Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 175/ШЦТ2020/178

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ,

 улсын яллагч В.Батдэлгэр,

 хохирогч *******,

 шүүгдэгч *******,

 шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0801/ нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* овогт Г*******ын Г*******д холбогдох эрүүгийн 2031001910149 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******* овогт Г*******ын Г*******, Монгол улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Говь-Алтай аймаг “Есөнбулаг” суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектор мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын захирагчийн ажлын албаны дэд бүтцийн хөгжил, газрын харилцааны хэлтсийн архитектор ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг, ** тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, РД:/*******/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 7 дугаар баг “Номин” зочид буудлын хажуу талын асфальтан зам дээр ******* УНИ улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д Жолоочид дараах зүйлийг а.Тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.5-д Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ. а.Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, г.Тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдох бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга, хэмжээ авах гэсэн заалтуудыг тус тус зөрчсний улмаас зам тээврийн осол гарган явган зорчигч *******ийг мөргөж, эрүүл мэндэд нь “хүндэвтэр” хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 7 дугаар баг, “Номин” зочид буудлын хажуу талын асфальтан зам дээр ******* УНИ улсын дугаартай, “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д Жолоочид дараах зүйлийг а.Тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй. ...эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн. ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.5-д Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ. a) Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, г)Тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг,утасны дугаарыг тэмдэглэж аваад Цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдох бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга, хэмжээ авах гэсэн заалтуудыг тус тус зөрчсний улмаас зам тээврийн осол гарган явган зорчигч *******ийг мөргөж, эрүүл мэндэд нь “Хүндэвтэр” хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч ******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Гантулгын өгсөн: “...Тухайн өдөр архи уусан байсан. Тэгээд би найзыгаа гэрт нь хүргэж өгнө гээд машин бариад явсан. Тухайн үед надтай хамт байсан найзууд маань хориглосон боловч би найзыгаа хүргэж өгөхгүй бол болохгүй гээд машин жолоодсон. 2013 онд жолоодох эрхээ хасуулсан, түүнээс хойш жолоо барихаа больсон. Осол гаргасны дараа хохирогч Д*******тэй цуг хот руу явж, эмнэлэгт үзүүлэн, хоёр, гурав хоног сахисан. Хохирогчид эмчилгээний зардалд 8 сая төгрөг нөхөн төлсөн. Би маш их харамсаж байна. Үнэхээр их гэмшиж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг[1],

2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******ийн өгсөн: “...Миний банкнаас авсан зээлийн 3 сарын төлбөрийг Г******* цаг хугацаанд нь төлж барагдуулсан. Өөрөө цаашид надад тусална гэсэн. Тухайн өдөр би цуг архи уусан, намайг хүргэж өгөхөөр явсан, би хориглосон боловч үгэнд ороогүй. Алтанбулагаас машин жолоодоод явахдаа их хурдтай явж байсан бөгөөд би найзын хувьд сануулж хэлсэн...” гэх мэдүүлэг[2]

3. Хохирогч ******* 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед би 2020 оны 06 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө 00 цагаас 01 цагийн орчимд “Номин” буудлын урд талын замын цагаан хашлага боржур дээр зогсож байхад маш хурц гэрэлтэй цагаан өнгийн машин хурдтай давхиж ирээд намайг мөргөсөн. Надад ямар нэгэн самбаачлан зугтаах боломж олдоогүй. Түүнээс хойш юу болсныг санахгүй байж байгаад эмнэлэгт ухаан орсон...” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч А.Б 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би буудлаас гарч ирээд “өрөө өгөхгүй юм байна” гэж хэлэхийн хооронд машин ирээд Дамчааг мөргөсөн. Бараг 4-5 метр орчим шидүүлсэн ба тухайн тээврийн хэрэгсэл зогсчихоод Дамчааг тойроод “12”-н хүнсний дэлгүүр лүү зүүн эргээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч Б.Б 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хэрэг явдал болох үед тухайн тээврийн хэрэгслийг ******* жолоодож байсан. ******* Алтанбулаг сумаас жолоодоод гарах үеийг санаж байна. Цаашаа архинаас болоод юу ч санахгүй байна. Ухаан орох үед Алтанбулаг сум руу явж байсан ба миний зорчиж явсан ******* УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын шил нь хагарсан. Г******* машинаа жолоодоод явж байсан. Би сэрээд “хөөе зогс яагаад шил чинь хагарсан юм” гэхэд Г******* “хүн мөргөчих шиг боллоо” гэж хэлээд машинаа унтраахад машин нь дахиж асаагүй...” гэх мэдүүлэг[5],

6. Гэрч Ж.Мэргэнбаатар 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* нь ажил гэр хоорондоо машинаараа ихэвчлэн явдаг. ******* ур чадварын хувьд сайн жолооддог. 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр машинд цуг сууж явахад машин нь бүрэн бүтэн байсныг би мэднэ...” гэх мэдүүлэг[6],

7. Гэрч П.С 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр ******* нь бусдад тусч нийтэч зантай ийм зүйлийг болгоомжгүйн улмаас үйлдсэн гэж бодож байна. Манай гэр бүл хохирогч *******ийн эмчилгээний зардлыг төлж байгаа, цаашид гарч болох хохирол, нэхэмжлэлийг барагдуулах болно...” гэх мэдүүлэг[7],

8. Гэрч Б.Отгонсэлэнгэ 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр ******* нь 2020 оны 06 дугаар сарын 04-ний өглөө Алтанбулаг суманд ажил хийж байсан ба орой нь Замын Үүд рүү явах гэж байсан. 22 цагийн үед утсаар ярихад энд буудалд хоночихоод өглөө явлаа гэж хэлсэн. Тэгээд 05-ны 09 цагт ******* над руу утсаар залгаж машинд дайруулчихлаа, хот явах хэрэгтэй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[8],

9. Гэрч Г.Н 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Уг тээврийн хэрэгсэл надад ямар ч хамаагүй, миний дүү Г.Гантулгын эзэмшлийнх болохоор надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг[9],

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 6899 дугаартай дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...1.*******ийн биед баруун шаант тахилзуур ясны далд хугарал, баруун гуя өвдөг шилбэнд цус хуралт, зүүн чихний дэлбээнд шарх, дээд уруул, баруун хацар, хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт[10],

11. Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 46 дугаартай дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...Цусанд-2,3 промилли спирт илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт[11],

12. Сэлэнгэ аймгийн “Цахир гүн” ХХК-ний “Мөнгөн хүлэг” авто сургуулийн ЗХД жолоодлогын дадлагын багш С.Оюундэлгэрийн гаргасан дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль: 3.1.6 “Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ. Иймд: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутагт “Номин” буудлын урд төв зам дээр 2020 оны 06 дугаар сарын 04-08-нд шилжих шөнө ******* нь ******* УНИ улсын дугаартай, тээврийн хэрэгсэл жолоодож яваад улмаар *******ийг мөргөж, хэргийн газраас зугтаасан нь зам тээврийн осол мөн гэж үзэв. 2. Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Гурав Жолоочийн үүрэг: 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/Тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, г. Тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог, нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга, хэмжээ авах гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна...” гэх дүгнэлт[12],

13. Хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1000533 дугаартай дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...Г.Нийн эзэмшлийн ******* УНИ улсын дугаартай 2009 онд үйлдвэрлэгдсэн 2014 онд Монгол улсад орж ирсэн “Prius 20” маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж, 2020-07-06-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 6,000,000-н төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт[13],

14. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[14], 15.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[15], 16.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[16], 17.Яаралтай тусламжийн хуудас[17], 18.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл[18], 19.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[19], 20.Захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[20] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Гантулгын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон ******* нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс хохирол, төлбөрт нийт 8,048,670 төгрөг нэхэмжилснээс 5,865,800 төгрөг төлж үлдэгдэл 2,182,870 төгрөг нэхэмжилжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн зүгээс гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол, эмчилгээний зардал, банкны зээлийн төлбөрт нийт 8 сая төгрөгийг нөхөн төлсөн болохыг хохирогч өөрөө хүлээн зөвшөөрсөнд үндэслэн энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******д 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг түүнд анхааруулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг тэнссэн үеэс эхлэн тоолно.

Мөн шүүгдэгч Г.Гантулгын 569452 дугаартай, жолоодох эрхийн “B” ангилалийн жолоочийн үнэмлэхийг хураан авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан бүртгэл, мэдээллийн төвд хүргүүлж, энэхүү хэрэгт битүүмжлэгдсэн ******* улсын дугаартай, “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч Г*******ын Нд буцаан олговол зохино.

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэсэн.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт Г*******ын Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******д 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг түүнд анхааруулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг тэнссэн үеэс эхлэн тоолсугай.

6.Шүүгдэгч Г.Гантулгын 569452 дугаартай, жолоодох эрхийн “B” ангилалийн жолоочийн үнэмлэхийг хураан авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан бүртгэл, мэдээллийн төвд хүргүүлсүгэй.

7.Энэхүү хэрэгт битүүмжлэгдсэн ******* улсын дугаартай, “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч Г*******ын Нд буцаан олгосугай.

8.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ц.АМАРГЭРЭЛ