| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Сувдмаа |
| Хэргийн индекс | 111/2019/0001/З |
| Дугаар | 111/ШШ2019/0007 |
| Огноо | 2019-04-04 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 111/ШШ2019/0007
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч ******* нар биечлэн, түүний өмгөөлөгч ******* онлайнаар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Чимэддорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар нийгмийн ажилтан, зохион байгуулагчийн ажилд томилогдсон. Энэ ажилд томилогдсоноос хойш ажил үүрэгтээ ямар нэг байдлаар зөрчил гаргаж байгаагүй. Өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүр гүйцэтгэж ирсэн. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын дарга 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай тушаалаар миний биеийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халсан. Ажлаас халж буй гол баримт нь Ёс зүйн хорооны дүгнэлт бөгөөд энэ дүгнэлтийг миний бие хүлээн зөвшөөрөөгүй. Гэтэл танилцуулсан өдрөөс хойш 7 хоногийн дараа намайг ажлаас халсан. Үүнийг би огт үндэслэлгүй гэж үзэж байгаа болно. Учир нь миний бие ажилд орсон цагаас эхлэн ямар нэг зөрчил дутагдал гаргаж байгаагүй, тус программд нэвтрэх эрхгүй этгээд миний бие биш юм. Энэхүү программд нэвтрэхгүй байх талаар надад анхааруулсан зүйл байхгүй. Үүний дагуу Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гомдол гаргасан боловч 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 190 дугаартай албан тоотоор өргөдлийн шийдвэрлэлтийн хугацааг 30 хоногоор сунгасан. Өнөөдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гомдол гаргасан боловч 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 190 дугаартай албан тоотоор өргөдлийн шийдвэрлэлтийн хугацааг 30 хоногоор сунгасан. Өнөөдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өргөдлийн хариуг авахаар очиход өргөдлийг шийдвэрлээгүй хариуг 25-наас хойш өгнө гэсэн хариуг амаар өглөө. Гэсэн ч хуульд заасан хугацаа болсон тул нэхэмжлэлээ гаргаж байгааг хүлээн авана уу.
Иймд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацааны эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж нөхөн бичилт хийлгэж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж байна. Нэхэмжлэгч ******* нь 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн нийгмийн ажилтан, зохион байгуулагчаар ажиллаж ирсэн. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй төрийн захиргааны албан хаагч юм. Маргаан бүхий тушаалд хүн ам, өрхийн мэдээллийн программ руу зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэж үзсэн байгаа. Тухайн программд нэвтрэх зөвшөөрөлтэй хүнийг нь нэвтэрсэн байх үед орсон бөгөөд үүнийг гэрч ******* би тухайн программ руу нэвтэрсэн байсан бөгөөд ажилдаа ороод удаагүй байсан учир яаж шүүдгийг мэдэхгүй байсан. Харин ******* надад зааж өгсөн гэж гэрчилдэг. Үүнээс үзэхэд уг тушаалын зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэх үндэслэл үгүйсгэгдэж байна. Төрийн болон албаны нууцын тухай хуульд зааснаар уг программ нь нууцийн зэрэглэлд хамаардаггүй. Хэргийн материалд байгаа баримтаас харахад Баянхонгор аймгийн Статистикийн газрын даргын албан бичигт нууцын зэрэглэлтэй гэж тодорхойлсон бөгөөд хуульд заасан нууцын зэрэглэлийн алинд хамаарах нь хэргийн материалаас харагддаггүй. Иймд хуульд заасан нууцын зэрэглэлд хамаарна гэж үзэхгүй байна. Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолоор батлагдсан ёс зүйн дүрмээр сумын Засаг даргын Тамгын газрын ёс зүйн хороо хуралдаж шийдвэрээ төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлж, салбар зөвлөл тухайн ёс хорооны шийдвэрийг үндэслэлтэй гэж үзвэл хариуцлага тооцох талаар сумын Засаг даргын Тамгын газар зөвлөмж, албан бичиг хүргүүлэх ба нэмэлт тайлбар гаргуулах, материал цуглуулахаар бол тухайн ёс зүйн хороонд буцаах заалттай байдаг. Энэ ажиллагаа хийгдээгүй бөгөөд Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын дарга тушаал гаргасан учир Төрийн албаны зөвлөлийй баталсан 129 дүгээр дүрмийг зөрчсөн гэж үзэж байна. Иргэн******* Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газарт өргөдөл бичиж өгсөн бөгөөд уг өргөдлийг гаргаж өгөхөөс 3 сарын өмнө нэхэмжлэгч ажлаасаа халагдсан байсан. Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай тушаалд Байгууллагын нууцын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 гэсэн заалтыг барьсан ба Байгууллагын нууцийн тухай хуульд 7 дугаар гэсэн зүйл заалт байхгүй бөгөөд хариуцагч нь хуульд байхгүй заалт хэрэглэсэн байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 буюу төрийн албанд нэг жил эргэж орох эрхгүйгээр халах заалтыг хэрэглэсэн. Хуучин хэрэглэгдэж байсан Төрийн албаны тухай хуульд сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан оногдуулах үүрэг байхгүй хэдий ч энэ хуулийн 26 дугаар зүйлд гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзана гэж заасан. Иргэн*******ын хувьд тухайн багт түр оршин суудаг боловч албан ёсны бүртгэл, хаяггүй хүнийг тэмцээнд оруулж байгаа нь өөрийнх нь буруутай үйлдэл. Өмгөөлөгчийн хувьд *******-ийн гаргасан үйлдэл нь зөрчлийн хувьд ялимгүй зүйл бөгөөд түүнийг ажлаас халсан нь хүндэдсэн шийтгэл гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******, ******* гэх хүмүүсийг гэрчээр асуусан байдаг. Гэрч нарын мэдүүлгээс үзэхэд ******* нь 9 дүгээр багийн хүн ам, өрхийн мэдээллийн сангийн программ уруу нэвтрээгүй гэдэг нь тогтоогдож байна. Ёс зүйн хорооны 07 дугаартай дүгнэлтэд тус сумын Тамгын газрын нийгмийн ажилтан ******* нь Хувь хүний нууцийн тухай хуулийн 5.4-т заасныг зөрчсөн гэж үзсэн байна. Хувь хүний нууцийн тухай хуулийн 5.4-т хувь хүний нууцийг хуулийн дагуу болон итгэмжлэлээр олж мэдсэн этгээд бусдад задруулахыг хориглоно гэж заасан. Иргэн*******ын гэр бүлийн хүний мэдээллийг ******* нь хуулийн дагуу олж мэдсэн зүйл байхгүй. Иймд уг тушаал хууль зүйн үндэслэлгүй тушаал гарсан гэж үзэж байгаа тул Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн нийгмийн ажилтаны ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 330717 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж бичилт хийлгэх хүсэлтэй байна” гэв.
Хариуцагч Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Цахир багийн Нийгмийн ажилтнаар ажиллаж байсан ******* нь нууцлалын программд нэвтэрч хувь хүний мэдээллийг бусдад задруулан хэрүүл маргаан үүсгэж Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.2.4, 5.5.1 заалтуудыг биелүүлээгүй нь байгууллагын Ёс зүйн хорооны дүгнэлтээр, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 16.2 дахь заалтыг зөрчсөн нь аймгийн Статистикийн хэлтсийн 2018 оны 61 тоот албан бичгээр тус тус тогтоогдсон. Иймд *******-ийг “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ын 5.1 дэх заалтын дагуу шийдвэр гаргаж, ажлаас халсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор сумын Цахир багийн нийгмийн ажилтаны ёс зүйн зөрчил гаргасан ёс зүйн хорооны дүгнэлттэй танилцаж холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн нь тогтоогдсон учир өөрийн эрх хэмжээний хүрээнд ажлаас халах шийтгэл ногдуулсан. ******* нь 2018 оны 07 сарын эхээр 9 дүгээр багаас зохион байгуулсан тэмцээний үед иргэний харъяаллын асуудлааар маргаан үүсэхэд хүн ам, өрхийн мэдээллийн сангийн нууцлалтай программ руу хууль бусаар нэвтэрч өөр багийн иргэний мэдээллийг олон нийтэд ил болгож, иргэд хоорондын дунд маргаан үүсгэсэн. ******* төрийн захиргааны албан хаагч болохынхоо хувьд холбогдох хууль, дүрэм журмыг дагаж мөрдөх, биелүүлэх үүрэгтэй төрийн захиргааны албан хаагч юм. 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/30 дугаартай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар батлагдсан дүрмийн 3.4.1, 3.4.2 дахь заалтыг зөрчиж нийгмийн ажилтаны үйл ажиллагаанд хориглох зүйлийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь заалтыг зөрчсөн. Уг зөрчлийн талаарх иргэнээс өргөдөл ирүүлсэн. Мөн миний хувьд Төрийн албан тухай хуульд заасан томилох, чөлөөлөх эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн шийдвэрийг гаргасан” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Хэрэгт ******* нь төрийн захиргааны албан хаагч бөгөөд Цахир 7 дугаар багийн нийгмийн ажилтаны ажлыг эрхэлж байсан байна. Түүний бусдад задруулсан гэх мэдээллийг байгууллагын нууцад хамааруулсан болох нь Үндэсний Статистикийн газрын даргын тушаалаар тогтоогдсон. Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын ёс зүйн хорооны тогтоолоор ******* нь төрийн захиргааны албан хаагч болохынхоо хувьд өөрт ил болсон мэдээллийг ямар нэгэн байдлаар бусдад задруулахыг хуулиар хориглосон. Хуучин Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 13,1.7-д зааснаар нууцыг хадгалах үүргийг хүлээдэг. Мөн ******* нь нийгмийн ажилтны ёс зүйн дүрмийн тодорхой заалтуудыг зөрчсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.2, 26.1.3-т заасан санкцуудаас аль нэгийг нь сонгож хэрэглэх эрх нь тухайн байгууллагын удирдлагад байгаа учраас энэ шийдвэрийг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзсэн. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.7-д өөрт илэрхий болсон нууцыг зохих журмын дагуу өөртөө хадгална, ил болгох тохиолдолд зохих албан тушаалтан болон хувь хүний зөвшөөрөлтэйгээр задруулна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагч нь ажлаас чөлөөлөх тушаалд баримталсан хууль дүрмийг зөв хэрэглэсэн. Мөн Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулсан бөгөөд үүнийг нотолсон 2 удаагийн тэмдэглэл байдаг. Сонсох ажиллагааг хийж байх явцад *******-ийн зүгээс тухайн мэдээллийг олж авсан гэдгээ өөрөө илэрхийлсэн байдаг бөгөөд шүүх хуралдааны явцад энэ мэдээллийг мэдсэн талаар хэлж байна. Үүнээс харахад уг мэдээллийг олж авч бусдад задруулсан гэдэг нь нотлогдож байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь тус шүүхэд хандаж, “Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хэргийн оролцогчид, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч нарын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэг. “Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн захирамжаар Цахир 7 дугаар багийн Нийгмийн ажилтан, зохион байгуулагчийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар захирамжаар “...нууцлалтай Хүн амын өрхийн мэдээллийн сан программ уруу зөвшөөрөлгүйгээр нэвтэрч иргэний мэдээллийг задруулж төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн...” үндэслэлээр үүрэгт ажлаасаа халагджээ.
Уг захирамжид Монгол улсын Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Байгууллагын нууцын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Байгууллагын ёс зүйн хорооны 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаар дүгнэлтийг үндэслэл болгосон бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах”, Байгууллагын нууцын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Байгууллагын нууцтай албан үүргийнхээ дагуу танилцсан, эсхүл олж мэдсэн этгээд уул нууцыг зөвхөн хууль тогтоомжид заасан үндэслэл, журамд нийцүүлэн ашиглах бөгөөд бусдад задруулахыг хориглоно.” гэж заасан бөгөөд мөн Байгууллагын ёс зүйн хорооны 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаар дүгнэлтэд ******* нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, Хувь хүний нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, Ёс зүйн дүрмийн 5.2.4, 5.5.1 дэх хэсгүүдийг зөрчсөн тул хариуцлага тооцох нь зүйтэй гэжээ.
Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаар тушаалаар бүтэц, орон тоо, цалинг шинэчлэн тогтоож, нийгмийн ажилтан, мөн бүртгэл мэдээллийн ажилтан гэсэн орон тоог тус тусад нь баталж, ажлын байрны тодорхойлолтуудыг гаргаж нарийвчлан тусгасан байна.
Хүн ам, өрхийн мэдээллийн сан программ нь албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтад орсон болох нь Монгол улсын Үндэсний статистикийн хорооны даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/192 дугаар “Албаны нууцын жагсаалт батлах тухай” тушаал, хавсралт, мөн аймгийн Статистикийн хэлтэсийн 2018 оны 10 сарын 19-ний өдрийн 61 дүгээр албан тоот зэргээр нотлогддог бөгөөд энэхүү программыг бүртгэл мэдээллийн ажилтан хариуцан ажиллахаар ажлын байрны тодорхойлолтод тусгажээ.
Хариуцагч тал “...2018 оны 7 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд Баянхонгор сумын 9 дүгээр багийн иргэдийн дунд гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж, тэмцээнд оролцсон хоёр багийн иргэдийн дунд тухайн багийн иргэн мөн эсэх талаар маргаан гарч улмаар тухайн багт тоглож байсан иргэний хаягийн бүртгэлийг ******* нь Хүн ам, өрхийн мэдээллийн сангаас харж, 9 дүгээр багийн иргэний бүртгэлгүй болохыг харж өгч, иргэдийн хооронд маргаан үүсгэсэн, иргэн өргөдөл гаргасан...” гэж маргаж байгаа бөгөөд 9 дүгээр багийн нийгмийн ажилтан ******* нь тухайн багийн бүртгэлийн ажилтныг ажилдаа ирээгүй байхад нь “хаягийн бүртгэлийг хараад өгөөч” гэсэн иргэдийн хүсэлтээр иргэний хаягийн бүртгэлийг Хүн ам, өрхийн мэдээллийн сангаас харж өгсөн нь буруу байна.
Өөрөөр хэлбэл, Хүн ам, өрхийн мэдээллийн сантай холбоотой ажиллагаа нь нийгмийн ажилтан *******-ийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил, үүрэг биш юм.
Үүнээс гадна ******* нь Хүн ам, өрхийн мэдээллийн сан уруу нэвтэрч иргэний хаягийн мэдээллийг харж өгсөн нь Байгууллагын нууцын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар байгууллагын нууцыг задруулсан гэх ойлголтод хамаарахгүй, мөн *******-ийг ажлаас халсан захирамж гарсны дараа буюу 2019 оны 1 сарын 14-ний өдөр иргэн******* өргөдөл гаргасан байгааг дурдах нь зүйтэй.
Ниймгийн ажилтан ******* нь Баянхонгор сумын Нийгмийн ажилнаар ажиллах хугацаандаа сахилгын шийтгэл хүлээж байгаагүй нь тус газрын даргын албан бичгээр, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байх ба түүний гаргасан Хүн ам, өрхийн мэдээллийн сангаас иргэний хаягийн бүртгэлийг харж өгсөн үйлдэлд ажил олгогчоос Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаар сахилгын шийтгэлийн хамгийн хүнд хэлбэр болох “төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” шийтгэлийг ногдуулсан нь хүндэдсэн байна.
Учир нь *******-ийн гаргасан зөрчлийн гэм буруу, зөрчлийн шинж байдал, түүнийг анх гаргасан, гарсан үр дагавар, тухайн үеийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, тохирох шийтгэлийг ногдуулах шаардлагатай байжээ.
Иймд, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгож, *******-ийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хоёр. “Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчийн гаргасан “Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгох, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж заасны дагуу Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн түүний ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх 5 сар 18 хоногийн олговор болох 2 763 386 /хоёр сая долоон зуун жаран гурван мянга гурван зуун наян зургаа/ төгрөгийг хариуцагч Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулах нь зүйтэй.
Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө.”, Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2.е-д “хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь уг даатгуулагчийг ажилдаа эргэж орсноос хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын зохих санд төлнө.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд ногдох ажил олгогчийн төлбөл зохих шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч *******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар “*******-ийг ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгож, *******-ийг урьд эрхэлж байсан ажил болох Баянхонгор сумын Цахир багийн нийгмийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн ажилгүй байсан хугацааны цалин болох 2018 оны 1 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх 5 сар 18 хоногийн олговор болох 2 763 386 /хоёр сая долоон зуун жаран гурван мянга гурван зуун наян зургаа/ төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.СУВДМАА