| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2020/0364/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/373 |
| Огноо | 2020-12-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2020/ШЦТ/373
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б
Улсын яллагч С.Б
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 2025002930401 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Б
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Д.Б-г 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 29-16 тоотод иргэн Б.Н-г зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учирсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлсэн “ ...Өгөхгүй, өөрийн мэдүүлэгт бүгдийг хэлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
-Хохирогч Б.Н-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн ... 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр би Булган аймгийн Бугат суманд найзындаа байж байтал Б орж ирсэн. Би найзындаа хонох гэж байтал Б намайг яг одоо Эрдэнэт рүү ээж дээрээ очих гэсэн юм гээд гуйгаад байхаар нь би явсан. Замдаа Булган аймгийн Бугат суманд Б айлд орчихоод гарч ирэхдээ 1 ширхэг 0,5 литрийн архи авч гарч ирсэн ба тэр архиа Эрдэнэт орох замдаа манай эхнэр Ц, Б тэр 2 уусан. Би жолоо барьж явсан учраас архи огт уугаагүй. Орой 17 цагийн үед Эрдэнэтэд орж ирээд гэрийнхээ ойролцоо дэлгүүрээс бид нар 1 ширхэг 0,5 литрийн архи авч гэрт орсон. Удалгүй манай эхнэр Ц хүүхдүүд рүүгээ яараад яваад өгсөн. Б бид 2 үлдээд архиа үргэлжлүүлэн уугаад сууж байтал Б над руу хандан би хурандаа байсан энэ тэр гэж хэлээд байхаар нь би чи битгий худлаа хуцаад бай гэсэн чинь намайг Б барьж аваад боож унагаагаад миний биеийн нуруу дагзны хэсэг рүү өшиглөн баруун нүдний доод хэсэг, дух руу цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/
-Яллагдагчаар Д.Б-н мэдүүлсэн “...2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Бугат сумын 4-р бригадад өвөлжөөн дээр байж байхад Н эхнэр Цэрмаагийн хамт Эрдэнэт рүү явах замд архиа уусан. Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант багийн 29-16 тоотод Н ын гэрт ирсэн. Н надад зориулж дэлгүүрээс 0.75 литрийн хараа архи авч ирж өгсөн тэгээд Н , эхнэр Цэрмаа бид 3 архи ууж юм ярьсан. Тэгээд бүгдээрээ нэлээн согтчихсон. Н эхнэр Ц-тай хэрэлдэж маргалдаад хоорондоо зодолдож эхэлсэн. Би болиулах гэтэл Н намайг цохиж хол бай бид хоёр учраа олно чамд хамаагүй гээд байсан. Эхнэрээ зодохоо болихгүй байгаад байхаар нь би Н ын хамрын хажууд нэг удаа цохисон чинь хамраас нь цус гоожсон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 сарын 06-ны өдрийн 107 дугаартай дүгнэлтэнд ...Б.Н биенээс авсан цусанд этилийн спирт 0.7 промиль процент илэрсэн болно. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт /хх-ийн 26-27-р хуудас/,
-Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар 04-ний 393 дугаартай ... Б.Н-н биед нүүрэнд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, зүүн нүдний алимны салст, баруун мөрөн дээр цус хуралт, нүүрэнд шарх үүсчээ. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт /хх-ийн 30-31-р хуудас/
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10-р хуудас/ зэрэг нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 29-16 тоотод иргэн Б.Н ынд архидан согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан Б.Н-г цохиж зодсоны улмаас биед нь нүүрэнд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, зүүн нүдний алимны салст, баруун мөрөн дээр цус хуралт, нүүрэнд шарх бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн учруулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгчийн Д.Б-н үйлдлийн улмаас Б.Н ын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар 04-ний 393 дугаартай “... Б.Н-н биед нүүрэнд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, зүүн нүдний алимны салст, баруун мөрөн дээр цус хуралт, нүүрэнд шарх үүсчээ. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.
Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Б-д гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч Д.Б нь 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 29-16 тоотод иргэн Б.Н ыг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Улс оронд учирсан нөхцөл байдал, эдийн засгийн нөхцөл байдал мөн Д.Б-н ажилгүй байгаа байдал зэргийг харгалзан үзэж 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх саналыг мөн гаргаж байна гэжээ.
Шүүгдэгч шүүх хуралдаанд: Улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна.Маргах зүйлгүй миний буруу.Торгуулийг 10 сарын хугацаанд төлөх боломжтой. Би аав ээжтэйгээ хамт амьдардаг. Орлогогүй, аав, ээжийн тэтгэврээр л амьдардаг гэжээ.
Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.
Хохирол төлбөрийн тухайд: хохирогч Б.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “надад ямар нэгэн гомдол, санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/-т авагдсан бөгөөд, хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд, сард 45.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ