Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/385

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б

Улсын яллагч Н.Д

Хохирогч Э.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-ид холбогдох эрүүгийн 2025000000380 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б

 

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Б.Бийг 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр Спорт ордны урд талд иргэн Э.Б-ыг сандлаас татаж унагааж шилбэний шагайн үений арын хавчаар ясыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлсэн “Би хохирогчийн Э.Б-ын биед санаатайгаар гэмтэл учруулсан. Түүнийгээ хүлээн зөвшөөрч байна.Андуурч сандал дээрээс татаж унагасан. 4,800,000 төгрөг төлсөн.Цалинг нь төлнө” гэх мэдүүлэг,

-Хохирогч Э.Б-ын мэдүүлсэн ... Спортын ордны гадаа нэг найзтайгаа сууж байсан. Гэтэл хажууд байсан нэг залуу хүмүүстэй маргалдаж байсан.Тэгснээ намайг татаж унагаасан. Хүнтэй андуурсан юм шиг байна лээ.Татаж унагаахад миний хөл хугарсан байсан. Төлбөр барагдуулчихбал гомдолгүй. Эмчилгээний зардал 4,800,000 төгрөг төлсөн.8 сарын дараа би хадаасаа авахуулна.Мөн цалин гээд нийт 5 сая төгрөг нэхэмжилж байна.Листээр мөнгө авсан.Хэдийг авснаа хэлж мэдэхгүй байна.Цалингийн зөрүүгээ тооцоогүй гэх мэдүүлэг,

Гэрч С.Г-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Б-н дүү Б ах тэнд хүнтэй маргалдаад байна гэж хэлсэн яваад очтол Б хүнтэй маргалдаж байсан тэгээд би очоод маргалдсан гэтэл Б сандал дээр сууж байсан хүнийг барьж аваад газарт унагаасан би тэр хүнийг нь өгзөг хэсэгт нь нэг удаа өшиглөсөн...М-г ганц нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/

 

-Гэрч Ц.А-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Б спорт ордны урд талын сандал дээр сууж байсан 2 залуутай маргалдаж нэгийг нь газарт татаж унагаагаад толгой тус газар нь өшиглөж байсан. Би Б тай маргалдсан гэх хоёр залуутай хамт сандал дээр сууж байсан согтуу эрэгтэй хүн дээр очиж маргалдсан, хувцаснаас нь зулгааж заамдсан боловч хүн андуурчихсан байсан болохоор цохиогүй салсан ...надтай маргалдсан согтуу эрэгтэй нь хохирогч нарыг танихгүй, ганцаараа явж байсан юм байна лээ Би сандал дээр сууж байсан эрэгтэйгээс салаад харахад Б , Ганмөнх нар Мэндсайхан гэх хохирогчийг цохичихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/

 

-Гэрч А.М мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Спорт ордны урд алхаж байгаад сандал дээр сууж тамхи татаж байхад танихгүй 4-5 залуучууд ирээд үгийн  зөрүүгүй Энхбаярыг газар унагааж толгой тус газарт нь өшиглөсөн. Би тэд нарыг яагаад байгаа юм бэ хүн андуураад байгаа юм биш үү гэж хэлэхэд туранхай биетэй хар өнгийн хувцастай залуу толгой, зүүн гар, нуруу цээж хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед би нүүр лүүгээ цохиулахгүй гээд гараараа дараад доошоо харчихсан байсан Тэр залуучуудыг эмэгтэй хүмүүс ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/

 

Насанд хүрээгүй гэрч Т.Ш мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би 2020 оны 09 сарын 05-ны өдөр шар өнгийн хувцастай явж байсан...Б ах 2 хүнтэй зодолдсон, яг яаж цохисон талаар анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/

 

-Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр 14-ний 662 дугаартай... “...Э.Б-ын биед шилбэний шагайн үений арын хавчаар ясны хугарал, шагайн үений хагас мултрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй, Гэмтэл нь 2020 оны 09 сарын 05-ны өдөр үүссэн байж болно...” гэх дүгнэлт /хх-ийн 22-23-р хуудас/

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай  “...дээгүүрээ цагаан өнгийн цамцтай эрэгтэй хүн хар өнгийн хувцастай эрэгтэй хүнийг татаж газар унагаагаад толгой тус газар нь зүүн талаараа өшиглөж байгаад явахад дээгүүрээ хар өнгийн куртиктэй эрэгтэй хүн газар унасан хүний нуруу хэсэг рүү 1 удаа өшиглөсөн...” гэх тэмдэглэл /хх-ийн 5-6-р хуудас/

 

          Шүүгдэгч Б.Б-ийн яллагдагчаар мэдүүлсэн “...Болсон хэргийн талаар гэрчээр мэдүүлэг өгсөн. Миний хувьд худлаа ярьсан зүйл байхгүй. Хохирогчийг татаж унагааж хөлийг нь хугалсан, мөн өшиглөсөн, цохисон гэдгийг хүлээн зөвшөөрч байна...Миний  хувьд хохирогчийн зүгээс гаргах нэхэмжлэлийг төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй, одоогийн байдлаар 2.000.000 төгрөгийн эмчилгээний зардалд өгсөн. Цаашид гарах төлбөр тооцоог төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/ зэрэг нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 05-ны орой архидан согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Спорт ордны урд талд сууж байсан иргэн Э.Быг сандлаас татаж унагаан өшиглөж биед нь шилбэний шагайн үений арын хавчаар ясны хугарал, шагайн үений хагас мултрал бүхий хүндэвтэр хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн  мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл,яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгчийн энэ үйлдэл нотлогдож тогтоогдсон ба эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Б-ийн , сандал дээрээс татаж унагаж өшиглөсөн үйлдлийн улмаас Э.Бын биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь  Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр 14-ний 662 дугаартай... Э.Б-ын биед шилбэний шагайн үений арын хавчаар ясны хугарал, шагайн үений хагас мултрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй, гэмтэл нь 2020 оны 09 сарын 05-ны өдөр үүссэн байж болно” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон байна. Хохирогч гэмтлийн улмаас хагалгаанд орж 4 долоо хоногоос дээш хугацаагаар хэвтэж эмчлүүлсэн  болох нь хэрэгт авагдсан эмчилгээний карт,эмчилгээний зардлын баримтуудаар  нотлогдсон ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй.

 

Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн гэм буруу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч Б.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр Спорт ордны урд талд иргэн Э.Б-ыг сандлаас татаж унагааж шилбэний шагайн үений арын хавчаар ясыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч О.С шүүх хуралдаанд, шүүгдэгч Б.Б нь 6 хүнийг асарч халамжилдаг. Сарын цалин нь 700.000 төгрөг. Цар тахалтай холбоотойгоор аж ахуйн нэгжүүд ажиллах боломжгүй байснаас орлого багассан. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан торгуулийн ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэж мэтгэлцжээ.

 

Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал, хохирол төлсөн,цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн хөнгөрүүлэх нөхцөл, түүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд: хохирогч Э.Б-т эмчилгээний зардал 4,800,000 төгрөг төлсөн талаар шүүгдэгч хохирогч нар мэдүүлсэн ба хохирогч “8 сарын дараа би хадаасаа авахуулна.Мөн цалин гээд нийт 5 сая төгрөг нэхэмжилж байна” гэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй тул шүүх дүгнэлт хийж шийдвэрлэх боломжгүй байна.Иймд хохирогчийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг зааж 5 сая төгрөгний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Б.Б-ид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын хугацаанд, сард 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч  цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Б-ын 5,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

            8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ