Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/13

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С

Улсын яллагч Б.О

Хохирогч П.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б

Шүүгдэгч Д.Э /онлайн/ нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э-д холбогдох эрүүгийн 2025000000421 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Э

 

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Д.Э-г 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Спорт” ордны ертөнцийн зүгээр баруун хойд талд иргэн П.Б-н толгойн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э-н мэдүүлсэн, тэр өдөр 2020 оны 10 дугаар сарын 07-нд хуурай ах Цэдэвсүрэн дуудаж нэрмэл архи ууж шатар тоглосон. Тэгээд би тамхи авчрахаар гарсан. Комплексын тэнд Дэлгэрсайхантай таарч “гал байна уу” гэхэд байхгүй гэсэн. Гэтэл энэ залуутай таарч” галаа өгөөч” гэтэл эргэж хараад намайг өшиглөсөн. Архи үнэртэж байсан. Тэгээд намайг алгадсан дахин алгадах гэхээр нь би нэг удаа алгадахад газар унасан. Би цааш яваад замын цаана гарч харахад босоод явсан. Би уг нь эмнэлэгт асууж очиход байхгүй хэвтээгүй гэсэн. Би буруутай гэдгээ ойлгож мэдэж байна. Миний буруу би түргэдсэн. Хүүхэд мөнгө явуулсан гэсэн. Би хориотой эгч өвчтэй хэвтсэн тул авч чадахгүй байна. Хохирлыг заавал төлнө. Би уушгины сүрьеэтэй группт байдаг хөнгөн ял оногдуулна уу гэх мэдүүлэг,

 

-Хохирогч П.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, эрүүл байсан хүн ийм болсон. Түргэн алхаж чадахгүй толгой эргэнэ, нүд бүрэлзэнэ. Ийм болсонд гомдолтой. 6 сар эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Хүнд тусалж чадахгүй болсон. Гомдолтой байна. Эмчилгээний төлбөр гарсан. Авмаар байна гэх мэдүүлэг,

 

-Хохирогчийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн...2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр юу болсон талаар мэдэхгүй байна. Хүнсний зах дээр архи уусан. Баяраа гэдэг нэртэй хүнтэй хамт архи уусан шиг санагдаж байна. Миний насны 2 эрэгтэй хүн байсан. Нэг мэдэхэд эмнэлэг дээр ирчихсэн байсан. Би маш их гомдолтой байна намайг цохиж зодсон хүнд их гомдож байна, зүгээр эрүүл саруул байсан хүнийг ийм болгосонд. Миний яриад хүртэл өөрчлөлт орчихсон. Зүгээргүй хүн шиг ярьдаг болчихсон байна. Би буруутай этгээдээс одоогийн байдлаар 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Эмчилгээний баримтуудаа цуглуулсан боловч зарим баримтуудаа олохгүй байна. Цагдаагийн газарт 614,050 төгрөгийн баримт гаргаж өгнө. Цаашид гарах эмчилгээний зардал мөнгийг тухай бүрд нь нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 12-15-р хуудас/

 

-Гэрч Ц.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “... 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хэн болох нь тодорхойгүй 45-50 насны эрэгтэй ухаангүй, ам нь цус болсон, дагзны ар хэсэгт зулгарсан шархтай хүргэгдэж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

 

-Гэрч П.Д мөрдөн байцаалтад мэдүүлсэн“...Спорт ордны урд талд зүс таньдаг Эрдэнэмөнхтэй таарч хоорондоо юм яриад тамхи татахаар болсон. Эрдэнэмөнх танихгүй хүнээс гал асуугаад маргалдаад байснаа тэр эрэгтэй хүний нүүрэн тус газарт Эрдэнэмөнх цохисон. Тэр эрэгтэй Эрдэнэмөнхөд цохиулаад шууд газарт уначихсан. Эрдэнэмөнх явчихсан, би газар хэвтэж байсан залуугийн хамт зогсож байхад цагдаа ирээд намайг аваад явсан. Тэрнээс биш би ямар нэгэн хүнд гар хүрээгүй, цохиж зодоогүй....“ гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

 

-Шүүхийн шинжилгээний албаны эмч Ч.Б-н 2020 оны 10 дугаар сарын 14-ний 727 дугаартай ...П.Б-н биед зүүн талын чамархай яс, дагз ясны зүүн хэсэг, суурь ясны зүүн хонхор руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины эдийн няцрал хуйханд дагзны хэсэгт зулгаралт, нурууны баруун доод хэсэгт цус хуралт үүсжээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн талын чамархай яс, дагз ясны зүүн хэсэг, суурь ясны зүүн хонхор руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины эдийн няцрал нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Хуйханд дагзны хэсэгт зулгаралт, нурууны баруун  доод хэсэг цус хуралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. Хамрын ясны хуучин хугарал оношлогдсон. Дээрх гэмтлүүд нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр үүссэн байхыг үгүйсгэхгүй. Зүүн талын чамархай яс, дагз ясны зүүн хэсэг, суурь ясны зүүн хонхор руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины эдийн няцрал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна....” гэх дүгнэлт /хх-ийн 23-25-р хуудас/,

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 212 дугаартай... П.Б-н биенээс авсан цусанд 2.15 промилл процент этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт /хх-ийн 29-30-р хуудас/,

 

-Шүүгдэгч Д.Э-н яллагдагчаар мэдүүлсэн“...би өөрөө бага зэрэг нэрмэл архи, айраг уучихсан байсан болохоор арай эрүүл байсан. Дэлгэрсайхан бид хоёр тамхи татах гээд танихгүй хүнээс би галаа өгөөч гэж хэлэхэд миний өвдөг рүү өшиглөсөн. Тэр эрэгтэй хүн согтуу байсан. Тэр эрэгтэй хүн намайг цохих үйлдэл хийх гэхээр нь би  нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа алгадсан. Газарт биеийн аль хэсгээрээ унасан талаар сайн хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 2-3-р хуудас/

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-7-р хуудас/,

 

-Төгөл худалдаан төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдов.

 

Шүүгдэгч Д.Э нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны орой 18 цаг 27 минутын орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт “Спорт” ордны  баруун хойд талд үл таних П.Баясгалантай тааралдаж “галаа өгөөч “гэхэд нь хөл рүү нь өшиглөснөөс шалтаглан П.Б-н толгойн тус газарт нь гараараа 1 удаа цохиж унаган зүүн талын чамархай яс, дагз ясны зүүн хэсэг, суурь ясны зүүн хонхор руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины эдийн няцрал бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

 

Дээрх үйл баримт нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, хохирогчийн эмнэлгийн баримтууд, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар эргэлзээгүй тогтоогдсон ба хохирогчид учирсан гэмтэл нь амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болох нь шинжээчийн 727 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.

 

Шүүгдэгч Д.Э-н бусдын биед халдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Хэргийн талаар нотлогдвол зохих байдлууд нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй гэж үзэв.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Эрдэнэмөнхийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч Д.Э нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт “Спорт” ордны ертөнцийн зүгээр баруун хойд талд иргэн П.Б-н толгойн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай тул Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай. Хувийн байдал болон хохирол төлөөгүй байдал, хэрэг үйлдэхдээ согтуу байсан зэргийг харгалзаж үзэх үндэслэлтэй. Хохирол төлбөр гаргуулах шаардлагатай гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав шүүх хуралдаанд,шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа тул гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй. Харин хэрэгт хавсаргасан хохирлын баримтууд зарим нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хэрэгт хамааралгүй, үндэслэл нь тодорхойгүй байгааг шүүх анхаарна уу. Шүүхээс тогтоосон хохирлыг төлнө гэж байгаа. 6 жилийн ял хэргийн нөхцөл байдалд тохирохгүй хүнд байна. Шүүгдэгч гэм буруугаа эхнээсээ хүлээсэн. Энэ төрлийн гэмт хэрэгт анх удаа холбогдсон. Хохирол төлөхөө илэрхийлж байгаа, ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй тул хорих ялын доод хэмжээгээр оногдуулна уу гэж мэтгэлцжээ.

 

Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэв. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч П.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд 2,000,000 төгрөг нэхэмжилсэн ба холбогдох баримтуудыг шүүхэд гаргасан байна. Баримтуудыг шалгавал, хэргийн 97, 98, 100, 102, 104, 106 дугаар хуудаст авагдсан Е баримтууд, мөн шүүх хуралдаанд гаргасан Энхтуул Отгонбаяр гэсэн 128,000 төгрөгийн баримт зэргийг үйл баримтад хамааралтай нотлох баримтын шаардлага хангахгүй, үндэслэл нь тодорхой бус гэж дүгнэн хасч, бусад баримтыг үндэслэн 940,408 төгрөгийн хохирол төлбөрийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэлээс 1,059,592 төгрөгийн хэсгийг хэлэлцэхгүй орхилоо.

 

Шүүгдэгч Д.Э нь 68 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.Э-г 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Э-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-н цагдан хоригдсон 68 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-с 940,408 төгрөг гаргуулан хохирогч П.Б-д олгуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,059,592 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Д.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсаргаж үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

 

            8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ