Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/379

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х

Улсын яллагч Ц.Л

Хохирогч Ц.Б

Шүүгдэгч С.Г, Т.Д /онлайн/ нарыг оролцуулан

 

Орхон аймгийн Прокуророос, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийн хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хуурч, залилсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Г нарт холбогдох эрүүгийн 2025001660363 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Т.Д

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, С.Г

 

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Т.Д, С.Г нар ыг бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэр “Хүлэг” хүнсний захын гадаа П.Б заамдах, тэврэх зэргээр хүч хэрэглэн түрийвчтэй бэлэн мөнгө 521.000 төгрөг, бичиг баримтыг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогдуулан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.Д-ыг 2020 оны 03 сарын 16-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан сум 7 дугаар баг Майхантын 6-113 тоотод оршин суух Ц.О байшингийн цонхыг хагалан нэвтрэн орж, угаалгын машины моторыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 45.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичсэнээр/ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч С.Г-йг 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэр “Төгөл” Их дэлгүүрийн зүүн талд Д.Д-н “Эл жи экс-8” маркийн гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч залилан авч 240.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичсэнээр/ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Д-ын мэдүүлсэн: Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн. Хүлэг захын ард хохирогчийг хүзүүдэж байгаад куртикний карманаас нь мөнгө авсан нь үнэн. Г ард зогсож байсан,гар хүрээгүй. Хохирогч эсэргүүцэл үзүүлээгүй. Хохирогч Оюуны байшингийн хагархай цонхоор орж 2ш мотор салгаад тавьсан байхад нь авсан. Хохирлыг ажил хийж байгаад төлж барагдуулна. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г-н мэдүүлсэн: Мөнгө авсныг мэдэхгүй. Би согтуу байсан. Нэг мэдэхэд 1 ах намайг барьж аваад “хөгшин хүний түрийвчийг авсан байна, өг цагдаа дуудна гэхээр нь би айж зугтсан. Камерын бичлэгээр ялласанд гомдолтой. Д ыг юу авсныг би мэдээгүй.Гүйж явахад нэг Д над руу нэг юм шидсэн түлхүүр байсан. Үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү.Харин Д-н утсыг авснаа хүлээж байна. Ярьчихаад өгье гэж аваад цаашаа харж байхад нь зугтсан. Хохирлыг төлнө гэх мэдүүлэг,

 

-Ц.Б-н Төрийн банкны данснаас 521,000 төгрөгийн зарлага гаргасан тухай дансны хуулга /1 хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

-“Далай ван аудит” ХХК-ний “...иргэний үнэмлэх, тэтгэврийн дэвтэр, 4 ширхэг түлхүүр, бэлэн мөнгөний үнэлгээ тогтоох боломжгүй тухай албан бичиг /1 хх 21 дүгээр хуудас/,

 

-Хохирогч Ц.Б-н хэлэлцүүлэгт мэдүүлсэн, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өндөр насны тэтгэвэр 521 000 төгрөгийг Урт цагааны Төрийн банкнаас 03 цагийн үед авсан. Хуучны танил Ц эхнэр хүүхдүүдтэйгээ явж байхад нь тааралдаад бид хэд Төгөл их дэлгүүрийн хойд талын эмийн сан орж эм аваад буцаж гараад удаан уулзаагүй гээд Ц нэг шил 0.33 гр Хараа архи аваад манаачийн шатны тэнд архи хувааж уусан. Би адилхан тэтгэврээ авчихаад гэж бодоод Төгөл их дэлгүүрийн шатны голд байдаг дэлгүүрээс 0.33 гр архи авсан. Тэр үед ухаан балартаад архи ууж чадахгүй архиа талд нь оруулаад больсон. Үлдээсэн архийг Ц аваад явсан. Манай хоёр охин “Даниста” худалдааны төвд ажилладаг, гэртээ харих замаараа охиныхоо ажлаар орох гээд Төгөл их дэлгүүрийн араар гараад явж байхдаа энэ хоёртой таарсан. Би тухайн үйл явдлыг сайн санаж байна. Д намайг заамдсан. Би заамдаад гэж ярьж байсан одоо бодоход хоолой боох гээд чадахгүй байсан юм шиг санагдаж байна. Миний куртикний дотор энгэрийн халааснаас тэтгэврийн дэвтрийг маань авах гээд ноцолдоход нь би гарыг нь цохиж болиулах гэсэн боловч чадаагүй. Тэтгэврийн дэвтрийн завсар 521, 000 төгрөг байсан  бүхэл 20 000 төгрөгүүд байсан. Тэгээд би дээрэмдүүлчихлээ гэж тэнд орилоход манай хүргэнийг таньдаг П гэх хүн Г ийг барьчихсан, харин Д зугтгачихсан байсан. Тэнд болсон үйл явдлыг зах дээр толгой зардаг хоёр хүн, авто зогсоол дээр байсан жолооч нар харсан байсан. Манай хүргэн камерын бичлэг шалгаад энэ хүмүүсийг цагдаад өөрсдөө олж өгсөн. Уурхайчин багийн хэсгийн байцаагч Б дээр очоод Г , Д нарыг өрөөнд нь байсан хүмүүс таниад нэрийг нь хэлж байсан. Тэр өдрөөс хэд хоногийн дараа Д ыг шүүх дээр баривчлуулах зөвшөөрөл авах гээд ирэхэд зугтаад явчихсан. Хэд хоногийн дараа Д ыг нэг цагдаа олоод авч ирсэн. Тухайн үед тэтгэврийн дэвтрийн завсар байсан 521,000 төгрөг, 4 ширхэг гэрийн түлхүүр, иргэний үнэмлэх, тэтгэврийн дэвтэр зэргийг дээрэмдүүлсэн. Би одоо 521 000 төгрөгөө нэхэмжилж байна. Бусад бичиг баримт, тэтгэврийн дэвтрээ дахиад шинээр гаргуулаад авчихсан. Д нь шууд заамдсан, Г нь урдуур хойгуур бултганаж байгаад мөрөн дээрээс барьсан. Сүүлд Г нь цагдаа дээр байхад танд Д ын хаягийг бичээд өгье гэж миний гар утсыг аваад удаад байсан чинь 1000 нэгж авчихсан байсан. Түлхүүр авчираад өгчих гэсэн за гээд л алга болсон. Их хачин нөхөр байна лээ. Араас барьж өгсөн нь үнэн. Би худал хэлэх шаардлага байхгүй гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Ц.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2020 оны 02 сарын 03-ны өдөр 15 цагийн Урт цагаанд байрлах Төрийн банкны салбараас 1 сарын тэтгэврийн мөнгөө аваад гарч явсан. Найз Ц хамт явсан. Бид хоёр хоёулаа тэтгэврийн мөнгөө авсан, мөн удаан хугацаанд уулзаагүй байсан удсан байсан тул Ц надад 0.33 гр Хараа архи авч өгсөн. Бид хоёр архийг хувааж уусан ба би хариу болгож, 0.33 граммын архи авч өгсөн найз Ц байхгүй болсон ба би Төгөл худалдааны төв дотор 2 давхрын шатан дээр ганцаараа зогсож байсан. Төгөл дэлгүүр хүнсний зах хоёрын гудмаар ганцаараа явж байхад гэнэт хажуу талаас өндөр нуруутай залуу намайг сугадаж, шууд заамдаж зогсоосон. Намайг согтуугаар минь далимдуулж, миний өмсөж явсан куртик, куртикний өвөр талын халаас руу гараа явуулж, биед байсан тэтгэврийн дэвтэр, уг дотор иргэний үнэмлэх, банкны дансны хуулга, арьсан гэртэй 4 ширхэг түлхүүрийн оосор, 521.000 төгрөгийг авсан энэ залуу намайг Д т эд зүйлээ алдаж байх хойгуур миний ард ирчихсэн, хоёр гарыг тэвэрчихсэн, намайг хөдөлгөөнгүй болгож зогссон. ...би нөгөө хоёр залуугийн араас дагаж, Хүлэг зах ороод тэр хоёр залууг урд хаалгаар гарч явахыг харсан. Би зах дотор хүмүүсээ би дээрэмдүүлчихлээ гээд тэр залуугийн араас дагаж явахад С.Г ийг П гэх миний залууд баригдаж зогссон. П ийн гараас мултарч Г нь зугтсан. Д гэх залуу нь аль эрт зугтаад алга болсон байсан. Цагдаа нар хяналтын камер шүүж үзэж байгаад энэ хоёр залуугийн царай зүсийг олсон...” гэх мэдүүлэг. /1 хх-ийн 44-45-р хуудас/,

 

-Гэрч Д.Ц-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн...”2020 оны 02 сарын 03-ны өдөр Урт цагааны гудамжинд байрлах Төрийн банкнаас тэтгэврийн мөнгөө авч байгаад хуучны найз Борхүүтэй таарсан. Бид хоёр банкнаас гараад Төгөл худалдааны төвийн 1 давхрын дэлгүүрээс 0.33 граммын “Хараа” архи авч хувааж уусан. Борхүү архинд яваад ирье гээд явсан ба дахин “Хараа” архи авчирсан. Архиа ууж дуусаагүй байхад би үлдсэн архийг нь аваад явсан. Борхүүг Төгөл худалдааны төвийн зүүн талын явган хүний шатны дэргэд үлдээгээд явсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28 дугаар хуудас/,

 

-Хатуу дискинд үзлэг хийсэн “...Хүлэг хүнсний захын арын хаалганы дотор талын хэсэг харагдаж байна. Уг бичлэгийн 7 дахь секундэд хар бараан өнгийн ноосон малгай,хар өнгийн куртик өмссөн 30 орчим насны эрэгтэй, мөн хар өнгийн куртик цагаан саарал өнгийн цамц өмсөж зүүн гартаа түрийвч мэт зүйл барьсан 25 орчим насны 2 эрэгтэй Хүлэг хүнсний захын арын хаалгаар орж ирэн хаалганы дэргэд зогсоод зүүн тийш алхаж байна...гэх  тэмдэглэл / 1хх 54 дүгээр хуудас/,

 

-Хохирогч Д.Д-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “... 2020 оны 08 сарын 10-ны өдөр 16 цагийн орчимд ...Төгөл худалдааны төвийн зүүн талд явж байхад урьд нь надтай хамт хорих ангид ял эдэлж байсан С.Ггэх залуу надтай тааралдаж, утсаар чинь нэг ярьчихаад өгье гэж хэлээд надаас миний гар утсыг гуйхаар нь би түүнд итгээд гар утсаа өгсөн. Г надаас гар утасныхаа кодыг тайлаад өг гэхээр нь би нууж байгаад 2547 гээд зураасан код хийж утсаа буцаагаад өгөхөд Г миний утсыг аваад хүнтэй ярих дүр үзүүлж байгаад унтраах товчин дээр дарж унтраасан. Г нь миний хажуугаас холдож, шатаар доошоо гүйж яваа харагдсан. Би араас нь гүйгээд утсаа авах гэтэл утсыг чинь би аваагүй, андуураад байна гээд намайг дээрэлхэж, олон хүний дунд хүзүү рүү цохиж аваад зугтсан...” гэх мэдүүлэг. /1 хх 79-81 дүгээр хуудас/,

 

-“Ашид билгүүн” ХХК-ний гар утсыг 240.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ / 1 хх 74 дүгээр хуудас/,

 

-Хохирогч Ц.О мөрдөн байцаалтад мэдүүлсэн ... 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дархан сум 7-р багт байх гэртээ ирж үзэхэд байшингийн жижиг цонх хагарсан байдалтай байсан. Дотор нь орж үзэхэд угаалгын машин эвдэрсэн байсан...” гэх мэдүүлэг /2 хх 4-6 дүгээр хуудас/, дахин мэдүүлсэн “....би тэр угаалгын машиныг хог дээр аваачаад хаячихсан. Моторыг нь авах гээд ёроолыг нь хагалж, эвдээд дахин ашиглах боломжгүй байсан тул 2, 3 хоногийн дараа хаячихсан. Би угаалгын машины моторыг буцаан авсан боловч угаалгын машин ажиллахгүй байсан. Угаалгын машины үнэ 150.000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг. /2 хх 5, 28 дугаар хуудас/,

 

-Гэрч Н.Л-уугийн мөрдөн байцаалтад өгсөн “....2020 оны 03 сарын 12-ны өдөр 12 цагийн орчимд гэрээсээ гараад хашаандаа ойр зуурын юм хийж байхад манай хашааны эсрэг талын хойд айлын байшингаас 30-35 орчим насны залуу цонхоор гарч яваа харагдсан. Тэр залуу гартаа ямар нэг техникийн мотор барьсан байсан. Би чи яагаад хулгай хийгээд байгаа юм гэхэд тэр залуу би Нямаагийнхаас гарч ирж байна гээд гартаа барьсан мотороо газар хаяад доошоо гудамжны үзүүр рүү зугтсан. Би араас нь гүйж барьж аваад цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг. /2 хх 8-9 дүгээр хуудас/

 

-“Капитал зууч” ХХК-ний “БСБ \WM-98FL” маркийн угаалгын машиныг 150.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /2 хх 13 дугаар хуудас/,

 

-“Капитал зууч” ХХК-ний “БСБ \WM-98FL” маркийн угаалгын машины моторыг 45.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /2 хх 20 дугаар хуудас/,

 

-Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл/2-р хх-ийн 27-р хуудас/

 

-Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 сарын 16-ны өдрийн 25 дугаартай “....хэргийн газраас бэхжүүлж авсан 1 ширхэг гутлын мөр нь Т.Д-ын өмсөж явсан зүүн хөлийн өмсгөлтэй гутлын мөртэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна...” гэсэн дүгнэлт. /2 хх 31-32 дүгээр хуудас/,

 

            -Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 23-ны өдрийн 3 дугаартай “Хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө суллах тухай” шүүгчийн захирамжийн хуулбар “1 хх 136-137 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдов.

 

Шүүгдэгч Т.Д, С.Г нар 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэр “Хүлэг” хүнсний захын гадаа явж байсан П.Б заамдах, тэврэх,мөрөн дээрээс нь барих  зэргээр хүч хэрэглэн довтолж тэтгэврийн дэвтрийн завсар байсан бэлэн мөнгө 521,000 төгрөг, тэтгэврийн дэвтэр, иргэний үнэмлэх, түлхүүр зэргийг нь авсан, шүүгдэгч Т.Д нь 2020 оны 03 сарын 16-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан сум 7 дугаар баг Майхантын 6-113 тоотод оршин суух, Ц.О байшингийн цонхыг хагалан нэвтрэн орж, угаалгын машины моторыг авч 45.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч С.Гнь 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэр “Төгөл” Их дэлгүүрийн гадна  зүүн талд Д.Д-н “Эл жи экс-8” маркийн гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч аваад зугтаж 240,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.Г нь Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 3 дугаартай “Хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө суллах тухай” шүүгчийн захирамжаар 1 жил 1 сар 26 хоногийн ялаас тэнсэн суллагдсан байжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан төрийн банкны дансны хуулга, хатуу дискинд үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн удаа дараагийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны, үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүгдэгч Т.Д, С.Г нар 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэр “Хүлэг” хүнсний захын гадаа явж байсан үл таних П.Б заамдах, тэврэх,мөрнөөс нь барих зэргээр хүч хэрэглэн куртикний энгэрийн тодор талын халааснаас бэлэн мөнгө 521.000 төгрөг болон бусад бичиг баримтыг нь авсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан” гэмт хэргийг бүлэглэсэн шинжтэй, шүүгдэгч Т.Д нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан сум 7 дугаар баг Майхантын 6-113 тоотод оршин суух, *******ы байшингийн цонхыг хагалан хууль бусаар нэвтрэн орж, угаалгын машины моторыг нь авч 45.000 төгрөгийн хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн шинжтэй, шүүгдэгч С.Г нь 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэр “Төгөл” Их дэлгүүрийн гадна Д.Д-н “Эл жи экс-8” маркийн гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж аваад зугтаж 240.000 төгрөгийн хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ залилах” гэмт хэргийн шинжтэй, тус тус өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хүсэж  үйлдсэн санаатай үйлдэл болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаа хууль зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл зөв прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Т.Д, С.Г нарын үйлдлийн улмаас П.Б, Ц.О, Д.Д нарын эд хөрөнгөд хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон тул шүүгдэгч Т.Д-ыг “бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан”, “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах”, шүүгдэгч С.Г ийг “бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан”, “ залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Д, С.Гнарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Т.Д гэм буруугийн талаар маргаагүй. Харин С.Г шүүх хуралдаанд “би дээрэмдээгүй”гэж мэтгэлцжээ.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Т.Д, С.Г нар  бүлэглэн бусдыг дээрэмдсэн, Т.Д нь орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах,С.Гнь бусдыг залилах гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь нотлогдсон.Иймд Т.Д-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 зүйлд зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан  ялыг нэмж гэтгэн нийт эдлэх ялыг 6 жил 6 сарын хугацаагаар тогтоох, шүүгдэгч Самбуугийн Г ийг бусадтай бүлэглэн бусдыг дээрэмдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, бусдыг хуурч залилсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял эдлүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан ялыг нэмж нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Самбуугийн Г нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан тул түүний эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 26 хоногийн хорих ялыг  нэмж нийт эдлэх ялыг 6 жил 1 сар 26 хоногийн хугацаагаар тогтоох саналыг гаргаж байна. Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагат эдлүүлэх, хохирол төлбөрийн тухайд, шүүгдэгч Т.Д-аас 260.500 төгрөг гаргуулан хохирогч Ц.Борхүүд 150.000 төгрөг гаргуулан хохирогч Оюунд, шүүгдэгч С.Г ээс 260,500 төгрөг гаргуулан Борхүүд, 240.000 төгрөг гаргуулан хохирогч Дэлгэрмөрөнд олгуулах саналтай байна гэжээ.

 

Шүүгдэгч Г.Д шүүх хуралдаанд, Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Г нь хохирогчид гар хүрээгүй хажууд зүгээр зогсож байсан байхад гар хүрсэн гэж хохирогчийн мэдүүлгээр байгаад байна. Энэ зүйл дээр гомдолтой байна. Хохирол төлбөрийн тухайд би Борхүүг дээрэмдсэн 521.000 төгрөгөөс Г эд нэг ч төгрөг өгөөгүй. Гэтэл энэ хүнд яагаад хохирол хуваагаад байгаа юм бэ, энэ 521,000 төгрөгийг би дангаараа хариуцмаар байна. Мөн хаалттай хорих ангид ялыг эдлүүлнэ үү гэж, шүүгдэгч С.Г шүүх хуралдаанд, Миний бие Дэлгэрмөрөний гар утсыг нь залилж авсан нь үнэн. Харин дээрмийн хэрэгт ямар ч хамааралгүй. Ганцхан хохирогчийн мэдүүлэг болон камерын бичлэгээр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 зүйлийн 2.1 дахь хэсгээр ангиар бүлэглэн дээрэмдсэн гэмт хэрэгт яллуулж байгаадаа харамсаж байна. Энэ хэргийг үнэн зөв шийдүүлмээр байна. Хохирол төлбөрийн тухайд дээрмийн хэргийн мөнгөнөөс нь нэг ч төгрөг аваагүй гэжээ.

 

Шүүгдэгч С.Г нь хохирогч Ц.Б-н эд зүйлийг хүч хэрэглэн авахад үйлдэл, санаа зорилгоороо нэгдэж оролцсон болох нь түүний зөрчлийн холбогдогчоор болон яллагдагч, гэрчээр мэдүүлсэн “...надтай хамт байсан Д 50 гаран насны согтуу ах дээр очоод юу байна он жаваа гээд зүүн гарыг нь мушгиж куртикний зүүн гар талын дотор халааснаас гар утас түрийвчийг сугалж аваад  зугтаасан, надад бор өнгийн түлхүүрийн оосор өгсөн...”/1-р хх-ийн 26 дугаар хуудас/,”...Д нь Г ээ чи наадах ахыгаа араас нь барьж бай гэсэн. Тэгэхээр нь би шууд тэр ахын араас гараараа тэврээд барьсан чинь Д гараа тэр ахын энгэрийн дотор халаас руу хийж...” /1-р хх-ийн 48 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд болон хохирогчийн удаа дараагийн мэдүүлгүүд, Хүлэг хүнсний захын камерын бичлэг зэргээр нотлогдсон байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн үйлдэх үеийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, хохирол нөхөн төлөгдөөгүй нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн ба шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.Г тэнсэнгийн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн болох нь Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай “Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай” шүүгчийн захирамжийн хуулбар / 1 хх-ийн 136-137-р хуудас /-аар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу энэ тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтэн эдлэх ялын хугацааг тогтоосон болно.

 

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Ц.Борхүүд 521.000 төгрөгийн хохирол учирсан тул шүүгдэгч Т.Д, С.Г нараас тус бүр 260.500 төгрөг гаргуулан хохирогч Ц.Б-д олгох, хохирогч *******д 150.000 төгрөг шүүгдэгч Т.Д-аас, хохирогч Д.Д-д 240.000 төгрөг шүүгдэгч С.Г нараас тус тус гаруулан олгохоор заалаа. Хохирогч Ц.О мэдүүлэхдээ “угаалгын машин ашиглах боломжгүй болгож эвдсэн тул угаалгын машины үнэ 150,000 төгрөг нэхэмжилнэ гэж шинжээчийн тогтоосон үнээр хохирол нэхэмжилснийг хангах үндэслэлтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсаргаж үлдээж, шар өнгийн 1 хос эрэгтэй гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.Д-т буцаан олгохоор зааж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Т.Д 83 хоног, С.Г 55 хоног цагдан хоригдсоныг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, тэдний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Т.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч С.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Т.Д-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч С.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх заасныг журамлан шүүгдэгч Т.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жил 6 сарын /зургаан жил зургаан сар/ хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүдэгч С.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 06-ны өдрийн 353 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 26 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 05 жил 07 сар 26 хоногийн/ таван жил долоон сар хорин  зургаа/ хугацаагаар тус тус тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Д, С.Г нарт оногдуулсан хорих ялыг тус тус хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-ын цагдан хоригдсон 83 хоног, шүүгдэгч С.Г-н цагдан хоригдсон 55 хоногийг тус тус тэдний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д, С.Г нараас тус бүрээс 260,500 төгрөг гаргуулан хохирогч Ц.Б-д, шүүгдэгч Т.Д-аас 150,000 төгрөг гаргуулан хохирогч Ц.О-д, шүүгдэгч С.Г-с 240,000 төгрөг гаргуулан хохирогч Д.Д-д тус тус олгосугай.

 

7. Шүүгдэгч Т.Д, С.Г нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсаргаж үлдээж, шар өнгийн 1 хос эрэгтэй гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.Д-т буцаан олгож, битүүмжилсэн хөрөнгөгүй, тэдний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

            9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ