Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 175/ШЦТ2020/177

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,

 улсын яллагч В.Батдэлгэр,

 хохирогч *******,

 түүний өмгөөлөгч А.Билгүүн ҮД:3073, өмгөөлөгч Ц.Баасандорж ҮД:0057,

 иргэний хариуцагч *******,

 түүний өмгөөлөгч М.Гансүх ҮД:1695,

 шүүгдэгч *******,

 түүний өмгөөлөгч Г.Амартүвшин ҮД:1846, Наранбаяр ҮД:2993 нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* овогт Пунцагийн Мөрөнд холбогдох эрүүгийн 2031000060135 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******* овогт Пунцагийн Мөрөн, Монгол улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой,  Агрономич мэргэжилтэй, “Хатан Сүлдэт Хангай” ХХК-д зөвлөх, аграномич ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Өгөөмөрийн 74-32 тоотод оршин суух  хаягтай, урьд ял шийтгэлгүй, РД:/АЕ72112071/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч ******* нь “Гацуурт” ХХК-ний охин компани болох Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баяндулаан-Уул” ХХК-ний “Сайхан толгой” салбарын даргаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж, тус аймгийн Алтанбулаг суманд хандив өгөх нэрийдлээр Цагааннуур сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг мал аж ахуйн салбараас 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 2 толгой “Ангус” үүлдрийн бухан бяруу, 10 тооны монгол үнээ нийт 24 толгой үхрийг хувьдаа завшиж тус компанид 38,206,668 төгрөг хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь “Гацуурт” ХХК-ний охин компани болох Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баяндулаан-Уул” ХХК-ний “Сайхан толгой” салбарын даргаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж, тус аймгийн Алтанбулаг суманд хандив өгөх нэрийдлээр Цагааннуур сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг мал аж ахуйн салбараас 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 2 толгой “Ангус” үүлдрийн бухан бяруу, 10 тооны монгол үнээ нийт 24 толгой үхрийг хувьдаа завшиж, тус компанид 38,206,668 төгрөг хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч ******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

            1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн өгсөн: “...Миний хувьд анх “Гацуурт” ХХК-д 2007 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүнсний ногооны агрономичоор ажилд орсон. 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Энэ 13 жилийн хугацаанд “Гацуурт” ХХК-ийн хүнс, хүнсний ногооны агрономичоос эхэлж, Хөдөө аж, ахуйн салбар хариуцсан дэд захирлын албан тушаалд хүртэл ажилласан. Намайг анх ажилд ороход “Гацуурт” ХХК 0.3 га газарт хүнсний ногоо тариалдаг байсан бол намайг ажиллаж эхэлснээс хойш 2014 оноос мал аж ахуйн салбарын дарга болох хүртэл “Гацуурт” ХХК үр дүнтэй, өндөр бүтээмжтэй ажиллаж 400 га газар ногоо тариалдаг Монгол Улсын хүнсний ногооны хэрэгцээг 6 хувийг хангадаг болтол үр дүнтэй ажиллаж ирсэн юм. Хөдөө аж ахуйн салбарыг хариуцаж эхэлснээс хойш Сэлэнгэ аймгийн 7 суманд 13 компани, 220 гаруй ажилтны үйл ажиллагааг хариуцаж өглөө 5 цагаас шөнийн 23 цаг хүртэл ажилладаг байсан. Энэ хугацаанд би “Гацуурт” ХХК-ний төлөө бүх бие, сэтгэлээ зориулан ажилласан. “Гацуурт” ХХК-ний өнөөдрийн ажлын үр дүн, нөхцөл байдал миний хөдөлмөртэй шууд холбоотой гэж боддог юм. “Гацуурт” ХХК-ний үе, үеийн дарга нарын шагнал, урамшуулалд хамрагдаж, хангалттай сайн ажиллаж байсан тул тодорхой хэмжээний албан тушаалд дэвшин ажиллаж байсан гэж боддог. Өнөөдрийн хувьд маш харамсалтай байна. Энэ 24 үхрийн 12 үхрийг нь өөртөө ашигласан. Энэ үйлдэлдээ маш их гэмшиж, харамсаж байна. Энэ ямар учиртай болсон бэ? гэвэл анх Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд 2000 толгой үхэр өвөлжүүлэх өвөлжөөний газар авахыг Чинбат захирал 3 дугаар сард амаар өгсөн юм. Энэ талаар би хөөцөлдөж 7 дугаар сарын сүүлчээр газрын холбогдох хүмүүстэй тохиролцож, газар авах талаар ярилцсан. Тэгээд 7 дугаар сарын сүүлээр *******ын хамт Чинбат захирлыг дагуулан явж урсгал устай, байгалийн сор болсон бэлчээртэй 10 өвөлжөөний газрыг Чинбат захиралд үзүүлсэн юм. Тэгэхэд Чинбат захирал “Энэ газрыш яаж ийж байгаад ямар нэг аргаар ав. Бидний 2008 оноос хөөцөлдсөн ажил энэ байгаа юм. Алтанбулаг суманд мал оруулахын тулд олон зүйл болж байсан тул энэ ажлыг бүтээ. Энэ ажилтай холбогдох зардал, чирэгдэл их гарах ч гол нь мөнгө өгч чадахгүй, үхрээр энэ асуудлыг чинь шийднэ” гэж хэлж амаар тохиролцсон байсан. Тэгээд “Гацуурт” ХХК-с үхрийг авахдаа Чинбат захирал, Батбаатар дарга хоёртой амаар тохиролцсны үндсэн дээр “Алтанбулагийн өвөлжөөний газартай холбоотой үхрийг авахаар хүмүүс ирэх тул та бичиг баримтаа бэлдэж гаргаж өгөөрэй гэж Батбаатар даргад хэлсэн. Ингээд өөрийн дүү Мөнхзоригт 12 үхрийг өгч өөртэй ашигласандаа туйлын их харамсаж байна. Маш их гэмшиж байна. Энэ олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан хэр нь энэ 12 үхрийн асуудал дээр алдаа гаргасандаа маш их харамсаж байна. Тийм учраас та бүхнээс хичээнгүйлэн хүсье. Би гэм буруугаа ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа тул хуулийн хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж хүсье. Би хохирогчид учирсан хохирлыг төлнө...” гэх мэдүүлэг[1],

 2. Хохирогч *******ын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн “Гацуурт” ХХК-ний хуулийн зөвлөхөөр ажиллах болсон. “Баяндулаан-Уул” ХХК нь тус “Гацуурт” ХХК-ний салбар компани бөгөөд Л.Чинбат захирал үүсгэн байгуулагч нь юм. “Баяндулаан-Уул” ХХК-ний гүйцэтгэх захирал Т.Энхтуяагаас 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр албан бичгээр надад итгэмжпэл олгож, тус компанийг төлөөлөх эрхийг өгсөн учир би уг хэрэгт хохирогчоор оролцож байна. Ерөнхий захирал Л.Чинбатын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 185 дугаартай албан бичгээр цэвэр Ангус үүлдрийн 4 толгой бухан бяруу, Монгол 20 тооны үнээ нийт 24 тооны үхрийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд хандивлахаар зөвшөөрөл гарсан байдаг. Уг зөвшөөрлийн дагуу дэд захирлаар ажиллаж байсан ******* нь 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр албаны хүмүүстэй малчин Соёл-Эрдэний сууриас Монгол 10 үнээ, малчин Уранчимэгийн сууриас “Ангус” 2 бухан бяруу нийт 12 тооны үхрийг аваад өөрийнхөө төрсөн ахын хүү Г.Мөнхзориг гэж хүнд ачуулсан байдаг. Дараа нь 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дахиад малчин Соёл-Эрдэний сууриас Монгол 10 үнээ, малчин Уранчимэгийн сууриас Ангус 2 бухан бяруу нийт 12 тооны үхрийг аваад Тулгаа, Пүрэвжав гэх хүмүүст ачуулсан. Энэ талаарх үхэр хүлээлгэн өгсөн баримтууд нь бүгд бий. Албаны хүмүүс болохоор Алтанбулаг суманд очих учиртай гэж бодоод зөвшөөрлийн дагуу ачуулж явуултал тухайн сумаас нь 24 тооны үхэр аваагүй гэсэн албан бичиг сүүлд ирсэн. Тийм учраас *******г компаний 24 тооны үхэр завшсан талаар гомдол гаргасан. Авч явсан хүмүүс нь тодорхой, хүлээлцсэн баримтууд нь байгаа учир *******гөөс албан ёсны үнэлгээгээр гарсан 38,206,668 /гучин найман сая хоёр зуун зургаан мянга зургаан зуун жаран найм/ төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг[2],

3. Гэрч Д.Саранцэцэгийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би “Баяндулаан-Уул” ХХК-ний мал аж ахуйн салбарын ахлах нягтлан бодогчоор 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойш одоог хүртэл ажиллаж байна. Энэ хүний тухайд намайг “Баяндулаан-Уул” ХХК-нд анх ажилд орох үед тус компанид гүйцэтгэх захирлын албан тушаал дээр байсан. Би дээрх нэр бүхий хүнтэй төрөл садангийн харьцаа холбоо болон хамаарал байхгүй. Манай “Баяндулаан-Уул” ХХК-ний гүйцэтгэх захирал ба *******г 2019 оны хавар ажлаа өгсний дараа Т.Энхтуяа дарга орлогч даргаар ирсэн, болохоор таньдаг юм. Захирал Т.Энхтуяагийн гаргасан №01/47 дугаартай албан бичигт дурьдсан асуудлыг миний хувьд ямар утгатай өргөдөл гаргасан эсэхийг мэднэ. Харин Мөрөн даргын 24 тооны үхрийг Алтанбулаг суманд өгсөн, мөн өөртөө ашигласан эсэхийг миний хувьд мэдэхгүй байна. Сэлэнгэ аймгийн Аптанбулаг суманд манай компаниас нийт 24 тооны цэвэр үүлдэрийн “Ангус” үхрийг хандивласан гэж дарга нараас сонссон, надад энэ талаар ямар нэгэн мэдсэн, харсан зүйл байхгүй. Тухайн үед би “Баяндулаан-Уул” ХХК-нд ажиллаж байгаагүй болохоор мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч П.Батсайханы 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргаар 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс одоог хүртэл засаг даргаар ажиллаж байна. Би “Баяндулаан-Уул” ХХК-ний гүйцэтгэх захирал ******* нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гацуурт” ХХК-ний хамаарал бүхий “Сэлэнгэ Аптан Говь” ХХК-ний захирал байхад нь таньж мэддэг байсан, дээрх хүнтэй төрөл садангийн харьцаа холбоо хамаарал байхгүй. Би 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш тус суманд засаг даргаар одоог хүртэл дээрх албан тушаал дээр ажиллаж байна, Гацуурт болон түүнтэй хамаарал бүхий “Баяндулаан-Уул” ХХК-наас намайг засаг даргаар ажиллаж байх хугацаанд ямар нэгэн цэвэр үүлдрийн үхэр хандивласан асуудал огт байхгүй. Мөн “Гацуурт” ХХК болон түүнтэй хамаарал бүхий компаниас цэвэр үүлдрийн 24 толгой үхэр хандивлах талаар албан бичиг огт ирж байгаагүй юм. Би энэ талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч Б.Буян-Өлзийгийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2006 оноос одоог хүртэл Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын тамгын газрын Хөдөө аж ахуй тасгийн даргаар ажиллаж байна. Гацуурт болон түүнтэй хамаарал бүхий “Баяндулаан-Уул” ХХК-наас урьд өмнө нь ямар нэгэн байдлаар цэвэр үүлдрийн үхэр нэг ч удаа хандивласан асуудал огт байхгүй. Миний санаж байгаагаар бол 2016, 2017 онуудад манай сумын малчин иргэн С.Март, Я.Буянжаргал, Энхтуяа нар нь манай хөдөө аж ахуйгаар дамжуулан “Гацуурт” ХХК-наас 5 жилийн хугацаатай гэрээ хийж цэвэр үүлдрийн 4 толгой “Ангус” Бухан бярууг авч байсан. Үүнээс хойш манай сумын малчин иргэд болон Хөдөө аж ахуй тасгаас цэвэр үүлдрийн үхэр авсан асуудал байхгүй, дээрх 24 тооны үхрийг асуудлыг миний хувьд мэдэхгүй байна. Манай сумын Засаг даргын тамгын газар, болон Хөдөө аж ахуй тасагт “Гацуурт” ХХК болон түүнтэй хамаарал бүхий компаниас цэвэр үүлдрийн 24 толгой үхэр хандивлах талаар албан бичиг огт ирж байгаагүй юм. Би энэ талаар огт мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг[5],

6. Гэрч Л.Чинбатын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай “Гацуурт” компани нь Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг болохоор 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр №185 дугаартай албан тоотоор “Сайхан Толгой” салбараас цэвэр үүлдрийн “Ангус” бухан бяруу 4, Монгол үүлдрийн тугалгүй үнээ 20, нийтдээ 24 толгой малыг сум орон нутагт дэмжлэг үзүүлэх зорилгоор ерөнхий захирлын хувьд албан бичиг дээр гарын үсэг зураад салбар хариуцсан мал аж ахуйн дарга Л.Батбаатарт үүрэг болгож дээрх 24 толгой малыг хүлээлгэн өгөх ажлыг хариуцуулж үүрэг чиглэл өгсөн юм. Ерөнхий захирлын тушаал, шийдвэрийг үндэслэн салбарын мал аж ахуйн дарга Батбаатар нь дээрх 24 тооны үхрийг тус аймгийн Алтанбулаг суманд хандивлаагүй байхад “Баяндулаан-Уул” ХХК-ний дэд захирал ******* нь дур мэдэж, үүрэг чиглэл өгөөгүй байхад өөрийн санаачилгаар 24 тооны үхрийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд хандивлах гэж байна гэсэн нэрийдлээр манай малчин Соёл- Эрдэнийхээс өдрийг нь санахгүй байна ямартай ч 75-97 ОРО, 32-89 УНИ улсын дугаартай, ачааны авто машинтай ирж 24 тооны үхрийг авч явсан байдаг. Дэд захирал ******* нь албан тушаалаа урвуулан ашиглаж хувьдаа завшсан нь тогтоогдож Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм. Манай компаний малчин Соёл-Эрдэний хариулж байсан үхэр нь Монгол үүлдрийн үхэрнүүд байсан. Мөрөн захирлын ачиж явсан 20 толгой үнээнд цэвэр “Ангус” үүлдрийн үхэр нэг ч байгаагүй. Харин 4 тооны бухан бяруу нь цэвэр үүлдрийн “Ангус” үхэр байсан юм. Дээрх 24 толгой малын зүс болон үүлдрийн байдал, шинж тэмдэг, ил тамга зэрэг манай компаний санхүү дээр бүртгэлтэй. Шаардлагатай бол материалыг хуулбарлан гаргаж өгч болно. Би дэд захирлаар ажиллаж байсан Л.Мөрөнтэй холбоотой асуудлыг компаний дотоод хяналтаар шалгаж байх явцад Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд 24 тооны үхрийг хүлээлгэн өгөөгүй талаар 2019 оны хавар мэдсэн юм. Мөрөнгийн хувьд 24 тооны үхрийг Алтанбулаг суманд хүлээлгэж өгөхөөр авч явсан гарын үсэг болон дээрх 24 тооны үхрийг авчирсан тээврийн хэрэгслийн бүртгэл гэх материал нь манайд бий. Харин Мөрөн нь 24 тооны үхрийг хэнд хүлээлгэн өгсөн эсэх нь тодорхойгүй. Ямар нэгэн бичиг баримт байхгүй. 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр манай малчин Соёл-Эрдэний өвөлжөөнөөс цэвэр үүлдрийн “Ангус” 2, Монгол үнээ 10 нийтдээ 12 тооны үхрийг 75- 97 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирж ачсан байдаг. Тухайн үед мал аж ахуйн дарга Батбаатар, мал аж ахуйн нягтлан Мөнхзол, малчин Соёл-Эрдэнэ нар хамт байсан ба дэд захирлаар ажиллаж байсан *******д хүлээлгэн өгсөн байдаг. Мөн оны 10 дугаар сарын 03-ны өдөр цэвэр үүлдрийн “Ангус” 2, Монгол үүлдрийн 10 үнээг 32-89 УНИ гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ачиж явсан байдаг. Тухайн үед мөн дээрх нэр бүхий албан тушаалтнууд бүгд байсан. Манай ажилчид үхэр ачсан өдөр, цаг минут, ачсан тээврийн хэрэгслийн дугаар болон жолоочийн үнэмлэх, утас дугаарыг нь бүртгэж авч үлдсэн байдаг. Манай 24 тооны үхрийг аваад хэнд, ямар зорилгоор өгсөн эсэхийг миний хувьд мэдэхгүй байна. Гэхдээ ажилтан Мөнхзол нь Мөрөнгийн хууль бусаар авсан 24 тооны үхрийг Булган аймгийн Бугат сумын иргэн Нэргүй овогтой Мөнхбаатарт 12 тооны үхрийг өгсөн байдаг. Үлдсэн 12 тооны үхрийг Орхон аймгийн Улаан толгой сумын иргэн Отгонцогтод өгсөн талаар надад хэлсэн юм. “Баяндулаан-Уул” ХХК-ний дэд захирал ******* нь 2016 онд анх Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд ямар нэгэн байдлаар үхэр хандивлах талаар анх санааг нь гаргасан юм. Надтай байн байн утсаар ярьж “сум орон нутагт дэмжлэг үзүүлэхгүй бол болохгүй байна” гэхээр нь 24 тооны үхрийг Мөрөнд биш, мал аж ахуй хариуцсан Батбаатарт үүрэг чиглэл өгсөн юм. Харин Мөрөнгийн хувьд ямар ч оролцоогүй байхад өөрөө дур мэдэж авсан нь их сонин байгаа юм. Манай компанид ажиллаж байсан ******* нь хүмүүсийг төөрөгдүүлж, албан тушаалаа ашиглаж, олон удаагийн үйдэлтэй, хууран мэхэлж, хулгай хийсэн байх тул хуулийн дагуу хэргийг шийдвэрлэж, компанид учирсан хохирлыг бүрэн барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг[6],

7. Гэрч Л.Чинбатын 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “Манай Гацуурт” ХХК нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Түшиг, Ерөө, Хушаат, Сайхан зэрэг сумдад үйл ажиллагаа явуулаад ойролцоогоор 20 жил болсон юм. Харин Алтанбулаг суманд газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулаад 15 жил болсон. Манай компаний үйл ажиллагаа явуулж байгаа сум орон нутагтаа өөрийн боломжоороо хандив, тусламж үзүүлдэг. Тэгсэн дэд захирал ******* 2016 онд надад хэлэхдээ Алтанбулаг сумын зүгээс танайх Түшиг, Цагааннуур сумдад дэмжлэг их үзүүлж байна. Манайхыг жоохон гадуурхаад байна гэж ярьж байна. Тэгээд Алтанбулаг суманд хандив тусламж өгөх хэрэгтэй байна гэсэн. Би хандив тусламж, шагнал урамшууллын асуудлыг талаар ерөнхий чиглэл өгдөг боловч компаний хүний нөөц ярилцаж шийдвэрлээд надад танилцуулдаг. Тэр хүрээнд Алтанбулаг суманд 24 үхэр хандивлахаар болсон. Хандив тусламжийн талаар санааг анх ******* гаргаж, хүний нөөц шийдвэрлэж, би зөвшөөрлийг нь мал аж ахуйн дарга Л.Батбаатарт албан бичгээр хийж өгсөн. Тэгээд мал, аж ахуйн дарга Л.Батбаатарт “хандив өгөх тухай” гэсэн 185 дугаартай албан бичгийг гаргаж Л.Батбаатарт хүргүүлж байсан. Тухайн 185 дугаартай албан бичгийг сүүлд нөхөж хийх ямар ч боломжгүй юм. Учир нь Л.Батбаатар, бусад албан тушаалтнууд тэр зөвшөөрлийн бичгийг үндэслээд 24 тооны үхэр гаргасан. Ямар ч бичиг баримтгүйгээр үхэр гаргадаггүй юм. Байгууллагын хөрөнгө тооцоо гэдэг чинь Мөрөн бид хоёрын амаараа тохироод шийддэг асуудал огт биш байхгүй юу. Мөрөн нь Алтанбулаг суманд хандив өгөх хэрэгтэй байна гэсэн боловч үхэр өгье гэж бол яриагүй. Үхэр өгнө гэсэн нь миний санаа бөгөөд гүйцэтгэх захирал, хүний нөөц зэрэг албан тушаалтнуудаас “20 үнээ өгье” гэхээр нь би “цэвэр “Ангус” үүлдрийн 4 толгой бухан бяруу нэмж өгье” гэж би шийдвэрлэсэн. Учир нь манай “Ангус” үхэр сум орон нутагт нь өсөж. үржээд явбал манай компанийг бас сурталчилна гэж үзсэн. Тэгсэн сүүлд 2019 онд байхаа Л.Батбаатар болон Мөнхзол нараас “Алтанбулаг суманд өгөх 24 тооны үхэр эзэндээ очоогүй байх” гэж хэлэхээр нь би Алтанбулаг сумаас асуулгасан чинь “үхэр хандиваар аваагүй” гэсэн юм. ******* нь анхнаасаа намайг хуурч, Алтанбулаг суманд хандив егмөөр байна, албан тушаалтнууд нь манай сумыг тоодоггүй гэж яриад байна” гэж худлаа хэлээд 24 тооны үхэр хандивлахад үхэрнүүдийг суманд нь өгөөгүй *******тай хуваан авч, завшсан байна. ******* нь *******ыг анх ажилд оруулж байсан хүн байгаа юм. Нууц, Мөрөн хоёр дээр үеэсээ л бие биенээ таньдаг байсан хүмүүс юм. Манай компанийг төлөөлж хохирогчоор оролцож байгаа Цогтбаяр үнэлгээгээр гарсан мөнгөө нэхэмжилнэ. Тухайн хандив нь Алтанбулаг суманд өвөлжөө, хаваржааны газар авах зорилгоор өгсөн зүйл бол огт биш юм. Манайх тухайн нутагт 15 жил үйл ажиллагаа явуулахдаа 20 гаруй өвөлжөө, хаваржааны гэрчилгээ авч байсан. Тухайн 24 тооны үхэр нь сумандаа очсон байсан бол ямар ч асуудалгүй шүү дээ. Гэвч би тэдгээр үхэрнүүдийг Мөрөн, Нууц нарт өгөөгүй л байхгүй юу...” гэх мэдүүлэг[7],

8. Гэрч Ө.Мөнхзолын 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би “Баяндулаан-Уул” ХХК-д анх 2016 оны 05 дугаар сард мал аж ахуйн нягтлангаар ажилд ороод 2018 оны 12 сард ажлаас гарч, буцаад 2020 оны 02 дугаар сард мал аж ахуйн нягтлангаар ажилд орсон. Би ******* захирлыг анх ажилд орсон үеэсээ 2016 оны 05 сараас хойш мэднэ. Ажлын шугамаар холбоотой байсан. Төрөл садан, найз нөхдийн харилцаа холбоо байхгүй. Ерөнхий захирал Л.Чинбатын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 185 дугаартай Мал аж ахуйн дарга Л.Батбаатарт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд бухан бяруу 4 толгой, үнээ 20 толгой нийт 24 толгой үхрийг хандиваар өгөхийг зөвшөөрсөн албан бичгийг үндэслэн 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мал зүйч Баянжаргал, мал аж ахуйн дарга Л.Батбаатар, захирал *******, малын эмч Азбаяр бид нар малчин Соёл-Эрдэний сууриас /Мал хүлээлцэх актаас харахад/ “Улаан 3 толгой, Хар халзан, Улаан халзан 2 толгой, Бор, Улаан алаг /халзан/, Хар халзан мухар, Мухар бор зүсмийн нийт 10 тооны тугалгүй Монгол үнээ зэргийг авсан. Тэгээд малчин Уранчимэгийн маллаж байсан бухнаас хар зүсмийн мухар “Ангус” цэвэр үүлдрийн 2 тооны бухан бярууг авч, Соёл-Эрдэний малаас авсан 10 тооны үнээний хамт нийт 12 толгой үхрийг ******* дарга, тэр өдрөө буюу 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Г.Мөнхзориг гэж хүнд хүлээлгэн өгсөн. Ачиж авч явсан автомашин нь 75-97 ОРО улсын дугаартай автомашин байсан бөгөөд жолоочоос нь би хаашаа явах гэж байгаа юм гэж асуухад Орхон аймгийн Улаантолгой иргэн Отгонцогтынд очсон гэсэн тул би “Хүлээлгэн өгсөн үхрийн бүртгэл” дээр нь энэ талаар өөрийн гараараа бичсэн. Тухайн “Хүлээлгэн өгсөн үхрийн бүртгэл”-ийн дээд талд байрлах танилцаж зөвшөөрсөн хэсэгт салбарын дарга ******* гарын үсэг зурсан. Ерөнхий захирал Л.Чинбат гарын үсэг зураагүй. Дараа нь 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мал зүйч Баянжаргал, мал аж ахуйн дарга Л.Батбаатар, захирал ******* бид нар малчин Соёл-Эрдэний сууриас /Мал хүлээлцэх актаас харахад/ “Ягаан 2 толгой, Сартай улаан, Хар 2 толгой, Улаан халзан 2 толгой, Улаан, Бөөр алаг улаан, Мухар улаан халзан зүсмийн нийт 10 тооны тугалгүй Монгол үнээ зэргийг авсан. Тэгээд мөн л малчин Уранчимэгийн сууриас хар зүсмийн 2 толгой “Ангус” цэвэр үүлдрийн бухан бярууг нэмж аваад нийт 12 толгой үхэр Тулгаа, Пүрэв гэх хүмүүст хүлээлгэн өгсөн. Тэдгээр хүмүүс 32-89 УНЕ улсын дугаартай автомашинаар ачсан. Эдгээр мал хүлээлцэх акт болон хүлээлгэн өгсөн үхрийн бүртгэл зэргийг би гараараа хөтөлсөн...” гэх мэдүүлэг[8],

9. Гэрч П.Соёл-Эрдэний 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ******* захирлыг танихгүй болохоор ирсэн үгүйг мэдэхгүй байна. Хүмүүс дунд байсан байж магадгүй. Ямар ч байсан 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мал зүйч Баянжаргал, мал аж ахуйн дарга Л.Батбаатар, нягтлан бодогч Мөнхзол нар манайд ирээд нийт 10 тооны тугалгүй Монгол үнээ авч явсан. Тэдгээр хүмүүс ачааны автомашинтай ирээд үхэрээ ачиж авсан. Тухайн үед ачааны автомашины тэвшин дээр нь 2 тооны хар зүсмийн Ангус бухан бяруу ачсан байсан. Дараа нь 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мал зүйч Баянжаргал, мал аж ахуйн дарга Л.Батбаатар, нягтлан бодогч Мөнхзол нар ирээд мөн 10 тооны Монгол үнээ авч явсан. Тэд нар мөн л ачих автомашинтай ирсэн. Бүртгэл юмандаа хасалтыг нь тухайн үедээ нягтлан Мөнхзолоор хийлгэсэн. Ямар дугаарын автомашинтай хэн гэж хүнд надаас авсан үхэрнүүдийг ачсан талаар би одоо мэдэхгүй байна. Нягтлан бодогч Мөнхзол бүртгэл хөтлөөд гарын үсэг зуруулаад байсан. Мал хүлээлцэх актанд миний өмнөөс манай эхнэр Чулуунтогтох “Соёлоо” гэж бичсэн. Би нийт 300 гаруй үхэр малладаг байж байгаад 2017 оны 03 дугаар сард ямар ч мал дутаагаагүй ажлаа хүлээлгэн өгч гарсан. Шалтгаан нь манай эхнэр эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан юм. Манайд ямар ч Ангус үүлдрийн үхэр байхгүй ээ. ******* гэх захирал худлаа хэлсэн байх. 2016 оны 09-10 сард нийт 2 удаа тус бүр 10 тооны нийт 20 толгой Монгол үнээ л авсан. Тэдгээр үхэрнүүд ташаандаа бүгд “Гацуурт” ХХК-ний “G” үсгэн тамгатай, тус бүр берктэй байна...” гэх мэдүүлэг[9]

10. Гэрч Д.Чулуунтогтохын 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр бид хоёр “Баяндулаан-Уул” ХХК-д 2010 оны 09 дүгээр сараас 2017 оны 03 дугаар сар хүртэл Монгол үхэр маллаж байсан. ******* гэж танихгүй. Харьцаж байгаагүй. 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мал зүйч Баянжаргал, мал аж ахуйн дарга Л.Батбаатар, нягтлан бодогч Мөнхзол нар манайд ирээд нийт 10 тооны тугалгүй Монгол үнээ авч явсан. Тэдгээр хүмүүс ачааны автомашинтай ирээд үхрээ ачиж авсан. Тухайн үед ачааны автомашины тэвшин дээр нь 2 тооны хар зүсмийн Ангус бухан бяруу ачсан байсан. Мал хүлээлцэх акт дээр 10 тооны үнээг нягтлан Мөнхзол бичиж байгаад хүлээлгэн өгсөн дээр нь би нөхөр Соёл-Эрдэний өмнөөс Соёлоо гэж бичсэн. Учир нь манай нөхөр Соёл-Эрдэнэ уншиж бичиж чаддаггүй юм. Дараа нь 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мал зүйч Баянжаргал, мал аж ахуйн дарга Л.Батбаатар, нягтлан бодогч Мөнхзол нар ирээд мөн 10 тооны Монгол үнээ авч явсан. Тэд нар мөн л ачих автомашинтай ирсэн. Бүртгэлийг тэр үедээ нягтлан Мөнхзол хөтөлсөн. Би нөхрийнхөө нэрийг Соёлоо гэж бичсэн. Тэд нарыг ирж үнээ авч явсан автомашиныг нь би мэдэхгүй. Тухайн мал хүлээлцсэн бүртгэл дээр байсан шиг санаж байна. Миний биеийн байдлаас болж нөхөр Соёл-Эрдэнэ бид хоёр нийт 300 гаруй үхэр маллаж байгаад 2017 оны 03 дугаар сард тооцоо юмнуудаа бүрэн гүйцэд хийгээд ямар ч мал дутаагаагүй ажлаа хүлээлгэн өгөөд гарсан. Одоо хувийн мал ахуйгаа эрхэлж байна. Манайх дандаа Монгол үхэр малладаг байсан. Ямар ч Ангус үүлдрийн хар зүсмийн үхэр байхгүй...” гэх мэдүүлэг[10]

11. Гэрч С.Уранчимэгийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг анх 2016 оны 04 дүгээр сард “Баяндулаан-Уул” ХХК-д малчнаар ажилд ороход ******* гэх хүн өөрийгөө компаний дэд захирал гэж танилцуулж байсан. Тэр үеэс ******* захирлыг ажлаас гарах хүртэл нь мэднэ. Найз нөхөд, төрөл садангийн харилцаа байхгүй. Би компанид ажилд ороод 2016 ондоо дан цэвэр Ангус үүлдрийн 270 гаруй бухан бяруу малладаг байсан. 2016 оны 09 дүгээр сарын сүүлээр компаниас хүмүүс ирж 2 толгой Ангус цэвэр үүлдрийн хар зүсмийн мухар бухан бяруу авч явсан. Дараа нь удалгүй 2016 оны 10 дугаар сарын эхээр хүмүүс ирж 2 тооны Ангус цэвэр үүлдрийн хар зүсмийн мухар бухан бяруу тус тус нийт 4 толгой бухан бяруу авч явсан. Эдгээр бухан бяруу нь зөв талын ташаа /гуя/-д “G” үсгэн тамгатай, тус бүр берктэй байсан. Ямар даргын шийдвэрээр хаашаа авч явж байгаа талаар надад хэлээгүй. Тухайн үед нь баримт үйлдээд гарын үсэг зуруулан авч байсан. Нэг хувь нь надад байсан. Олдохгүй байна. Тэр үедээ над дээр ямар нэгэн бухны тооцоо гараагүй...” гэх мэдүүлэг[11]

12. Гэрч *******ын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би “Гацуурт” ХХК-д 2015 оны хавар ажилд орсон. Тэр үеэсээ ******* гэх хүнийг таних болсон. Манай дарга байсан болохоор ажлын шугамаар л холбоотой байсан. Найз нөхөд, төрөл садангийн холбоогүй. “Сэлэнгэ-Алтанговь” ХХК нь “Гацуурт” ХХК-ний салбар компани бөгөөд ерөнхий захирал Л.Чинбатын төрсөн охин Ч.Номин “Сэлэнгэ-Алтанговь” ХХК-ний гүйцэтгэх захирал юм. Би тус “Сэлэнгэ-Алтанговь” ХХК-д аж ахуйн даргын албан тушаалыг хашиж байгаад 2016 оны 08 дугаар сард ажлаасаа гарсан. Тэрнээс хойш би ажилдаа эргэж ороогүй. “Сэлэнгэ-Алтанговь” ХХК-ний үхрийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт тараан байршуулах зорилгоор өвөлжөө, хаваржаа шинээр авах асуудал яригдсан. Тэгээд 2016 оны зун Алтанбулаг сумын нутагт газар үзээд ерөнхий захирал Л.Чинбат, дэд захирал ******* бид гурав хөдөөгүүр явсан. Тэгээд ерөнхийдөө өвөлжөөний газруудаа үзээд иймэрхүү газрыг авъя, үхэр малаа бэлчээе гэж ******* захирал, Л.Чинбат ерөнхий захирал бид гурав ярьж байсан юм. Тэгээд би удаагүй 2016 оны 08 дугаар сард ажлаасаа гараад явчихсан. Миний хувьд бол ажлаас гарахаасаа өмнө Алтанбулаг сумын Засаг даргын тамгын газрын, газрын даамал Отгонцогттой өвөлжөөний газар авах талаар ярьж байсан. Өөрөөр бол ямар нэгэн байдлаар бичиг баримт бүрдүүлж өгч байгаагүй. ******* захирал намайг ажлаасаа гарсан дараа хөөцөлдөж газар авсан байх. Би “Сэлэнгэ-Алтанговь” ХХК-ний нэр дээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт шинээр 2016 онд өвөлжөөний газрын гэрчилгээ гарсан талаар мэдэхгүй байна. ******* захирал бид хоёрын дунд Алтанбулаг сумын нутагт өвөлжөө, хаваржааны газар авахад ямар нэгэн мөнгө шаардлагатай гэж хоорондоо огт тийм зүйл яриагүй. ******* захирал надад өөрөөсөө болон компаний нэрээр мөнгө төгрөг, үхэр мал өгч байсан удаа байхгүй. Би ******* захирлаас мөнгө төгрөг огт авч байгаагүй. Би өөрийн ажлын шугамаар л орон нутгийн албаны хүмүүстэй уулзаж байсан. Өөрөөр бол ямар нэгэн байдлаар хэн нэгэнд мөнгө төгрөг амлаж өөрийн болон компаний ажил төрлийг бүтээж байсан зүйл байхгүй. Би 2016 оны 09 дүгээр сард ажлаасаа гарчихсан байсан учир энэ талаар мэдэхгүй. Сонсож байгаагүй. Би компаниас ямар ч үхэр авч байгаагүй. ******* захирал 2019 оны хавар над руу утсаар ярьж байсан бөгөөд ажлаасаа гарчихсан гэж байсан. Өөр нээх сүйдтэй юм яриагүй. Дараа нь 2019 оны зун Улаанбаатар хотод ******* захиралтай тааралдсан. Тэрнээс хойш уулзаагүй утсаар яриагүй. Би ******* захирлыг цагдаад шалгагдаж байгаа талаар сая л мэдлээ...” гэх мэдүүлэг[12]

13. Гэрч *******ын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2003 оноос хойш Пүрэвцэндийг танина. Бид хоёр Дэлхийн зөн олон улсын байгууллагад хамт ажилладаг байсан юм. Мөнхбаатарыг бол сүүлд Пүрэвцэндээр дамжуулан таних болсон. Найз нөхдийн харилцаа холбоотой байдаг. Төрөл садангийн холбоо байхгүй. Би “Сэлэнгэ-Алтанговь” ХХК-ний аж ахуйн даргаар ажиллаж байсан бөгөөд 2016 оны 07 дугаар сарын үед Алтанбулаг сумын нутагт үхрийн өвөлжөөний газар үзэж, ерөнхий захирал Л.Чинбат, дэд захирал ******* бид гурав хөдөөгүүр явсан. Тэгэхэд Чинбат захирал өөрөө Мөрөн бид хоёрт газар зааж өгөөд энэ газруудыг аваарай гэж хэлсэн. Тэгээд “Алтанбулаг сумын хүмүүс газар өгдөггүй юм, газар авахад зардал гарвал гаргана. Мөн дээр нь Мөрөн бид хоёрт урамшуулал өгнө гэж хэлж байсан. Би үүнийг Чинбат захирлын өгсөн үүрэг даалгавар гэж ойлгосон. Би ажил үүргийн хувиарын дагуу хийж гүйцэтгэх ёстой юм байна гээд өвөлжөөний газар хөөцөлдсөн. “Сэлэнгэ-Алтанговь” ХХК-ний нэр дээр газар авахад миний үүрэг оролцоо их байсан бөгөөд би бичиг баримттай холбоотой асуудлуудыг нь хөөцөлдөж цэгцэлсэн. Тэгээд би төд удалгүй 2016 оны 08 дугаар сард байгууллагын санаачлагаар ажлаасаа халагдсан. Намайг тухайн үедээ ажлын байран дээрээ байхгүй гэдэг шалтгаанаар л халсан. Тэгээд 2016 оны 09 дүгээр сарын сүүлээр ******* над руу утсаар яриад газрын гэрчилгээ юмнууд гарсан шүү чиний үүрэг оролцоо их байсан учраас ерөнхий захирал Чинбат холбогдох зардал болон урамшуулал зэргийг өгсөн. Тэгэхээр нь ирж 12 тооны үхэр аваарай гэж хэлсэн. Миний хувьд бол дэд захирал ******* над руу залгаад тэгж хэлэхээр нь би Пүрэвцэнд гэж найз руугаа утсаар яриад “хоёулаа Сэлэнгэ аймаг явчихаад ирье, миний автомашиныг жолоодоод өгчих” гэсэн. Тэр үед би жолоочийн эрхээ хасуулчихсан байсан юм. Тэгсэн чинь Пүрэвцэнд найз Мөнхбаатарыг дуудаад автомашин жолоодуулж хамт Сэлэнгэ аймаг явсан. Би Пүрэвцэнд, Мөнхбаатар гэх хоёр найздаа анхнаасаа л “Гацуурт” ХХК нь цалингийн урамшуулал гэж үхэр өгч байгаа юм байна. Тэрийг очиж авъя гэж хэлж байсан. Тэгээд Пүрэвцэнд, Мөнхбаатар бид гурав Сэлэнгэ аймагт ирж буудал /нэрийг нь мэдэхгүй/-д хоносон. Тэгээд маргааш өглөө нь Пүрэвцэнд, Мөнхбаатар нарыг үхэр лүү явуулаад очоод “Гацуурт” ХХК-ны мал аж ахуйн хүмүүстэй уулзаад “үхэр авах гэж байгаа юм” гээд уулз гэж хэлсэн. Би араас нь очих ёстой байсан юм. Тэгсэн миний ажил амжаагүй тул Пүрэвцэнд, Мөнхбаатар нарын араас үхэр лүү очиж чадаагүй. Тэгээд Пүрэвцэнд, Мөнхбаатар нар үхэрнүүдээ авчихлаа гээд аймгийн төв дээр ирж намайг авсан. Тэгээд хамтдаа үхэр ачсан автомашин дээрээ очоод цаашаа Дархан-Уул аймаг явсан. Тэндээсээ Пүрэвцэнд, Мөнхбаатар нарт өөрийнхөө автомашиныг өгч Улаанбаатар хот руу явуулаад би өөрөө үхэр ачсан автомашинтайгаа Булган аймаг явж байгаад Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт нэг хүнд нийт 12 толгой үхэрнүүдээ бөөнд нь 10 орчим сая төгрөгөөр зарсан. Тэр үхэр худалдаж авсан хүнийг би одоо эргээд танихгүй. Мөнгийг нь бэлнээр болон дансаар авсан. Би тухайн үхрийг *******гөөс авсан гэж ойлгохгүй байна. Ерөнхий захирал Л.Чинбатаас 12 тооны үхэр авсан гэж ойлгож байна. Тийм учраас *******гөөс үхэр аваагүй гэж мэдүүлэг өгсөн. ******* над руу утсаар яриад “урамшуулал ирж ав, Чинбат захирал зөвшөөрсөн” гэж хэлсэн. Би өөрөө автомашин барих эрхгүй байсан. Мал аж ахуйн хүмүүс мэдэж байгаа, баримт юмнуудаа үйлдэж өгсөн учраас миний хувьд нүүр бардам байсан. Тэгээд Пүрэвцэнд, Мөнхбаатар гэх найз нарыгаа явуулж үхэр ачуулсан. Тэр үед надад аймгийн төвд ажил гарсан учраас үлдсэн. Араас нь очье гэж бодсон чинь битүү цас орчихсон байсан учраас очоогүй. Тухайн үед үхэр авахдаа Л.Чинбат ерөнхий захиралтай уулзаагүй. Энэ хүний үүрэг даалгавар, шийдвэрийг дэд захирал ******* надад дамжуулсан гэж ойлгосон учраас би урамшууллын 12 тооны үхэр авсан...гэх мэдүүлэг[13],

14. Гэрч П.Пүрэвцэндийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2003 онд Дэлхийн зөн олон улсын байгууллагын Булган аймаг дахь төслийн зохицуулагчаар ажиллаж байсан. Тэр үед ******* Дэлхийн зөн олон улсын байгууллагын төв албанд Улаанбаатар хотод ажиллаж байсан юм. Тэр утгаараа 2003 оноос хойш одоог хүртэл найз нөхдийн харилцаа холбоотой явж байна. Харин ******* гэж хүнийг бол танихгүй ээ. Би тухай үед буюу 2016 оны 10 дугаар сард Улаанбаатар хотод 10 дугаар хорооллын Хас банкны салбарын захирлаар ажиллаж байсан бөгөөд ээлжийн амралттай байсан шиг санаж байна. Тэр үед ******* над руу утсаар яриад “хамт Сэлэнгэ аймаг руу явчихаад ирье. Автомашин жолоодоод өг, “Гацуурт” ХХК-ний Чинбат захиралтай цалин мөнгөний тооцоо байгаа юм. Цалингаа авчихаад ирье” гэж байсан. Тэгээд би Нууцад “Архи ууж байна. Маргааш надаас архи үнэртэнэ” гэж хэлсэн. Тэгсэн ******* “автомашин бариулчихаар өөр хэн байдаг билээ” гэхээр нь би “Манай ангийн Н.Мөнхбаатар байгаа цаадах чинь архи уудаггүй юм. Би утсаар яриад авчихъя” гэж хэлсэн. Тэгээд би найз Н.Мөнхбаатарт “хамт Сэлэнгэ явчихаад ирье” гэж утсаар хэлсэн чинь Н.Мөнхбаатар “тэгье” гэсэн. Тэгээд маргааш нь Нууцын жижиг суудлын автомашин /ямар машин байсан талаар санахгүй байна/-тай Н.Мөнхбаатар жолоодоод ******* бид хоёр суугаад Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг руу гарсан. Замдаа би амралтаа тэмдэглэж, мөн шараа тайлах маягаар архи уусан. Нууц ганц нэг архи уугаад явсан. Тэгээд нэг сэрсэн чинь Сэлэнгэ аймгийн төвд зочид буудалд сэрсэн. Тэгээд өглөө ******* Сэлэнгэ аймгийн төвд үлдээд “энүүгээр зохицуулах ажил байна” гээд “Мөнхбаатар бид хоёрыг түрүүлээд Цагааннуур сум руу явж бай, ачааны автомашин хэлчихсэн байгаа очиж байгаа байх үхэр авахаар болсон” гэж хэлсэн. Тэгээд Мөнхбаатар бид хоёр Нууцыг аймгийн төвд үлдээгээд автомашиныг нь аваад Цагааннуур сум руу явсан. Нууцын үхэр ачих ачааны автомашинтай нь хөдөө таарсан шиг санаад байна. Тэгээд хөдөө айлд очоод баахан үхэрнүүд ачсан. Миний хувьд хэдэн үхэр ямар зорилгоор ачаад байгаа талаар мэдэхгүй. Ямар ч байсан үхэр ачиж өгч байгаа хүмүүс нь бичиг баримт үйлдээд надаар гарын үсэг зуруулаад зураг хөрөг аваад байхаар нь би хууль ёсны л юм гэж бодсон. ******* надад хэлэхдээ “охин үхрүүд ачна, чи хараад мэдэх юм байгаа биз дээ” гэхээр нь би Нууцад “чи өөрөө араас хурдан ир” гэж хэлж байсан юм. Тэгсэн үхэр ачаад авч явахад Нууц араас ирээгүй. Мөнхбаатар бид хоёр үхэр ачиж дуусахаар нь “бид хоёр явлаа” гэж хэлээд Нууцын жижиг суудлын автомашинтай түрүүлээд Сэлэнгэ аймгийн төв рүү явсан. Би *******ыг ажлаасаа гарчихсан байсан эсэх талаар нь мэдээгүй. Миний хувьд *******ыг Сэлэнгэ аймаг ороод цалингаа аваад л буцна гэж бодож хамт явсан юм. Тэгсэн Сэлэнгэ аймгийн төвд ирээд өглөө нь буудалд босоод үхэр авахаар боллоо гэсэн. Би тухайн үхэрнүүдийг хэнээс авсан талаар мэдэхгүй ээ. Уг үйл ажиллагааг ******* л зохион байгуулсан. Нууц өөрөө хэлэх байхаа. Тухайн үхэр ачсан ачааны автомашиныг би мэдэхгүй. Танихгүй жолооч байсан. Анх Нууц надад “үхэр түр тавьчихмаар айл байна уу” гэхээр нь би өөрөө Булган аймгийн Бугат сумын хүн болохоор “нутаг руугаа л айл танина” гэж хэлэхэд ‘хол байна” гэж байсан юм. Үхэр ачих үед албаны хүмүүс нь /нягтлан гэх мэт/ хаашаа тээвэрлэх юм гэхээр нь “Булган аймгийн Бугат сум” гэж бичүүлсэн юм. Тэгээд Нууц Бугат сум руу аваачаагүй. Өөрөө үхэрнүүдээ бүгдийг нь аваад явсан. Хаашаа авч явсан талаар нь би мэдэхгүй. Уг бүртгэл дээр байгаа хүлээн авсан гэж миний гарын үсэг мөн байна. Би өөрөө зурсан. Тэр албаны хүмүүс нь миний бичиг баримтыг шалгаад гарын үсэг зуруулсан. Тэр үед айхавтар шалгадаг газар байна даа гэж бодоод ном ёсны л юм байна гэж ойлгосон. Би Нууцын гуйлтаар л хотоос Сэлэнгэ аймаг хамт явсан. Тэдгээр үхэрнүүдийг бүгдийг нь ******* авч явсан. Н.Мөнхбаатар бид хоёр нэг ч үхэр болон Нууцаас мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. Би уусан архиа ч өөрөө авсан. Зүгээр найзын хувиар л хамт явсан...” гэх мэдүүлэг[14],

15. Гэрч Н.Мөнхбаатарын 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ******* гэх хүнтэй 2015 онд ангийн найз Пүрэвцэндээр дамжуулан танилцаж байсан бөгөөд тийм ч дотно найз нөхөд биш. ******* гэх хүнийг таньж мэдэхгүй. Би 2016 оны 10 дугаар сарын 01-ний орой найз Пүрэвцэнд нь над руу залгаад “найз нь Сэлэнгэ аймаг руу явах гэсэн юм, миний найз машин бариад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 10 дугаар сарын 02-ны өдөр өглөө эрт *******, Пүрэвцэнд бид гурав Сэлэнгэ аймаг руу явсан. Тэгээд бид гурав явсаар байгаад Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд очсон бөгөөд бригадын ойролцоо хэдэн хүмүүстэй уулзсан. Тэгээд тухайн хүмүүстэй уулзаж дуусаад Сэлэнгэ аймгийн төв рүү орж буудалд бид гурав хоносон. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ******* нь Пүрэвцэнд бид хоёрт хандан “та 2 түрүүлээд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум руу очиж бай, үхэр авахаар болсон, машин очсон байгаа” гэж хэлэхээр нь би *******аас “ямар учиртай юм бэ” гэж асуухад ******* нь “ Чинбат захирлаас цалин урамшууллынхаа хөлсөнд үхэр авч байгаа юм, иймээ тиймээ асуудал байхгүй, бичиг цаас нь бүгд бүрэн” гэж ярьж байсан. Пүрэвцэнд бид хоёр түрүүлээд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум руу яваад “Гацуурт” ХХК-нд дээр очиход ажилчид нь байж байсан. Тэгээд том ачааны машинаа дагуулаад Гацуурт ХХК-ны малчин айлд очоод Гацуурт ХХК-ны төлөөлөх ажилчид, малчид өөрсдөө ачааны машинд үхэр, бяруу ачсан. Би хэдэн тооны ямар төрлийн үхэр байсныг сайн санахгүй байна. Тэгээд үхэрнүүдээ ачиж дуусаад Пүрэвцэнд бид хоёр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум руу яваад *******ыг аваад буцаад гарахад Шаамарын салдаг уулзвар дээр үхэр ачсан автомашин ирээд шууд яваад замдаа Дархан-Уул аймгаас Орхон аймаг болон Улаанбаатар хот руу салдаг уулзвараас ******* нь үхэр ачсан машиндаа суугаад Орхон аймаг руу явдаг уулзвар руу салаад явсан. Харин Пүрэвцэнд бид хоёр Улаанбаатар хот руу явсан. Ийм л асуудал болсон. Би тухайн үхэрнүүдийг хэнээс авсан талаар мэдэхгүй байна. Тухайн үхэрнүүдийн гарал үүслийн бичгийг “Гацуурт” ХХК-ны захиргаанаас очиж авсан. Би тухайн үхэрнүүдийг хаашаа тээвэрлэсэн талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг[15],

16. Гэрч Н.Отгонцогтын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2000 оны 04 дүгээр сарын 17-ний өдрөөс одоог хүртэл Алтанбулаг сумын Засаг даргын тамгын газарт тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд газрын даамал хийдэг юм. Би *******, ******* нарыг танина. Ажлын шугамаар 2016 онд танилцаж байсан. Төрөл садан, найз нөхдийн харилцаа холбоо байхгүй. Манай Алтанбулаг сумын нутагт “Гацуурт” ХХК-ний салбар “Сэлэнгэ-Алтанговь” ХХК нь газар тариалан, мал аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг юм. 2016 оны зун “Гацуурт” ХХК-ний газар тариалан мал аж ахуй хариуцсан дэд захирал *******, ******* нар надтай уулзсан. Тэгээд танай сумын нутагт эрчимжсэн мал аж ахуйн бүс байгуулах гэсэн юм. Газрын асуудлыг шийдвэрлэж өгөөч гэсэн. Анх сумын Засаг даргын тамгын газарт албан ёсны хүсэлт нь 2016 оны 07 дугаар сард ирсэн шиг санагдаж байна. Ямар ч байсан би албан бичиг шаардлага хангахгүй байна гээд буцааж байсан юм. Тэгээд сумын Засаг даргын тамгын газрын зүгээс бүс нутаг байгуулах газрыг томоор нь эзэмшүүлэх боломж байхгүй, харин өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлж болно гэсэн. Тэгээд 2016 оны 08 дугаар сарын сүүлээр *******, ******* гэж хүмүүстэй хамт тэдгээрийн эзэмших гээд байгаа газрыг нь би очиж үзэн судлаад сумын төвөөс зүүн урагшаа ойролцоогоор 50-70 км-т байх “Бөхлөө” гэх нэртэй газарт нийт 6 ширхэг тус бүр 0.78 га /7800м2/ хэмжээтэй өвөлжөө, хаваржааны зориулалтын газар эзэмшүүлэхээр болсон. Дараа нь “Сэлэнгэ-Алтанговь” ХХК-ний захирал Ч.Номин гэж хүний нэртэй гарын үсэггүй 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 26 дугаартай “Эрчимжсэн мал аж ахуйн бүс байгуулах тухай” албан бичиг ирүүлснийг авсан. Уг албан бичиг нь гарын үсэггүй байсан тул 4 хоногийн дараа 2016 оны 09 дүгээр сарны 02-ны өдөр 26 дугаартай ижил утга бүхий албан бичгийг нөхөж авсан юм. Одоо Алтанбулаг сумын нутагт “Сэлэнгэ-Алтанговь” ХХК-ний нэр дээр 20 гаруй өвөлжөө хаваржаа байдаг бөгөөд сүүлийн 2016 оноос хойш нь дээрх 6 өвөлжөө, хаваржааны газар л эзэмшдэг. Түүнээс хойш “Гацуурт” ХХК-ний хамаарал бүхий компаниудаас газар эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй. Алтанбулаг сумын Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 30-ны 89 дугаартай захирамжаар “Сэлэнгэ-Алтанговь” ХХК-д өвөлжөө, хаваржааны зориулалтын 20 жилийн хугацаатай 000316137, 000316138, 000316139, 000316140, 000316141, 000316142 дугаар бүхий гэрчилгээтэй нийт 6 газрыг эзэмшүүлэхээр МУ-ын Газрын тухай хуулийн дагуу олгосон. Сэлэнгэ-Алтанговь” ХХК-ний хүсэлт анх 2016 оны 07 дугаар сарын сүүлээр ирсэн юм. Би уг хүсэлтийн дагуу газар дээр очиж үзээд хүсэлтийг нь шаардлага хангахгүй гээд буцаасан юм. Анхны хүсэлт нь одоо хувийн хэрэгт байхгүй. Тус компаниас газар эзэмших өргөдөл 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ирсэн. Уг өргөдөлд үндэслэн захирамж, гэрчилгээ нь гарсан. Тэгээд дараа нь “Сэлэнгэ-Алтанговь” ХХК-ниас хүсэлтийг нь 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нөхөж авсан юм. Тухайн үед МУ-ын Газрын төлбөрийн тухай хуулинд газар эзэмшиж ашигласны төлбөрт 1 га газраас жилд 8000 /найман мянга/ төгрөгийг улсад тушаадаг байсан боловч хилийн зурвас газарт газар эзэмшиж ашигласны төлбөрийг чөлөөлнө гэсэн заалтын дагуу “Сэлэнгэ-Алтанговь” ХХК болон *******, ******* нараас ямар нэгэн хураамж, төлбөр, хандив тусламж аваагүй. Манай сумын нутаг дэвсгэр бүхэлдээ хилийн зурвас газартаа ордог юм. Өөрөөр хэлбэл өвөлжөө хаваржааны зориулалттай газар хөөцөлдөхөд ямар ч мөнгө орохгүй...гэх мэдүүлэг[16],

17. Гэрч Г.Мөнхзоригийн 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Анх би Мөрөн ахаас “худалдах үржил шим сайтай эрлийз үхэр байна уу, Сэлэнгэд ямар үнэ ханшаар худалддаг” талаар асууж байсан юм. Гэтэл 2016 оны сүүлээр яг хэдэнд гэдгийг нь сайн санахгүй байна би Архангай аймгийн Өлзийт сумаас Орхон аймаг ороод зах дээрээс ачааны автомашин хөлсөлж Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум орж Гацуурт ХХК-ний малын хашаан дээр очиж тэндээ хоноод маргааш өглөө нь Гацуурт ХХК-ний мал хариуцсан гэх 3 хүн ирээд надад 10 тооны үнээ 2 тооны бухан бяруу хүлээлгэн өгсөн. Тэр өдрөө би өөрийн сум руу явсан бөгөөд замдаа нэг хоноод нутагтаа ирсэн. Би өөрийн авга ах болох Мөрөн гэх хүнээс 6 үнээг нь 13.000.000 / арван гурван сая төгрөг/-өөр худалдаж авсан нөгөө 4 үнээ, 2 бухан бярууг нь Мөрөн ах намайг “ачаад аваад явчих миний үхэр байгаа юм” гэж хэлээд ачуулсан. Тухайн 4 үнээ, хоёр эрлийз бухан бяруугаа 2017 оны 01 дүгээр сард яг хэдэнд гэдгийг нь би бас санахгүй байна, намайг Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байгаад гэртээ ирэхэд Мөрөн ах өөрөө ирээд төхөөрөөд аваад явсан байсан. Худалдаж авсан 6 үнээний мөнгөний хагасыг нь 2016 оны 11 дүгээр сарын дундуур өөрийн малаас 5 тооны адуу төхөөрч Улаанбаатар хотод оруулж худалдаад түүнийхээ мөнгийг Мөрөн ахад бэлэн мөнгө өгсөн үлдсэн мөнгийг нь 2016 оны хавар ямаа самнаад өгөхөөр тохироод 2017 оны хавар ямаагаа самнаад ноолуураа худалдаад Улаанбаатар хотод орж Мөрөн ахад бэлэн мөнгө өгсөн ингээд ямар нэгэн өргүй тооцоо дууссан. Тухайн үед 12 тооны үхрүүдийг Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн Хархираан гол гэх газарт байх гэрийнхээ гадаа буулгаж байсан бөгөөд 2017 оны 01 дүгээр сард Мөрөн ах өөрийн гэх 2 бухан бяруу 4 үнээгээ намайг байхгүй хойгуур ирээд төхөөрч аваад явсан байсан. Одоо миний худалдаж авсан 6 тооны эрлийз үнээнээс 5 үнээ нь байгаа 1 үнээ нь 2019-2020 онд шилжих өвөл үхсэн. Манай суманд Мөрөн ах үхэр авчирч худалдаж байгаагүй. Би 2016 оны намар өөрөө очиж үхэр худалдаж авсан манай сумаас өөр хүн Мөрөн ахаас үхэр худалдаж аваагүй...гэх мэдүүлэг[17],

18. Гэрч Н.Бат-Ерөөлтийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2016 оны 09 дүгээр сард өдөр, хоногийг бол яг сайн санахгүй байна. Намайг Эрдэнэтийн хуучин Тэнүүн төврөгөөн буюу горьдлого дээр байхад 12 үхэр ачуулах гэж миний 99356206 дугаарын гар утас руу залгаж байсан. Утсаар үнэ ханшаа тохирон тэр залуутай Эрдэнэтээс Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сум руу хамт очсон. Замд явж байхад бол нээх юм яриагүй. Надад 75-97 ОРО улсын дугаартай “Hyundai Mighty” гээд автомашин байдаг. Би уг машиныг 2015 онд худалдан авч байсан. Тэр залуутай яваад яг хэдний өдөр байсанг мэдэхгүй байна. Цагааннуур суманд очоод зүүн урагшаа 20 км орчим дотор л байх нэг малчин айлд очсон. Тэр айл нь тэр орой нь нүүж ирж байсан. Айлдаа хоночихоод маргааш өглөө нь тэр айлын гаднаас ачсан. Уг айл нь их том, торон хашаатай, хуучин барилгын хажууд байсан. Айлд малчин нь гээд нэг эгч, өөр тэр айлыг нүүлгэж ирсэн гээд хүмүүс зөндөө байсан, яг хэн хэн байсныг мэдэхгүй байна. Тэнд байсан нэг ч хүнтэй танилцаагүй. ******* тогтооход бол манай тэр хавиар явж байгаад өөр нэг жолоочтой ярьсан юм байна лээ. Тэгээд миний дугаарыг өгөөд тэр залуу өөрөө залгаад холбогдсон. Үнэ хөлсөө 900,000 төгрөгөөр тохирсон. Миний Хаан банкны 5090516782 дугаарын дансанд хийсэн санагдаж байна. Яг тодорхой санадаггүй. Үхэрнүүдээ Архангай аймгийн Өлзийт сумаас баруун тийш жижигхэн голын дэргэд гурав билүү хоёр гэртэй айлын гадаа буулгаж өгсөн. Тэнд байсан нилээд хэдэн хүмүүс буулгалцаж өгсөн. Би гэрт нь орж цай уучихаад ганцаараа Эрдэнэт рүү явсан. Тэр залуу тэндээ үлдсэн. Залуугийн нэрийг ерөөсөө санадаггүй. Тэр залуу 26, 27 орчим настай, 1 метр 70 см орчим өндөртэй, шардуу төрхтэй, хэл ярианы хөгжил зөв, яриа хөөрөөтэй залуу байсан. Залуу өөрөө худалдаж авч малтай болж байгаа юм шиг санагдсан...” гэх мэдүүлэг[18],

19. Гэрч Б.Тулгаагийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын эхээр санагдаж байна. “Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумаас үхэр ачна” гэж надтай зараар холбогдож над руу бензиний мөнгө гэж 1 сая төгрөг миний 5025468033 дугаартай Хаан банкны дансруу шилжүүлээд “өөрсдөө түрүүлээд явж байя, Дарханд уулзая” гээд би хойноос нь өөрийнхөө 32-89 УНЕ улсын дугаартай автомашинтай Дархан-Уул аймаг дээр *******, ******* нартай уулзсан. Миний эзэмшлийн автомашин бөгөөд тухайн үед Дархан-Уул аймаг дээр цаашаа Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум руу *******, ******* /хоёроос гадна нэг залуу байсан/ нарыг дагаад явсан. Цагааннуур сумын төвийн наад талд “Гацуурт” ХХК-ны малчин гэх нэг айлд очоод дээрх гурван залуугийн хэлснээр 12 тооны үхэр машин дээрээ ачаад Булган аймаг руу явж байгаад Сэлэнгэ аймгийн Хөтөл дээр явж байхдаа нэг айлд бууж уулзаж байгаад “Энд Булган аймгийн Сайхан сумын айл байна. Энд буулгая” гэхээр нь 12 тооны үхрийг нь буулгачихаад 500,000 төгрөгийг өөрийнхөө дансаар аваад би хот руу явсан. Анх 2 сая төгрөгөөр утсаар ярьж байхдаа тохирсон бөгөөд Булган аймаг руу орж буулгаагүй болохоор сүүлд 500,000 төгрөг нэмж авч, нийт 1,500,000 төгрөгөөр явсан...” гэх мэдүүлэг[19],

20. Гэрч Н.Даваасүрэнгийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би *******, ******* гэх хүмүүсийг танина. ******* “Баяндулаан-Уул” ХХК-ний газар тариалан, мал аж ахуй хариуцсан дэд захирлаар ажилладаг байсан. Харин ******* “Сэлэнгэ-Алтанговь” ХХК-ний аж ахуйн даргаар ажилладаг байсан. Тэр утгаар нь мэднэ. Ажил төрлийн харилцаа холбоотой, төрөл садан, найз нөхдийн холбоо байхгүй. ******* нь ажлын байрандаа удаа дараа архи уусан гэж захирлын тушаалаар 2016 оны 06 дугаар сард үндсэн цалинг 2 сарын хугацаатай, 10 хувь хасах арга хэмжээ авагдаж байсан. 2016 оны 08 дугаар сард мөн ажлын байран дээрээ архи уугаад удирдлагыг очиход ажлаа орхиод явчихсан эзгүй байсан учир 2016 оны 08 дугаар сард ажлаас нь чөлөөлсөн байдаг. ******* 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажилладаггүй байсан ба 2016 оны 09 дүгээр сард ч огт ажиллаагүй. ******* нь тойрох хуудсаа зуруулж, тооцоо нийлээгүй тэр чигтээ явчихсан учир ажлаас чөлөөлсөн тушаал нь зурагдахгүй байсаар байгаад сар хүлээгээд ирэхгүй болохоор тушаал нь гарсан. Тэгээд *******ыг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж, ажилласан хоногийн амралтын мөнгийг нь олгосон байдаг. Тухайн ажилтанд тооцоо нийлж, тойрох хуудсаа зуруулсны дараа тушаал нь гарах ёстой байдаг боловч ******* нь өөрөө тойрох хуудсаа зуруулаагүй учир сар хүлээгдэж тушаал нь гарсан. 2016 оны 09 дүгээр сард гэж санаж байна. Ерөнхий захирал Л.Чинбат “Сайхантолгой” салбараар төв офисс дээр ирэхдээ “******* бид нар ярилцаад Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд 24 толгой үхэр хандивлахаар болсон” гэж ярьж байсан. Манай копманий зүгээс сум орон нутагт ер нь хандив тусламж үзүүлдэг юм. Тэрнийхээ хүрээнд л удирдлагууд шийдэрлэж байна гэж бодсон. Анх 20 толгой үнээ хандивлах талаар ярьж байсан бөгөөд тухайн үхэр нь тугалтай байх юм уу тугалгүй байх юм уу? гэж ярилцаж байгаад тугалгүй 20 тооны үнээ дээр нь 4 толгой Ангус бухан бяруу нэмж өгье гэдэг шийдвэрийг Л.Чинбат захирал гаргасан. Алтанбулаг сумаас хандив тусламж нэхсэн албан бичиг хүний нөөцөд ирүүлээгүй. Л.Чинбат ерөнхий захирал хэлэхдээ “Алтанбулаг суманд хандив өгөх шаардлагтай байна” гэж ******* захирлын хэлсний дагуу шийдвэрлэсэн асуудал гэж байсан. Манай байгууллагын зүгээс бол зөвшөөрлийг нь ерөнхий захирал олгодог боловч амаар өгдөггүй. Заавал бичиг баримт үйлдэж, санхүү дээр очиж тайлан тооцоондоо тусгадаг юм...” гэх мэдүүлэг[20],

21. Гэрч П.Оюунгэрэлийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би анх “Гацуурт” ХХК-ний “Баяндулаан-Уул” ХХК-нд 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр салбарын даргын туслахаар ажилд орж байсан. Өөрөөр хэлбэл Сайхантолгой салбар дээр буюу Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт ажилладаг байсан. Тэрнээс хойш 2016 оны 12 дугаар сараас одоог хүртэл “Гацуурт” ХХК-ний захирлын туслахын ажлыг хийж байна. Би *******, ******* гэх хүмүүсийг танина. ******* “Баяндулаан-Уул” ХХК-ний газар тариалан, мал аж ахуй хариуцсан дэд захирлаар ажилладаг байсан. Харин ******* “Сэлэнгэ-Алтанговь” ХХК-ний аж ахуйн даргаар ажилладаг байсан. Тэр утгаар нь мэднэ. Ажил төрлийн харилцаа холбоотой байсан. Төрөл садан, найз нөхдийн холбоо байхгүй. Би тэр үед буюу 2016 онд “Гацуурт” ХХК-ний Сайхантолгой салбарт даргын туслах хийдэг байсан. Ер нь өглөө бүр Мал аж ахуйн мэргэжилтэн, удирдлагууд хуралддаг байсан. Л.Чинбат, *******, Л.Батбаатар дарга нар бол хуралд байнга суудаг бөгөөд хурал дээр Л.Чинбат захирал Алтанбулаг суманд хандив өгөхөөр болсон гээд намайг “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд бухан бяруу 4 толгой, үнээ /тугалгүй/ 20 толгой мал хандиваар өгөхийг зөвшөөрөв” гэсэн албан бичиг хийгээд оруулж ирж гэсэн юм. Уг албан бичгийг захирлын хэлсэн дагуу “Мал аж ахуйн дарга Л.Батбаатарт” гэж хийгээд захирлаар гарын үсэг зуруулан Л.Батбаатар даргад тэр дор нь өгсөн. Тэр үед ******* дарга, Л.Батбаатар дарга нар бүгд л байсан. Тухайн 185 дугаартай албан бичиг нь тэр өдрөө гарсан бөгөөд албан бичгийн огноог гараараа тавьдаггүй компьютерт бичиж гаргадаг байсан. Албан бичиг бичсэн он, сар, өдрийг өмнө болон дараа өдрөөр бичдэггүй учир тухайн 185 дугаартай албан бичиг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гарсан гэсэн үг юм...” гэх мэдүүлэг[21],

22. Иргэний хариуцагч *******ын 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2016 оны 06, 07 дугаар сарын үед ерөнхий захирал Л.Чинбат ******* бид гурав Алтанбулаг сумын нутагт хөдөө малын өвөлжөөний газар үзээд явж байхад Л.Чинбат ерөнхий захирал заагаад “энэ газрын хөөцөлдөөд аваарай, мал өвөлжүүлнэ, энэ бол компаний хувьд чухал асуудал шүү, энийг ажил хэрэг болгоод бүтээгээрэй, холбогдох гарах зардал болон цалин урамшуулал өгнө” гэж хэлж байсан юм. Би энэ ажлыг ерөнхий захирлаас өгч буй үүрэг даалгавар гэж ойлгосон. Тэгээд би энэ ажлыг бүтээвэл миний ажлын нэр хүнд бүтээмж өсөөд цалин урамшуулал авах юм байна гэж ойлгож байсан. Тэгээд өвөлжөө авах ажлыг бүтээсэн гэж надад урамшуулал болгож, 12 тооны үхэр өгч байна гэж ойлгосон. Ажлын урамшуулалд үхэр болон бусад зүйл өгнө гэж ярьж байгаагүй. Ямар ч байсан урамшуулал өгнө л гэж ойлгосон. Над руу ******* утсаар яриад “ирж үхэр ав” гэж хэлсэн. Үхэр авах үедээ бол Л.Чинбат захиралтай уулзаагүй, утсаар яриагүй ээ. Би тухайн 12 тооны үхрийг надад өгч байгаа урамшуулал гэж ойлгож байсан учраас өөртөө зарцуулсан. Би тухайн үхрийг цалин урамшуулал гэж үзсэн учраас өөртөө авсан. Уг мөнгийг Л.Чинбат захирал надаас нэхэхгүй байх гэж ойлгож байна. Би уг мөнгийг төлөхгүй...” гэх мэдүүлэг[22],

23. 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ний үнэлгээний тайлан хэсэгт: Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын ахлах дэслэгч Э.Хашбатын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолыг үндэслэн “Ангус” үүлдрийн 2 бухыг зах зээлийн жишиг үнийн хандлагаар үнэлсэн болно. Зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ тодорхойлох зорилгоор үнэлэгдсэн бодит үнэ цэнийг: 4 тооны Ангус бяруу 14,526,668-00 / Арван дөрвөн сая таван зуун хорин зургаан мянга зургаан зуун жаран найм /-н төгрөг, 20 тооны монгол үхэр 23,680,000-00 / Хорин гурван сая зургаан зуун наян мянга /-н төгрөг. Нийт 24 толгой үхэр 38,206,668-00 бичгээр / Гучин найман сая хоёр зуун зургаан мянга зургаан зуун жаран найм/ -н төгрөг гэж тооцлоо...” гэх дүгнэлт[23],

24. Шүүгдэгч *******гийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би урд нь 24 тооны үхэрний талаар гэрчийн мэдүүлгээр хангалттай өгсөн. Нэмж хэлэх зүйл байхгүй. Миний хувьд 2016 оны 09 дүгээр сар, 10 дугаар сард нийт 2 удаагийн үйлдлээр 24 тооны үхэр авч завшсан асуудал байхгүй. Сүүлд 2016 оны 10 дугаар сард ******* өөрөө найз нөхөдтэйгөө, автомашин хөлслөөд ирж 12 тооны үхрээ өөрөө авч явсан байсан. ******* 12 тооны үхрийг хаана юунд зарцуулсан талаар би мэдэхгүй. Миний хувьд өөрийн дүү Мөнхзоригийг дуудаж 2016 оны 09 дүгээр сард 12 тооны үхрийг ачуулж өгч явуулсан. Уг үхэрний мөнгө болох 13 орчим сая төгрөгийг би өөртөө хэрэглэсэн. Мөн албан тушаалын байдлаа ашиглаж гэдгийг нь бас хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тухайн мал аж ахуй хэсгийг Л.Батбаатар гэж хүн хариуцдаг байсан. Би тэр үед Сайхан толгой салбарын даргаар ажиллаж байсан. Мал аж ахуйн дарга Л.Батбаатар нь Сайхан толгой салбартаа харъяалагдана. Би тухайн салбарыг ерөнхийд нь хариуцан ажилладаг байсан. Би *******ыг ирээд “12 тооны үхэр ав” гээд хэлчихсэн юм бол байхгүй. Анхнаасаа Л.Чинбат ерөнхий захирал ******* бид гурав уулзаад өвөлжөөний газруудаа үзээд тухайн газрыг заавал ав, түүнд нь гарсан зардлыг гаргана гэж байсан юм. Тэгээд өвөлжөөний газрын гэрчилгээ гарчихсны дараа ******* над руу утсаар ярихаар нь мал аж ахуйн дарга Л.Батбаатар гуайд хэлээд ав гэж би хэлсэн юм. Тэр үед ******* ажлаасаа гарчихсан байсан...” гэх дүгнэлт[24],

25.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[25], 26.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[26], 27.Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[27], 28.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[28], 29.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[29], 30.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[30], 31. Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[31], зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн онцлог нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь өөрөө хүсч эд зүйлс, өмч хөрөнгөө гэмт этгээдэд сайн дураараа шилжүүлсэнд байдаг. Энэ нь цаашид хохирогч болох этгээд өөрөө хүсч, дамжуулан өгүүлэх гэх мэтээр гэмт этгээдийн эзэмшилд сайн дураар итгэмжлэн шилжүүлснээр илэрхийлэгдэнэ. Энэхүү гэмт хэргийн бүрдэл нь хохирогчийн итгэмжлэн өгсөн эд хөрөнгө юмсыг завшснаар төгсөнө.

Шүүгдэгч *******гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон ******* нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс хохирол, төлбөрт 38,206,668 /гучин найман сая хоёр зуун зургаан мянга зургаан зуун жаран найман/ төгрөг нэхэмжилсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд талууд хохирол төлбөр төлөх завсарлага авсан бөгөөд шүүгдэгч *******гөөс 19,103,334 төгрөгийг нөхөн төлснийг дурьдан, иргэний хариуцагч *******аас 19,130,334 төгрөгийг гаргуулан хохирогч *******т олгох нь зүйтэй гэж үзэв.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирогчийн өмгөөлөгч нарын өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээний хөлс 150,000,000 /нэг зуун тавин сая/ төгрөгөөр талууд харилцан тохиролцон гэрээ байгуулж, урьдчилгаанд 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримт ирүүлсэн байх бөгөөд үлдэгдэл 50,000,000 төгрөг, нийт 150,000,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн байна.

Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ нь иргэд, хуулийн этгээд хоорондын сайн дурын үндсэн дээр хийгддэг иргэний эрх зүйн хэлцэл юм. Сайн дурын үндсэн дээр хийгддэг тул гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцохгүй. Үйлчлүүлэгчийн хувьд эрх зүйн туслалцаа авах эрхээ эдэлж байгаа асуудал бөгөөд үйлчлүүлэгчийн чөлөөт сонголт юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд энэхүү хэрэгт хохирогчоор тогтоогдсон *******ын өмгөөлөгч нарын хөлс хамаарахгүй. Учир нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт: “хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал” эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахаар хуульчилсан.

Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг баталсан ба тус журмын 2.6.6-д “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр тооцно” гэж заажээ.

Иймд дээрх хууль болон түүнд нийцүүлэн гаргасан Засгийн газрын журамд заагдсанаар хохирогчийн өмгөөлөгч нарын өмгөөллийн үйлчилгээний хөлс хамаарахгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” болон түүний хувийн байдал зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******д торгох шийтгэл оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг *******д анхааруулан шийдвэрлэсэн.

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Пунцагийн Мөрөнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 10,000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 10,000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг *******д анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******гөөс 19,103,334 төгрөгийг нөхөн төлснийг дурьдан, иргэний хариуцагч *******аас 19,130,334 төгрөгийг гаргуулан хохирогч *******т олгосугай.

6. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн

 

давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ц.АМАРГЭРЭЛ