Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/76

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Ишээ, 

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгч Ө.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б- овгийн Ө-ын Н-д холбогдох эрүүгийн 2027001030066 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувираа хөдөлмөр эрхлэдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо ___ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б- овгийн Ө-ын Н- /РД: ___/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ө.Н- нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутаг ___ гэх тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр 4 ширхэг Зэвгэ загас, 3 ширхэг хадран засаг нийт 7 ширхэг загас агнасан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүгдэгч Ө.Н- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би найзуудтайгаа 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр загасны хорио тавигдсан гэхээр нь Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумын Орхон гол өгсөөд загасчлах гэж ирсэн. Тухайн газар нутгийг улсын тусгай хамгаалалтай гэж мэдээгүй. Загас барихыг хориглосон тэмдэглэгээ байхгүй байсан...” гэв.

Иргэний нэхэмжлэгч М.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн үед буюу 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 14 цагийн үед намайг гэртээ байхад иргэнээс ___ гэх газар хүмүүс загас агнаад байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу тус газар очиход ___ улсын дугаартай жип машин болон ___ улсын дугаартай прадо маркийн 2 автомашинтай 5-7 хүн байсан бөгөөд намайг очиход тэдгээр хүмүүс машин дээрээ байхгүй гол дээр байж байсан. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутаг ___ гэх газар нь улсын тусгай хамгаалаттай газар нутагт ордог учир тус газраас загас агнаж болохгүй. Загас агнах зөвшөөрөл өгдөггүй...” гэсэн мэдүүлэг, /хх 52-54 дүгээр хуудас/

Гэрч    Ө.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би дүү болох Н-г ажлынхаа хүмүүстэй салхинд гарна гэхээр нь би тэгвэл хамт яваад тогоо барьж өгье гэж хэлсэн. Тэгээд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд ирсэн. Суманд ирээд тус сумын иргэн гэх Х- гэх айлд очиж цай унд уугаад тэндээсээ 1 хонь аваад гол өгсөөд дээшээ яваад би яг ямар нэртэй газар очсныг нь мэдэхгүй голын эрэг дагуу буудаллаад тэндээ хоносон. Маргааш нь цайгаа уучихаад хажуу талын голын эрэг рүү ганц нэг загасны уурга шидэж үзэхээр явсан. Тэгээд голын эрэг дээр очоод С- бид хоёроос бусад хүмүүс нь загас барихаар загасны уурга шидсэн боловч миний төрсөн дүү болох Ө.Н- 7 ширхэг загас барьсан. Тэгээд бид хэд барьсан загасаа дээш нь голын эрэг рүү аваад гарч байтал цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг, /хх 57 дугаар хуудас/

Гэрч Ц.Э-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Бид хэд найзуудаараа ярилцаад салхинд гарцгаая гээд 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос С-, Б-, Б-, Н-, Э-, М- нарын хамтаар Б-гийн ___ улсын дугаартай цагаан өнгийн Прадо маркийн автомашин, мөн Энхбаатарын ___ улсын дугаартай Тундра маркийн 2 машинаар салхинд гарахаар Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд ирсэн. Тэгээд тэр орой Бат-Өлзий сумын төвийн хойно баригдаж байсан гүүрнээс дээш яваад голын эрэг дээр хоносон би гүүрнээс дээшээ хэдэн км явсныг бол мэдэхгүй байна. Маргааш нь буюу 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хоносон газрынхаа хажууд байх голын эргээс загас барьсан. Тэгээд голын эргээс гарч ирэхэд цагдаа болон байгаль хамгаалагч нар ирчихсэн байсан. Манай найз Ө.Н- загас барьдаг юм. Би бол загас бариагүй. Манай найз Ө.Н- 7 ширхэг загас барьсан...” гэсэн мэдүүлэг, /хх 63 дугаар хуудас/

Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос би найзуудынхаа хамтаар Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд ирсэн. Бат-Өлзий суманд ирээд тус сумын иргэн Х- гэх айлд ирсэн. Бат-Өлзий сумын төвийн хойно баригдаж байгаа гүүрнээс дээшээ яваад голын эрэг дээр хоносон. Гүүрнээс дээшээ ойролцоогоор 5 км явсан байх. 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хоносон газрынхаа хажууд байх голын эргээс бид хэд загас барьсан. Ө.Н-, Т- бид 3-ыг загасаа аваад голын эрэг дээр гарч ирэхэд байгаль хамгаалагч, цагдаа нар ирчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх 59-60 дугаар хуудас/,

Орхоны Хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 162 дугаартай “Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутаг ___ гэх газрын уртраг, өргөргийн №46047”49.4” Е102059|59.2| улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдаж байна” гэсэн албан бичиг, /хх 44-45 хуудас/

Орхоны Хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №39-04-078-02 дугаартай: “1 ...Ө.Н-гийн барьсан загас нь 4 ширхэг Зэвгэ загас, 3 ширхэг нь Шивэр хадран буюу /Сибирь хадран/ загас байна. 3...1 ширхэг Зэвгэ загасны үнэлгээ 17,000 төгрөг, 1 ширхэг Шивэр хадран загасны үнэлгээ 4000 төгрөг байна. Нийт 4 ширхэг Зэвгэ загас*17000= 68000 төгрөг, 3 ширхэг Шивэр хадран загас*4000=12000 төгрөг болж байна.” гэсэн дүгнэлт,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1-2 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ө.Н-гийн улсын тусгай хамгаалалттай газраас загас агнахдаа ашигласан уурга 2 ширхэг, ногоон өнгийн савтай загас барих өгөөшний сав 1 ширхэгийг хураан авсан тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, үнэлгээ /хх 36-39, 46-51 хуудас/,  

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ө.Н- нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутаг ___ гэх тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр 4 ширхэг Зэвгэ загас, 3 ширхэг хадран засаг нийт 7 ширхэг загас агнасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч иргэний нэхэмжлэгч М.М-гийн /хх 52-54/ мэдүүлэг, гэрч Ц.Э-, Ө.Б-, Б.Б- нараас авсан /хх 57, 63, 59-60/, Орхоны Хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 162 дугаартай “Бат-өлзий сумын 1 дүгээр багийн нутаг ___ гэх газрын уртраг, өргөргийн №46047”49.4” Е102059|59.2| ... улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдаж байна.” гэсэн албан бичиг, /хх 44-45 хуудас/, Орхоны Хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №39-04-078-02 дугаартай дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1-2 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4 дүгээр хуудас/, шүүгдэгч Ө.Н-н улсын тусгай хамгаалалттай газраас загас агнахдаа ашигласан уураг 2 ширхэг, ногоон өнгийн савтай загас барих өгөөшний сав 1 ширхэгийг хураан авсан тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, үнэлгээ /хх 36-39, 46-51 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 71 хуудас/ шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлэлээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч Ө.Н-гийн үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ. 

Иймд шүүгдэгч Ө.Н-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Ө.Н-г улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ө.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

Шүүгдэгч Ө.Н- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ө.Н- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ө.Н-д шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,  

Шүүгдэгч Ө.Н-г бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Шүүгдэгч Ө.Н- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж,

Шүүгдэгч Ө.Н- нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уурга 2 ширхэгийг улсын орлого болгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 7 ширхэг загас, ногоон өнгийн савтай загас барих өгөөшний сав 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт даалгаж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,  

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ө.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б- овгийн Ө-ын Н-г улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б- овгийн Ө-ын Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Н-д шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Н-г бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Н- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.

6.Шүүгдэгч Ө.Н- нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уурга 2 ширхэгийг улсын орлого болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 7 ширхэг загас, ногоон өнгийн савтай загас барих өгөөшний сав 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ө.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ЭНХ-АМГАЛАН