| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2020/0360/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/374 |
| Огноо | 2020-12-04 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | С.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2020/ШЦТ/374
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б
Улсын яллагч Б.О
Хохирогчийн төлөөлөгч Ц.Ч
Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бд холбогдох эрүүгийн 2025003090390 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.Б
Орхон аймгийн Прокуророос шүүгдэгч Э.Б-г “Жем трейд” ХХК-ийн Эрдэнэт салбарын худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа 2019 оны 6 дугаар сард байгууллагын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийн эрхийг хувьдаа завшиж 3,533,840 төгрөгийн хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б-гийн мэдүүлсэн, бүгд үнэн учир мэдүүлэг өгөхгүй.Гэм буруугаа хүлээж байна.Ондоо багтаагаад хохирлоо төлнө гэх мэдүүлэг,
“Хохирогчийн төлөөлөгч Ц.Ч-н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Эхлээд 12 сая гаран төгрөгийн хохирлыг компанид учруулсан. Манайх жилийн эцсийн үр дүнгийн урамшуулал гэж олгодог, ажилдаа сайн байсан болохоор цалин сайн авдаг байсан. Хохирлыг жилийн эцсийн урамшуулал болон өөрийнх нь цалингаас суутгасан. Үлдэгдэл төлбөр дээр болохоо байгаад цагдаа, шүүхэд хандсан. Уг нь энэ хүн өөрөө бага багаар төлөөд байсан бол төлбөрөө аль эрт төлж дуусахаар байсан. Манай зүгээс гомдолтой байна. Хохирлоо барагдуулах хэрэгтэй байна” гэх мэдүүлэг,
-Хохирогчийн төлөөлөгч Ц.Ч-н мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “... Би Жем трейп ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын эрхлэгчээр ажилладаг юм. Манай компанид ажиллаж байсан Э.Б гэх залуу нь ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа борлуулалтын бэлэн мөнгөнөөс хувьдаа завшин хэрэглэчихсэн юм. Э.Б нь манай компанид худалдааны төлөөлөгчөөр ажилладаг байсан бөгөөд дэлгүүрүүдээс захиалга авах үед зарим дэлгүүр нь зээлээр бараа аваад сарын сүүлээр өгнө гэж бараагаа авчихаад дэлгүүрүүд нь тооцоогоо хийгээд, мөнгө өгөхөд тэр борлуулалтын мөнгийг нь дундаас нь аваад хэрэглээд байсан юм байна лээ. Э.Б нь Булган аймгийн Жавхлант гартаам нэртэй хүнсний дэлгүүрт 2.431.140 төгрөгийн барааны захиалгыг аваад, Булган аймгийн Тулга нэртэй хүнсний дэлгүүрт 1.102.700 төгрөгийн барааны захиалгыг аваад, борлуулалтын мөнгийг нь дундаас нь аваад хэрэглээд завшчихсан байгаа юм. Үүнийг манай нягтлан С нь дэлгүүрүүдтэй тооцоо нийлээд энэ асуудлыг мэдсэн. Э.Б нь дээрх хоёр дэлгүүрт нийтдээ 3.533.840 төгрөгийн барааны захиалгыг авч, мөнгийг авсан байгаа юм. Э.Б нь манай компанид 2012 оны 02 дугаар сард ажилд ороод 2020 оны 03 дугаар сарын өдөр хүртэл ажиллаж байсан. Э.Б нь компанийн мөнгө төгрөгийг хувьдаа ашиглан, завшсан асуудал гаргасан учраас ажлаасаа халагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 6-р хуудас/...анх цагдаагийн байгууллагад хандсан өргөдөл дээд 3,645,060 төгрөгийг хувьдаа авч ашигласан гэсэн байгаа нь санхүүгийн баримтаа дахин нягталж үзэхэд 3,533,840 төгрөгийг авч хэрэглэсэн гэж тогтоогдсон учраас манай байгууллагад учруулсан хохирол 3.533.840 төгрөг гэж тооцож байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 76-р хуудас/
-Гэрч Д.С-н мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн“... Э.Б нь Булган аймгийн Тулга нэртэй дэлгүүрт 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 977,400 төгрөгийн бараа зээлээр өгсөн, Жавхлант гартаам нэртэй дэлгүүрт 2,231,140 төгрөгийн бараа өгсөн байсан бөгөөд надад хэлэхдээ дээрх 2 дэлгүүрт зээлээр өгсөн мөнгийг нь аваагүй байгаа, зээлээр бараа авсан дэлгүүрүүд нь мөнгөө ерөөсөө өгөхгүй байна гэж хэлээд байсан. Би дээрх 2 дэлгүүрийн эзэд рүү 2019 оны 12 дугаар сарын сүүлээр жилийн эцсийн тайлан гаргах үеэр тооцооны үлдэгдэлтэй байна шүү гэхэд эзэд нь үлдэгдэл байхгүй ш тээ гэж хэлсэн юм. Тэгэхээр нь Баярмагнайгаас энэ талаар асуухад би Жавхлан гартаам болон Тулга дэлгүүрийн өгөх ёстой байсан тооцооны мөнгийг аваад хэрэглэчихсэн гэж хэлсэн юм гэсэн.Зарлагын баримт байхгүй боловч тооцоо нийлсэн акт нь байгаа юм. Жавхлант нэртэй дэлгүүр нь авсан барааныхаа тооцоог дандаа дансаар шилжүүлдэг боловч уг 2,231,140 төгрөгийг дансаар шилжүүлээгүй Э.Б нь бэлнээр л авсан юм шиг байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/....Тулга дэлгүүр манай байгууллагаас бараа худалдан авдаг гэхдээ зээлээр бараа өгч байгаагүй, Э.Б уг дэлгүүрт 977 400 төгрөгийн барааг зээлээр өгсөн мэтээр захилга шивсэн байсан, тэгээд Тулга дэлгүүрийн эзэнтэй холбогдоод асуутал зээлээр бараа авч байгаагүй гэсэн ба мөнгийг нь дундаас нь авсан байсан... 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгууллагын эрхлэгч Чимэдлхамын данс руу 800.000 төгрөгийг шилжүүлсэн байгаа, одоо үлдэгдэл 2.733.840 төгрөгийг төлөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-р хуудас/
-Жем трейд ХХК-ний зөрчил бүртгэх маягт /хх-ийн 27-р хуудас/,
-2020 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн зарлагын баримт, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-ийн 28, 30, 31-р хуудас/,
Шүүгдэгч Э.Б яллагдагчаар мэдүүлсэн: “...2019 оны 6 дугаар сард Булган аймагт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрт зээлээр бараа өгөөд сарын сүүлээр тооцоо нийлэхдээ би өөрөө дутагдал илрээд тооцоо нийлэхэд 3.533.840 төгрөгийн зөрүү гарсан байгаа. Тухайн үед надад мөнгөний хэрэг гараад аваад хэрэглэчихсэн юм. Энэ мөнгөнөөсөө 800.000 төгрөгийг буцааж байгууллагад өгсөн байгаа, үлдэгдэл мөнгийг нь яаралтай төлж барагдуулна... гэх мэдүүлэг /хх-ийн 72-73-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Э.Б нь “Жем трейд” ХХК-ийн Эрдэнэт салбарын худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа байгууллагын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс Булган аймгийн “Тулга” дэлгүүрт 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 977,400 төгрөгийн бараа, 6-р сард “Жавхлант гартаам” дэлгүүрт 2,231,140 төгрөгийн барааг зээлээр олгоод мөнгийг хувьдаа авч хэрэглэж “Жем трейд” ХХК-д 3,533,840 төгрөгийн хохирол учруулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи хохирогчийн мэдүүлгүүд, гэрчүүдийн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн мэдүүлэг, бусад бичмэл нотлох нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны, үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч Э.Б нь “Жем трейд” ХХК-ийн Эрдэнэт салбарын худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2019 оны 6 дугаар сард байгууллагын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс бусдад зээлээр олгож мөнгийг хувьдаа авч хэрэглэн завшиж 3,533,840 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн санхүүгийн баримтууд зэргээр нотлогдож тогтоогдсон ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна. Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын өмчлөх эрхийн эсрэг халдсан “хөрөнгө завших” гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч: Шүүгдэгч Э.Б нь Жем трейд ХХК-ийн Эрдэнэт салбарын худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа 2019 оны 6 дугаар сард байгууллагын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийн эрхийг хувьдаа завшиж 3.533.840 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай. Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэжээ.
Шүүгдэгч шүүх хуралдаанд, би эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг, эмээ өвөө маань манай хашаанд миний асрамжинд байдаг. Би ажил хийж тэр хүмүүсийг тэжээдэг.Төлбөрийг ажлын 5 өдөрт төлж чадахгүй, жилийн эцсээс өмнө барагдуулж дуусгана. Ялын санал хэлэхгүй гэжээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн хор аюулын хэр хэмжээ, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, хохирлын зарим хэсгийг төлсөн, цаашид төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах нь түүний гэм буруугийн хэр хэмжээ хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэлээ. Шүүгдэгч ажил эрхэлдэг байх бөгөөд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй.
Хохирол төлбөрийн тухайд, хохирогч Ц.Ч шүүх хуралдаанд оролцож “800,000 төгрөг төлөгдсөн, үлдэх 2,733,840 төгрөгийг яаралтай барагдуулж өгнө үү гэсэн байх тул шүүгдэгчээс төлбөрийг гаргуулж хохирогчид олгуулахаар заалаа.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Б-г хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-г 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 12 сарын хугацаанд, сард 225.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-гаас 2,733,840 төгрөг гаргуулан хохирогч Ц.Ч/-д олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлан өгч, шүүх хуралдааныг хаасныг мэдэгдэв.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ