| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2021/0004/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/12 |
| Огноо | 2020-12-30 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б
Улсын яллагч Ц.Л
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завших” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2025000000458 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Б.Б-г 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны АТМ дотор иргэн П.Ж-н гээгдүүлсэн 340,000 төгрөгийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-н мэдүүлсэн, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хаан банкны АТМ-ээс өөрийн тэтгэврийн мөнгийг авах гээд зогсож байсан. Гэтэл ард байсан хүүхэд та мөнгөө унагаачихлаа гэхээр нь газарт байсан мөнгийг авсан. Тэндээс гараад түлээний мод авсан. Түлээний мод авсны дараа надад байсан мөнгө илүү гараад байсан. Тухайн үед Хаан банкинд ирж мэдэгдэх гэсэн боловч хүүхэд харж байсан болохоор ирж чадаагүй. Өөрийгөө буруу зүйл хийсэн байна гэдгээ тухайн үед ухаарсан. Хохирогчид мөнгийг нь өгч хохиролгүй болгосон гэх мэдүүлэг,
-Хохирогч Д.Ж-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2020 оны 12 сарын 01-ний өдөр гэрээсээ 12 цаг болж байхад нөхрийн хамт гараад Согоот багт байх ХААН банкны АТМ дээр очоод нөхрийнхөө картаар мөнгө аваад нөхөртөө өгөөд ....дараа нь өөрийнхөө картыг уншуулаад 628.000 төгрөг авсан. Байр түрээсэлж байгаа учраас байрныхаа түрээсийг хийе гээд тэнд байгаа охиныг гуйгаад 250.000 төгрөгийг бэлнээр хийгээд гартаа байсан үлдэгдэл мөнгөө үзтэл 38.000 төгрөг байсан. Мөнгөө дутуу уншуулаад авчихсан байна гэж бодоод ....Согоот багт байх Мобикомын салбар орж, өвгөний утсыг сунгуулаад харьж яваад замаараа АТМ орж үлдэгдэл мөнгөө авъя гэж бодоод картаа уншуулахад мөнгө гарч ирээгүй. ...хяналтын камерыг шүүж үзэхэд би АТМ-с мөнгө авч байхдаа зарим мөнгөө доош нь газар унагаачихсан байхад хажуу талд үйлчлүүлж байсан настай байрын эрэгтэй хүн миний доор унасан мөнгийг хамаад сууж байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/
-Шүүгдэгч Б.Б-н яллагдагчаар мэдүүлсэн “...Согоот багт байрлах АТМ-ээс мөнгөө авах гээд нэлээн оочирлож, хүлээж байгаад тэтгэврийн 300.000 төгрөгөө авсан. Миний ард байсан эмэгтэй хүн надад -таны мөнгө уначихлаа, та мөнгөө аваач гэхээр нь газраас нэлээн хэдэн 20.000 төгрөгийн дэвсгэртүүдийг аваад гарсан. Модны зах дээр очоод 340.000 төгрөгөөр нэг машин түлшний мод худалдан авсан махны дэлгүүр ороод 61.000 төгрөгөөр мах, сүү, тараг, төмс, хүнсний ногоо гээд 118.000 төгрөгөөр худалдан авсан. 2020 оны 12 сарын 01-ний өдөр нийт 574.000 төгрөгийн худалдан авалт хийсэн байсан. Би Хаан банкны АТМ-с тэтгэврийн мөнгөө авч байхдаа газраас авсан нь хүний мөнгө юм байна гэж мэдсэн...” гэх мэдүүлэг /хх 31-32-р хуудас/
-Хаан банкны хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 15-17-р хуудас/,
-Хохирогч Д.Ж-н Хаан банкны данснаас 628,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн тухай дансны хуулбар /хх 36-р хуудас/ зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны АТМ-ээр үйлчлүүлж байхдаа иргэн П.Ж-н газарт унагаж гээсэн 340,000 төгрөгийг авч өөрийн хэрэгцээнд зарцуулж үрсэн байна.
Б.Б нь гээгдүүлсэн мөнгийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшиж үрэгдүүлж бусдад 340.000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, Хаан банкны хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Б.Бямбаа нь гээгдүүлсэн мөнгийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшиж үрэгдүүлж бусдад 340.000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Шүүгдэгчийн Б.Б-н үйлдлийн улмаас П.Ж-д 340.000 төгрөгийн хохирол учруулсан нь Хаан банкны хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр тогтоогдсон ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна. Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Бямбаад гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч Б.Б нь 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны АТМ дотор иргэн П.Жавзандуламын гээгдүүлсэн 340.000 төгрөгийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан торгуулийн ялаас чөлөөлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг шүүхэд гаргаж байна гэв. Шүүгдэгч шүүх хуралдаанд, гэм буруугаа хүлээж гэмшиж байна.Хохирогчоос уучлалт гуйсан, хохирлыг төлсөн гэжээ.
Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ, түүнийг төлж барагдуулсан байдал зэрэг эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, оногдуулсан ялаас чөлөөлөх үндэслэлтэй гэж дүгнэв.Харин за үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Хохирол төлбөрийн тухайд: хохирогч П.Ж-д 340.000 төгрөгийн хохирол учирч түүнийг шүүгдэгч Б.Б нь төлж барагдуулсан байна. Хохирогч цаашид гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх баримт /хх-ийн 53-р хуудас/-т авагдсан бөгөөд, хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзнэ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсаргаж үлдээж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г гурван сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, үүргийг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид хүлээлгэсэн үүргийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ