Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 175/ШЦТ2020/153

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван,

 улсын яллагч В.Батдэлгэр,

 шүүгдэгч С.С нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Х овогт Сийн Ст холбогдох эрүүгийн 2031001840132 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт Сийн С, Монгол улсын иргэн, 1971 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн “С” суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн “С” сумын * дугаар баг, Салхит 4 дүгээр хэсэг, гудамж, *** тоотод оршин суух хаягтай, урьд

2002 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, мөн хуулийн 98  дугаар зүйлийн 98.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт тус тус зааснаар 03 жил хорих ял шийтгүүлж, 2003 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хугацааны өмнө тэнссэн суллагдсан,

2006 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн шүүхийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 23 жилийн хорих ял шийтгүүлж, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хугацааны өмнө тэнссэн суллагдсан, /РД:**********/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч С.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн “С” сумын 3 дугаар баг, Салхит 4 дүгээр хэсэг, гудамж, 166а тоотод болох өөрийн гэртээ шалтгаангүйгээр, иргэн Б.Гийг хайчаар хатгаж, толгойн хуйх, зүүн мөр, цээжинд шарх, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд хэсэг, зүүн хацарт зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн “С” сумын 3 дугаар баг, Салхит 4 дүгээр хэсэг, гудамж, 166а тоотод болох өөрийн гэртээ шалтгаангүйгээр, иргэн Б.Гийн хайчаар хатгаж, толгойн хуйх, зүүн мөр, цээжинд шарх, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд хэсэг, зүүн хацарт зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч С.С гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

            1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Сын өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн эмчилгээний зардалд 150,000 төгрөг нөхөн төлсөн...” гэх мэдүүлэг[1],

2. Хохирогч Б.Гийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би С.Стай юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Нэг мэдсэн чинь С.С миний дал, цээж, толгой хэсэгт үзүүртэй зүйлээр тус бүр нэг удаа хатгахад өвдөлт мэдрэгдэж би ухаан орсон. Би өвдөөд хатгагдсан хэсгээс гарах цус, шархыг С.С спирттэй хөвөнгөөр ариутгаж байхад нь “чи юугаар хатгачихсан бэ?” гэхэд С.С “хайчаар хатгасан, чи түрүүлж цохисон шүү” гэж хэлсэн....” гэх мэдүүлэг[2],

3. Гэрч Б.Дгийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2020 оны 06 дугаар сарын 02+-ны өдрийн орой 23 цагийн үед нар руу нэг танихгүй дугаар залгаад “танай нөхөр чинь Монголжингийн гадаа байна. Толгой, тархинаас нь цус гарсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Монголжин зоогийн газрын гадаа очиход байхгүй байсан бөгөөд гэр рүүгээ явж байхад замд таарсан. Тэгээд нөхрөө харсан чинь цус алдсан, хувцас нь цус болсон, толгой, цээж зэргээс нь цус гарсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандан эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт ирсэн...” гэх мэдүүлэг[3],

4. Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 171 дүгээр дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1. Б.Гийн биед толгойн хуйх, зүүн мөр, цээжинд шарх, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд хэсэг, зүүн хацарт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[4],

5. Яллагдагч С.Сын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Бид хоёр юунаас маргалдсан гэдгийг мэдэхгүй. Бие биедээ хүндлээгүйгээс болсон байх гэж бодож байна. Б.Г босож ирээд нүүр рүү цохиход миний хамраас цус гарсан юм. Тэгэхээр нь би баруун гараараа толгой дээр нь дарж байгаад зүүн гараараа ширээн дээр байсан хайч /урьд өдөр нь машины мантааж хайчилж байсан/ шүүрч аваад Б.Гийн дал тохой хэсэгт нь хатгасан юм. Энэ үед Б.Г надаас хайчийг булааж авах гээд надтай ноцолдож байхдаа цээжиндээ хатгуулсан юм. ...” гэх мэдүүлэг[5],

6. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[6], 7.Химийн шинжилгээний хариу[7], 8.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[8], 9. Мөрдөгчийн тэмдэглэл[9], 10. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[10], 11.Шүүгдэгчийн урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбарууд[11],  12. Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[12], 13. Хохирол төлбөр төлсөн тухай баталгаа[13], 14.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол[14], 15.Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн прокурорын санал[15] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч С.Сын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.Г хавтаст хэргийн материалтай танилцахдаа эмчилгээний зардлаа бүрэн авсан, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, санал хүсэлт байхгүй гэсэн тайлбар гаргасанд үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч С.Ст эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ст торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.С нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Сийн Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ст 450 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сын цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг С.Ст анхааруулсугай.

5. Шүүгдэгч С.С нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн төмөр хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн тамгын газрын “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 16-17 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 18-19 дүгээр тал

[4] Хавтаст хэргийн 28-29 дүгээр тал

[5] Хавтаст хэргийн 41-42 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 4-8 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 32 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 39 дүгээр тал

[9] Хавтаст хэргийн 52-53 дугаар тал

[10] Хавтаст хэргийн 59 дүгээр тал

[11] Хавтаст хэргийн 61-87 дугаар тал

[12] Хавтаст хэргийн 88-89 дүгээр тал

[13] Хавтаст хэргийн 91 дүгээр тал

[14] Хавтаст хэргийн 93 дугаар тал

[15] Хавтаст хэргийн 95 дугаар тал