Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 267

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг 12 дугаар хороо 4 дүгээр байр 13 тоотод оршин суух, Монгол овогт Бадрахын Билгүүн /РД:УШ90042914/

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг Их сургуулийн гудамж 8 дугаар хороо 12 дугаар байр 2А тоотод оршин суух, Боржигон овогт Энхжаргалын Энхтүвшин /РД:УШ93022831/ нарын  нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо 19 дүгээр хороолол 45 дугаар байр 18 тоотод оршин суух, Харчин овогт Цаянжамцын Одонгэрэл /РД:ХГ66061966/-д холбогдох,

 

7 250 133 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч П.Сугарням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Билгүүн, Э.Энхтүвшин нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Билгүүн, Э.Энхтүвшин бид Х.Бадамцэцэгийн хамтаар “Айр боок” ХХК-ийн “Z24” гэх онгоцоор тасалбар борлуулдаг байгууллагатай харилцан тохиролцож тухайн байгууллагын 30 секундын 1 ширхэг зар сурталчилгаа, тус тусдаа 10 секундын 2 ширхэг зар сурталчилгаанд жүжиглэн тоглохоор, мөн хамт 4-5 ширхэг фото зураг авахуулахаар ажлын хөлсөнд хүн тус бүрийн 3 909 500 төгрөг авахаар харилцан тохиролцож дээрх зар сурталчилгаа, зураг авалтанд 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд ажилласан. Бид хоёр Лэбенан улсын Бэрүт гэх хотод 2015 оны 10 дугаар сард зохион явагдах Олон улсын загвар өмчсөгчдийн уралдаант тэмцээнд оролцох байсан. Дээрх тэмцээнд Лэбенан улсын Бэрүт гэх хот руу зорчих онгоцны тасалбарын мөнгийг “Z24” онгоцны тасалбар борлуулдаг байгууллагатай харилцан тохиролцож 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр “Турк эйрлайнс” ХХК-ийн төлөөлөгчийн газрын нэхэмжлэлийн дагуу 11 728 500 төгрөгийг “Турк эйрлайнс” ХХК-ийн төлөөлөгчийн газрын Голомт банкны 2010001987 тоот данс руу 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн.  Гэтэл Лэбенан улсын Бэрүт гэх хотод зохиогдох Олон улсын загвар өмсөгчдийн уралдаант тэмцээнд бид хоёр оролцохооргүй болсон тул “Турк эйрлайнс” ХХК-ийн төлөөлөгчийн газраас Б.Билгүүн, Э.Энхтүвшин бид тус бүрийн ажлын хөлс болох 3 909 500 төгрөгийг авахаар болсон. Гэтэл “Шинэд” ХХК-ийн захирал Ц.Одонгэрэл гэх хүн нь “Турк эйрлайнс” ХХК-ийн төлөөлөгчийн газарт бид хоёрыг тэмцээнд явуулах гэж байсан зуучлагч хэмээн тайлбарлаж тус байгууллагаас онгоцны тасалбарын буцаалт хийж хасагдсан нийт 10 875 200 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гарын үсэг зуран буцаан авсан байдаг. Дээрх 10 875 200 төгрөгөөс Х.Бадамцэцэг нь өөрт ногдох хувийг Ц.Одонгэрэл гэх хүнтэй тохиролцсон гэсэн бөгөөд Б.Билгүүн, Э.Энхтүвшин бид ажлын хөлс болох 7 250 133 төгрөгийг Ц.Одонгэрэлээс одоог хүртэл авч чадахгүй байгаа тул мөнгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Одонгэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 19 дүгээр хороолол 45-18 тоотод оршин суух Ц.Одонгэрэл нь Монголын Үндэсний Дизайнеруудын Холбооны Ерөнхийлөгчийн ажлыг 2010 оноос хойш гүйцэтгэж байгаа бөгөөд энэ хугацаанд Монголд болон Гадаад орнуудад зохион байгуулагдаж буй Загварын маш олон арга хэмжээнд оролцох, шүүгчээр ажиллах, бие даан зохион байгуулах зэргээр Монголын загварын үйлдвэрлэлд өөрийн хувь нэмрийг оруулсаар ирсэн. Энэ болгонд гарах зардлыг зарим яам, бизнесийн байгууллагаас санхүүжүүлж олон улсын арга хэмжээнүүдэд амжилттай оролцсон Монгол улсын нэрийг өндөрт өргөж эх орноо сурталчилсаар ирсэн. Дээрхийн нэгэн адил Лебанон улсын Бэйрүт хотод зохиогдсон “Топ модел интернэшнл-2015” тэмцээнд Монголоос шүүгчээр уригдан, 2 эмэгтэй, 2 эрэгтэй загвар өмсөгчтэй баг бүрэлдэхүүнээр Топ модель Х.Бадамгэрэл, мисс Б.Батцэцэг болон модель Б.Билгүүн, Э.Энхтүвшин нар явах болсон юм. Уг тэмцээний нөхцөл нь олон улсын жишгээр аливаа тэмцээнд оролцогч нь өөрсдөө бүх зардлаа гаргадаг мөн оролцооны төлбөр ч төлдөг бөгөөд оролцох моделууд уг нөхцлийг мэддэг тул зөвшөөрч бүртгүүлэн хүн тус бүр зохион байгуулагчтай шууд гэрээ хийсэн болно. Гэвч санхүүжилт олж оролцогчдод туслах зорилгоор олон албан газарт хүсэлт илгээн биечлэн уулзалтууд хийснээр “Айрбүүк” ХХК Бэйрут явах нийт 5 хүний замын зардлын санхүүжилтийг видео болон фото зургийн сурталчилгааг харилцан тохиролцсоны  дагуу сурталчилгааны ажил хийгдсэн. Ингээд 5 хүний замын зардлын санхүүжилт Туркиш айрлайнс –д билетийн захиалгын нэхэмжлэхийн дагуу төлбөр бүрэн хийгдсэн боловч Бэйрутаас терроризмын үйл ажиллагаанаас болж арга хэмжээг 12 сарын 14-20 болгохоор хойшлуулсан мэдэгдэл ирсэн. Гэтэл уг хугацаа нь Гоёл наадамтай давхцсан тул 2 эмэгтэй модель оролцох боломжгүй болж харин дараагийн арга хэмжээ болох Дубайн загварын шоунд оролцохоо илэрхийлсэн. Б.Билгүүн, Э.Энхтүвшин нар өөрсдийн саналаар явахгүй болсноо мэдэгдсэний үндсэн дээр тэдэнд Дубайд орох санал тавьсан боловч уг моделууд бас л татгалзсан юм. Ингээд Монголын талаас оролцохгүй болсон тухай албан бичгийг Бэйрутын зохион байгуулагч талд илгээж Монголын баг Бэйрутын арга хэмжээг цуцалсан юм. Монголын үндэсний дизайнеруудын холбооноос дээрх мэдээллийг спонсор байгууллагад мэдээлж зардлын санхүүжилтийг Дубай руу шилжүүлэн зарцуулах болсон тухай мэдэгдэж уулзалт хийхэд захирал Заяат “Бид нэгэнт  тохиролцсон ажлаа хийлгэсэн тул сэтгэл ханамж өндөр байна. Зардлаа хэрхэн зарцуулахыг та бүхэн шийдэх эрхтэй” гэснээр бид Туркиш айрлайнс –д Айрбүүк ХХК-иас шилжээд байсан мөнгөнөөс билет цуцалж буцаасны төлбөрийг суутгуулан 10 875 200 төгрөгийг бэлнээр авсан болно. Энэ мөнгөнөөс бид Дубайн 2 удаагийн арга хэмжээний замын зардлыг санхүүжүүлсэн болно. Тиймээс нэхэмжлэгчдийн нэхэмжилж байгаа тус бүр 7 250 133 төгрөг үндэслэлгүй тул төлөхөөс татгалзаж байна. Энэ дүн ямар ч үндэслэлгүй болно. Учир нь: Айрбүүк ХХК-тай анхнаасаа 5 хүний замын зардлыг санхүүжүүлэх билетний мөнгийг шууд Туркиш айрланс руу шилжүүлэхээр тохиролцож хамтарч ажилласан тул 5 хүний билетийн үнэ 2 345 700 төгрөг нийт 11 728 500 төгрөгийг Туркиш айрлайнс руу шууд шилжүүлсэн байдаг. Айрбүүк ХХК-ийн сурталчилгаанд топ модел Х.Бадамгэрэл, мисс Ану болон Б.Билгүүн, Э.Энхтүвшин нар оролцсон боловч зардлын санхүүжилт нь Моделуудын ажлын хөлс биш тул  нэг ч моделтой ямар нэгэн тооцоо хийгдээгүй болно. Нэхэмжлэгч Б.Билгүүн, Э.Энхтүвшин нар нь тодорхой шалтгааны улмаас Бэйрутын болон дараагийн Дубайн 2 арга хэмжээнд өөрсдөө оролцохоос татгалзсан бөгөөд уг зардлыг Монголын үндэсний дизайнеруудын холбоо нь өөр моделийн гадаад арга хэмжээний зардалд зарцуулах бүрэн эрхтэй тул дараа дараагийн арга хэмжээний зардлын санхүүжилт болох учиртай тул нэхэмжлэгчдэд олгогдох үндэслэлгүй болно. Б.Билгүүн, Э.Энхтүвшин нарын мэдүүлж байгаа шиг тухайн зардлаас сурталчилгаанд оролцсон аль ч моделд ямар нэгэн төлбөр тохирч нэг ч төгрөгийг олгоогүй болохыг мэдэгдэж байна. Уг сурталчилгаанд 4 модел оролцсон, эдгээр моделууд нь санхүүжилт өгч байгаа ямар ч компанийн сурталчилгаанд үнэ төлбөргүй оролцох үүрэгтэй гэдгийг багаар уулзсан уулзалтанд би биечлэн хэлсэн моделууд ч зөвшөөрч, маш тодорхой ойлгосон байсан. Иймд санхүүжилтийн 11 728 500 төгрөг нь сурталчилааны төлбөр огт биш гэдгийг батлан хэлэх байна. Үүнийг “Айрбүүк” ХХК-ийн захирал Заяат, модел Х.Бадамгэрэл, Батцэцэг болон миний бие батлана. Б.Билгүүн, Э.Энхтүвшин нарын мэдүүлж байгаа шиг моделийн сурталчилгаанд тоглосны хөлс гэх 3 909 500 төгрөгийн “үнийн дүнг ямар үндэслэлтэй дүн болохыг мэдэхгүй мөн энэ талаар Айрбүүк компанитай огт тохироогүй болно. Хэрэв Б.Билгүүн, Э. Энхтүвшин нар нь уг компанитай өөрсдөө ингэж тохирсон тусдаа тохироо байгаа бол энэ бидэнд огт хамаагүй асуудал юм. Б.Билгүүн, Э.Энхтүвшин нар нь яагаад ийм нэхэмжлэл гаргасан шалтгааныг би бодохдоо: Моделууд холбооноос спонсорт хандсан албан бичгийг ашиглан бусад спонсорт хандан сурталчилгаанд орж мөнгө олсон байх магадлалтай, нийлж хоолны газар, паб ажиллуулан үүнд нь мөнгөний хэрэгцээ гарсан тул аль ч тэмцээнд явалгүйгээр холбооноос мөнгө нэхэмжлэн авах бололцоотой гэж тооцсон. Угаасаа энэ төрлийн гадаад арга хэмжээний зардал нь ямар зэрэглэлийн загвар өмсөгч байхаас үл шалтгаалан моделууд нь спонсорын сурталчилгаанд үнэгүй ордог тогтсон зарчимтай, ингэснээр баг хамт олон зардлаа босгоход оролцдог уламжлалтай. Монголын үндэсний дизайнеруудын холбоо болон Ц.Одонгэрэл нь гадаад болон дотоод арга хэмжээний ихэнх санхүүжилтийг өөрөө олдог бөгөөд ямар ч тохиолдолд Холбоонд болон хувьдаа нэг ч төгрөгийн ашиг сонирхолгүй ажилласаар өдийг хүрсэн. Харин ч Ц.Одонгэрэл миний бие өөрийн хувийн компаниас аливаа арга хэмжээний дутуу байгаа санүүжилтийг нөхөн хийж өнгөрсөн 5 жилийн хугацаанд нийтдээ 30 гаруй сая төгрөгийг Загварт зарцуулсан байдаг. Төр засгаас бидний зардлыг санхүүжүүлэх боломжгүй байдаг тул ивээн тэтгэх байгууллага олох, аргагүй тохиолдолд миний бие өөрийн компаниас зардал санхүүжүүлэхэд хүрдэг. Гадаад арга хэмжээний зардал нь замын зардлаас гадна тухайн оронд байрлах буудал хоол унаа болон бусад зардлууд байдаг. Аливаа арга хэмжээнд Ц.Одонгэрэл миний болон Монголын үндэсний дизайнеруудын холбооны нэр биш Монгол улсын нэр, тухайн Моделийн нэр гарч явдаг гэдгийг хэлэх нь зүйтэй. Мөн гадаадын олон оронд Монгол улсаа  сурталчилах, загварын үйлдвэрлэл хөгжүүлэхэд нэмэр болох гэсэн миний зүтгэл, үнэнч сэтгэл, шударга занг загварынхан төдийгүй засаг төр маань ойлгон үнэлж салбарын тэргүүнээр шагнаж, Гадаад харилцааны яам болон Соёлын яамнаас Талархал, батламжуудаар урамшуулсан байдаг. Эцэст нь хэлэхэд Б.Билгүүн, Э.Энхтүвшин нар шиг увайгүй хувиа хичээсэн ёс зүйгүй хүмүүст энэ мэтчилэн шударга бус үйлдэлд нь боломж олгохгүй байх, Б.Билгүүн, Э.Энхтүвшин нарыг өөгшүүлэлгүй асуудлыг хувь хүмүүсийн маргаан гэдгээр биш бүхэл бүтэн загварын салбарын явж ирсэн хөгжил, бодит байдал, үр дүн талаас нь харж ажил хийх гэж зүтгэж байгаа хүмүүсийн зүтгэл сэтгэлийг мохоолгүй шударга шийдвэр гаргана гэж итгэж байна гэжээ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Б.Билгүүн, Э.Энхтүвшин нар нь хариуцагч Ц.Одонгэрэлд холбогдуулан 7 250 133 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

         Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шүүх хангаж шийдвэрлээ.

          Нэхэмжлэгч Б.Билгүүн, Э.Энхтүвшин нар “Айр бүүк” ХХК-ийн 30 секундын 1 ширхэг зар сурталчилгаа, 10 секундын 2 ширхэг зар сурталчилгаа, 4-5 ширхэг фото зураг авахуулах ажлын хөлсөндөө Лебанон улсын Бэйрут хот руу зорчих замын зардал 11 728 000 төгрөгийг “Айр бүүк” ХХК-иас Б.Билгүүн, Э.Энхтүвшин, Х.Бадамгэрэл нар нь гаргуулсан, Ану нь өөрийн ажлаа хөлсөө бэлнээр авсан, бид Лебанон улсын Бэйрут хот руу зорчихоо больсон тул билетийн буцаалтын мөнгөө авах гэтэл Ц.Одонгэрэл “Турк эйрлайнс” ХХК-ийн төлөөлөгчийн газарт бид хоёрыг тэмцээнд явуулах гэж байсан зуучлагч хэмээн тайлбарлаж онгоцны тасалбарын буцаалт нийт 10 875 200 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гарын үсэг зуран авсан. Дээрх зар сурталчилгаанд тоглосон ажлын хөлс 10 875 200 төгрөгөөс Х.Бадамгэрэл нь өөрт ногдох хувийг Ц.Одонгэрэлтэй тохиролцсон гэх тул Б.Билгүүн, Э.Энхтүвшин бид  нарын ажлын хөлс 7 250 133 төгрөгийг Ц.Одонгэрэлээс гаргуулж өгнө үү гэж тайлбарлаж байна.

           Хариуцагч Ц.Одонгэрэл “Айрбүүк” ХХК-ийн сурталчилгаанд топ модел Х.Бадамгэрэл, мисс Ану болон Б.Билгүүн, Э.Энхтүвшин нар оролцсон, ажлын хөлс буюу санхүүжилт нь Моделуудын ажлын хөлс биш тул  нэг ч моделтой ямар нэгэн тооцоо хийгдээгүй, зар сурталчилгаанд тоглосон төлбөр нь Монголын үндэсний дизайнеруудын холбооны моделийн гадаад арга хэмжээний зардалд зарцуулах зардал болно. Нэхэмжлэгч Б.Билгүүн, Э.Энхтүвшин нар нь өөрсдөө Лебанон улсын Бэйрут болон  Дубайн 2 арга хэмжээнд өөрсдөө оролцохоос татгалзсан тул Монголын үндэсний дизайнеруудын холбоо нь өөр моделийн гадаад арга хэмжээний зардалд дээрх төсөвийг зарцуулах бүрэн эрхтэй, мөн 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 06-ны дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу “Айрбүүк” ХХК-иас дээрх төлбөрийг  Монголын үндэсний дизайнеруудын холбоонд олгосон тул нэхэмжлэгч нарт олгогдох үндэслэлгүй гэж маргаж байна.

 

           Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Билгүүн, Э.Энхтүвшин нар ажлын хөлсөө шаардах эрхтэй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

         

           Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар доор дурьдсан нөхцөл байдлууд тогтоогдож байна.

 

          Нэхэмжлэгч Б.Билгүүн, Э.Энхтүвшин нар нь “Айр бүүк” ХХК-ийн 30 секундын 1 ширхэг зар сурталчилгаа, 10 секундын 2 ширхэг зар сурталчилгаа, 4-5 ширхэг фото зураг авахуулах ажил гүйцэтгэсэн талаар, мөн хариуцагч онгоцны билетийн буцаалтанд 10 875 200 төгрөг авсан талаар зохигчид маргаагүй байна.

    

          Хариуцагч Ц.Одонгэрэл  нь 2015 оны 15/27 дугаар албан бичгээр “Айр бүүк” ХХК-тай хамтран ажиллах тухай хүсэлтийн дагуу “Айр бүүк” ХХК-тай Монголын үндэсний дизайнеруудын холбоо 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 06 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан тул зар сурталчилгаанд тоглуулсан ажлын хөлсийг Монголын үндэсний дизайнеруудын холбоо авч зарцуулсан гэх хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар няцаагдаж байна.

 

          Өөрөөр хэлбэл  2015 оны 15/27 дугаар албан бичигт  Монголын үндэсний дизайнеруудын холбооны буюу нэг талын хүсэл зориг илэрхийлэгдсэн албан бичиг байх ба “Айр бүүк” ХХК-иас Монголын үндэсний дизайнеруудын холбоотой хамтран ажиллах талаар илэрхийлсэн хэлцэл болоод баримт хэрэгт авагдаагүй мөн 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 06 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-нд “Айр бүүк” ХХК гарын үсэг зураагүй, талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгууллагдаагүй байх тул Монголын үндэсний дизайнеруудын холбоог “Айр бүүк” ХХК-ийн зар сурталчилгааны ажлыг гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй байна. /хх-44,45,46/

         Хариуцагч өөрийн татгалзлын үндэслэлээ нотлохоор Х. Бадамгэрэлээс гэрчийн мэдүүлэг авахуулсан нотлох баримт нь бусад баримттайгаа уялдахгүй байх тул гэрчийн мэдүүлгийг хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримтын хэмжээнд үнэлэх, дүгнэлт өгөх боломжгүй гэж шүүх үзлээ.

         Иймд хариуцагч Ц.Одонгэрэл нь үндэслэлгүйгээр нэхэмжлэгч нарын зар сурталчилгаанд тоглосон ажлын хөлсийг өөртөө олж авсан байх тул ажлын хөлс 10 875 000 төгрөгөөс /11 728 500 – 853 300 суутгасан шимтгэл/ Х.Бадамгэрэлийн ажлын хөлсийг хасаад үлдэх 7 250 000 төгрөгийг нэхэмжлэгч нарт олгож, үлдэх 133 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 133 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ц.Одонгэрэлээс  7 250 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Билгүүнд 3 625 000 төгрөг, нэхэмжлэгч Э.Энхтүвшинд 3 625 000 төгрөгийг тус тус олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  130 950  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                   ШҮҮГЧ                                 Ц.ОЮУНБИЛЭГ