| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2021/0002/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/03 |
| Огноо | 2021-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/03
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга П.Нямзаяа,
улсын яллагч Ш.Батсүх,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г овогт Д-н У-т холбогдох эрүүгийн 2017002010004 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 22-нд Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ХК-д үйлчлэгч ажилтай, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт Г аймгийн Ш сумын дүгээр баг, дугаар байрны тоотод оршин суух албан ёсны хаягтай, одоо Г аймгийн Ш сум, дугаар баг, угаар байрны дүгээр орцны ........... тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Г овогт Д-н У /РД:................/,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч ******* нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, 21 дүгээр зөрлөгийн орчим Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай засмал дээр замын хөдөлгөөнд оролцож байсан 46-89 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүхээг дотор 2020 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө 02 цагийн орчим иргэн Ч.Б-тай хувийн таарамжгүй харьцааны маргалдаж улмаар түүний үснээс зулгаах, гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч ******* нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, 21 дүгээр зөрлөгийн орчим Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай засмал дээр замын хөдөлгөөнд оролцож байсан 46-89 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүхээг дотор 2020 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө 02 цагийн орчим хохирогч Ч.Б-тай хувийн таарамжгүй харьцааны маргалдаж улмаар түүний үснээс зулгаах, гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхэд хандаж мэдүүлэг өгөхгүй гэв.
1.2. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
Би Шивээговь сумаас 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр найзууд болох Н, Б, Ө, нөхөр О нарын хамт таксины жолооч болох Л ахыг хөлсөлж аймгийн төвийн Сет бааранд болох Мотив хамтлагийн тоглолтыг үзэхээр явсан. Л ахаар Сетийн гадаа буулгуулаад ороод ширээ аваад суусан. Бид хэд уух юм 1 шил 0.75 литрийн Соёрхол архи 6 ширхэг лаазтай пиво, 6 ширхэг кола ундаа, 1 ширхэг ус, 1 ширхэг чипс, 1 шоколад нийт 117 000 төгрөгийн идэж уух юм аваад суусан. Бааранд сууж байхад тооцоогоо хий гэхээр нь би нөгөө хэдээс мөнгө авалгүй өөрийнхөө картнаас тооцоо хийсэн. Тооцоогоо хийгээд Н, Ө 2-с тус бүр 30 000 төгрөг, нийт 60000 төгрөг авсан. Ч.Б-гаас мөнгө авъя гэхэд таксигаар явахдаа мөнгөө өгье гэсэн. Сет баар хаахаас өмнө 02 цаг 10 минутын алдад машинаа дуудсан. Баар 02.30 цагт хаасан. Баарнаас гараад ирсэн машиндаа сууцгаасан. Ч.Б машинд сууж өгөхгүй өчнөөн юм болж байж машинд суулгасан. Би жолоочийн хажуугийн суудалд, миний ар талд Н, хажуу талд Ө, тэгээд Б, жолоочийн ар талд нөхөр О суусан. Бид хэд хонхор уруудаж Дашваанжил дээр очиж зогсоод газ хийхээр болж жолооч бид нараас хөлсөө нэхсэн. Нэг хүний 10 000 төгрөг, нийт 50000 төгрөг нэхсэн. Би Ч.Б-гаас мөнгө гэж нэхсэн чинь өгөхгүй муу сайн гуйлгачингууд гэж бид нарыг элдвээр хараагаад өгөх шинжгүй байхаар нь би жолооч руу өөрийнхөө 5993... гэсэн данснаас 50 000 төгрөг шилжүүлсэн. Ч.Б мөнгөө өгөхгүй гээд Нийн зүснээс нь зулгаагаад тэр хоёр арын суудалд зодолдоод байсан. О.Н надад хандаад У эгчээ энэ хүнээ аваач гэсэн. Тэгэхээр нь би чи одоо болиоч гэж Б-д хэлсэн. Гэтэл муу сайн гуйлгачингууд гэж хэлээд миний үснээс зулгаасан. Б-г үснээс зулгаахаар эргэж хараад Б-гийн үснээс зулгааж өөрийнхөө үсийг тавиулах гэж 2-3 удаа цохисон. Яг хаана цохисныг хэлж мэдэхгүй байна. Тэр үед Б.Ө та нар чинь болиоч гэж хажуунаас хэлж байгаа сонсогдсон. Тэгээд хэсэгхэн зуур болоод өнгөрсөн. Шивээговь сум орж хамгийн түрүүнд Ч.Б-г байрных нь гадаа буулгаж өгөөд бид нар их орой болчихсон байсан болохоор манайд очиж хоносон. Тэр үед 04 цаг өнгөрч байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
1.3. Хохирогч Ч.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би Шивээговь сумын 1 дүгээр баг, 7-р байранд хувийн жижиг дэлгүүр ажиллуулдаг юм. 2020 оны 11 дүгээр сарны 06-ны өдөр таньдаг хүмүүс болох У, Н, Ө нар Чойрт Мотив хамтлагийн тоглолт Сэт бааранд болно гэж байна, хэдүүлээ явж үзье гэж хэлсэн. Би эхлээд явахгүй гэж байсан боловч гуйгаад байхаар нь явж нэг тоглолт үзчихээд ирье гэж бодоод явсан. Тэгээд бид нар орой 21 цагийн орчим Чойр луу таксины Л ахаар Чойр луу хүргүүлсэн. Тэгээд бааранд ороод тоглолт үзээд сууж байсан У-ийн 2 найз нь бас ирсэн. Тэгээд бид нар бааранд У, нөхөр О-тай, У-ийн эрэгтэй, эмэгтэй 2 найз, Н, Ө гээд долуулаа сууцгаасан. У захиалга өгөөд 1 шил архи 10 лааз пиво захиалж авчирсан. Тэгээд ууж байхад Н нэмж 1 шил архи авчирч байгаа харагдсан. Би архи уудаггүй учраас 4 лааз пиво уусан. Тэд нар нэмээд 1-2 шил архи авсан. Би Ут таксины 15000 төгрөг дээр тооцоондоо нэмээрэй гээд 20 000 төгрөг нэмж өгсөн. Тэгээд тооцоо хийхээр болсон чинь У намайг мөнгө нэмж өг гэхээр нь би архи уугаагүй байж яагаад мөнгө нэмж өгдөг юм бэ, би уусан пивоныхоо тооцоог хийсэн. Та нар өөрсдөө тооцоогоо хий гэж хэлчихээд гараад явчихсан. Тэгээд баарны үүдэнд гараад зогсож байсан чинь тэр хэд гарч ирээд У нөхөртэйгөө, Н, Ө бид хэд таксины Л ахад суугаад явсан. Тэгээд замд явж байсан чинь Н намайг чи ер нь яах гэж явсан юм, ууж идсэн архи дарсныхаа тооцоог хийхгүй гэхээр нь би чи харин юу ч төлөөгүй байж юу гээд байгаа юм бэ, би харин ч чамайг бодвол ууж идсэн юмныхаа мөнгө төгрөгийг төлсөн шүү гэсэн чинь Н тийм би төлөөгүй, би чинь ядуу гуйлгачин юм чинь юугаа төлөхөв дээ чи харин баян хүн байж ганц шил архины тооцоо хийчихгүй гээд маргалдсан. Тухайн үед У машины урд талын суудалд суугаад урд суудлын хойд талд Н суугаад би хажууд нь суугаад миний хажууд талд Ө суугаад жолоочийн ард талд У-ийн нөхөр О сууж явсан. Тэгсэн чинь Н надтай хэрэлдэж байгаад намайг үсдээд авахаар нь би үсээ салгах гээд угзарч байгаад үсээ салгаад авсан. Тэгсэн чинь У нь намайг үстээд доошоо дарчихсан. Тэгээд дээрээс цохиод байсан. Яг хэн нь зодож цохисон талаар надад мэдэх зүйл байхгүй. Тэгээд би урдаас нь ялгаа байхгүй цохилцож зодолдож байж 22-р зөрлөгийн орчим ирээд үсээ салгаж авсан. Тэгээд Шивээговь суманд ирээд би хамгийн түрүүнд гэртээ буусан. Тэгээд гэрт ороод харсан чинь миний нүүрэн дээр 3-4 удаа маажчихсан, зүүн нүдэнд хөх туяа суучихсан, хүзүү орчим бас улайгаад зарим газар нь урагдчихсан байсан.
...Би гомдолтой байна. Өөрийн эмчилгээнд зарцуулагдах мөнгийг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
1.4. Гэрч О.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2020 оны 11 дүгээр сарын 06-ны орой Шивээговь сумаас Мотив хамтлагийн тоглолт үзэхээр О, У, Ө, Б нарын хамт Чойр луу явсан. Тэгээд бид нарыг эндээс явахаас өмнө Б 2 лааз пиво уучихсан гээд ирээд машинд суугаад явсан. Тэгээд бааранд очоод 1 шил 0.75 литрийн Соёрхол нэртэй архи, 6 сав ундаа, 6 сав ус авсан. Бид нарыг Шивээгээс хөдлөх үед О ах халамцуу суусан юм. Чойр ороод л О ах согтоод Л ахын машинтай явсан. Тэгээд бид нар тоглолтоо үзэж сууж байгаад 02 цагийн орчим Л ахыг дуудаад машиндаа суугаад хөдлөх гэсэн чинь Б гадуур яваад олдохгүй байсан чинь Л ах уурлаад байхаар нь би олж ирж машинд суулгаад хөдөлсөн. Тэгээд бензин аваад зогсох гэсэн чинь та нар шиг гуйлгачингуудад мөнгө өгөхгүй гээд агсраад эхэлсэн. Тэгээд тэнд маргалдаж байгаад У эгч өөрөөсөө мөнгө гаргаад бензин хийсэн. Тэгээд замдаа хөдлөөд явж байсан чинь Б машины хойд талын суудалд дээр О ахын өвөр дээр суучихсан явж байснаа чи чам шиг гуйлгачин, архичин хүний хүүхэд гээд намайг үсдээд авахаар нь би У эгчийг энийг ав л даа намайг үстчихлээ гэсэн чинь У эгч болиоч та нар аятайхан явж чадахгүй гэсэн чинь У эгчийг араас нь үстээд авсан. Тэгээд У эгч гарыг нь тавиулах гээд гар луу нь 2 удаа цохисон. Тэгээд замдаа дахиж маргалдаж муудалцахгүй явсаар байгаад Шивээговь суманд ирсэн. Замдаа Б л намайг буулга гээд орилоод байсан. Тэгээд 7-р байрны урд талд ирж зогсоод Б-г буулгахад намайг цаашаа бай би буугаадхая гээд үсээ хойшлуулахад нүүрэнд нь ямар нэгэн ил харагдах шарх сорив байгаагүй. Тэгээд Бг буулгачихаад О ахын гэрт очиж унтсан. Тэгсэн чинь Б маргааш нь У та 2 намайг ийм болгосон гээд элдэв янзын үгтэй мессеж бичээд эхэлсэн. Уг нь бид нарын дунд тийм айхтар нэг нэгэндээ гэмтэл учруулаад байхаар зодоон болоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
1.5. Гэрч Т.Л мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Намайг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Чойрт явж байсан чинь У утсаар яриад орой Чойр яваад өгөөч тоглолт үзчихээд буцаад ирнэ, орой 20 цагийн үед яваад 23 цаг гэхэд ирэх байх гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд орой 20 цаг 30 минутын орчим Шивээговь сумаас У-ийг нөхөр О-тай, Б, Н, Ө нарыг аваад Чойр луу явсан. Тэгээд тэд нарыг Чойрт Сет баарны гадна талд буулгаж өгчихөөд би найз Б-н гэр лүү явсан. Тэгээд найзындаа байж байсан чинь шөнийн 02 цагийн орчим Шивээ рүү буцъя гээд залгахаар нь би буулгасан газраа яваад очсон. Намайг очсон чинь тоглолт дуусаад хүмүүс нь гарч ирж байсан. Тэгээд нөгөө хэд дээр ирээд машинд суусан Б нь алга болчихсон байсан. Тэгээд нэг хоёр нь явж Б-г олж ирсэн. Тэгээд машинд суухад У урд талд миний хажууд суусан. Хойд талын суудал дээр У-ийн ард Ө суугаад хажууд нь Н, Н-ийн хажууд Б суугаад миний ард талд захад нь О суусан. Тэгээд л тэд нар хөдлөөд тооцоо хийсэн мөнгө дээрээсээ болж маргалдаж эхэлсэн. Тэгээд газан түгээгүүр дээр очсон чинь У мөнгөө өгчих гэсэн чинь Б би яахаараа өгдөг юм бэ та нар муу сайн гуйлгачид надад өртэй биз дээ гээд агсраад байсан. Тэгээд сүүлд У мөнгө гаргаж тооцоо хийсэн. Тэгээд хөдлөөд явж байсан чинь Н, Б нар хоорондоо маргалдаад хэрэлдээд байсан. Тэгж байтал гэнэт У эгчээ энийг авалдаа үснээс зулгаагаад байна ш дээ гэж хэлсэн. Тэгээд У эргэж хараад тэд нар хоорондоо маргалдаж муудалцаад яваад байсан. Яг хэн хэнийгээ зодсон талаар надад харсан зүйл байхгүй. Би тухайн үед машинаа жолоодоод явж байсан. Намайг замдаа зогс гээд байхаар нь чигээрээ давхисаар байгаад Шивээговь суманд ирсэн. Тэгээд хамгийн эхэнд 7-р байрны урд талд Б-г буулгасан. Тэгээд чигээрээ яваад 13-р байрны хойд талд У, О, Н нарыг буулгасан. Тэгээд гэртээ ороход цаг шөнийн 02 цаг 30 минут болж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
1.6. Гэрч Б.Ө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би Шивээговь сумаас 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр найз болох *******, О.Н, Ч.Б, М.О нарын хамт таксины жолооч болох Л ахыг хөлсөлж аймгийн төвийн Сет бааранд Мотив хамтлагийн тоглолтыг үзэхээр явсан. Л ахаар Сетийн гадаа буулгуулаад ороод ширээ аваад суусан. Бид хэд 1 шил 0.75 литрийн архи, 6 лааз пиво, ундаа чипс аваад суусан. Тэгээд ууж байгаад тасарчихсан. Хальт санаж байгаагаар Б пиво барьчихсан бүжгийн талбай дээр байсан. Бид хэдтэй бол нийлэхгүй байх шиг байсан. Тэгээд тасраад унтчихсан. Нэг мэдсэн Б эгч Нийг үстчихсэн намайг Ө тавиулаач гээд орилоод байсан. Тэгэхэд би сэрсэн. Тэгээд би үсийг нь тавиулсан. Тэгсэн чинь Б, У эгч 2 хэрэлдэж эхэлсэн. Тэгсэн Б, У эгчийг янхан гуйлгачид гээд хойноос нь үстээд авсан чинь У эргэж хараад тавиачээ гээд үсээ тавиулах гээд ноцолдож байгаад өөрөө үсээ тавиулчихсан. Тэгээд бид хэд дахиж муудаагүй. Тэгээд гайгүй болсон болохоор буцаад унтсан. Нэг сэрсэн чинь Шивээд ирчихсэн М.О ахын гадаа зогсож байсан. Бид тэндээ хамт амарсан. Тэгээд маргааш өглөө нь гэртээ очсон... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
1.7. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би Дашваанжил газ ХХК 23-р салбар буюу Шивээговь сум руу явдаг төв зам дагуу байрлах колонк дээр ээлжийн ажилтай байсан. 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 08 цагт гараад 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 08 цагт буусан. ...Сайн харж чадаагүй. Тооцоо хийх гээд 10-20 минут зогссон. Баахан карт гаргаж ирээд хэрэлдээд орлилдоод байсан. Ямар ч байсан урд талд нь эмэгтэй хүн суучихсан байсан. Дотор нь хэдэн согтуу хүүхнүүд хэрэлдээд байсан. Тэгж байгаад жолооч Л ах картаар тооцоогоо хийсэн. Тэгээд шууд шивээ рүү хөдөлсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
1.8. Гэрч М.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Шивээговь сумаас такси хөлсөлж Сет бааранд болох Мотивын тоглолт үзэхээр эхнэр У, найз Н, жонгоо буюу Б, Ө нарын хамт Чойрт ирсэн. Би таксинд суухдаа архи уучихсан суусан юм. Мотивын тоглолт үзэж байхдаа бид нар архи пиво уусан. Таксины жолооч Л ах машинаа бариад манай эхнэр У жолоочийн хажууд сууж би арын суудалд жолоочийн ард суусан. Миний хажуу талд Ө, Н, Б нар суусан. Би нилээн согтоод тасарчихсан тул машинд оронгуутаа унтчихсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй. Нэг мэдэхэд гэртээ ирчихсэн байсан ба өглөө нь Жонгоо буюу Б орж ирээд пиво уух гэхээр би У, Б 2-т найз нөхөд байж яагаад муудалцсан юм бэ гэж хэлээд Б-г гэрээсээ хөөж гаргасан. У-ийн ярьж байгаагаар Б-тай таксины мөнгөнөөс болж муудалцсан гэж ярьж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
1.9. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 352 дугаартай дүгнэлтэд:
- Ч.Б-гийн биед духанд зулгаралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн эгэмний доод хэсэгт зулгаралт, баруун бугалганд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
- Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
1.10. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 353 дугаартай дүгнэлтэд:
- О.Нийн биед гэмтэл тогтоогдсонгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
1.11. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 354 дугаартай дүгнэлтэд:
- *******-ийн биед зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалданд нөлөөлөхгүй.
- Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 41 дүгээр хуудас/,
1.12. Шинжээч Б.Сэргэлэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Магадлуулагч Ч.Б-гийн биед үзлэг хийхэд духанд зулгаралт зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн эгэмний доод хэсэгт зулгаралт, баруун бугалганд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон байна. Эдгээр гэмтлүүдээс духанд зулгаралт, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн эгэмний доод хэсэгт зулгаралт, баруун бугалганд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/ зэрэг болно.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч *******-ийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч *******, хохирогч Ч.Б нар нь архи согтууруулах ундааны зүйлийг зохистой хэрэглээгүйгээс үүдэн гарсан байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч *******-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Гэрч Н.Хүдэрхуяг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би У гэрч болон ах О-ын хамт хамт амьдардаг байсан. Саяхнаас тусдаа гарсан. Эгч маань төлөв томоотой, янз бүрийн буруу ааш араншин байхгүй. Гэр бүлдээ хайр халамжтай хүн л дээ. Хүн зодсон гэхээр нь гайхаад байна. Ийм асуудал гаргаж байсан удаа байхгүй. Архи дарс ууж байхыг нь миний хувьд мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,
2.2. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар хуудас/,
2.3. Хохирогч Ч.Б-гийн Говьсүмбэр аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 72 дугаар хуудас/,
2.4. Шүүгдэгч *******-ийн Говьсүмбэр аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 74 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Иймд шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Д-н У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ