Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/388

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

 

            Нарийн бичгийн дарга С.Б

            Улсын яллагч Л.Э

            Шүүгдэгч Ш.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Б-д холбогдох 2025000000457 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ш.Б

 

Орхон аймгийн Прокуророос шүүгдэгч Ш.Б-г согтуурсан үедээ 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-16-р байрны хойд талд байрлах төв зам дээр 1803 ОРО улсын дугаартай Тоёота Хариер загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Х.З-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Б-гийн мэдүүлсэн “...Тэр өдөр ганцаараа 1 шил архи уугаад машинаа жолоодоод эхнэр рүүгээ явж байснаа буцсан.Осол гаргаснаа хүлээж байна.Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг мэднэ. Өөрийгөө өмгөөлөх зүйл байхгүй.Ажил амьдралд маань нөлөөлж байна. Хохирогчид 2 сарын цалингийн зээл,эмнэлгийн зардлыг төлсөн. Нийт 1 сая төгрөг өгсөн. Иргэний нэхэмжлэгчийн машины засварын хөлс 700,000 төгрөг, сэлбэгийн үнэ 300,000 төгрөг төлсөн. Мөн 360,000 төгрөг өгсөн байгаа. Гэм буруугаа хүлээж байна гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Х.З-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 20 цагийн орчимд байх гэж санаж байна, Баян худалдааны төвийн хойд талаас ертөнцийн зүгээр зүүн тийш явахаар такси барьсан, тэгээд Уурхайчин баг 3-17 дугаар байрны хойд талаар зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байсан тухайн үед би гар утсаараа юм үзээд машины арын суудал дээр сууж байсан чинь хар өнгийн Харьер маркийн машин урсгал сөрөөд ороод ирсэн тэгээд л мөргөлдсөн. Миний сууж явсан машины зүүн урд талын хэсгээр мөргөсөн байсан, машинаас буусан чинь миний баруун гар хөндүүртэй байсан эмнэлэгт үзүүлсэн чинь бугуйны арын хэсэгт хугарсан байсан...Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй.Баянзаяа ах 2 сарын цалингийн хувь тооцож 800,000 төгрөг өгсөн,мөн нэмж эмчилгээний зардалд 200,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх 18-19 дугаар хуудас/,

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 837 дугаартай “... Х.З-н биед баруун гарын шууны ясны толгой хэсгийн далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана..." гэсэн дүгнэлт /хх 35-36 дугаар хуудас/,

 

-Иргэний нэхэмжлэгч Д.М-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2020 оны 11 дүгээр сарын 11- ний өдрийн 20 цагийн орчимд өөрийн 1637-БУА улсын дугаартай Карина маркийн машинтайгаа явж байгаад Төгөл худалдааны төвөөс нэг залуу гар өргөхөөр нь аваад 2-25 дугаар байр луу явна гэсэн. Тэгээд Урт цагааны урдуур замын 2 дугаар эгнээнд баруунаас зүүн чиглэлтэй явж байсан чинь Урт цагааны зүүн үзүүр хэсэгт урсгал сөрөөд хар өнгийн Харьер маркийн машин ороод ирсэн тэгээд би баруун тал руугаа дарах гэсэн чинь 1 дүгээр эгнээнд машин явж байсан учраас тэр машиныг өнгөрөөгөөд баруун дарахад өөдөөс ирээд мөргөчихсөн...Маргааш нь засварын газарт засвар хийлгэж өгсөн.Мөн надад хувьдаа хэрэглээрэй гээд 110,000 төгрөг,дугуй гэрэл тохио аваархй гээд 335,000 төгрөг,өгсөн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 22-23-р дугаар хуудас/,

 

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,зам тээврийн осол хэрэг үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч /хх 4-16 дугаар хуудас/,

 

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-16 дугаар хуудас/,

-Эрх бүхий албан тушаалтан ...зөрчлийн шинжтэй үйлдэл ...илрүүлсэн тухай тэмдэглэл, драйгер багаж хэрэглэсэн хэвлэмэл хуудас /хх 91-92 дугаар хуудас/,

 

-Зам тээврийн осол дээр тогтоосон мөрдөгчийн “ ...Жолооч Ш.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.5. “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” , мөн дүрмийн 12.3 ‘Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн зүйл заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна /хх  43 дугаар хуудас/ гэсэн магадалгаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдов.

 

Шүүгдэгч Ш.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн 1803 ОРО улсын дугаартай Тоёота Хариер загварын тээврийн хэрэгслийг жолоодон Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-16-р байрны арын төв замаар зорчин явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.5. “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” , мөн дүрмийн 12.3 ‘Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн зүйл заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Д.Мандахын эзэмшлийн 16-37 БУА дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг машинд  зорчиж явсан Х.Золбаярын эрүүл мэндэд баруун гарын шууны ясны толгой хэсгийн далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл хохирол, Д.Мандахын эд хөрөнгөд 445.000 төгрөгийн эвдрэл хохирол учруулжээ.

 

Дээрхи үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт тэмдэглэл, мөрдөгчийн магадалгаа, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон ба эдгээр баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны, дээрхи үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч Ш.Б нь согтуурсан үедээ автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.” Мөн дүрмийн 11.5 “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” мөн дүрмийн 12.3 ‘Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн зүйл заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Х.Золбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон  ба ослын шалтгааныг тогтоосон мөрдөгчийн магадалгаа болон эрх бүхий албан тушаалтны зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлж, согтуурлыг драйгер багаж хэрэглэн тогтоосон тэмдэглэлийг шүүгдэгч Ш.Б эсэргүүцээгүй байна. Мөн хохирогч Х.Золбаярын эрүүл мэндэд учруулсан хохирол нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болох нь ...” Х.Золбаярын биед баруун гарын шууны ясны толгой хэсгийн далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр  зэрэгт хамаарагдана..." гэсэн шинжээчийн дүгнэлтээр нотлогджээ.

 

Шүүгдэгч Ш.Б-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт  хэргийн  шинжтэй, гэм буруугийн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг мэдсээр байж зориуд жолоодож хүсээгүй хор уршигт хүргэсэн холимог хэлбэртэй гэмт хэрэг байх тул зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, оролцогчийн эрхийг зөрчсөн байдал тогтоогдоогүй. Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр  зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ш.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч Ш.Б нь согтуурсан үедээ 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-16-р байрны хойд талын төв зам дээр 1803 ОРО улсын дугаартай Тоёота Хариер загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Х.Золбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Ш.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох саналтай гэжээ.

 

Шүүгдэгч шүүх хуралдаанд, өөрийгөө өмгөөлөх зүйл байхгүй. Харин ажилд маань л нөлөөлчихлөө. Ангиллаар ажилд орж цалин ахиулах санаатай байсан. Эрх хасах хугацааг бууруулж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хэрэгт авагдсан хувийн байдлын талаарх баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээж, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид туслалцаа үзүүлж учруулсан эрүүл мэндийн хохирол эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, иргэний нэхэмжлэгчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан  прокурорын саналын хүрээнд хуульд заасан эрх хасах ялын доод хэмжээгээр эрх хасч, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоохоор шийдвэрлэв. Хуульд заасан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх шаардлагатай байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол төлбөр, иргэний нэхэмжлэлийн тухайд: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Х.Золбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Д.Мандахын автомашинд 445,000 төгрөгийн хохирол учирсан байна. Шүүгдэгч Ш.Б нь хохирогч Х.Золбаярт эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн үеийн зардал болон шүүх хуралдаанаас өмнө 1,000,000 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч Д.Мандахад машины засварын хөлс болон сэлбэгийн үнэ, бусад зардлыг бүрэн төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн Ш.Б-гийн №453831 дугаартай B,С ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3.3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-д тэнсэнгийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, хязгаарлалтыг зөрчсөн бол тэнсэж, хязгаарлалт тогтоосон шийдвэрийг прокурорын дүгнэлтээр хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180, 186, 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ш.Б-д оногдуулсан эрх хасч, тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн Ш.Б-гийн B,С ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Д.АРИУНЦЭЦЭГ