Хохирогч У.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн...2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр миний бие Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумаас Орхон аймаг руу явж БОЭТ-д давтан шинжилгээ ЭХО-д харуулах зорилгоор зам дээрээс гар өргөж замын унаа болох **** УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор сууж Орхон аймгийн нутаг дэвсгэр Их хөшөөтийн даваанаас доош дөнгөж уруудаад тойрог хэсэгт 2 удаа шарвасан. Тэгээд өөдөөс ирж явсан цагаан өнгийн ачааны машиныг урсгал сөрж мөргөсөн. ..Тээврийн хэрэгсэл дотор нийт 5 хүн явж байсан...Б намайг хэвтсэнээс хойш тодорхой хэмжээний зардлыг өөрөөсөө гаргаж төлж байсан.Миний бие 8 сартай жирэмсэн болохоор эмчилгээ хийлгэж болохгүй байна.Б бид 2 тохирсон.Шүүх хурал болохоос өмнө надад 2,000,000 төгрөг өгөхөөр болсон.Уг мөнгийг өгчихвөл миний зүгээс ямар нэг санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,
-Насанд хүрээгүй хохирогч Ө.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн“...2020 оны 09 сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумаас Орхон аймаг руу дүү нартаа хүнсний зүйл дөхүүлж өгөх гээд Баруунбүрэн сумын төв зам дээрээс **** УБЕ улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгсэлд суусан. Их хөшөөтийн даваанаас зүүнээс баруун тийш чиглэлтэй 17 цагийн үед дөнгөж даваа даваад уруудаж байгаад огцом эргэлтэн дээр миний сууж явсан машин шарвасан жолооч 2 тийшээ жолоогоо дараад байсан тэгээд өөдөөс ирж явсан цагаан өнгийн ачааны машиныг мөргөж замын хажуу хэсэг рүү гарсан. Эмнэлэг дээр ирээд зураг авахуулж үзүүлэхэд миний зүүн хөлний дунд чөмөгний төвгөр хэсэг нь цуурсан байна гэж хэлсэн. Даваанаас давж гарч ирж байхдаа гар утсаар яриад яваад байсан. Хойно суусан 2 хүн болон би суудлын бүсээ зүүгээгүй явсан...Б ах намайг эмнэлэгт үзүүлж эм авч өгсөн.Миний бие сайжирч эдгэрсэн тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 31-р хуудас/
-Гэрч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2020 оны 09 сарын 13-ны өдөр миний бие **** ОРО улсын дугаартай КИА БОНГО маркийн авто машин жолоодоод Жаргалант сумын Их хөшөөтийн даваа өгсөж байхад мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгсэл эргэлтэн дээр шарвасан. Тэгээд миний жолоодож явсан машины өөдөөс эсрэг урсгал сөрж орж ирээд баруун талаараа мөргөж замын хажуу руу гарсан. Цуг манай ах Х явж байсан. Үзэгдэх орчин хэвийн бороо орчихсон зам нойтон байсан...” гэх мэдүүлэг /хх-н 33-р хуудас/,
-Иргэний нэхэмжлэгч Д.С-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн ... Тээврийн хэрэгслийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Үнэлгээгээр тогтоогдсон 1.255.000 төгрөгийг нэхэмжилж байна өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 41 дүгээр хуудас/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9-р хуудас/
-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11-р хуудас/
-3ам тээврийн осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 12-13-р хуудас/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн №678 дугаартай ...“У.Н-н биед 2 талын умдаг болон суудал ясны далд зөрөөгүй хугарал, тархи доргилт, зүүн ташаа, цээжний зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана...” гэсэн дүгнэлт /хх-ийн 43-44-р хуудас/,
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 675 дугаартай "... Ө.Б ийн биед зүүн дунд чөмгөний ясны төвгөр дайрсан далд зөрөөгүй хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана...” гэсэн дүгнэлт /хх-н 47-48-р хуудас/,
-Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 75 дугаартай "... Ж.Б гийн биед баруун сүүжний дэлбээ их бие хэсгээр хугарсан, давсагны ар хэсэгт шингэн гэмтлүүд тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-н 51-52-р хуудас/,
-“Арвижих-эстимейт” ХХК-ний шинжээчийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт,үнэлгээгээр тогтоогдсон үнэлгээ 1,255,000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 103-104-р хуудас/,
-Зам тээврийн осол дээр тогтоосон мөрдөгчийн магадлагаа...Буяннэмэхийн Б /ГИ88051410/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн зүйл заалтуудыг тус тус зөрчсөн байна”гэсэн дүгнэлт /хх-н 113-р хуудас/
-Яллагдагч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн...“Миний бие 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотоос Булган аймгийн Сэлэнгэ сум руу аав ээжийнхээ гэр лүүгээ явах гээд Драгон төв дээрээс Б гэх залууг авч Орхон аймаг хүрэх зам заалгахаар машиндаа суулгаж хамтран амьдрагч А-н хамтаар гурвуулаа Улаанбаатар хотоос хөдөлсөн. Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын төв орж ирээд явж байтал зам дээр эмэгтэй, эрэгтэй 2 хүн гараа өргөөд зогсож байхаар нь суулгаад хөдөлсөн. Их хөшөөтийн даваан дээр гарч ирээд уруудаад явж байтал замын эргэлттэй хэсэг дээр миний жолоодож явсан **** УБЕ улсын дугаартай Хонда Инсайт маркийн тээврийн хэрэгсэл шарвасан тэгэхэд нь би 2 удаа тооромслоход зогсоогүй тэгээд эсрэг талын урсгалд ороод зогсох мөчид доороос дээш даваа руу өгсөн явсан цагаан өнгийн **** ОРО улсын дугаартай ачааны машинтай мөргөлдсөн. Тэгээд замын хажуу хэсэг рүү машин маань орсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 172-173-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдов.
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт Их хөшөөт гэх газарт **** УБЕ улсын дугаартай Хонда Инсайт загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж машинд зорчиж явсан У.Н-н эрүүл мэндэд хүнд хохирол, Ж.Б , Ө.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Д.С-н эзэмшлийн **** ОРО дугаартай тээврийн хэрэгсэлд 1,255,000 төгрөгийн эвдрэл хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч,гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт хийж тэмдэглэл үйлдэж бэхжүүлсэн бичмэл нотлох баримтууд, мөрдөгчийн магадлагаа, шинжээчийн дүгнэлтүүд зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч Б. Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн зүйл заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэж Зам тээврийн осол дээр тогтоосон мөрдөгчийн магадалгаагаар тогтоосон ба энэ магадалгааг шүүгдэгч түүний өмгөөлөгч нар эсэргүүцээгүй байна.
Мөн машинд зорчиж явсан У.Н-н эрүүл мэндэд хүнд хохирол, Ж.Б , Ө.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Д.С-н эзэмшлийн **** ОРО дугаартай тээврийн хэрэгсэлд 1,255,000 төгрөгийн эвдрэл хохирол учирсан болох нь ...“У.Н-н биед 2 талын умдаг болон суудал ясны далд зөрөөгүй хугарал, тархи доргилт, зүүн ташаа, цээжний зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана...” гэсэн дүгнэлт, “...Ө.Б ийн биед зүүн дунд чөмөгний ясны төвгөр дайрсан далд зөрөөгүй хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана...” гэсэн дүгнэлт, ...Ж.Б гийн биед баруун сүүжний дэлбээ их бие хэсгээр хугарсан, давсагны ар хэсэгт шингэн гэмтлүүд тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 1,255,000 төгрөг гэх дүгнэлт зэрэг шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон ба энэ талаар шүүгдэгч ,хохирогч, иргэний нэхэмжлэгч нар маргаагүй байна.
Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, оролцогчийн эрхийг зөрчсөн байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Б.Б дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан үйлдэл байх тул хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүх хуралдаанд, ”Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр Их хөшөөт гэх газарт **** УБЕ улсын дугаартай Хонда Инсайт загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж У.Н-н эрүүл мэндэд хүнд хохирол, Ж.Б , Ө.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан мөн иргэний нэхэмжлэгч Д.С-н эд хөрөнгөд хохирол учруулсан болох нь шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б шүүх хуралдаанд, “шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Иргэний нэхэмжлэгч С-т 555,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна. Хохирогч Б гийн хувьд шүүх хуралдаанд 400 000 төгрөгийг нэмж нэхэмжлэх санал гаргасан байна. Энэ талаар хавтаст хэрэгт хавсаргасан баримт болон шүүхэд гаргасан баримт байхгүй байна. Тиймээс хохирогч Б талаар баримтаа бүрдүүлээд Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг заах саналтай байна. Бусад хохирогч нарын хувьд хохирол төлсөн нь баримтаар тогтоогдож байх тул хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэл байна. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийн ихэнх хэсгийг төлсөн,цаашид төлбөрийг төлөхөө илэрхийлсэн зэргийг үндэслэн шүүгдэгчийн хувийн байдал хийсэн хэрэгтээ хандаж буй хандлага зэргийг харгалзан шүүх эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлөх эсхүл тэнсэх заалтуудаар шийдвэрлэх боломж байна гэж тус тус дүгнэлт гаргажээ.
Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хэрэгт авагдсан хувийн байдлын талаархи баримтуудыг шинжлэн судалж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт туслалцаа үзүүлж учруулсан эрүүл мэндийн хохирол эмчилгээний зардлыг нөхөн төлсөн болон цаашид нэхэмжилсэн төлбөрийг төлөхөө илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, иргэний нэхэмжлэгчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг зарим хэсгийг төлж үлдэх хэсгийг тодорхой хугацааны дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. Хуульд заасан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагатай байдал тогтоогдоогүй болно.
Хохирол төлбөр, иргэний нэхэмжлэлийн тухайд: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч У.Н-н эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Ж.Б , насанд хүрээгүй хохирогч Ө.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан, иргэний нэхэмжлэгч Д.С-н автомашинд 1,255,000 төгрөгийн хохирол учирсан байна. Шүүгдэгч Б.Б нь хохирогч У.Н-д эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн үеийн зардал болон шүүх хуралдаанаас өмнө 2,000,000 төгрөг төлсөн, хохирогч Ж.Б д эм эмчилгээний зардалд 350,000 төгрөг төлсөн талаар хохирогч шүүх хуралдаанд мэдүүлсэн, иргэний нэхэмжлэгч Д.С-т 700.000 төгрөг тус тус төлсөн болох нь шүүгдэгчээс шүүхэд гаргасан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд, 272,500 төгрөгийн зарлагын болон эмийн кассын баримтууд зэргээр тогтоогдож байна.
Насанд хүрээгүй хохирогч Ө.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Б ах намайг эмнэлэгт үзүүлсэн мөн эм авч өгсөн миний бие сайжирч эдгэрсэн миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн санал хүсэлт үгүй” гэж мэдүүлсэн тул төлөх төлбөргүй, хохирогч У.Н нэхэмжлэл гаргаагүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн тул төлөх төлбөргүй гэж үзнэ. Харин хохирогч Ж.Б нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “400.000 төгрөг нэмж нэхэмжилнэ” гэх боловч шүүхэд нэхэмжлэлийн үндэслэлийг нотлох баримтыг ирүүлээгүй байх тул энэ шүүх хуралдаанаар нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.
Иймд шүүх хуралдаанаас хохирогч нарт гаргуулах төлбөргүй ба харин иргэний нэхэмжлэгчид 555.000 төгрөгийг шүүгдэгч Б.Б-с гаргуулан олгохоор заалаа.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн Б.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д гэмт хэргийн хор уршгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 60 хоногийн хугацаанд арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, үүргийг хугацаанд нь биелүүлээгүй бол тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг прокурорын дүгнэлтээр хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-с 555.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч олгуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.Б-н 400.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн Б.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ