| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2020/0147/Э |
| Дугаар | 175/ШЦТ2020/212 |
| Огноо | 2020-12-17 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 175/ШЦТ2020/212
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ,
улсын яллагч Т.Нансалмаа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Баярхүү нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “B” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* овогт Чимэддоржийн Ууганбаатарт холбогдох эрүүгийн 2031000860124 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
******* овогт Чимэддоржийн Ууганбаатар, ******* улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2-р багт суух, урьд ял шийтгэлгүй, РД:/ЙЕ84111311/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт “Өгөөж Мандал Уул” ХХК-ний малчнаар ажиллаж байхдаа 2017 онд 20 тооны адууг, 2019 онд 22 тооны адууг нийт уг компанийн 42 адууг завшиж, 23,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт “Өгөөж Мандал Уул” ХХК-ний малчаар ажиллаж байхдаа 2017 онд 20 тооны адууг, 2019 онд 22 тооны адууг нийт уг компанийн 42 адууг завшиж, 23.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч ******* нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1. Хохирогч *******ын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* нь миний ажиллаж байгаа “Өгөөж Мандал Уул” ХХК-ний адуучнаар ажиллаж байх хугацаандаа 2017 оноос 2020 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд ажиллаж байхдаа 551 тооны адууг зарж дутаасан, нийт 74.000.000 сая төгрөг болж байснаас 42 тооны адууг хаана, хэнд зарсан нь тогтоогдсон ба үнийн дүн нь 60.500.000 /жаран сая таван зуун мянга/ төгрөг болсон ба үлдсэн 9 тооны адууг нь ******* нь 2017 оноос 2020 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд чононд идүүлсэн ба үнийн дүн нь 13.500.000 /арван гурван сая таван зуун мянга/ төгрөг болж байна. Дээрх 42 тооны адуунаас 28 тооны адууг буцаан хүлээн авсан үлдэгдэл 14 тооны адуу нь *******ын зарсан гэх хүн дээр өвчин тусаж үхсэн, цааш зарагдсан байгаа юм. Манай “Өгөөж Мандал Уул” ХХК-наас одоо *******т ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[1],
2. Иргэний нэхэмжлэгч Ж.Балжиннямын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сард Ууганбаатар гэж хүнээс 5.000.000 төгрөгөөр унагатай гүү худалдаж авсан юм. Уг гүү нь Чандмань тамгатай бор гүү, Бор унагатай байсан. Унага нь чононд идүүлчихсэн юм. Тэгж байтал цагдаа ирээд “Бор гүүг хулгайн гүү” гээд аваад явсан. Би Ууганбаатараас гүүний өртөг болгож өгсөн 5.000.000 төгрөгөө авмаар байна. Тэгвэл гомдол, санал байхгүй болно...” гэх мэдүүлэг[2],
3. Иргэний нэхэмжлэгч Р.Батбулганы 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сард миний танил Ренценпэлжээ гэж хүн надтай утсаар яриад “манай Хушаат суманд миний танил хүнд мөнгөний хэрэг болоод 2 тооны гүү зарна гэж байна” гээд ярихаар нь “би тэгвэл очиж үзье” гэж хэлээд 2017 оны 05 дугаар сарын эхээр Хушаат сум орж, Ууганбаатар гэж залуутай уулзахад намайг дагуулаад хөдөө адуун дээрээ очсон ба надад адуугаа харуулсан. Тэгэхээр нь би Ууганбаатар гэж залуугаас “энэ адуунууд чиний өөрийн чинь адуунууд мөн биз?” гэж асуутал “миний адуунууд л гэж хэлсэн. Тэгэхээр нь адуунд байсан миний хүрэн, буурал зүстэй хоёр гүүг асуутал нэг гүү нь 2.500.000 төгрөг гээд байхаар нь ярьж хөөрч байгаад 1.800.000 төгрөгөөр авахаар болоод 3.000.000 төгрөг бэлнээр шилжүүлээд үлдсэн 800.000 төгрөгөө дараа нь өгөхөөр болоод хүрэн, буурал хоёр гүүг дараа нь ирж авахаар болоод явсан. ...Хушаат сум ороод гүүгээ авах гээд очиход, миний 2 гүү унагалчихсан байсан. Тэгээд хүрэн гүү, буурал гүү хоёрыг 2 унагатай нь хамт 4 толгой адуу аваад явсан. Би анх Ууганбаатарт 3.000.000 төгрөг шилжүүлээд сүүлд 2018 оны 05 сард 800.000 төгрөг өгсөн. Тэгээд нийт 3.800.000 төгрөг өгөөд хүрэн гүү, буурал гүү хоёрыг 2 унагатай нь хамт авахдаа 200.000 төгрөг гаргаж явсан ба нийт 4.000.000 төгрөг болсон үүнийгээ нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг[3],
4. Иргэний нэхэмжлэгч, гэрч Т.Цэрэнлхамын 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Ууганбаатараас 2019 онд 1 тооны адуу хул гүүг 1.500.000 төгрөгөөр худалдан авч байсан ба энэ гүү нь хулгайн болоод 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Хушаат сумын хэсгийн төлөөлөгч ахмад Ганбат ирж хураан авсан. Харин 2014 оны намар Ууганбаатар манай дундах хүүгийн үсний найран дээр манай хүү болох Содбаярт 1 тооны хул гүү бэлгэнд өгч байсан ба уг гүүг авах гээд очиход унагалчихсан байсан ба охин халтар зүсний унагатай хамт өгсөн. Би Ууганбаатараас 1 тооны адуу 1.500.000 төгрөгөөр худалдан авсан ба өөр адуу худалдаж аваагүй гэж мэдүүлэг өгсөн нь үнэн гэхдээ би сүүлд хураалгадаг 1 тооны хул гүү, хээр байдас 2-ыг бэлгэнд авсан болохоор хэлээгүй юм. Анх Ууганбаатар 2017 онд манай хүүд Хул гүүг өгөхөд охин халтар унага хамт ирсэн юм. ...Хул гүүнийхээ унагыг авмаар байна, өөр гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг...” гэх мэдүүлэг[4],
5. Иргэний нэхэмжлэгч Д.Жагардоржийн 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2018 онд Ууганбаатараас хээр халзан унагатай бор гүү худалдаж авсан. Одоо бор гүү, хүрэн халзан даага байна. Өөр адуу мал аваагүй. Тухайн үед Ууганбаатар унагатай гүү зарна гэхээр нь үнэ тохироод 2.500.000 төгрөгөөр авсан. Тэгээд 2020 оны хавар буцааж өгсөн бөгөөд Ууганбаатар нь миний 2.500.000 төгрөгийг буцааж өгсөн. Одоо надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[5],
6. Иргэний нэхэмжлэгч Д.Батцоожийн 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Ууганбаатараас 2017 онд 1 тооны бор зүсний чандмань тамгатай охин даага 500.000 төгрөгөөр, 2018 онд 1 тооны эр хээр даага, бэлгэнд өгсөн. 2019 онд 1 тооны хонгор гүү чандмань тамгатай, 1 тооны хүрэн унага, 1.000.000 төгрөгөөр авсан. 1 тооны хүрэн даага 500.000 төгрөгөөр авсан. Өөр адуу мал аваагүй. ...Одоо надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг[6],
7. Иргэний нэхэмжлэгч Д.Лхагвасүрэнгийн 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Ууганбаатарт 2019 оны 06 дугаар сард 1 тооны хээр зүсмийн үрээ өгсөн ба түүний өртгөнд 2019 оны намар 09 дүгээр сард Ууганбаатараас 1 тооны гүү, унагатай нь хамт авсан уг гүү нь бүдэг тамгатай байсан ба унага нь гурвалжин тамгатай байсан. ...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг[7],
8. Иргэний нэхэмжлэгч Г.Отгонхүүгийн 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Ууганбаатараас 2017 онд 1 тооны хүрэн гүү 1,000,000 төгрөгөөр, 2018 онд 1 тооны хүрэн гүү 1,000,000 төгрөгөөр, 2019 оны 12 дугаар сард 1 тооны Хүрэн халзан унага 10 тооны хониор тус тус худалдан авч байсан ба 2 тооны гүүний өртөг болох 2,000,000 төгрөгний оронд хонь өгсөн. Тэгээд нийт 2 тооны хүрэн гүү, 1 тооны хүрэн халзан унага нийт 3 тооны адуу авсан өөр мал аваагүй. ...худалдаж авсан 2.800.000 төгрөгийг буцааж авмаар байна” гэх мэдүүлэг[8],
9. Иргэний нэхэмжлэгч Ж.Эмихогийн 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Ууганбаатараас 2017 онд 1 тооны хүрэн халзан охин даага, /Чандмань тамгатай/ 800.000 төгрөгөөр, 2020 оны 01 дүгээр сард 1.000.000 төгрөгөөр Чандмань тамгатай хээр даага тус тус худалдан авсан. ...цагдаад хээлтэй 1 гүү, 1 даагыг буцааж өгсөн. 1.800.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг[9],
10. Иргэний нэхэмжлэгч, Д.Баяраагийн 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 03 сарын үед би азарга худалдаж авна гээд хүмүүст хэлчихсэн байсан, тэгтэл Ууганбаатартай Хушаат сумын төвд таарсан чинь Ууганбаатар “чи азарга авна гэсэн үү, надад нэг азарга байна. Миний өөрийн юм байгаа юм, зарна” гэхээр тэр азаргыг үзэхэд хээр азарга байсан. Тамга нь дугуй дотор үсэгтэй цагаан үсэн тамгатай азарга байхаар нь үнэ тохирч би бэлэн 2.000.000 төгрөг өгөөд авсан. Тэгээд 2020 оны 03 дугаар сард буцааж өгсөн. ...2.000.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг[10],
11. Иргэний нэхэмжлэгч М.Сайнбуянгийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Ууганбаатараас 2019 онд санаж байна бор даагыг 2.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Тэгээд 2020 оны хавар цагдаад даагаа буцааж өгсөн байгаа. ...би 2.600.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг[11],
12. Иргэний нэхэмжлэгч М.Амарзаяагийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2017 оны 05 сард Ууганбаатараас 2 тооны бор зүстэй тамгагүй охин даага тус бүрийг нь 400.000 төгрөгөөр бодож 800.000 төгрөгөөр худалдаж авч байсан ба тэр жилдээ буюу 2017 оны хавар 1 бор даага нь үхчихсэн. 2020 оны 04 дүгээр сард 1 даагыг нь буцааж өгсөн. Би нэг дааганы мөнгө 400.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг[12],
13. Иргэний нэхэмжлэгч, гэрч Х.Батболдын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2018 онд Ууганбаатараас халиун гүү бүдэг тамгатай, хар даага тамгагүй, нийт 2 толгой адууг 1 тооны шүдлэн үхэр 400.000 төгрөгөөр авсан. Одоо манай адуунд байгаа. Ууганбаатар надад тугалтай үхэр нэгийг, бэлнээр 500.000 төгрөг өгье гэсэн. Өөр надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[13],
14. Иргэний нэхэмжлэгч Х.Эрдэнэ-Очирын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өгөөж Мандал уул” ХХК-ний малчин ******* нь 2018 оны 08 дугаар сарын дундуур над дээр ирээд надад мөнгөний хэрэг болоод байна нэг гүү өгөөч би чамд намар эрлийз эр даага өгье гэхээр нь би Ууганбаатарт халтар бүдүүн гүү өгсөн. Тэр жилийн намар 12 сард би Ууганбаатараас өөрөө очиж, 4 шийр цагаан хүрэн халзан даага авсан. Надад одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[14],
15. Гэрч *******гийн 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* нь 2006 оноос эхлэн манай адууг маллаж байна. *******тай ямар нэгэн гэрээ хийж байгаагүй. Төрөл садангийн хүмүүс учраас гэрээ байгуулалгүй адуугаа маллуулж, цалинг нь өөрсдөө тохироод сар бүрт нь олгодог байсан. Адуугаа тоолох гэхээр ******* нь тоолуулахгүй 20-30 адуу гол гараад явсан, гол үертэй байгаа учраас гарч нааш нь авчирч чадахгүй байна. Хужир луу явсан, эсвэл өвөлжөө рүүгээ явсан гээд шалтаг хэлдэг байсан. Тэгээд би хоногоор ирж шалгаж тоолдоггүй байсан учраас сүүлд өөрийнхөө худалдаж авсан адуугаа харчихаад л буцаад явчихдаг байсан. Би *******т итгэдэг байсан учраас нээх тэгэж адуугаа тоолоод байдаггүй. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй байна” гэх мэдүүлэг[15],
16. Насанд хүрээгүй гэрч А.Билгүүний 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын эхээр санаж байна . Манайхыг “Бугант” гэх газар байхад Баянбулагийн эхэнд 2 тооны хүрэн халзан охин даага, худгийн хажууд жижиг хүрэн гүүг чоно идсэн. Тэгээд мөн оны 04 дүгээр сард 1 тооны Сувдан зээрд гэдэг хүрэн морийг чоно идсэн. Мөн 07 сард Дархан-Уул аймгийн Орхон сумын Цагааннуур гэх газар зусаж байхад 1 тооны Хонгор халзан гүү нууранд шаварт шигдээд үхчихсэн. Өөр юу болсныг санахгүй байна. 1 тооны алаг үрээ Хушаатын наадмаар түрүүлж ирээд өглөө нь үхчихсэн. Бусдыг нь сайн санахгүй байна. 2020 оны өвөл 01 дүгээр сард Бугатад 1 тооны Бор даагыг чоно идсэн, өөр зүйл санахгүй байна. Миний санаж байгаагаар 2019 оны намар нэг Портертой ах ирээд Ууганаа ахаас 1 тооны унагатай бор гүү ачаад явсан би харвал танина. 2018 оны 08 дугаар сард Цагааннуурт байхад цэнхэр өнгийн Портертой хүмүүс ирээд 1 унагатай гүү аваад явсан гэж сонссон. Хушаат сумын иргэн Отгонхүү буюу Шонх гэж ахад 1 тооны хүрэн гүү, 1 тооны сартай хүрэн байдас өгсөн байсныг сүүлд нь би адуунд явж байгаад харсан. Хушаат сумын Цоожоо гэж ахад 2019 онд Хонгор гүү өгсөн байсныг нь сүүлд адуунд явж байгаад харсан өөр зүйл санахгүй байна...” гэх мэдүүлэг[16],
17. Гэрч Ц.Чимэддоржийн 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* нь гэртээ дүү нарын хамт өссөн ба багаасаа мал дагаж явсан хүүхэд байгаа юм. Ааш зангийн хувьд даруухан, хүнтэй олон юм яриад байдаггүй, бүрэг талдаа өссөн. Багаасаа мал дээр өссөн болохоор бичиг үсэг мэдэхгүй. Хүнд хар буруу санахгүй, юм гуйвал өгчихдөг, хүнээс юм харамлана гэж байхгүй, цайлган хүүхэд байгаа юм. Тийм болоод л ийм асуудалд орчихсон байх, бид нарт хүртэл тэглээ, ингэлээ гэж хэлж байгаагүй, сүүлд л дүү нараас нь компаний адуу дутаасан байна гэж сонссон. Хэзээ, хаана, хэнд зарж үрэгдүүлсэнийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг[17],
18. Гэрч Г.Доржийн 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Ууганбаатараас 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр 1 тооны цавьдар халзан байдас 1.000.000 төгрөгөөр худалдаж авсан ба бас нэг охин шүдлэн үрээ зүгээр өгсөн юм. Тэгээд 2 тооны адуу авсан. ...Одоо надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг[18],
19. Гэрч Г.Болдын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Ууганбаатар гэж хүнээс 2019 оны 10 сард 1 тооны сартай хонгор сарвай авсан. Би өртөгт нь 600.000 төгрөг өгсөн. Харин өөр адуу мал худалдаж аваагүй. ...Энэ мал одоо манай хашаанд байгаа...” гэх мэдүүлэг[19],
20. Гэрч Ж.Дандарын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Ууганбаатараас 2018 онд 1 тооны хүрэн үрээ адуугаар сольж авсан ба Ууганбаатараас 1 тооны хүрэн үрээг нь хурдан удмын адуу гэхээр нь авсан юм. Тэгээд тэр хүрэн үрээ эмнэг бас ааштай болохоор нь 2018 оны намар идэшинд хэрэглэчихсэн ба чандмань тамгатай байсан...” гэх мэдүүлэг[20],
21. Гэрч С.Хүрэлхуягийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Ууганбаатараас 2017 оны хавар 1 тооны бор байдас 1.000.000 төгрөгөөр авч байсан ба 2018 оны хавар 11 тооны адуутай хамт чононд идүүлчихсэн юм. Одоо байхгүй...” гэх мэдүүлэг[21],
22. Гэрч Д.Алтансүхийн 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Ууганбаатар гэж залуугаас 2019 оны хавар 1 тооны хар халзан байдас, 2019 оны намар 2 тооны эр даага /бор, хүрэн/-ыг нийт 300 боодол өвсөн дээр 1.000.000 төгрөг өгөөд авсан. ...Одоо надад Ууганбаатараас худалдан авсан 3 тооны адуу байхгүй. 2 нь үхчихсэн, 1 адууг нь Архангай аймаг руу өгөөд явуулчихсан” гэх мэдүүлэг[22],
23. Гэрч М.Энхмаагийн 2020 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* нь эхнэр, хүүхдүүдийн хамт Хушаат сумын 2 дугаар багт “Өгөөж Мандал” ХХК-ий малчинаар ажиллаж байсан. Эхнэр нь халамжаас цалинтай ээжийн тэтгэмж сар бүр 50,000 төгрөг авдаг байсан. Харин одоогоор эхнэр хүүхдийн хамт Хушаат суманд байхгүй байгаа ба Төв аймагт малчин хийж байгаа гэж сонсогдсон. Ааш зангийн хувьд ямар хүн бэ гэдгийг мэдэхгүй. Морь уяж байна гэж сонсогддог...” гэх мэдүүлэг[23],
24. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ний: 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ТХҮ/518-098 дугаартай “...Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2017 оны 08 сараас 2019 оны 12 сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ тогтоож, мөн алдагдсан болон чононд идүүлсэн гэх эд хөрөнгүүдийг хасан нийт 44,900,000 / дөчин дөрвөн сая есөн зуун мянга/-н төгрөгөөр тогтоов гэх үнэлгээний дүгнэлт[24],
25. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Өгөөж мандал уул” ХХК-ийн малын “А” дансанд бүртгэлтэй адууг тоолсон тухай тэмдэглэл[25],
26. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[26], 27.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[27], 28.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[28], 29.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[29], 30.Эд зүйл, бичиг баримт Талийгаачийн эмнэлэгт үзүүлсэн бүртгэл болон шинжилгээний хариу бусад баримт[30], 31. Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[31] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч *******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон байна.
Иймд шүүгдэгч ******* овогт Чимэддоржийн Ууганбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч *******ын “...42 тооны адуунаас 28 тооны адууг буцаан хүлээн авсан үлдэгдэл 14 тооны адуу нь *******ын зарсан гэх хүн дээр өвчин тусаж үхсэн, цааш зарагдсан байгаа юм. Манай “Өгөөж Мандал Уул” ХХК-наас одоо *******т ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. 23,300,000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан” гэсэн мэдүүлэгт үндэслэн шүүгдэгчийг хохирогч *******д төлөх төлбөргүйд тооцож байна.
Харин доорх нэр дурьдсан 7 иргэний нэхэмжлэгч нар нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзсэн.
Гурав. Бусад
Шүүгдэгч ******* овогт Чимэддоржийн Ууганбаатар /РД:ЙЕ84111311/ нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нас барсан болох нь 3906/000279 дугаартай. “Нас барсны бүртгэлийн лавлагаа”-гаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...шүүгдэгч нас барсан” гэсэн үндэслэлээр шүүгдэгч ******* овогт Чимэддоржийн Ууганбаатарт холбогдох 2031000860124 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.3, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Чимэддоржийн Ууганбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч ******* овогт Чимэддоржийн Ууганбаатарт холбогдох 2031000860124 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч *******ын гэмт хэргийн улмаас учруулсан нийт хохирол 18,000,000 /арван найман сая/ төгрөгнөөс, нэр бүхий 7 иргэний нэхэмжлэгч Ж.Балжинням 5,000,000 /таван сая/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Р.Батбулган 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Отгонхүү 2,800,000 /хоёр сая/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Ж.Эмихо 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Баяраа 2,000,000 /хоёр сая/ төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Сайнбуян 2,000,000 /хоёр сая/ төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Амарзаяа 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөг нэхэмжилснийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ