Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/75

 

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

          Нарийн бичгийн дарга Г.Ишээ, 

          Улсын яллагч: Д.Алимаа,

          Шүүгдэгч П.Э-ын өмгөөлөгч Д.Ариунжаргал,

          Шүүгдэгч Г.Н-гийн өмгөөлөгч Г.Гандөш,

          Шүүгдэгч П.Э-, Г.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А- овгийн П-ийн Э-, И- овгийн Г-ын Н- нарт холбогдох эрүүгийн 2027000000062 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                                   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

          Монгол Улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, А- овгийн П-ийн Э- /РД:___/.

 

          Монгол Улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар баг ___ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, И- овгийн Г-ын Н- /РД:___/.

 

        Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

          Шүүгдэгч П.Э-, Г.Н- нар нь бүлэглэн Г.Н-гийн эзэмшлийн Мустанг 5 маркийн мотоциклийг ашиглан 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар баг ___ гэх газар оршин суух хохирогч У.М-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж хохирогч У.М-ийн моторыг авч хохирогч У.М-д 452,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд дурдснаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

          Шүүгдэгч Д.Э- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би энэ гэмт хэрэгт оролцсон үнэн. Тэр том моторыг ганцаараа авч чадахааргүй байсан. Гэр дотор унтаж байснаа санаж байгаа юм. Мотор авч гарснаа санахгүй байгаа...” гэв.

 

          Шүүгдэгч Г.Н- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэрт ороогүй, гадаа нь зогсож байсан...” гэв.

 

          Хохирогч У.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манайх Өвөрхангай аймгийн Хужирт сумын Мойлтын эх гэх газар отроор явсан. Тэгээд 2020 оны 05 дугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд өөрийн гэр болох тус сумын 3 дугаар баг ___ гэх газар байх гэрээ эргэж чадаагүй тэгээд 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 18 цагийн орчим гэртээ очиж шалгахад цоожийг нь эвдлээд хулгайч орж мотор алдагдсан байсан. Тэгээд бид хэд 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр цагдаагийн байгууллагад хандсан. Манай эхнэр 2019 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотоос 500,000 төгрөгөөр авч гэртээ авч ирж байсан. Урд хэсэгтээ Кубань 3850 гэсэн тоотой мотор байсан. Манай моторны урд нүүр хэсэгт байх нэг разетканы тагыг нь хугалсан, хар өнгөтэй өөр гэмтэл байхгүй мотор байсан. Би мотороо 500,000 төгрөгөөр үнэлнэ. Манай гэрээс мотороос өөр зүйл алдагдаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 23-27 дугаар хуудас/,

 

          Гэрч Н.Б-ийн өгсөн: “...Би 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 18 цагийн орчим Хужирт сумын 3 дугаар баг ___ гэх газарт байх гэрээсээ эд зүйл авахаар очтол манай гэрийн хаалга цоожтой байсан. Тэгээд би түлхүүрээ хийгээд онгойлгох гэтэл гацаад онгойхгүй байхаар нь оролдсоор байгаад онгойлгоод орсон. Би гэртээ орох болгондоо гэрт байгаа мотороо хардаг байсан. Тухайн үед ороход мотор байхгүй байхаар нь өөрийн нөхөр М-ийн эгч рүү залгатал эгч хэрвээ юм алга болсон бол цагдаад хэл гэсэн. Би 2019 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотын Нарантуул захаас 500,000 төгрөгөөр авч байсан. Хар өнгийн мотор байсан. Содон шинж тэмдэгний тухай манай нөхөр мэдэж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 31 дүгээр хуудас/,

 

          Гэрч А.Ц-ын өгсөн: “...Би 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байж байтал манайд Нэргүй гээд хүн орж ирсэн. Нэргүй гэх хүн нь өмнө нь манай дэлгүүрийн худалдагчаас 105,000 төгрөгийн эд зүйлс зээлж аваад мөнгөө өгөхгүй жил гаран болж байсан юм. Гэрт орж ирээд энэ моторыг аваад өрөө суутгаад зөрүүг нь надад өгөөч би хотод ажил хийж байгаад ирлээ. Тус газар 500,000 төгрөгийн цалингийн оронд надад өгсөн юм гэсэн. Тус мотороо намайг 300,000 төгрөгөөр бодоод авчих гэж хэлсэн. Тухайн үед би хариуд нь хэрэггүй манай нөхөр байхгүй байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 32 дугаар хуудас/,

 

          Гэрч Д.Х-гийн өгсөн: “...Би 2020 оны 06 дугаар сарын 02-ны өглөө 08 цагийн үед Хужирт сумын 2 дугаар багийн нутагт байх Цагаан залаа гэх зуслан руу яваад өдөр 13 цагийн орчим гэртээ ирсэн. Гэтэл манай хашаанд хар өнгийн мотор байсан. Эхнэр Цэрэннадмидаас энэ юун мотор юм гэхэд Нэргүй гэдэг хүн авч ирсэн. Манай дэлгүүрт өртэй байсан. Тэрнийхээ өрөнд өгнө гээд аваад ирсэн. Би наад хонхойсон юмаар чинь яахав дээ гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 33 дугаар хуудас/,

 

          Гэрч Б.Г-ын өгсөн: “...Г.Н- нь миний 3 дахь хүүхэд байгаа юм. Хужирт сумын Ерөнхий боловсролын сургуульд суралцаад Улаанбаатар хотод Халх журам дээд сургуульд 3 жил сурч байсан. Тэндээ эхнэр авч байсан. 2 хүүхэдтэй болоод эхнэрээсээ салсан. Түүнээс хойш Хужирт сумандаа эхнэр аваад одоо 2-3 жил болж байна. Зүрх муутай, их түргэн ууртай хүүхэд байгаа юм. Сүүлийн үед архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэж байна...” гэсэн мэдүүлэг /хх 30 дугаар хуудас/,

 

          Гэрч С.Ц-ын өгсөн: “...Г.Н-д 2018 онд авсан Мустанг-5 маркийн улаан өнгөтэй мотоцикл байдаг. Хэрэгт холбогдоод цагдаад хураалгасан байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 36 дугаар хуудас/,

 

          Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ӨХЦ20-24 дугаартай: “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийг хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 06 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 452,000 /дөрвөн зуун тавин хоёр мянган/ төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн дүгнэлт /хх 38-40 дүгээр хуудас/,

 

          Өвөрхангай аймгийн Хужирт сумын 6 дугаар багийн засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 41 дугаартай тодорхойлолт /хх 63 дугаар хуудас/,

        

          Өвөрхангай аймгийн Хужирт сумын 6 дугаар багийн засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 99 дугаартай тодорхойлолт /хх 71 дүгээр хуудас/,

        

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65, 73 дугаар хуудас/ зэрэг болно.

 

          Шүүгдэгч П.Э-, Г.Н- нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар баг ___ гэх газар оршин суух хохирогч У.М-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж хохирогч У.М-ийн моторыг авч хохирогч У.М-д 452,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч У.М-ийн өгсөн мэдүүлэг /хх 23-27/, гэрч Н.Б-, А.Ц-, Д.Х-, Б.Г-а, С.Ц- нарын өгсөн мэдүүлэг /хх  30, 31, 32, 33, 36/, Вендо ХХК-ий 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ӨХЦ20-24 дугаартай  Хөрөнгийн үнэлгээ  /хх 38-40/ зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг  яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлэлээ.

          Талуудаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

 

          Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

          Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч П.Э-, Г.Н- нарын үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ. 

 

          Иймд шүүгдэгч П.Э-, Г.Н- нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч П.Э-, Г.Н- нарыг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

          Шүүгдэгч П.Э-, Г.Н- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

 

          Шүүгдэгч Э-, Н- нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,

          Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан, тэдэнд шүүх ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй.

          Харин шүүгдэгч нарыг бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

          Шүүгдэгч П.Э-, Г.Н- нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

          Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан И.Н-гийн эзэмшлийн улаан хүрэн өнгөтэй, улсын дугааргүй Мустанг-5 маркын мотоциклийг улсын орлого болгож,

          шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Э-, Г.Н- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж,

          шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

          давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Э-, Г.Н- нар авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А- овгийн П-ийн Э-, И- овгийн Г-ын Н- нарыг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-, Г.Н- нарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-, Г.Н- нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Г.Н-гийн эзэмшлийн улаан хүрэн өнгөтэй, улсын дугааргүй Мустанг-5 маркын мотоциклийг улсын орлого болгосугай.

 

5. Шүүгдэгч П.Э-, Г.Н- нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Э-, Г.Н- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Э-, Г.Н- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЭНХ-АМГАЛАН