| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2021/0003/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/04 |
| Огноо | 2021-01-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/04
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга П.Нямзаяа,
улсын яллагч Ш.Батсүх,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт О-н О-д холбогдох эрүүгийн 2117000000003 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 31-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Г аймгийн С сумын дүгээр баг Т гэх газар оршин суух албан ёсны хаягтай, одоо тус сумын дугаар баг, Б-н ............ тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт О-н О /РД:............./,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулагийн 7-713 тоотод байх гэртээ 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэн Ч.О-той хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний хэвлийн тус газар хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулагийн 7-713 тоотод байх гэртээ 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Ч.О-той хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний хэвлийн тус газар хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
1.2. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
Намайг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байж байтал 20-21 цагийн орчим гаднаас О согтуу орж ирсэн. Надтай маргалдаад танай айлаар ороод явж байна гэж маргах шинжтэй үйлдэл үзүүлсэн. Тэр үед би мах чанасан байсан тул махан дээрээс хутга аваад өмнөөс дайрах шинжтэй болохоор нь айлгах санаатай хэвлий хэсэгт 1 удаа хатгачихсан. О манайд сууж байгаад гараад явсан. Төд удалгүй цагдаа ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 дугаар хуудас/,
1.3. Хохирогч Ч.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэртээ нүүрс түлээ хагалаад өнжсөн. Нүүрс хагалж байхдаа жаахан даараад байхаар нь дэлгүүр орж 2 лааз пиво авч уусан. Намайг пиво авч уухыг эхнэр мэдээгүй. Хашаандаа нүүрс хагалж байхдаа уусан. Гэрт эхнэр хүүхдүүд байсан. Нүүрсээ хагалж дуусаад толгой шийр хуйхлах гэхэд паяльник ажиллахгүй байсан. Тэр үед 19-20 цаг болж байсан. Гадаа харанхуй болсон байсан тул ангийн хүүхдийн эгчийнх Х-н хашаанд байдаг тул тэндээс паяльник байна уу гэж асуухаар очиход гэртээ байгаагүй. Гэр нь цоожтой байсан. Хашаанд байх айл хүнтэй байхаар нь Х буюу Б-ны гэрт орж очиход тэнд Х, Б, О нар байсан шиг санаад байна. Согтуу байсан болохоор тэр 3-г байсан гэж андуурч хэлсэн байна. Гэрт нь ортол Х буюу О пизда минь чи хэлсэндээ байж чадахгүй гэж хэлээд хутгаар зүүн талын хэвлий хэсэгт дүрсэн. Тэгэхээр нь би чи намайг хутгалчихлаа гэж хэлээд тэднийхээс хутгалуулсан газраа дараад зугтаж гарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
1.4. Гэрч М.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нүүрс түлээ хагалж байгаад дуусаад толгой шийр хуйхлах гэсэн чинь паяльник болж өгөхгүй байна гээд гараад явсан. Ямар ч байсан гадаа харанхуй болчихсон байсан. Тэгж гарч яваад нээх их удаагүй хүнд хутгалуулчихлаа гэсээр орж ирсэн. Зүүн талын хэвлий хэсгээс цус гарч байсан. Орж ирээд Х-н эхнэр хутгаар дүрчихлээ гэж хэлсэн. Тэгээд О утсаар цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар төд удалгүй ирээд манай нөхрийг аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
1.5. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 11 дугаартай дүгнэлтэд:
- Ч.О-ын биед зүүн хавирганы нумаар зүсэгдсэн шарх гэмтэл учирчээ.
- Уг гэмтэл нь иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 32 дугаар хуудас/,
1.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 009/001 дугаартай дүгнэлтэд:
- Шинжилгээнд ирүүлсэн хутганаас гарын мөр илэрсэнгүй.
- Гарын мөр илрээгүй тул цаашид шинжилгээ хийх боломжгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч, цагдаагийн дэслэгч Э.Билгүүн гэжээ. /хх-ийн 36 дугаар хуудас/,
1.7. Хохирогч Ч.О-ын яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 51-52 дугаар хуудас/,
1.8. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-3, 9-10 дугаар хуудас/,
1.9. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 4-5 дугаар хуудас/ зэрэг болно.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч *******-ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч *******, хохирогч Ч.О нар нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн гарсан байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Гэрч З.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Манай эхнэр ******* уг нь бол дөлгөөхөн, хүн амьтны урдаас нээх түргэн уур гаргаад аашлаад байдаг хүн биш... гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
2.2. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар хуудас/,
2.3. Хохирогч Ч.О-ын Говьсүмбэр аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 65 дугаар хуудас/,
2.4. Шүүгдэгч *******-ын Говьсүмбэр аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 66 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Иймд шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *******-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт О-н О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ